Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 95

 

 

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булгаа, улсын яллагч Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр, шүүгдэгч С.Н, түүний өмгөөлөгч Т.Уянга, шүүгдэгч Д.Ө, түүний өмгөөлөгч Д.Бунжаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д ургийн овогт С-гийн Н, Б ургийн овогт Д-гийн Ө нарт холбогдох 1935004830047 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б ургийн овогтой Д-гийн Ө 1972 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Завхан аймгийн Сантмаргаз суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Завхан аймгийн Сантмаргаз сумын 3-р багт оршин суух, урьд Сум дундын 12 дугаар шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 04 дугаартай шүүгчийн захирамжаар өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар суллагдаж байсан, регистрийн дугаар: .......

Монгол Улсын иргэн Д ургийн овогт С-гийн Н, 1982 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Завхан аймгийн Цэцэн-Уул суманд төрсөн, 39 настай, эрэгтэй,  боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Завхан аймгийн Сантмаргаз сумын 2 дугаар багт оршин суух, урьд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 349 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 5 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, нийт 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, регистрийн дугаар: ою90053120.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Д.Ө, С.Н нар нь бүлэглэн Увс аймгийн Өндөрхангай сумын Цагааннуур багийн нутаг дэвсгэрээс 2019 оны 11 дүгээр сарын 20-оос 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд тус багийн иргэн Г.Ө-ын адуунаас түүний 1 тооны адуу, мөн тус багийн иргэн Ч.Лгийн адуунаас 2 тооны адуу нийт 3 тооны адуу хулгайлж нийт 4’500’000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүхийн хэлэлцүүлгээр 1935004830047 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн болон эд мөрийн баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч Г.Ө-ын “...Би 2019 оны 11 дүгээр сарын 20-оос 21-ний өдрүүдэд Өндөрхангай сумын Цагааннуур багийн нутаг Цагаан толгой гэх газраас 1 тооны хар зүсмийн адуу хулгайд алдсан бөгөөд миний адуу уг газар өөрийн нийт 25 ижилтэй адуунаас алга болсон. ...Б, Б нар адууны мөр хөөж явж байгаад Завхан аймгийн Сантмаргаз сумын нутаг Барзан ухаа уулын өвөлжөөний бууцтай газар оруулаад алдлаа гэж хэлсэн бөгөөд би уг газар сумын цагдаа нартай ирж үзэхэд тухайн газраас Давсан тасгийн амбааруудын чиглэл рүү явсан мөрийг дагасаар Давсан тасгийн амбааруудын баруун талын ар талаас 2 дахь амбаарын үүдэнд уг мөр очиж амбаарын үүд хэсэгт цус мэт хүрэн өнгийн зүйл цасан дээр байсан тул уг амбаарын эзнийг тодруулж Д.Ө-ыг авч ирж амбаарыг нь онгойлгож үзэхэд миний хулгайд алдсан хар морины толгой арьс шийр нь уг амбаарт нуучихсан байсныг олсон юм...” /1 дүгээр хх-ийн 103-104 дүгээр хуудас/,

“...2019 оны 11 дүгээр сарын 20-21-ний хооронд миний 25 ижилтэй адуунаас хулгайд алдагдсан хар /сартай/ зүсмийн нас гүйцсэн адууг Завхан аймгийн Сантмаргаз сумын иргэн Д.Ө, С.Н нар хамтарч хулгайлсан гэж надтай ирж уулзсан бөгөөд С.Н, Д.Ө хоёрын ярьж байгаагаар Д.Ө өөрийнхөө хонгор зүсмийн мориороо манай адуу болон Ч.Л-гийн адууг нийлүүлж өөрийнхөө гэрийн гадна хөөж ирсэн бөгөөд уг хоёр азаргатай адуунаас Ч.Л-гийн хоёр, миний нэг адууг барьж авсан. Улмаар уг адууг С.Н нь унаж нөгөө хоёрыг нь хөтөлж Сантмаргаз сумын төв рүү явсан бөгөөд Сантмаргазын зүүн талаар гарч урагш явах гэж байснаа буцаж буцаж тухайн газраа чөдөрлөж орхисон гэсэн. Маргааш нь Д.Ө хөдөө гэрээсээ ирж гурван адааг шөнө сумын төвөөс 15 километр зайд байрлах Барзан ухаа гэх газарт М гэх айлд аваачиж маргааш өглөө нь С.Н сумын төвөөс Дорж гэх залуутай ирж хамт нядалж янзлаад адууны толгой, арьс шийрийг тус газраас 3 гаруй километр зайд байрлах Давсан тасаг гэх газрын Д.Ө-ын амбаарт нуусан байсан гэдгээ хүлээж надаас уучлалт гуйсан юм...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 105-106 дугаар хуудас/,

2. Хохирогч Ч.Л-гийн “...Би 2019 оны 11 сарын 20-оос 21-ний өдрүүдэд Увс аймгийн Өндөрхангай сумын Цагааннуур багийн нутаг Үнэгт гэх газраас хул зүсмийн зөв чих нь цуулбар имтэй, зөв /зүү/ гуяндаа жинстэй дөрөм тамгатай адуу нас гүйцсэн, хээр зүсмийн зөв чих цуулбар имтэй, зүүн гуяндаа жинстэй дөрөм тамгатай нас гүйцсэн адуу нийт 2 тооны адууг хулгайд алдсан. 2019 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр адуугаа авч ирээд морь солиод Үнэгт гэх газар руу явуулсан бөгөөд 11 дүгээр сарын 22-ны өдөр адуугаа хурааж бүртгэсэн чинь миний хоёр адуу байхгүй байсан юм...” /1-р хх-ийн 110-111 дүгээр хуудас/,

“...2019 оны 12-р сарын 28-ны өдөр Завхан аймгийн Сантмаргаз сумын иргэн Д.Ө надтай ирж уулзаад “би танай морийг хулгайлж аваад нядалж янзалсан” гэж хэлсэн. Мөн “би хоёр адууг Өндөрхангай сумын Цагааннуур багийн нутгаас азаргатай адууг тууж очоод гэрийнхээ гаднаас уг морьдыг барьж авсан. Уг авсан адуугаа С.Н-д Сантмаргаз сум руу өгч явуулаад Мгийн гэрт аваачиж нядалж янзлаад С.Н-ийн машинаар ачиж нэг махыг өөрийнхөө гэрт нөгөө махыг нь Нийн гэрт хүргэсэн байсан юм. Би С.Н-той хамтарч хулгай хийсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 112-113 дугаар хуудас/,

3. Гэрч Ч.Доржийн “...Би С.Н, Д.Ө нартай 2019 оны 11-р сарын 22-ны өдөр 3 тооны адууг М гэж айлын гадна очиж тэд нартай нядалж, янзалж, махыг нь сумын төв рүү авч ирсэн. Арьс, толгой туурай /шийрийг нь/ Давсны тасгийн баруун талынх 3 амбаарын ар талаасаа 2 дахь амбаарт оруулж хураагаад бага зэрэг давс ачаад сумын төв рүү явцгаасан. Суманд С.Н-ийн гадна ирээд 2 махыг машинтайгаа цуг орхиж, нэг малын /адууны/ махыг нь Д.Ө өөрийнхөө сумын төвд байрлах хашаанд буулгаж байшиндаа оруулж авсан юм. Би махыг нь буулгалцаж өгчхөөд гэр лүүгээ харьсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 114-115 дугаар хуудас/,

4. Гэрч Д.Б-гийн “...Хул хээр, хар зүсмийн морьд байсан бөгөөд би им, тамгыг анзаарч хараагүй. ...Манай нөхөр Д.Ө, С.Н, Д нартай хамтарч нядалж янзлаад С.Н-ийн портер машинд ачаад сумын төв рүү явна гэж хэлээд замдаа Давсан тасгийн чиглэл рүү яваад өгсөн. Манай гэрийн хажууд гаргаж янзалсан 3 адууныхаа гэдсийг нь би цэвэрлэж янзлаад Д бага зэрэг авч би үлдэгдлийг нь авсан бөгөөд С.Н, Д.Ө хоёр гэдсийг нь хаячих гэдэс дотор нь хэрэггүй гэж хэлээд байсан. Би С.Н-ийг та хоёр яагаад манай дээр адуу гаргаж янзалж байгаа юм бэ? хулгайн адуу биш биз дараа нь хүнд гай болов оо гэж хэлсэн чинь С.Н эгчээ тийм хулгайн адуу биш бид хоёр хүнээс авах ёстой адуугаа авсан юм гэж хэлсэн...” гэх мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 131-132 дугаар хуудас/,

5. Гэрч Н.М-гийн “...2019 оны 11 дүгээр сарын сүүлээр цаг хугацааг тодорхой санахгүй байна нэг өдөр манай эхнэр Д.Б рүү түүний төрсөн дүү болох Д.Ө нь гар утсаар яриад 3 адуу аваачиж нядалмаар байна гэж хэлсэн. ...Тэгээд орой нь Д.Ө нэг адууг нь унаад хоёр адууг нь хөтлөөд ирсэн бөгөөд манайд ирээд маргааш өглөө танайд адуу гаргачихмаар байна. Энэ адууг нядалж дуусаад махыг нь ченжид өгөх гэж байгаа талаар хэлсэн. Эхнэр бид хоёр гэнэт 3 тооны адуу аваад ирэхээр нь хулгайн адуу мөн эсэхийг шалгаж нэлээд асуухад ямар нэг хулгайн адуу биш би хүнээс авах ёстой байсан 3 тооны адуугаа авсан гэж хэлсэн. ...Маргааш өглөө нь эрт босоод Ө нь Н гэгч рүү гар утсаар залгаад яриад байсан. ...Н нь ирчхээд хүнээс авсан мал хулгайн мал бишээ та нар санаа зоволтгүй гэж хэлээд байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 147-148 дугаар хуудас/,

6. Гэрч Ц.М-ын “...2019 оны 7 дугаар сард Зүүнхангай сумын төвд манай ах Б-ийн гэрт Завхан аймгийн Сантмаргаз сумын иргэн М буюу Ө гэж хүн ирсэн. Тэгээд танилцаад би сумын төвд 1 морь тэжээж унадаг байсныг харчхаад энэ морио надад зарчих би чамд 2 сая төгрөгт бодоод нэг саяд нь унагатай гүү, нэг саяд нь нэг морь өгөхөөр болж тохироод надад зарах гэж авч явсан нэг унагатай гүүгээ надад өгөөд үлдсэн нэг морийг тэгж байгаад өгчихье гэж хэлж наймаа хийж анх танилцсан. ...2019 оны 11 дүгээр сарын 20-н гаргаад би үлдэгдэл нэг морио авах гээд гар утас руу нь залгасан чинь холбогдохгүй болохоор нь Завхан аймгийн Сантмаргаз сум руу өөрийн эзэмшлийн 91-21 УВХ улсын дугаартай Старикс загварын машинтай ганцаараа яваад замдаа Завхан аймгийн Баяндавс багийн иргэн.... Д-ыг аваад Өын гэрт очсон чинь мотоциклтой хүрээд ирсэн юм. Тэгээд цай уучхаад морины тооцоогоо авах гэж ирлээ гэхэд чи гүү алаад аваад явах юм уу гэхээр нь орой болчихсон байна надад мал алах зав алга та мөнгийг нь өгчих гэсэн чинь за чи байж бай гээд утсаар нэг хүнтэй ярьсан. Тэгээд Ноо нөгөө адууны махыг энэ залууд өгчхөөрэй гэж хэлсэн өөр юм яриагүй. Тэгээд намайг сумын төв ороод Н гэж залуутай очиж уулзаад 200 килограммтай адууны мах байгаа ав гэж хэлсэн. Би Д гэх хүнийг суулгаад сумын төв ороод утсаар яриад Н-ийн гэрт очиж уулзсан чинь хашаан дотор байсан амбаар онгойлгоод дээлээр хуччихсан байсан адууны мах гаргаж ирж машинд ачсан юм...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 152-153 дугаар хуудас/,

7. Увс Финанс Аудит ХХК-ий 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “...Увс аймгийн Өндөрхангай суманд 2019 оны 11 дүгээр сарын байдлаар ...нас гүйцсэн морь 1’000’000 /нэг сая/ ...эрлийз адуу 2’500’000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов” гэх 439 дугаартай шинжээчийн дүгнэлт,

8. Увс Финанс Аудит ХХК-ий шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “...Завхан аймгийн Сантмаргаз суманд нас гүйцсэн морь 1’000’000 /нэг сая/ Даюн загварын мотоциклын зах зээлийн үнэ цэний баримжаа 1’406’200/ нэг сая дөрвөн зуун жаран мянга хоёр зуу/ төгрөг, Киа пронтер маркын автомашин 3’000’000 /гурван сая/ төгрөг болохыг тодорхойлов” гэх 09 дугаартай дүгнэлт,

9. Шүүгдэгч Д.Ө-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “...Би оройхон гэртээ харих үеэр дурандахад манай гэр лүү мотоциклтой хүн явж байсан бөгөөд би Н-ийг явж байна гэж харсан. Түүний дараа би өдөр харсан өөр сумын бололтой адуу руу өөрийн хонгор зүсмийн морьтой очоод адууг тууж ирээд хашааны арын адуу шахдаг газар луу шахаад Н гараад ирэхээр нь ...ногт авхуулаад Ноор адууг шахуулж байгаад 3 тооны адууг уургаар барьж авсан. ...Би Н-той гэмт хэрэг үйлдэх талаар ярьж тохиролцсон зүйл байхгүй. Н гэгч тухайн 3 тооны малыг хулгайн мал гэдгийг мэдээгүй, мэдэхгүйгээр сумын төв рүү авч явсан, мөн нядлахад тусалсан юм аа. Намайг хулгайлах гэмт хэрэг үйлдэх талаар хэн ч мэдээгүй. Манай эхнэр А ямар зүсмийн адуунууд өгсөн талаар асуухаар нь би өөрийнхөө адуунаас 3 тооны адуу өгч явуулсан талаар хэлсэн. Манай эхнэр А нь өөрийнхөө гэрийн адуунуудыг танихгүй, ямар зүсмийн адуунууд байдгийг мэддэггүй. ...Би хүүхдээ авхуулахаар Н-ийг дуудсан. Би тухайн адууг өөрийн гэрийн гадна нядлах гэхээр автомашин байхгүй байсан, махыг тээвэрлэж чадахгүй байсан учраас сумын төв рүү ойртуулах гээд Н-ийг гуйж өгч явуулсан. Би мал алахдаа Н-ийн автомашинаар махыг сумын төв рүү оруулах гэж, мөн давс авах гэж  дуудсан.  ...Би М, Н, Д нарт миний хайртай малын толгой би амбаартаа хадгалж байгаад хавартаа тахина амбаарт хийнэ гэж худал хэлээд амбаартаа аваачиж нуусан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 205-208 дугаар хуудас/,

10. Шүүгдэгч С.Нийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “...Д.Ө-ын гэрт очиход Д.Ө-ын эхнэр байсан. Ө яасан талаар асуухад хониндоо явчихсан гэж хэлсэн ба тэдний хонь доороос гэр лүү ойртож ирж байсан. Тэгээд байж байхад Д.Ө-ын эхнэр нь адуугаа солих гэж байгаа юм байлгүй гээд, намайг гараад тусалчих гэхээр нь би гарч Д.Ө-т тусалсан. Д.Ө эхлээд хул зүсмийн морь барьсан, дараа нь хээр зүсмийн морь барьсан, түүний дараа хар зүсмийн морь нийт /60-70 адуунаас/ 3 тооны адуу бариад  бусад адууг нь хашаанаас гаргаад орхичихсон. ...Тэгээд намайг чи энэ гурван адууг сумын төв оруулж өгөөч гэж хэлсэн. Би тухайн үедээ чимээгүй байж байгаад түүний хүүхдээр уралдааны морь унуулдаг учраас дараа нь морио унуулна гэж бодоод би тухайн адууг оруулж өгөхөөр болсон. Би энэ адуунууд чинь хулгайн адуу юм биш биз гэхэд энэ хулгайн адуу биш миний өөрийн адуу гэж хэлээд надад өөрийн мориныхоо эмээл, хазаар өгөөд барьсан 3 морь гурвуулаа ногттой байсныг ...би хээр зүсмийн морийг унаад нөгөө хар, хул зүсмийн морийг нь хөтлөөд шөнө 18 цагийн орчимд байх сумын төв рүү явчихсан. ...Би гэмт хэрэг үйлдэх талаар ярьж тохиролцсон зүйл байхгүй. Ө-ын гэрт байхад Ө нь адуу туугаад ирсэн. Хаанаас туусан, хэний эзэмшлийн адуу байсан талаар  би мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 215-218 дугаар хуудас/,

11. Насанд хүрээгүй гэрч Ө.О-ын “...Намайг 2019 оны 11 дүгээр сарын сүүлээр Н ах гэрт хүргэж өгөөгүй, би тухайн үед Сантмаргаз сумын төвд сургуульдаа суралцаж байсан юмаа” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 149 дүгээр хуудас/ зэрэг болно.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч С.Н нь 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Завхан аймгийн Сантмаргаз сумын төвөөс шүүгдэгч Д.Ө-ын дуудсанаар түүний зөвшөөрлөөр шүүгдэгч Д.Ө-ын эзэмшлийн Даюн загварын мотоциклийг жолоодож түүний гэрт ирсэн.

2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр шүүгдэгч Д.Ө Увс аймгийн Өндөрхангай сумын Цагааннуур багийн нутаг дэвсгэрт байсан хохирогч Г.Ө, Ч.Л нарын адууг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр өөрийн хонгор зүсмийн морьтой тууж Завхан аймгийн Сантмаргаз сумын нутагт байх өөрийн гэртээ буюу өвөлжөөнд авч ирсэн. Улмаар шүүгдэгч Д.Ө нь хохирогч нарын адууг тууж гэртээ ирэхэд С.Н ирсэн байсан бөгөөд шүүгдэгч нар нь хамтарч Г.Ө-ын адуунаас 1 тооны адуу, мөн тус багийн иргэн Ч.Л-гийн адуунаас 2 тооны адуу нийт 3 тооны адуу хулгайлсан байна. Шүүгдэгч нар нь тухайн гурван тооны адууг Д.Ө-ын өвөлжөөн дээр нядлах боломжгүй учир шүүгдэгч С.Н нь нэг морийг нь унаад, хоёр морийг нь хөтлөөд Сантмаргаз сумын төв рүү өөрийн гэр лүү явсан байна. Учир нь Өндөрхангай сумын Цагааннуур бага болон Завхан аймгийн Сантмаргаз сумын нутагт байрлах шүүгдэгч Д.Ө-ын өвөлжөө хоёр газар зүйн хувьд ойрхон, хулгайн үйлдэл нь илрэх боломжтой байсан байна.

Хулгайлсан 3 тооны адууг шүүгдэгч Д.Ө нь шүүгдэгч С.Н-оос маргааш нь авч өөрийн хадам ах Н.М-гийн гэрийн гадна аваачиж шүүгдэгч С.Н, гэрч Ч.Дорж нарын хамт нядалж, шүүгдэгч С.Н-ийн эзэмшлийн Киа пронтер загварын 50-56 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Ө-ын гэрт шүүгдэгч С.Н нь түүний хүүхдийг сумын төвөөс гэрт нь хүргэх зорилгоор мотоциклоор ирсэн гэж шүүгдэгч нар нь мэдүүлж байгаа боловч насанд хүрээгүй гэрч Ө.О-ын мэдүүлгээр няцаагдаж байна.

Шүүгдэгч Д.Ө-ын Даюн загварын мотоциклоор шүүгдэгч С.Н нь түүний гэрт ирсэн болохыг, мөн шүүгдэгч С.Н-ийг шүүгдэгч Д.Ө-ын тууж ирсэн адууг шахалцаж, 3 тооны адууг барихад оролцсон болохыг шүүгдэгч нар болон гэрч Ц.Амаржаргалын мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна.

Уг хулгайлсан гурван тооны адууг шүүгдэгч Д.Ө, С.Н нар нь гэрч Н.Мгийн гэрт аваачиж нядалсан болох нь гэрч Н.М, Ч.Дорж, Д.Б нарын мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “мал гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна” гэж заасан байх тул хохирогч Г.Өын адуунаас түүний 1 тооны адуу, хохирогч Ч.Лгийн адуунаас 2 тооны адуу нийт 3 тооны адууг хулгайлсан шүүгдэгч Д.Ө, С.Н нарын үйлдэл нь мал хулгайлах гэмт хэрэг байна.

2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд мал хулгайлах гэмт хэргийг олон тооны мал хулгайлж, бүлэглэж, улсын хилээр нэвтрүүлж, машин механизм ашиглаж, ноцтой хохирол, хор уршиг учруулж, гойд ашиг шимт малыг хулгайлж үйлдсэн бол хоёроос найман жил хүртэл хорих ял оноохоор, мөн зүйлийн хуульчилсан тайлбарт нэмэлт өөрчлөлт орохоос өмнө олон тооны мал гэж “хорин дөрвөн бог, найман бодоос дээш малыг ойлгоно” гэж заасныг “найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно” гэж тус тус нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан байх тул гэмт хэрэг үйлдэгдсэн үеийн буюу хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаас өмнө хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрүүгийн хуулиар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Ө, С.Н нар нь өөрсдийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. Шүүгдэгч нар нь өөрсдөө мал аж ахуй эрхэлдэг атлаа амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шунахайн сэдлээр хохирогч нарын 3 тооны адууг хулгайлж авсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасан байх тул шүүгдэгч Д.Ө, С.Н нарыг гэмт хэрэг бүлэглэж үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Д.Ө, С.Н нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэж байгаа боловч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Өын өгсөн “...Би хонь хариулж явахад манай бэлчээр дээр адуу байсан. Завхан аймгийн Сантмаргаз сум, Увс аймгийн Өндөрхангай сумууд нь хил залгаа байдаг. Тэр өдөр 5 дахь өдөр байсан С.Н руу утсаар яриад миний мотоцикл А ахын хашаанд байгаа тэр мотоциклоор хүүхэд авч ирээд өгөөч гэж ярьсан. С.Н хүйтэн байсан болохоор хүүг машинд явуулсан байсан. Өөрөө мотоциклоо унаж манайд ирсэн байсан. Тэгээд С.Н-д гурван адууг төв рүү оруулчих гээд унуулаад явуулсан” гэх мэдүүлэг, шүүгдэгч С.Н-ийн “...Д.Ө намайг хүүхэд авч ирээд өгөөч гээд над руу утсаар ярьсан. Миний мотоцикл Амарбаярын хашаанд байгаа гэж хэлсэн. Тэр өдөр 5 дахь өдөр байсан. Би хүүхдийн хүйтэн болохоор машинд дайсан. Тэгээд Д.Өынд 3 цагийн үед очиход Д.Ө байхгүй байсан. Тэгээд эхнэртэй нь хамт очиж машинаар явуулсан хүүхдийг авч ирсэн. Буцаад ирэхэд Д.Ө гэрийн гадаа адуу туугаад ирсэн байсан. Би банкны өртэй 3 адуу аваад яв гэсэн. Тэгэхээр нь 3 адууг аваад сумын төв орсон. ...Тэр адууны махнаас аваагүй. Миний машин дээр 2 адууны мах байсан. Зүүнхангайн Мөнхөө гэдэг хүн авч явсан. Нэг адууны мах машин дээр байж байгаад хураагдсан. Нэг адууны мах Д.Өын амбаарт байсан” гэх мэдүүлэг гаргасан байна. Тодруулбал гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан тохиролцож, үйлдлээрээ хамтарч гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч мэдүүлээгүй, шүүгдэгч Д.Ө нь шүүгдэгч С.Нийг гэмт хэрэгт санаатай оролцоогүй мэтээр мэдүүлсэн, шүүгдэгч С.Н нь мэдэхгүйгээр гэмт хэрэгт хамтран оролцсон, гэмт хэрэг үйлдэж ашиг олох зорилгогүй байсан мэтээр мэдүүлж байгааг гэм буруугаа сайн дураараа хүлээж, гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байна гэж дүгнэх үндэслэлгүй байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.Өт 2’500’000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол учирсан байна. Шүүгдэгч С.Н, Д.Ө нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн болох нь “...Тэгээд миний хохирол төлж өгнө гээд 2’500’000 төгрөг бэлнээр өгөөд явцгаасан. ...Надад гомдол, санал хүсэлт нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хохирогч Г.Өын мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 107-108 дугаар хуудас/-ээр тогтоогдож байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Лд 2’000’000 /хоёр сая/ төгрөгийн хохирол, 250’000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгийн хор уршиг учирсан байна. Шүүгдэгч С.Н, Д.Ө нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн болох нь хохирогч Ч.Лгийн “...Д.Ө надад болон манай аав Чипа бид хоёр байж байхад 2’250’000 төгрөг бэлнээр барагдуулж ямар нэгэн хохиролгүй болгосон бөгөөд одоо С.Н, Д.Ө нараас надад ямар нэгэн нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 112-113 дугаар хуудас/-ээр тогтоогдож байна.

Иймд шийтгэх тогтоолоор шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хор уршиггүй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч С.Н, Д.Ө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.Н, Д.Ө нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдож байна. Гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал нь 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулахаас өмнө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжид хамаарахгүй байсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй байх үндэслэлд хамаарахгүй.

Шүүгдэгч Д.Өын хувийн байдал тогтоосон гэрч В.Л /1-р хх-ийн 158 дүгээр хуудас/-ийн мэдүүлэг, гэрч Д.М /1-р хх-ийн 163-164 дүгээр хуудас/-ын мэдүүлэг, “2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 04 дугаартай шүүгчийн захирамжаар өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар суллагдсан” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 230 дугаар хуудас/, Завхан аймгийн Сантмаргаз сумын Баяндавс багийн Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн “ИК72021813 регистрийн дугаартай Д овогтой Ө нь хонь 300, ямаа 200, адуу 60, үхэр 20 толгой малтай нь үнэн болно” гэх /2-р хх-ийн 6 дугаар хуудас/,  2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “ИК72021813 регистрийн дугаартай Д овогтой Ө нь тус багт эхнэр хүүхдүүдийн хамт мал маллан амьдардаг” гэх /2-р хх-ийн 7 дугаар хуудас/ тодорхойлолт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Ө нь урьд бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэж, хорих ялаар шийтгүүлж байсан, эхнэр хүүхдийн хамт Завхан аймгийн Сантмаргаз сумын Баяндавс багт мал маллаж амьдардаг болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч С.Н-ийн хувийн байдал тогтоосон гэрч С.Ц /1-р хх-ийн 159-160 дугаар хуудас/-ын мэдүүлэг, гэрч С.Л /1-р хх-ийн 161-162 дугаар хуудас/-ийн мэдүүлэг, “Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 349 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 5 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, нийт 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 17 дугаар хуудас/, Завхан аймгийн Сантмаргаз сумын Баян-Улаан багийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “ит82091915 регистрийн дугаартай Сгийн Н нь ам бүл 3, 2 хүүхдийн хамт амьдардаг. Н нь хөдөө мал малладаг, 2 хүүхэд нь ЕБС-ийн дотуур байранд  байрлаж суралцдаг” гэх /2-р хх-ийн 41 дүгээр хуудас/ тодорхойлолт, Дана ургийн овогт Н-ийн Э, Н-ийн Ц нарын төрсний гэрчилгээний хуулбар /2-р хх-ийн 43-44 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.Н нь урьд бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг, хөрөнгө завших, мал хулгайлах гэмт хэрэг тус тус үйлдэж, хорих ялаар болон нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, хоёр хүүхдийн хамт Завхан аймгийн Сантмаргаз сумын Баян-Улаан багт мал маллаж амьдардаг болох нь тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгч Д.Өт гурван жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч С.Н-д хоёр жил зургаан сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулах санал гаргасан. Шүүгдэгч Д.Ө-ын өмгөөлөгч Д.Бунжаа нь шүүгдэгч Д.Өт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх санал, шүүгдэгч С.Н-ийн өмгөөлөгч Т.Уянга нь шүүгдэгч С.Нид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал тус тус гаргасан байна.

Шүүгдэгч Д.Ө нь урьд бусдын малыг 4 удаагийн үйлдлээр хулгайлж Сум дундын 12 дугаар шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор гурван жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн байна. Шүүгдэгч Д.Ө гэм буруугаа ухамсарлаж ойлгоогүй, урьд энэ төрлийн гэмт хэргийг 4 удаагийн үйлдлээр үйлдэж, ял шийтгүүлж байсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.Н нь урьд бусдын орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 349 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, мөн мал хулгайлах болон хөрөнгө завших гэмт хэрэг үйлдэж Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, нийт 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан байна. Шүүгдэгч С.Н нь гэм буруугаа ойлгож ухамсарлаагүй, урьд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн хэдий ч засарч хүмүүжихгүйгээр дахин гэмт хэрэг үйлдсэн байх тул түүний өмгөөлөгчийн саналыг хүлээн авах үндэслэлгүй юм. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулах үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна” гэж заасныг журамлан шүүгдэгч Д.Ө-ыг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч С.Н-ийг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэг эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цэрэг хар эмээл 1 ширхэг /хуучин/, суран ногт 1 ширхэг /хуучин/, суран хазаар 1 ширхгийг  /хуучин/ устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст, Увс аймаг дахь цагдаагийн газарт хадгалагдаж байгаа хул зүсмийн адууны шир 1 ширхэг, толгой 1 ширхэг, шийр 4 ширхэг, сартай хар зүсмийн адууны шир 1 ширхэг, толгой 1 ширхэг, шийр 4 ширхгийг устгахыг Увс аймаг дахь цагдаагийн газарт тус тус даалгаж, суран бугуйл 1 ширхгийг төсөвт оруулахаар Увс аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Н нь мал хулгайлах гэмт хэрэгт хамтран оролцохдоо шүүгдэгч Д.Өын Даюн загварын мотоциклийг үйлдлээ түргэвчлэх зорилгоор ашигласан, шүүгдэгч Д.Ө нь мөн гэмт хэрэг үйлдэхдээ буюу хохирогч нарын адууг туухдаа өөрийн хонгор зүсмийн нас гүйцсэн морийг ашигласан болох нь тус тус тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Өаас түүний хонгор зүсмийн нас гүйцсэн морь 1 ширхэг, Даюн загварын ногоон өнгийн мотоциклийг хурааж улсын төсөвт оруулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Ө нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Нийн энэ хэрэгт цагдан хоригдсон 14 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шийтгэх тогтоолоор шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 433 кг адууны махыг устгасан болохыг тус тус дурдаж, шүүгдэгч С.Нид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Өт авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан шүүгдэгч Б ургийн овогт Д-гийн Ө, Д ургийн овогт С-гийн Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ө-ыг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч С.Нийг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Ө-т оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч С.Н-д оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Н-ийн энэ хэрэгт цагдан хоригдсон 14 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Шүүгдэгч Д.Ө нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоолоор шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 433 кг адууны махыг устгасан болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэг эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цэрэг хар эмээл 1 ширхэг /хуучин/, суран ногт 1 ширхэг /хуучин/, суран хазаар 1 ширхгийг  /хуучин/ тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж,

-Увс аймаг дахь цагдаагийн газарт хадгалагдаж байгаа хул зүсмийн адууны шир 1 ширхэг, толгой 1 ширхэг, шийр 4 ширхэг, сартай хар зүсмийн адууны шир 1 ширхэг, толгой 1 ширхэг, шийр 4 ширхгийг тус тус устгахыг Увс аймаг дахь цагдаагийн газарт даалгаж,

- Суран бугуйл 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын төсөвт оруулахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Д.Өаас түүний хонгор зүсмийн нас гүйцсэн морь 1 ширхэг, Даюн загварын ногоон өнгийн мотоциклийг тус тус улсын төсөвт оруулсугай.

8. Шүүгдэгч С.Н-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ө-т авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Б.МӨНХЗАЯА