Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 165

 

 

 

 

 

 

 

 

   

2020       06         03                                              2020/ШЦТ/165

                                   

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж, Ерөнхий шүүгч Л.Батжаргал, шүүгч Г.Намуунтуяа нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Иргэдийн төлөөлөгч А                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     

Улсын яллагч Ч.М

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор

Шүүгдэгч Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.М-с Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н-д холбогдох эрүүгийн 2021000000065 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19... оны 08 дугаар сарын 28-ны өдөр Дорнод аймгийн...... суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р баг ..............тоотод оршин суух, гавьяа шагналгүй, Дорнод аймгийн шүүхийн 1996 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн ...... дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж байсан, Н.

Шүүгдэгч Ннь согтуугаар 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 12-нд шилжих шөнө Дорнод аймгийн ......сумын 1 дүгээр баг “................” гэх газарт оршин суух Б-н гэрт хохирогч Л-г хутгалж алсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр талийгаач цэргийн үүрэгтний үнэмлэхээ авахаар ........сум орсон. Тэгээд цэргийн үүрэгтний үнэмлэхээ авчраад надад харуулсан. Ингээд бид хоёр 1 шил архи уусан. Дараа нь талийгаач өврөөсөө дахин 1 шил архи гаргасан. Бид хоёр малдаа өвс тавьж өгчихөөд тэр архины талыг нь уусан. Би үлдсэн архиа  маргааш ууя гээд байшингийн зүүн талд байсан машины суудал дээр тавьсан. Тэгээд би өглөө сэрээд Л-г сэрээхээр татсан боловч хамаг бие нь хөшчихсөн байсан. Би дүү рүүгээ залгаад “Ах нь найзыгаа алчихсан байна, хурдан цагдаа аваад хүрээд ир” гэж хэлсэн. Удалгүй цагдаа ирсэн. Би болсон асуудлын талаар үнэхээр санахгүй байна. Бид хоёр л архи ууж байсан болохоор би л талийгаачийг алсан гэж бодож байна” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүү над руу залгаад “ахыг нас барсан гэх яриа гараад байна, та хүмүүсээс лавлаадах” гэж хэлсэн. Тэгж би хүүгээ нас барсан талаар мэдсэн. Талийгаачийн оршуулгын зардал 6 сая гаран төгрөг болсон боловч баримт өгдөггүй газраас худалдан авалт хийсэн байна. Манайхаас хохиролд 2 сая гаруй төгрөгийн баримтыг гаргаж өгсөн болохоор баримтын хүрээнд хохирлыг нэхэмжилж байсан. Шүүгдэгч Н зүгээс хохиролд нийт 700.000 төгрөг дансаар шилжүүлж, төслийн гэр, бяруу өгсөн. Үүнийг нь би анх 1 сая төгрөгт авсан боловч сая ярилцаж тохиролцоод 1.500.000 төгрөгт үнэлж авлаа. Иймд оршуулгын зардалд 2.200.000 төгрөг төлсөн гэсэн үг. Оршуулгын зардал, сэтгэл санааны хохирлыг хуулийн дагуу шийдэж өгнө үү” гэв.

Иргэдийн төлөөлөгч А шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Н нь тухайн хэргийг үйлдсэн талаар тодорхой сайн мэдэхгүй мөн тухайн хэргийн газраас оргон зайлах үйлдэл хийгээгүй, өөрийнхөө зөв ухамсраар цагдаагийн байгууллагад хандаж шалгуулж байгаа, өөрийн санамсар, болгоомжгүй байдлаас болж уг хэргийг үйлдсэн болов уу гэж бодож байна” гэв.

Гэрч Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Л, Н хоёр надаас салж яваад 16 цагийн орчимд надтай эргэж уулзсан. Тэр хоёртой уулзахад архи уучихсан байсан. Тэгэхэд “Түмний хишиг” гэх архи өвөртөө хийсэн байсан ба Л надад хандаж дахин нэг шил архи хэрэгтэй байна гэж хэлэхээр нь би Э ахын дэлгүүрээс “Арвай” гэх 0.5 граммын архи авч өгсөн. Ингээд бид нар 18 цагийн орчим сумын төвөөс хойш гарч овоон дээр зогсоход Л нь нэг шил архиа задалж уул овоонд өргөөд Н хамт талыг нь уусан. Ингээд би овоон дээрээс хөдлөөд дүү Б гэрт тэр хоёрыг буулгаж орхиод эхнэр хүүхдийн хамт гэртээ харьсан. Ингээд 23 цагийн орчим Н.........гэх дугаар руу залгахад “одоо бид 2 амарч байна, санаа зоволтгүй” гэж хэлсэн. Гэтэл өнөөдөр 11 цаг 30 минутын орчим Н над руу залгаад “Би Л-г алсан юм шиг байна, чи цагдаа аваад хүрээд ир” гэж хэлсэн. Тэгэхээр нь би дүү Б руу залгаж Н хэлсэн зүйлийг хэлж цагдаа аваад оч гэж хэлсэн. ...Би 2020 оны 02 дугаар сарын 11-ний орой Л, Н-нарыг Б гэрт хүргэж өгсөн. Тэгэхэд гэрт энэ хоёроос өөр хүн байгаагүй...” гэжээ. /хх-ийн 36-38-р хуудас/

            Гэрч Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 02 дугаар сарын 12-ны өглөө 11 цагийн орчим Б ах залгаад “Н над руу залгаад нэгнийгээ алсан байна гэж ярилаа. Чи залгаад лавлаадах” гэж хэлсэн. Ингээд би ....... гэх дугаар луу залгаж Н ярихад “Би найз Л алчихлаа, цагдаа дагуулаад ир” гэж хэлсэн. Тэгээд хэсгийн төлөөлөгч Б-д  хэлж түүнтэй хамт ...... сумын 1-р баг “С” гэх газарт байх өөрийн гэртээ очсон. Гэртээ ороход Н хойд орон дээр сууж байсан. Л газарт цус болсон байдалтай хэвтэж байсан. Тухайн үед Н “Өглөө гал түлэх гээд сэрээсэн чинь үхсэн байна, би хутгалж алсан байна, уучлаарай” гэж хэлсэн...” гэжээ. /хх-ийн 40-41-р хуудас/

            Гэрч Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Н, Л хоёртой Захиргааны хойд талын замд таарч тэр хоёрыг авсан. Л, Н нартай уулзахад тэр хоёр архи уучихсан бага зэрэг халамцуухан байсан. Ингээд манай нөхөр дэлгүүрийн гадаа зогсоод дэлгүүр рүү ороод гарч ирсэн. Тэгээд бид нар 18 цагийн үед сумаас хойш гарч даваа даваад овоон дээр зогсож нээх удалгүй хойш явж Л, Н нарыг Б гэрт буулгаж орхиод Б  бид хоёр гэр лүүгээ явсан. Үүнээс хойш нөхөр бид хоёр гэрээс гараагүй. Ингээд маргааш нь 11 цагийн орчимд Н  нь манай нөхөр Б руу залгаад юм яриад байсан, яг юу гэж хэлсэн талаар мэдэхгүй байна. Тэгээд манай нөхөр Б нь надад хандаж “Н нь Л-гоо алсан гэнэ, би явлаа” гэж хэлээд явсан. Надад өөр хэлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 42-44-р хуудас/

            Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны .... дугаар сарын ....-ны өдрийн ....тоот цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтэд:

1. Талийгаачид цээжний хөндий рүү нэвтэрч уушги гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжинд шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, цээжний хөндий рүү нэвтрээгүй шарх нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд, зулгаралт нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой хуучин гэмтэл байна.

3. Дээрх цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх гэмтэл нь амь насанд аюултай тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар хүнд, цээжний хөндий рүү нэвтрээгүй зүсэгдсэн шарх гэмтэл нь 2.4.1-д зааснаар хөнгөн, зулгаралт гэмтэл нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд нь нийлбэр байдлаараа гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4.5. Талийгаач нь цээжний хөндий рүү нэвтэрч уушги гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлийн улмаас цус алдаж нас баржээ.

6. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь уушгины  сүрьеэ өвчтэй байжээ.

7.8. Талийгаачид хийсэн шүүх химийн шинжилгээгээр цусанд 2.9 промилли, ходоодны шингэнд 2,8 промилли спирт илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна.

9. Талийгаач нь 1-р бүлгийн цустай байна” гэжээ. /хх-ийн 100-103-р хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ......тоот дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн цагаан цамц, хөх цамцанд зүсэгдэлт шинээр, хар хөх хос оймс, хар хөх өмдөнд гогодолт хуучин эдэлгээний явцад гарсан байна. Зүсэгдэлт шинжилгээнд ирүүлсэн хутгаар гарсан байж болно.

2. Зүсэгдэлт, цооролт, гогодолт хэзээ гарсан цаг хугацааг тогтоох шинжилгээний арга, аргачлал байхгүй тул хариулт өгөх боломжгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн бусад хувцас гэмтэлгүй байна” гэжээ. /хх-ийн 76-81-р хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн .......тоот дүгнэлтэд:

1. Хэргийн газраас хураан авсан гэх бор өнгийн модон иштэй хутга, цагаан болон ягаан өнгийн гудас, ногоон болон цагаан өнгийн гудас, талийгаач Л гэх шар өнгийн тэлээтэй цагаан цацруулагчтай хар хөх өнгийн зузаан ажлын өмд, дөрвөлжин хээтэй цагаан цэнхэр өнгийн зузаан цамц, хар өнгийн имжээртэй цагаан өнгийн футболка, саарал өнгийн оймс, цэнхэр өнгийн оймс, хөндлөн хээтэй дотоож, хоёр хажуугаараа цэнхэр өнгийн оруулгатай хар өнгийн бэлтгэлийн өмд, хар өнгийн түрийтэй өвлийн гутал зэрэгт цус илэрч байна.

2. Дээрх хувцас болон эд зүйлүүдэд илэрсэн цус нь амь хохирогч Л гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна” гэжээ. /хх-ийн 83-86-р хуудас/

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн .... тоот дүгнэлтэд:

1.Н нь ямар нэг сэтгэцийн өвчингүй.

2.Н  нь өөрийн үйлдэл учир холбогдлыг ухамсарлан ойлгох чадвартай.

3.Болсон байдлыг үнэн зөв тусгаж авч, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай” гэжээ. /хх-ийн 110-111-р хуудас/

 

Н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Б явсны дараа Л бид хоёр архинаасаа нэг нэг татаад хониндоо өвс өгөх гээд гарах гэтэл ******* нь өврөөсөө  1 шил 0.5 гр “Арвай” нэртэй архи гаргаад ирсэн. Тэгэхээр нь би Л  “Хаанаас архи аваа вэ” гэхэд Л “Зохицуулна ш дээ” гэж хэлсэн. Ингээд бид хоёр гэрээс гарч хониндоо өвс тавьж өгөөд буцаж гэрт орж ирээд задалсан архиа хувааж ууж байгаад би тасарчихсан. Би тасрахаасаа өмнө Л-д хандаж “энэ архиа өглөө ууя, хоёулаа өглөө шартаж үхнэ” гэж хэлээд би архийг аваад гэрээс гарч зүүн талын машины сандал дээр тавиад орхисон. Би ууж байсан архиа дуусгасан эсэхээ мэдэхгүй тасарчихсан байсан. Ингээд шөнө /яг хэдэн цагийн үед гэдгийг мэдэхгүй байна гэв/ Л үлдсэн нэг шил архиа нэхээд намайг татаж чангаагаад байсан, би тэрийг бүдэг бадаг санаж байна. Ингээд өглөө боссон чинь Л пийшингийн хойд талд шалан дээр хэвтэж байхаар нь би Л-г татсан чинь хөшсөн байсан. Тэгээд харсан чинь шалан дээр нил цус болсон байсан. Ингээд би харсан чинь ширээн дээр үлдсэн архи задлаастай дээрээс нь татсан байдалтай байхаар нь би тэр архинаас нэг татаад гар утсаа цэнэглэж асаагаад хамгийн түрүүн Б руу залгаж “Найз нь Л алсан юм шиг байна, цагдаад хэл” гэж хэлсэн. Харин Б нь “Чи юу яриад байгаа юм бэ, тоглоод байгаа юм уу” гэсэн. Тэгэхээр нь би “Юу гэж ийм юмаар тоглох билээ дээ” гэж хэлсэн. Ингээд нээх удалгүй Б нь миний утас руу дохисон байхаар нь би Б руу залгаад “Ах  нь Л алсан юм шиг байна, чи цагдаа аваад хүрээд ир” гэж хэлсэн юм...” гэжээ.   /хх-ийн 139-140-р хуудас/

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 08-15/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-18/

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-23/

Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын тогтоол /хх-ийн 24-25/

Цогцос, хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 104-108/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У-н мэдүүлэг /хх-ийн 28-32/

Гэрч Д-н мэдүүлэг /хх-ийн 33-34/

Гэрч Л-н мэдүүлэг /хх-ийн 53-54/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн ......, 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн ...... тоот дүгнэлтүүд /хх-ийн 69-72, 90-95/

Н гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 59-61/

Төрөл садангийн тухай лавлагаа /хх-ийн 155/

Л-н нас барсны гэрчилгээний хуулбар /хх-ийн 156/

Хохирлын талаарх баримтууд /хх-ийн 157-163/

Н иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 144/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 146/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Эд  мөрийн баримтаар  бор өнгийн модон иштэй хутга, хөх эрээн өнгийн цамц, цагаан өнгийн фудболк, хөх өнгийн өмд, цэнхэр оруулгатай хар хөх өнгийн өмд, хар хөх хос оймс тус бүр нэг ширхгийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Н-д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

 

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэм аюултай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон байх тул гэмт хэрэг гэж үзэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Н нь согтуугаар 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Дорнод аймгийн сумын 1 дүгээр баг “С” гэх газарт байх Б-н  гэрт Л-г хутгалж алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...би өглөө сэрээд Л сэрээхээр татсан боловч хамаг бие нь хөшчихсөн байсан. Би дүү рүүгээ залгаад “ах нь найзыгаа алчихсан байна, хурдан цагдаа аваад хүрээд ир” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч Б “...Би 2020 оны 02 дугаар сарын 11-ний орой Л, Н нарыг Б гэрт хүргэж өгсөн. Тэгэхэд гэрт энэ хоёроос өөр хүн байгаагүй...” гэх, гэрч Б “...хэсгийн төлөөлөгч Б-д  хэлж түүнтэй хамт .......сумын 1-р баг “С” гэх газарт байх өөрийн гэртээ очсон. Гэртээ ороход Н хойд орон дээр сууж байсан. Л газарт цус болсон байдалтай хэвтэж байсан. Тухайн үед Н  “Өглөө гал түлэх гээд сэрээсэн чинь үхсэн байна, би хутгалж алсан байна” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн цогцост хийсэн 2020 оны 03 дугаар сарын ....-ны өдрийн .... дүгнэлт, Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны .....дугаар сарын ...ны өдрийн ..... тоот, 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ..... тоот дүгнэлтүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын тогтоол, цогцос, хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Н-н Л-г хутгалсан үйлдлийн улмаас түүний амь насанд аюултай цээжний хөндий рүү нэвтэрч уушги гэмтээсэн шарх буюу хүнд гэмтэл үүсч улмаар хохирогч цус алдаж нас барсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн цогцост хийсэн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ... тоот “...Талийгаачид цээжний хөндий рүү нэвтэрч уушги гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжинд шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх гэмтэл нь амь насанд аюултай тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаач нь цээжний хөндий рүү нэвтэрч уушги гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлийн улмаас цус алдаж нас баржээ...” гэх дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв. 

Шүүгдэгч Н холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Н хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгч Н нь ямар нэг сэтгэцийн өвчингүй, өөрийн үйлдлийн учир холбогдлыг ухамсарлан ойлгох, болсон байдлыг үнэн зөв тусган авч, мэдүүлэг өгөх, хэрэг хариуцах чадвартай болох нь Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн …... тоот дүгнэлтээр тогтоогдож байх тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Н хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршигт 2.200.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй зэрэг хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Тус гэмт хэргийн улмаас Л амь нас хохирч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд оршуулгын зардалд 2.192.414 төгрөгийн нотлох баримт гаргаж өгсөн ба шүүх хуралдаанд шүүгдэгчээс оршуулгын зардалд 6.000.000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 5.000.000 төгрөг тус тус нэхэмжилжээ. Шүүгдэгч Н нь оршуулгын зардалд нотлох баримтаар тогтоогдсон 2.200.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул энэхүү шүүх хуралдаанаар түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У нь оршуулгын бусад зардал, сэтгэл санааны хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

           Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор өнгийн модон иштэй хутга, хөх эрээн өнгийн цамц, цагаан өнгийн фудболк, хөх өнгийн өмд, цэнхэр оруулгатай хар хөх өнгийн өмд, хар хөх хос оймс тус бүр нэг ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн цагдан хоригдсон 111 /нэг зуун арван нэг/ хоногийг эдлэх ялд оруулан тооцохоор шийдвэрлэлээ.

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Н-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н-д 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н-д  оногдуулсан 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н-н цагдан хоригдсон 111 /нэг зуун арван нэг/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

               

          5. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч Н нь оршуулгын зардалд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У 2.200.000 /хоёр сая хоёр зуун мянга/ төгрөгийг төлсөн болохыг тогтоож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Уранчимэг нь оршуулгын бусад зардал, сэтгэл санааны хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор өнгийн модон иштэй хутга, хөх эрээн өнгийн цамц, цагаан өнгийн фудволк, хар хөх өнгийн хос оймс, хөх өнгийн өмд, цэнхэр оруулгатай хар хөх өнгийн өмд тус бүр 1 /нэг/ ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ЖЯ........ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

          7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.          

          9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          П.ПАГМА

 

                                                                                               Г.НАМУУНТУЯА