| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шараагийн Эрдэнэцэцэг |
| Хэргийн индекс | 171/2020/0204/э |
| Дугаар | 0205 |
| Огноо | 2020-05-29 |
| Зүйл хэсэг | 11.1.1, 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Л |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 0205
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Э даргалж,
Улсын яллагч Ц.Л
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.О, Р.Б
Шүүгдэгч Д.Д, О.Ц
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.М нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Д, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Ц нарт холбогдох эрүүгийн дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Д.Д
Монгол Улсын иргэн, О.Ц
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Д.Д нь 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр иргэн О.Ц-той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан, шүүгдэгч О.Ц нь 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр иргэн Д.Д-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүгдэгч О.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй, гэм буруу дээрээ маргахгүй гэв.
Хохирогч Д.Д шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг,
Хохирогч О.Ц шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг,
Хохирогч Д.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “......Ц надад хандаж танай охин 3 сартай жирэмсэн, хүүхэд нь томорчихлоо, одоо хүүхдийн хэрэг байхгүй, хүүхдээ томрохоос өмнө авахуулсангүй гэж хэлсэн. Энэ асуудлаас болж Ц-той маргалдахад намайг орон дээр түлхэж унагааж үснээс зулгаасан, гэдэс дээр гарч суугаад нүүрэн тус газарт гараараа олон удаа цохисон. Ц миний гэдэс дээр гарч суучихаад босохгүй Д-гаар архи авахуулаад уусан. Тэгээд дээшээ босоод гэрийн унь хэсгээс бариад миний цээж хэсэг рүү 3 удаа хөлөөрөө дэвссэн 3 дахь удаагийн дэвсэлтээр миний бэлэг эрхтэнийг цохисон. Мөн миний өмсөж байсан ягаан өнгийн хагас ханцуйтай фудволкийг урчихсан...Тухайн үед миний хамраас маш их хэмжээний цус гарсан, хавдсан, цээж хэсэг, баруун хөх хэсэг хөхөрсөн, бэлэг эрхтний дээд хэсэг, эрүүний доод хэсгээр хөхөрсөн, хавдсан байсан. Хамарлуугаа цохиулснаас болж зүүн талын нүд хөхөрч хавдсан. Сүүлд эмчид үзүүлэхэд хамар яс хугарчихсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг / хх 19-20 хуудас/
Хохирогч О.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Д намайг сууж байхад түлхэхээр нь би хойшоо орон дээр унасан. Эргэж босч ирээд Д-г нэг удаа алгадсан. Тэгээд Д бид хоёр зууралдаж хоорондоо зодолдож нэг, нэгийнхээ нүдийг хөхөртөл цохисон байсан. Д миний дээр суугаад үснээс зулгаагаад бөмбөг тоглож байгаа юм шиг газарт хавсарч 4 удаа цохисон. Тэр үед толгой маань их өвдөөд манарсан, Д миний дээрээс босоод хүү М-ийн төрсөн эцгийн нэрийг хэл, хаана байгаа юм бэ? гэж хашиграад цээж хэсэг рүү хөлөөрөө 2-3 удаа дэвссэн. Яг тэр үед миний төрсөн дүү А ирээд Д-г надаас салгаж намайг гэрт оруулсан...тэр орой эмнэлэгт үзүүлэхэд хавирга зөрүүгүй хугарчихсан байна, хэвтрийн дэглэм барь гэж хэлсэн. 2020 оны 02 сарын 08, 09-ний өдрүүдэд толгой маань маш их өвдөөд байсан. 2020 оны 02 сарын 10-ны өдөр толгойн зургаа авхуулахад дагз яс хугарчихсан байна гэж хэлээд БОЭТ-ийн гэмтлийн тасагт 8 хоног хэвтэж эмчлүүлсэн. Намайг Д-с өөр хүн цохиж зодоогүй, би ч гэсэн Д-тэй зодолдож нүдийг нь хөхрүүлсэн. Д бид хоёрыг зодолдож байхад хажууд Д байсан, өөр хүн байгаагүй, харин Д миний цээж хэсэг рүү дэвсэж байхад гаднаас А орж ирээд салгасан. Би дээшээ хараад хэвтэж байхад Д миний дээр гарч суугаад үснээс зулгааж толгойн ар дагз хэсгээр газар бөмбөг залж байгаа мэт цохисон... 2020 оны 02 сарын 06-ны өдөр Д-тэй маргалдаж зодолдсон. Би өмнөх мэдүүлэг дээрээ 2020 оны 02 сарын 07-ны өдөр гээд буруу хэлчихсэн байна. Рентген зураганд гэрэлд харуулсан эмчийн бичиг 2020 оны 02 сарын 06-ны өдөр 18 цаг 51 минут гээд бичсэн байна. Би эмчийн бичсэн тэмдэглэл болон тухайн үед өөрийнхөө биед учирсан гэмтлийг харуулсан зураг томографикийн зураг зэргийг цагдаагийн байгууллагад гаргаж өгнө...” гэх мэдүүлэг/хх 15-16, 17 хуудас/
Гэрч Л.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр худ Ц, түүний худ Д нар манай гэрт ирээд бид 3 хамт бууз хийж идчихээд 2 шил архи уугаад хоносон. Маргааш нь буюу 2020 оны 02 сарын 07-ны өдөр бид 3 дахиад 2 шил архи ууж байхад Д, Ц хоёр манай хүүхэд, танай хүүхэд гээд хоорондоо ярьж байгаад маргалдаад зодолдсон. Эхлээд Д-гийн хамраас цус гарчихсан байсан. Би салгах гэсэн боловч айгаад ойртож чадахгүй, хашгираад байсан. Тухайн үед нэлээн архи уучихсан байсан болохоор ухаан маань орж гараад байсан. Ямар ч байсан гаднаас Ц-ын төрсөн дүү А ирээд тэр хоёрыг салгаад Ц-ыг аваад гарсан. Тэрнээс хойш манай хүүхдүүд бас ирсэн. Тэр орой би тасраад унтчихсан. Маргааш сэрэхэд Ц ухаан алдаад эмнэлэгт очсон гэж ярьж байсан....” гэх мэдүүлэг /хх 23 хуудас/
Гэрч О.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр гэртээ байж байхад миний утас руу 10 цагийн үед Ц эгчийн худ Д залгаад өчигдөр бид нар хамт бууз хийж идээд хонолоо, өнөөдөр хамт сууна, Д-гийн гэрт хүрээд ир гэж хэлсэн. Би гэрээсээ гараад Д эгчийн гэрт 12 цаг өнгөрч байхад очиход Ц, Д эгч нар хоорондоо зодолдсон байдалтай, Д, Ц хоёрын нүүр, ам нь цус болчихсон, Д эгч нэлээн согтуу ширээний хажууд сууж байсан. Д, Ц-ын дээр гарчихсан, хүүгийн чинь эцэг хэн юм бэ? гээд үснээс нь зулгаагаад толгойн ар тал хэсгээр нь газар мөргүүлээд байсан. Би Д эгчийг холдуулаад Ц эгчийг аваад М-гийн байшинд оруулсан...” гэх мэдүүлэг /хх 24-25 хуудас/
Гэрч Б.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...14-15 цагийн хооронд манай нөхөр М миний утас руу залгаад хоёр ээж архи уугаад хоорондоо зодолдсон байна, чи очоорой гэж хэлсэн. Тэгээд би ганцаараа таксинд суугаад хадам дүү М-ийн гэрт очиход ээж маань дээгүүрээ нүцгэн, хувцсыг нь урчихсан, нүүр хэсгээр нь цус болчихсон, хамар нь хавдчихсан, үс нь сэгсийсэн байдалтай байсан. Хадам ээж охиныхоо гэрт орчихсон байсан. Би ээжийнхээ нүүрний зургийг утсаараа дараад ээжийг дагуулаад сууж ирсэн таксинд суулгачхаад хадам ээжийг харах гээд хүргэнийх нь гэр лүү ороход хадам ээж хашиграад, яагаад цагдаа дууддаг юм бэ, тэгвэл одоо очоод алаад өгнө гээд байсан...” гэх мэдүүлэг /хх 29-30 хуудас/
Гэрч Б.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...хүрээд ирээч энэ хэд хоорондоо зодолдчихсон байна, ээж рүү чинь дайраад байна гэж хэлсэн. ..гэртээ ирэхэд Д гэдэг хүн хадам ээж Д-гийн гэрт байсан ба хувцас нь урагдчихсан, хамраас нь цус гараад хатчихсан байсан, би өөрийнхөө гэрт ороход ээж Ц-ын уруул цус болчихсон байсан...” гэх мэдүүлэг /хх 31 хуудас/
Шинжээч эмчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Дээрх гэмтлийг авсан хүн идэвхтэй хөдөлгөөн хийж чадна. Жишээлбэл ярих, явах, босож суух зэрэг хөдөлгөөнийг хийж чадна. Дагзны ясны хугарал нь толгойн дагз хэсгээр хязгаарлагдмал бус гадаргуутай хөдөлгөөнгүй зүйлд цохих, мөргөх зэрэг хүчтэй хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Толгойн дагзаар юм мөргүүлэх үед үүссэн байж болно” гэх мэдүүлэг /хх 33-34 хуудас/
2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 197 дугаартай шинжээчийн “...О.Ц биед дагз ясны хугарал, цээжний зүүн талын 10-р хавирга, баруун талын 5-р хавиргануудын зөрөөгүй хугарал, тархины эдийн няцрал, нүүр хоёр гарын бугалга, шуу, цээж, хоёр хөлийн шилбэнд цус хуралт үүсчээ. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгджээ. Дагз ясны хугарал нь амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана. Цээжний зүүн талын 10-р хавирга, баруун талын 5-р хавиргануудын зөрөөгүй хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Бусад гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. 2020 оны 02 сарын 06-ны өдөр үүссэн байхыг үгүйсгэхгүй. Дагзны ясны хугарал нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. Бусад гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх 36-37 хуудас/
2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 309 дугаартай шинжээчийн “...Д.Д-гийн биед хамрын ясны хугарал, таславчийн муруйлт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгджээ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. 2020 оны 02 сарын 06-ны өдөр үүссэн байж болно...” гэх дүгнэлт /хх 41-42 хуудас/
Шүүгдэгч Д.Д-гийн яллагдагчаар өгсөн: “...Би яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан. Би дээрх үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Би Ц-ыг түлхэж газар унагаагаад цохисон, хэрхэн яаж цохисон талаар сайн санахгүй байна. Тухайн үед нэлээн согтуу байсан...” гэх мэдүүлэг /хх 53-54 хуудас/
Шүүгдэгч О.Ц-ын яллагдагчаар өгсөн: “...Би яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Би дээрх үйлдлийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх 62 хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 4-5 хуудас/
Бичиг баримтанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл БОЭТ-ийн яаралтай тусламжийн хэсгээр үйлчлүүлэгчийн бүртгэл /хх-ийн 6-9-р хуудас/
Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-11 хуудас/
Эд мөрийн баримтаар тооцсон тухай тогтоол /хх 12, 13-р хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх 64, 87 хуудас/
Д.Д, О.Ц нарыг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 51-52, 54-56, 59-60, 61-62 хуудас/ зэрэг болно.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Д.Д нь иргэн О.Ц-той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан, шүүгдэгч О.Ц нь иргэн Д.Д-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тус тус тооцох, шүүгдэгч Д.Д-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хорих ял оногдуулах, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч О.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна. Бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан Д.Д-гийн гар цүнх, ягаан өнгийн фодволкийг устгах, комьпютер томографийн 3 ширхэг зургийн О.Ц буцаан олгох саналтай. Хэрэг прокурорт 14 хоног хянагдсан. Энэ хугацаанд хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлэх эрх нь байсан боловч гаргаагүй. Шинжээчийн дүгнэлтэд дагзны ясны хугарал нь толгойн дагз хэсгээр хязгаарлагдмал бус гадаргуутай хөдөлгөөнгүй зүйлд цохих, мөргөх зэрэг хүчтэй, хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Толгойн дагзаар юм мөргүүлэх үед үүссэн байж болно гэжээ. Мөн Медипас эмнэлгийн дүгнэлт байгаа учир прокурорт буцаах шаардлагагүй. Шүүгдэгч О.Ц-ын өмгөөлөгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар ялаас чөлөөлөлж өгнө үү гэж байна. Шүүгдэгч О.Ц нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлд согтуурсан буюу мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй гэж заасан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж ялаас чөлөөлөх үндэслэлгүй байна гэв.
Шүүгдэгч Д.Д-гийн өмгөөлөгч Д.О шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Д.Д-гийн О.Ц-т хүнд хохирол учруулсан үйлдэл нь эргэлзээтэй гэж үзэж шүүхэд хүсэлт гаргаж дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулахаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг зарлуулж хийлгэсэн. Миний эргэлзэж буй үндэслэл нь шинжээчийн дүгнэлт, медипас эмнэлгийн томографикийн дүгнэлт, шинжээчийн хувийн байдал зэрэгт эргэлзэж байна. Мөн хэргийн газрын үзлэг хийгээгүй. Учир нь Ц-г тийрч унагаасан гэх газар нь шүүгдэгч нарын мэдүүлснээр газар дээр ширдэг дэвссэн гэдэг. Энэ нь савж унахад учирах уу? гэдийг тогтоохын тулд хэргийг прокурорт буцаагаач. Хэрэв прокурорт буцаах шаардлагагүй гэж үзвэл шүүгдэгчийн тогтмол орлоготой байдлаг харгалзан 10.000.000 төгрөгөөр торгох ялыг хэрэглэнэ үү гэв.
Шүүгдэгч О.Ц өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Прокурорт буцаах эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм. Шүүгдэгч О.Ц-т 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар ялаас чөлөөлж өгнө үү гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогчоос мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч Д.Д нь 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр иргэн О.Ц-той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан, шүүгдэгч О.Ц нь иргэн Д.Д-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн “гэм буруугаа хүлээж байна” гэсэн мэдүүлгүүд, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Д.Д, О.Ц нарын өгсөн “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн” гэх мэдүүлэг, хохирогч Д.Д биед хамрын ясны хугарал, таславчийн муруйлт бүхий гэмтэл хөнгөн гэмтэл учирсаныг тогтоосон 309 дугаартай, хохирогч О.Ц биед дагз ясны хугарал, цээжний зүүн талын 10-р хавирга, баруун талын 5-р хавиргануудын зөрөөгүй хугарал, тархины эдийн няцрал, нүүр хоёр гарын бугалга, шуу, цээж, хоёр хөлийн шилбэнд цус хуралт үүсчээ. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгджээ. Дагз ясны хугарал нь амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана. Цээжний зүүн талын 10-р хавирга, баруун талын 5-р хавиргануудын зөрөөгүй хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Бусад гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана гэх шинжээчийн 197 дугаартай дүгнэлтүүд, гэрч Л.Д, О.А, Б.М нарын мэдүүлгүүд, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд шүүгдэгч Д.Д үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах, шүүгдэгч О.Ц үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.
Орхон аймгийн прокуророос шүүгдэгч Д.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч О.Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул шүүгдэгч Д.Д хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч О.Ц хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Хохирогч Д.Д, О.Ц нар шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна гэж үзэв.
Шүүгдэгч Д.Д, О.Ц нар нь бусдад төлөх хохирол төлбөргүй, хохирогч О.Ц зүй бус үйлдлээс энэ гэмт хэрэг гарах болсон, шүүгдэгч Д.Д хувийн орон сууц, гэр бүлийн хэрэгцээний газартай, өндөр насны тэтгэвэр авдаг зэргийг харгалзан торгох ялыг шүүх сонгон хэрэглэсэн болно.
Шүүгдэгч О.Ц өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгч О.Ц-т 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, ялаас чөлөөлж өгнө үү гэж байх боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “согтуурсан мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэжээ. Иймд О.Ц-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Д.Д хар өнгийн эмэгтэй гар цүнх 1 ширхэг, ягаан өнгийн хагас ханцуйтай урагдсан фудволк 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, О.Ц томографикийн 3 ширхэг зургийг буцаан олгож, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, болохыг тус тус дурьдах нь зүйтэй.