Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2021/0620

 

 

 

 

2020 оны 03 сарын 31 өдөр                     221/МА2020/0222               Улаанбаатар хот

                                                                                                                               

“Э Р” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

   Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Э, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Э нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 521 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу “Э Р” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 521 дүгээр шийдвэрийн

1 дэх заалтаар: Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5, 22 дугаар зүйлийн 22.1.3, 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э Р” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “Ашигт малтмалын хайгуулын XV-020300 дугаартай тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгуулж, тус тусгай зөвшөөрлийг сэргээж, сунгахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс, түүний даргын шийдвэр (үйлдэл, эс үйлдэхүй)-г хууль бус болохыг тогтоолгох, тусгай зөвшөөрлийг сэргээж, сунгах тухай хүсэлтийг зохих журмын дагуу хүлээн авч шийдвэрлэхийг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Э Р” ХХК-аас нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж,

3 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Э Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...  “Э Р” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацаа 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр дуусах байсан тул хугацаа дуусахаас өмнө Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ” гэж зааснаар 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 19/002/А дугаартай албан бичгээр “байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулах тухай” хүсэлтийг Завхан аймгийн Алдархаан сумын Засаг даргад гаргасан боловч сумын Засаг дарга нь хууль бусаар манай хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүй.

Байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулахад бүрдүүлэх шаардлагатай материалын нэг байсан бөгөөд Засаг дарга батлаагүй тул Ашигт малтмал, газрын  тосны газрын Кадастрын хэлтсээс хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг материал дутуу гэх шалтгаанаар хүлээж авахгүй байсан.

Иймээс нэхэмжлэгчийн зүгээс Завхан аймгийн Алдархаан сумын Засаг даргын хууль бус үйлдлийг эс зөвшөөрч “Ашигт малтмалын хайгуулын XV-020300 дугаартай тусгай зөвшөөрлийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, тус тусгай зөвшөөрлийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг тухайн Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан бөгөөд тус шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 118/ШШ2020/0007 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 118/ШШ2020/0007 дугаар шийдвэрийн дагуу Завхан аймгийн Алдархаан сумын Засаг дарга нь манай компанийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталж өгсөн тул тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтээ хуулийн дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргад гаргах боломжтой болсон.

Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д “Энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах”, 22 дугаар зүйлийн 22.1-д “...”, 22.1.3-д “...” гэж тус тус зааснаар “Э Р” ХХК нь 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 19/001, 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 003, 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 20/09 дүгээр албан бичгүүдээр тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтээ Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтэст гаргаж байсан боловч тус газрын 2021 оны 02 дугаар сарын 23- ны өдрийн 1/686 дугаар албан бичгээр татгалзсан хариу өгсөн байдаг.

Хэдийгээр нэхэмжлэгч нь ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас нэг сарын өмнө буюу 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтээ гаргах ёстой байсан боловч тусгай зөвшөөрөл эзэмшигчийн буруутай үйлдлээс бус, Завхан аймгийн Алдархаан сумын Засаг даргын хууль бус үйлдлийн улмаас хүсэлт гаргах хугацаагаа хэтрүүлсэн (энэ талаар дүгнэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй) байтал анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтуудад бүрэн дүүрэн дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль бус байна.

Түүнчлэн “Э Р” ХХК нь Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 118/ШШ2020/0007 дугаар шийдвэр гарахаас өмнө буюу 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 19/001, 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 003 дугаар албан бичгээр “тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах талаар болон хүндэтгэн үзэх шалтгаанаа тодорхой дурдсан” хүсэлтүүдийг гаргаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдоно.

Анхан шатны шүүх маргаан бүхий захиргааны актыг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-т “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж заасан захиргааны үйл ажиллагааны тусгай зарчимд нийцсэн эсэхэд дүгнэлт хийлгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Учир нь бодит нөхцөл байдалд Завхан аймгийн Алдархаан сумын Засаг даргын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хуулиар тогтоосон шинэчлэн боловсруулсан байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө Засаг даргаар батлуулж, хугацааг сунгуулах өргөдөлдөө уг төлөвлөгөөг хавсаргаж хүргүүлэх боломжгүй байсан учир тусгай зөвшөөрөл эзэмшигчээс үл хамаарах шалтгаанаар уг нөхцөл байдал бий болсныг анхан шатны шүүх бодитоор дүгнээгүй.

Засаг дарга байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталж өгөхгүй байгаа хууль бус үйл ажиллагааны талаар шүүхэд хандаж, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээс өөр бид ямар нэгэн арга хэмжээ авах боломжгүй юм. Хэрэв манай компани тусгай зөвшөөрөл сунгуулах өргөдөлдөө байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хавсаргалгүй гаргавал хуульд заасан бүрдлийг хангаагүй гээд манай өргөдлийг хүлээж авахгүй, тусгай зөвшөөрлийг сунгахгүй нь илэрхий байсан.

Гэтэл сумын Засаг даргын буруутай үйл ажиллагаанаас хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж буй туйлын тодорхой нөхцөл байдалд манай компанийн эрхийг шүүхээс сэргээн тогтоохгүй байгаад гомдолтой байна

2. Анхан шатны шүүх “Шүүх нотлох зарчим”-ыг хэрэгжүүлээгүй буюу нотлох баримтыг дутуу цуглуулсан тухайд:

Нэхэмжлэгчийн зүгээс хүндэтгэн үзэх шалтгаантайгаар хүсэлт гаргах хугацаагаа хэтрүүлсэн шүүхийн маргаантай байсан зэрэг үйл баримтуудыг дурдсаар байхад Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 118/ШШ2020/0007 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нотлох баримтаар татаж хэрэгт хавсаргаагүй, “Э Р” ХХК-ийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 19/001, 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 003 дугаар албан бичгээр гаргасан хүсэлтүүдийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх баримтыг хариуцагч захиргааны байгууллагаас тодруулаагүй, нэхэмжлэгч нь Завхан аймгийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг үүсгэсэн тухайгаа Ашигт малтмал, газрын тосны газарт мэдэгдэж байсан талаарх баримтыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 1/4372 дугаар албан бичгээр шаардсан байх боловч энэ талаарх тайлбар баримт ирээгүй, албан бичгийн биелэлт хангагдаагүй байхад шийдвэр гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан. Мөн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хийсэн хайгуулын ажилтай холбоотой баримтууд хэрэгт авагдаагүй буюу ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хувийн хэрэг хавтаст хэрэгт дутуу авагдсан нь анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасны дагуу тухайн хэрэг маргааныг шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий нотлох баримтуудыг хангалттай бүрдүүлээгүй, анхан шатны шүүх өөрийн нотлох баримт цуглуулах үүргээ бүрэн гүйцэтгээгүй байгааг дурдах нь зүйтэй.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 521 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү ....” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “Э Р” ХХК нь “... тусгай зөвшөөрлийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хуульд заасны дагуу Завхан аймгийн Алдархаан сумын Засаг даргаар батлуулахаар хандсан боловч хуульд заасан журмаар батлалгүй, татгалзсан тул шүүхэд нэхэмжлэл гаргасан, тус нэхэмжлэлийн дагуу “байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г батлахаас татгалзсан үйлдэл хууль бус болохыг тогтоож, батлахыг хариуцагчид даалгасан Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 1128/ШШ2020/0007 дугаар шийдвэр гарсан ... улмаар ... сумын Засаг дарга 2019 оны “байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г ... баталсан, ... хуульд заасан шаардлагыг хангасан тул ... тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг ... гаргасан боловч ... хүлээн авахаас татгалзаж, буцаасан ...” гэсэн үндэслэлээр “Ашигт малтмалын хайгуулын XV-020300 дугаартай тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон тухай бүртгэлийг хүчингүй болгож, тус тусгай зөвшөөрлийг сэргээж, сунгахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс, түүний даргын шийдвэр (үйлдэл, эс үйлдэхүй)-г хууль бус болохыг тогтоолгох, тус тусгай зөвшөөрлийг сэргээж, сунгах тухай хүсэлтийг зохих журмын дагуу хүлээн авч, шийдвэрлэхийг даалгах” нэхэмжлэл гарган маргасныг хариуцагч эс зөвшөөрч “... “Э Р” ХХК нь ... тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан хугацаанд гаргаагүй ... тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө хугацаа сунгуулах тухай өргөдлийг манай байгууллагад ирүүлээгүй нь тусгай зөвшөөрөл дуусгавар болох үндэслэл болсон ... нэхэмжлэгч хугацаа хоцорч өргөдөл гаргах болсон шалтгаанаа гаднын хүчин зүйл ... нөлөөлсөн гэж үзэж байгаа нь тусгай зөвөөшөрл эзэмшигчийг зөвтгөх боломжгүй ...  тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуулын тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангаж ажиллах мөн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэн ажиллах үүрэгтэй ...” гэж тус тус маргасан байна.

Хэрэгт авагдсан баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгчид Завхан аймгийн Алдархаан сумын Зүүн баян нэртэй газарт орших 23418.00 гектар талбайг хамарсан хайгуулын талбайд Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн шийдвэрээр XV-020300 дугаар тусгай зөвшөөрөл олгогдсон, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 107 дугаар шийдвэрийг үндэслэн 23418.00 гектар талбайгаас 8297,11 гектар талбайг буцаан өгснийг бүртгэж, үлдэх 15120,89 гектар талбайг XV-020300 дугаар тусгай зөвшөөрлийн хавсралтад бичиж тэмдэглэжээ.

Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн XV-020300 дугаар тусгай зөвшөөрлийн хугацаа 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр дуусгавар болох байсантай хэргийн оролцогчид маргаагүй байх бөгөөд нэхэмжлэгчийн эзэмшлийн тусгай зөвшөөрөл Геологи, уул уурхайн кадастрын мэдээллийн санд 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр дуусгавар болсныг бүртгэсэн үйл баримт тогтоогдсон байна.

Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-т заасны дагуу нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодорхой, ямар нэгэн эргэлзээгүйгээр тодорхойлох учиртай бөгөөд хэрэв нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой тохиолдолд үүнийг тодруулах нь шүүхийн үүрэг юм.

Нэхэмжлэгчээс “Ашигт малтмалын хайгуулын XV-020300 дугаар тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон тухай бүртгэлийг хүчингүй болгож, тус тусгай зөвшөөрлийг сэргээж, сунгахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс, түүний даргын шийдвэр (үйлдэл, эс үйлдэхүй)-г хууль бус болохыг тогтоолгох, тус тусгай зөвшөөрлийг сэргээж, сунгах тухай хүсэлтийг зохих журмын дагуу хүлээн авч, шийдвэрлэхийг даалгах” гэсэн гурван тусдаа агуулга бүхий нэхэмжлэл гарган маргасан байхад шүүх эдгээр нэхэмжлэлийн шаардлага тус бүрийг эс зөвшөөрч буй шалтгаан үндэслэлийг тодруулж, тэдгээрт хамаарах баримт нотолгоог хэрэгт цуглуулж, нэхэмжлэлийн шаардлага тус бүртэй холбогдуулан маргаж буй үндэслэлд нь хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлээгүй нь буруу байна. Тухайлбал, шүүх нэхэмжлэгчээс тусгай зөвшөөрлийн хугацаагаа сунгуулах талаар хариуцагч байгууллагад хэзээ гаргасан хүсэлттэй холбогдуулан маргасан нь ойлгомжгүй, тодорхой бус байхад хэргийг шийдвэрлэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч “Э Р” ХХК-аас Завхан аймгийн Алдархаан сумын Засаг даргад холбогдуулан “Ашигт малтмалын хайгуулын XV-020300 дугаартай тусгай зөвшөөрлийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, тус тусгай зөвшөөрлийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг тухайн Засаг даргад даалгах” нэхэмжлэл гарган маргасан байх бөгөөд Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 07 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлээ “... тусгай зөвшөөрлийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хуульд заасны дагуу Завхан аймгийн Алдархаан сумын Засаг даргаар батлуулахаар хандсан боловч хуульд заасан журмаар батлаагүй татгалзсан тул шүүхэд нэхэмжлэл гаргасан, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 1128/ШШ2020/0007 дугаар шийдвэрээр “байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г батлахаас татгалзсан Засаг даргын үйлдэл хууль бус болохыг тогтоож, батлахыг даалгаж шийдвэрлэснээр Засаг дарга 2019 оны “байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г баталж, хуульд заасан шаардлагыг хангагдсан тул тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг гаргасан боловч Ашигт малтмал газрын тосны газар хүлээн авахаас татгалзаж, буцаасан ...” гэж тайлбарласнаас үзвэл нэхэмжлэгчийн маргаж байгаа үндэслэл, нэхэмжлэлийн шаардлага зөрүүтэй, тодорхой бус байхад хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл, шүүх нэхэмжлэгчээс “хайгуулын тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлтээ хуульд заасан хугацаанд гаргаж чадаагүй нь Ашигт малтмалын хайгуулын XV-020300 дугаартай тусгай зөвшөөрлийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүй Завхан аймгийн Алдархаан сумын Засаг даргын эс үйлдэхүйтэй холбоотой байсан” гэж тайлбарлан маргасан байх хэдий ч Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн хуулийн хүчин төгөлдөр 07 дугаар шийдвэрийг үндэслэн гаргасан хүсэлтийн дагуу тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахаар гаргасан хүсэлттэй холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гарган маргаж байгаа эсэх, эсхүл шүүхэд маргаж байгаа талаар мэдэгдсээр байхад хариуцагч тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон нь хууль бус гэж маргаж байгаа эсэх зэрэг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг эргэлзээгүйгээр тодруулсны үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг цуглуулж, тэдгээрт үнэлэлт дүгнэлт өгч, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчээс “... Завхан аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан, хэрэг үүсгэсэн талаар Ашигт малтмал, газрын тосны газарт мэдэгдэж байсан талаарх баримт нотолгоог шүүх шаардсан боловч энэ талаарх тайлбар баримт ирээгүй, албан бичгийн биелэлт хангагдаагүй байхад шүүх хэргийг шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан ...” гэх давж заалдах гомдол гаргажээ.

Анхан шатны шүүх 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1/4372, 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 1/4581 дүгээр албан бичгүүдээр “... “Э Р” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлт гаргах хугацаа буюу 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс хүсэлт гаргасан 2020 оны 10 дугаар сар хүртэл хугацаанд хүндэтгэх шалтгаантай хугацаа хэтрүүлсэн талаар буюу Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст Завхан аймгийн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гарган, маргаж буй талаар хандаж байсан эсэх талаарх лавлагаа, хэрэв тус компаниас танай хандаж байсан бол холбогдох баримтууд”-ыг ирүүлэхийг шаардсаны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 8/2749, 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 8/2813 дугаар албан бичиг, тэдгээрийн хавсралтаар “Э Р” ХХК-ийн Ашигт малтмал газрын тосны газарт хандсан 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн “... манай ажилтны алдаанаас болж хожимдуулсан ... бидний хүсэлтийг хүлээн авч сунгалт хийх өргөдлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү ...” гэх 19/001 /1хх-220/, 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн “... компанийн шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан буюу захирал маань өвчтэй байсан гэсэн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас болж хожимдуулсан ...” гэх 003 /1хх-221/, 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “... байгаль орчны менежментийн төлөвлөгөөг ... Алдархаан сумын Засаг даргаар батлуулахаар хандсан боловч ... хуулийн 38.2-т заасан журмаар батлалгүй, татгалзсан тул шүүхэд нэхэмжлэл гаргасан ... Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 118/ШШ2020/0007 дугаартай шийдвэр гарсан ... шүүхийн эрхийн актын дагуу ... тусгай зөвшөөрлийн 2019 оны “байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г дараах хугацаанд баталсан ... ” гэх 20/05 /1хх-231/, Ашигт малтмал, газрын тосны газрын 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн “Э Р” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д П-т хүргүүлсэн “... XV-020030 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр дууссан байна ... тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг ... ирүүлээгүй байх тул танай хүсэлтийг хүлээн авах боломжгүй ...” гэх 7/1923 /1хх-226/, 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 7/2050 /1хх-228/, 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 8/4956/1хх-49, 80, 230/ дугаар албан бичгүүдийг шүүхэд ирүүлсэн, мөн хэрэгт  Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн “... ашигт малтмалын хайгуулын XV-020300 дугаартай тусгай зөвшөөрлийг дуусгавар болгон бүртгэсэнтэй холбоотой гомдлоо Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан хугацаанд гаргаагүй, гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байгаа тул танай гомдлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй ...” гэх 1/68 дугаар албан бичиг /1хх-50,81/ зэрэг баримтууд авагдсан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч “Э Р” ХХК-аас Ашигт малтмал газрын тосны газарт 2019 оны 03 дугаар сарын 21, 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрүүдэд гаргасан хүсэлттэй холбогдуулан хариуцагчаас тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгуулж, сунгах хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхийг даалгуулахаар маргаж байгаа эсэх, эсхүл тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлт гаргах хуульд заасан хугацаа болох 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс хүсэлт гаргасан 2020 оны 10 дугаар сар хүртэл хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаантай байсны улмаас хугацаа хэтрүүлсэн талаар буюу Завхан аймаг дахь Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гарган маргаж буй талаар холбогдох баримт, тайлбар, хүсэлтийг хариуцагчид гаргасаар байхад хүсэлтийг хүлээн аваагүйтэй маргаж байгаа эсэх, эсхүл тус компаниас 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гаргасан хүсэлтийг хүлээн аваагүй хариуцагчийн үйлдэл эс үйлдэхүйтэй маргаж байгаа эсэх нь тодорхой бус нөхцөлд хэргийг шийдвэрлэсэн нь,  мөн дээр дурдсан баримт лавлагааг хариуцагчаас шаардсан байх боловч нэхэмжлэгчээс тус газарт хүргүүлж байсан “манай ажилтны алдаанаас болж хожимдуулсан”, “компанийн шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан буюу захирал өвчтэй байсан” гэх хүсэлтүүдээс өөр баримт, нотолгоог ирүүлээгүй байхад нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэлд хамаарах шаардсан баримт байгаа эсэхийг эцэслэн тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журамд нийцээгүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4-т “шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах”, 121.3-т “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх дараахь үндэслэл илэрвэл энэ хуулийн 121.1.4-т заасан шийдвэрийг гаргана”, 121 дүгээр зүйлийн 121.3.3-д “анхан шатны шүүх энэ хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн байвал”, 121.3.4-д “шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, эсхүл хуулийн шаардлага хангаагүй болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон” гэж тус тус заасныг үндэслэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 521 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Д.БАТБААТАР

 

ШҮҮГЧ                                                                С.МӨНХЖАРГАЛ

 

ШҮҮГЧ                                                               Н.ХОНИНХҮҮ