| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2020/0476/Э |
| Дугаар | 495 |
| Огноо | 2020-06-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Солонго |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 495
2020 06 19 2020/ШЦТ/495
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтөр,
Улсын яллагч С.Солонго,
Шүүгдэгч Б.Н /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Нд холбогдох эрүүгийн 2011000000595 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Бэсүд овгийн Б.Н, 2001 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Хөдөө аж ахуйн их сургуулийн оюутан, бүл 5, эцэг, эх, эгч, дүү нарын хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 42 дугаар гудамж 701 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 8-104 тоотод оршин сууж байгаа гэх, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай ...........................................................
Шүүгдэгч Б.Н /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/ нь 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 22 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, 7 буудлын орчим хохирогч Б.Мөнх-Эрдэний нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд: Шүүгдэгч Б.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул би өөрийн ухаанаа алдсан байсан” гэв.
Шүүгдэгч Б.Нгаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-41-42х/ “... Мөнх-Эрдэнэ нь найз охиноо надаас өмөөрч улмаар бид хоёр хоорондоо маргалдахад хажуугаас Бишрэлт орж ирээд Мөнх-Эрдэнийг цаашаа дагуулаад явсан. Тэгсэн намайг нэг харахад Бишрэлт нь Мөнх-Эрдэнийн доор орчихсон харагдаж байхаар нь би гүйж очоод Мөнх-Эрдэнийн зүүн талын шанаа руу гараараа 1 удаа цохиж хөлөөрөө 1 удаа өшиглөж доор нь байсан найзыгаа татаж босгосон ...” ...” гэх мэдүүлэг.
Хохирогч Б.Мөнх-Эрдэнээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-9-10х/ “...Би 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн орой 22-23 цагийн үед байхдаа Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр 5 буудалд байх амьдардаг айлаас гарч хоолоо шингээх гэж гадуур жаахан алхах санаатай найз охин Жаргалын хамтаар явж байгаад 7-н буудлын автобусны буудал дээр ТҮЦ-н хажуугаар өнгөрч гарах гэтэл манай найз охин Жаргал шар үстэй Номундалай түлхсэн чинь Номундалай зайл чи гэж хэлэхэд би найз охиноо өмөөрч хоорондоо маргалдахад манай найз охин намайг болиулж цааш явъя гэхэд араас Номундалай гүйж ирээд миний зүүн талын хацар хэсэг рүү цохиод авахад хажуугаас Номундалайгийн найз болох дээгүүрээ улаан цамцтай залуу Бишрэл орж ирээд намайг цаашаа дагуулж явах гээд байхаар нь би түлхэх гэж байгаад машины хамар дээр унахад нь би түлхээд Бишрэлийн дээр гарч сууж байхад Номундалай гүйж ирээд зүүн талын шанаа руу гараараа 1 удаа цохиж хөл рүү 1 удаа өшиглөсөн. Тэгээд найз охиныхоо хамтаар машинд суугаад зугтаасан ...Одоо биеийн байдал зүгээр. Би ажлаа хийж байгаа. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Надаас албан ёсоор уучлал гуйж эмчилгээний нөхөн төлбөр гэж 150.000 төгрөг өгсөн ...” гэх мэдүүлэг,
Гэрч С.Жаргалаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн:/хх-14-15х/ “...Би өөрийн найз залуу Б.Мөнх-Эрдэнэ, найз залуугийн дүү Мөнхтулгын хамт 5 буудлаас 7 буудал руу алхаж явахад 7 буудлын тэнд байх гутал засварын хажуугийн ТҮЦ-ний хажууд 4 залуу зогсож байхаар нь би гарчихъя, холдож байгаарай гээд гараараа жоохон түлхсэн. Тэгэхэд шар үстэй залуу нь намайг заль чи гэсэн, тэгэхэд манай найз залуу чи яагаад байгаан бэ гэж хэлсэн. Тэгээд жоохон маргаад байхаар нь би найз залуугаа явъя гээд аваад явж байтал шар үстэй нь араас ирээд манай найз барьцалдаж аваад байж байтал улаан цамцтай залуу хүрч ирээд манай найз залууг цохиод авахаар нь би салгасан чинь нөгөө хоёр залуу нь хүрч ирээд манай залууг цохиод өшиглөөд байсан ...тэгээд байж байтал нэг Приустэй ах хүрч ирээд суу гэхээр нь би найз залуугийн хамт сууя гэтэл тэр улаан цамцтай залуу нь араас хүрч ирээд зууралдаад байсан. Тэгээд бид хоёр бараг зугтаж машинд суусан ...” гэх мэдүүлэг,
Гэрч С.Бүрэнтөгсөөс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн:/хх-16-17х/ “...2020 оны 05 дугаар сарын 20-ны оройн 17 цагийн үед Чингэлтэй дүүрэг 18 дугаар хороо Яргайтын 7 дугаар гудамжинд найз Бишрэлт, Галмандах, Номундалай бид дөрөв уулзсан. Тэгээд ойрд уулзаагүй гээд хоорондоо ярилцаж байгаад хүн хүний 2 ширхэг лаазтай Сэнгүр нэртэй 0,500 литрийн пиво уугаад дараа нь дахин 2.5 литрийн савалгаатай Сэнгүр нэртэй пиво хувааж ууцгаасан. Тэгсэн нэлээн орой болж бид дөрөв Чингэлтэй дүүрэг 7-н буудлын автобусны буудал дээр байрлах ТҮЦ-рүү орж тамхи аваад Галмандах бид хоёр ТҮЦ-ний цаад талын буланд нь тамхи татаад зогсож байтал хүмүүс гэнэтхэн орилдоод эхэлсэн. Тэгээд гайхаад хартал Бишрэлтийн дээр нь зодуулсан гэх Мөнх-Эрдэнэ гарчихсан араас нь Номундалай гүйж очоод Мөнх-Эрдэнийг цохиж өшиглөхөөр нь Галмандах бид хоёр гүйж очоод дундуур нь орж салгасан. Тэгсэн зодуулсан гэх Мөнх-Эрдэнийн найз охиныхоо хамтаар машинд суугаад яваад өгсөн ...” гэх мэдүүлэг,
Гэрч Б.Галмандахаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-19-20х/, “...Манай багийн найз болох Бүрэнтөгс цэргээс халагдаж ирсэн гээд уулзахаар болж 2020 оны 05 дугаар сарын 20-ны оройн 17 цагийн үед Чингэлтэй дүүрэг 18-р хороо Яргайтын 7 дугаар гудамжинд найз Бишрэлт, Бүрэнтөгс, Номундалай бид дөрөв уулзсан. Тэгээд ойрд уулзаагүй гээд хоорондоо ярилцаж байгаад хүн хүний 2 ширхэг лаазтай Сэнгүр нэртэй 0,500 литрийн пиво уугаад дараа нь дахин 2,5 литрийн савалгаатай Сэнгүр нэртэй пиво хувааж ууцгаасан. Тэгсэн нилээн орой болж бид дөрөв Чингэлтэй дүүрэг 7-н буудлын автобусны буудал дээр байрлах ТҮЦ-рүү орж тамхи аваад Бүрэнтөгс бид хоёр ТҮЦ-ний цаад буланд нь тамхи татаад ойр зуурын юм яриад зогсож байхад гэнэтхэн хүмүүс орилдоод эхэлсэн. Тэгээд гайхаад хартал Бишрэлтийн дээр зодуулсан гэх Мөнх-Эрдэнэ гарчихсан, араас нь Номундалай гүйж очоод Мөнх-Эрдэнийг цохиж өшиглөхөөр нь Бүрэнтөгс бид хоёр гүйж очоод дундуур нь орж салгасан ...” гэх мэдүүлэг,
Гэрч Д.Бишрэлтээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-22-23х/ “...2020 оны 05 дугаар 20-ны оройн 20 цагийн үед ажлаасаа тараад гэр лүүгээ харих замдаа Чингэлтэй дүүрэг 18-р хороо Яргайтын 7-р гудамжинд Бүрэнтөгс, Номундалай, Галмандах гурав пиво ууж байсан ба Бүрэнтөгс цэргээс халагдаж ирсэн гээд бид нар хоорондоо харилцан ярилцаж байгаад би дэлгүүрээс 2,5 литрийн савалгаатай Сэнгүр нэртэй пиво авч, бид дөрөв хувааж ууцгаасан. Тэгсэн нилээд орой болж бид дөрөв Чингэлтэй дүүрэг 7-н буудлын автобусны буудал дээр байрлах ТҮЦ-рүү орж тамхи аваад гэр лүүгээ явъя гэж ярилцаж ТҮЦ рүү орж тамхи аваад ТҮЦ-нээс гараад зогсож байтал ТҮЦ-нээс гарсан нэг эмэгтэй Номундалайг түлхсэн чинь “яагаад байгаа юм бэ” гээд тэр эмэгтэйн найз залуу гэх /Мөнх-Эрдэнэ/-тэй маргалдаад зогсож байхдаа “та нар яагаад байгаа юм бэ” гэхэд нь би хажуунаас нь “би яасанх юм бэ” гэж хэлэхэд Мөнх-Эрдэнэ намайг заамдаж авахад Мөнх-Эрдэнэ эхэлж миний хөмсөг рүү гараараа цохихоор нь би зууралдаад дээр доороо ороод давхардаад унасан. Тэгсэн Номундалай гүйж ирээд Мөнх-Эрдэнийг шанаа руу гараараа цохисон. Тэр хойгуур Галмандах Бүрэнтөгс нар хүрч ирээд намайг Мөнх-Эрдэнэ гэх залуугаас салгаж, дараа нь Номундалайг салгаж авсан ...” гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн №6046 дугаар шинжээчийн дүгнэлтэнд: /хх-32-33х/ “Б.Мөнх-Эрдэнийн биед баруун чамархайн хуйх, зүүн хацар, дээд, доод уруул, зүүн сарвуунд зулгаралт, цус хуралт, язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт,
Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 22 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, 7 буудлын орчим хохирогч Б.Мөнх-Эрдэний нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь баруун чамархайн хуйх, зүүн хацар, дээд, доод уруул, зүүн сарвуунд зулгаралт, цус хуралт, язарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэжээ.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр энэ гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид учруулсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч хохирогчийг цохисон, үүний улмаас түүнд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд энэ нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй бөгөөд хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Нгаас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна. Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч Б.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Хохирогч Б.Мөнх-Эрдэнэ нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй гэсэн тул шүүгдэгч Б.Нг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.