| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 177/2020/0081/Э |
| Дугаар | 96 |
| Огноо | 2020-06-15 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 96
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булгаа, улсын яллагчаар Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэл, шүүгдэгч М.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т ургийн овогт М-ын А-д холбогдох 1935004110066 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн Т ургийн овогт М-ын А 1991 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын менежмент мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын ... дугаар баг Галдан бошигт хороолол .... дүгээр байр ... тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ......
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч М.А нь Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багт байрлах хохирогч Б.Бийн хашаанаас 2019 оны 7 дугаар сарын сүүлээр зил-130 автомашины чиргүүлийн рамыг машин механизм буюу иргэн Гансүхийн өмчлөлийн 17-23 УВА улсын дугаартай Киа рино загварын авто краныг ашиглан хулгайлж хохирогч Б.Бид 300’000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүх хуралдаанаар 1935004110066 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Хохирогч Б.Б-ийн “...Би Улаангом сумын 7 дугаар багт оршин суудаг 2019 оны 7 дугаар сарын сүүлээр гэр бүлээрээ Улаанбаатар хот яваад 8 дугаар сарын эхээр ирсэн. Манай гэрт ямар ч хүн үлдээгүй гэрийнхээ хаалгыг түгжээд яваад ирсэн чинь манай хашаан дотор байсан Зил-130 загварын авто машины чиргүүлийн рам хулгай авсан байсан. Тухайн үед манай дүү нар ирж авсан байх гэж бодоод дүү нар луугаа залгаж асуухад авсан хүн олдохгүй байгаа тул хулгай авсан юм байна гэж бодсон. Тэр рам бол урт нь 6 метрийн урттай өргөн нь 2 метрийн өргөнтэй маш хүнд Крантай байж ачих байх, хүн бол өргөж даахгүй маш их хүнд чиргүүлийн Рам байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/,
2. Гэрч Д.Д-ын “...би 2019 оны 7 дугаар сарын эхээр багийн найз Б.Б-ийн гэрт очиход Б эхнэрийн хамт байсан, Улаанбаатар хот явна гэж ярьж байсан Зил-130 автомашины рам хашаан дотор нь байсан бид хоёр одоо энэ чиргүүлийн рамыг задалж грашийн хаалга хийх хэрэгтэй гээд хоорондоо ярьж байсан юм. 2019 оны 8 дугаар сард Б би хот яваад ирлээ манай хашаан дотор байсан автомашины рам хулгай авсан байна гэж над руу утсаар ярьсан. ...би тэр Зил-130 автомашины чиргүүлийн рамыг Б-ийн хашаанд байхыг харсан тэр чиргүүл маш олон жил болж байгаа чиргүүл хүн өргөөд явчих боломж байхгүй машинаар чирч юм уу кранаар ачиж авах байх маш хүнд чиргүүл байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/,
3. Гэрч Б.Г-ийн “...2019 оны 8 дугаар сарын эхээр 99453778 дугаараас нэг хүн залгаад чиргүүлийн рам ачуулж гагнууртай газар хүргүүлж авна гэж утсаар яриад би хаана очих бэ? гэхэд Улаангом сумын 7-р багийн нутаг өндөр цагаан худгийн тэнд хүрээд ир гэж хэлсэн тул би яваад очсон чинь жижиг тэрэгтэй дагуулж яваад 20-08 тоот хашаанд очоод би хашааны гадна зогсоод тэр нөхөр хашаа давж ороод краны дэгээд автомашины рам дэгээдэж өгсөн би машин дээрээ ачаад хаана очих юм бэ? гэж асуухад гагнуурчин Д-гийн гадна хүргэж буулган гэж хэлсэн тул би Д-ийн гэрийн гадна хүргэж буулгаад хөлсөндөө 30’000 төгрөг аваад би яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/,
4. Гэрч Ч.Д-ын “...2019 оны 09 сард манай найз болох Б гэх залуу манай ажил дээр ирээд танай хашаанд Зил-130 автомашины чиргүүлийн рам орж ирсэн үү би Зил-130 автомашины чиргүүлийн рамаа хулгайд алдчихлаа гэж надаас асуусан тэгээд би тиймээ үл таних нэг залуу авч ирээд грашийн хаалганы рам болоод хийгдээд гарсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх- ийн 32-33 дугаар хуудас/,
5. Гэрч Д.Б-н “...2019 оны 7 дугаар сард улсын баяр наадмын үеэр манай гагнуурын газарт нэг залуу ирээд манай аав Улаанбаатар хот руу сургалтаар явчихсан байсан бөгөөд аав байхгүй гэхэд тэр залуу надад хандаж чи надад машины чиргүүлийн рамаар грашийн хаалга гагнаад өгөх үү гэж хэлээд намайг машиндаа суулгаад Улаангом сумын 7-р баг өндөр цагаан худгийн ойролцоо нэг хашааны гадна очсон тэр хашаанд машины рам сэгнүүд байсан бөгөөд хашаа нь эзэнгүй байсан тул хашааны арын банзны зайгаар надад тэр рам гэж рамыг зааж харуулсан. ...түүнээс хойш 2-3 хоногийн дараа манай хашааны гадна крантай машинаар машины чиргүүлийн рам авч ирсэн бөгөөд тэр рамыг задалж аавтай цуг хамтарч гагнасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/,
6. 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн шинжээчийн “2019 оны 7-р сарын байдлаар Увс аймагт ЗИЛ-130 автомашины хуучин рамын зах зээлийн үнэ цэний баримжаа 300’000 /гурван зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов” гэх 56 дугаартай дүгнэлт /хх-ийн 46 дугаар хуудас/,
7. Шүүгдэгч М.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Б гэдэг хүн нь тэр хашааны эзэн нь биш. Тэр хашааны эзэн нь манай аавын хашааны хажууд хөрш байсан айл байдаг. Тэр хүнтэй мөнгө өгч авдаг байсан. Тэр айл хот руу шилжээд явсан. Нөгөө айл нь тэр хашааны урд талын хороололд эзэнгүй хашаа байсан. Төмөр авах болсон шалтгаан нь төмрийг зарах гэж байгаа талаар надад хэлж байсан. Тэр хүн Улаанбаатар хот явсан. Тэгээд мөнгөө авах боломжгүй байсан болохоороо төмрийг авсан. Энд миний гэм буруутай үйлдэл байгаа. ...Би тэр чиргүүлийн рамаар грашийн хаалга хийлгэсэн...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүгдэгч М.А нь 2019 оны 7 дугаар сарын сүүлээр Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн 20-08 тоотод байрлах хашаанаас хохирогч Б.Б-ийн эзэмшлийн 300’000 /гурван зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий Зил-130 загварын автомашины чиргүүлийн рамыг эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч иргэн Б.Г-ийн өмчлөлийн 17-23 УВА улсын дугаартай Киа рино загварын авто кранаар тээвэрлэсэн үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүгдэгч М.А нь Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багт байрлах хохирогч Б.Б-ийн хашаанаас 2019 оны 7 дугаар сарын сүүлээр Зил-130 загварын автомашины чиргүүлийн рамыг бусдын эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж өмчлөгчийн зөвшөөрөлгүй авч байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэх хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг, мөн тухайн зил-130 автомашины чиргүүлийн рамыг машин механизм буюу иргэн Б.Г-ийн өмчлөлийн 17-23 УВА улсын дугаартай Киа рино загварын авто краныг ашиглан тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашигласан гэх хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг тус тус хангаж байна.
Шүүгдэгч М.А нь амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор шунахайн сэдэлттэй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч М.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.А нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн болох нь хохирогч Б.Б-ийн “...М.А нь надтай сүүлд уулзаад уучлаарай ах би таны рамыг авчихсан юм аа гэж хэлээд 300’000 төгрөгийн хохирол төлж барагдуулсан. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/-ээр тогтоогдож байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч М.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн хувийн байдал тогтоосон гэрч Б.Д-ийн мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр хуудас/, гэрч Б.О-ийн мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 79 дүгээр хуудас/, Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 91 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.А нь эхнэр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч М.А нь учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол хор уршгийн хэмжээг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч М.Ад 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан Б.Г-ийн эзэмшлийн 17-23 УВА улсын дугаартай Киа рино загварын авто краны үнэ болох 2’750’000 төгрөгийг шүүгдэгч М.А-ээс гаргуулан улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч М.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, Б.Гансүхийн эзэмшлийн 17-23 УВА улсын дугаартай Киа рино загварын авто краныг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т ургийн овогт М-ын А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий өнгийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч М.А-д 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.А-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар 17-23 УВА улсын дугаартай Киа Рино загварын автомашиныг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 2‘750’000 төгрөгийг шүүгдэгч М.А-ээс гаргуулан улсын төсөвт шилжүүлсүгэй.
6. Энэ хэрэгт шүүгдэгч М.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шийтгэх тогтоолоор шүүгдэгч М.Аээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА