Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 0203

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Э даралж,

Улсын яллагч Ц.Л

Хохирогч Д.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.С

Шүүгдэгч Ч.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.М нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Б-т холбогдох эрүүгийн  дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:  Монгол Улсын иргэн, Ч.Б

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Ч.Б нь 2020 оны 03 дугаар сарын 29-ний өдөр “Жүрж” хүнсний дэлгүүрийн ойролцоо иргэн Д.Б-г архи авч өг гэх шалтгаанаар хэвлий тус газар нь өшиглөж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                  ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ч.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би хохирогчид хүнд гэмтэл учруулсандаа маш их гэмшиж байна. Тэр үед би согтуу халамцуу байсан учир ийм муухай хэрэг хийлээ. Хохирогчоос уучлалт гуйж байна. Миний буруу, би одоо хамгаалалтын албанд ажиллаж байна. 3 дахь жилдээ ажиллаж байгаа, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэв.

Хохирогч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2020 оны 03 сарын 29-ний өдөр 10-11 цагийн хооронд дүүдээ мөнгө шилжүүлэх гээд “Жүрж” дэлгүүрийн гадаа явж байгаад хүргэн ах Б-тэй таарсан. Эхлээд Б ахыг би түлхээд унагаачихсан юм. Босч ирээд миний хэвлий рүү өшиглөсөн. Миний эмчилгээний зардалд нийт 2 сая гаруй төгрөг төлсөн. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, миний бие ямар ч өвчин зовиургүй, эдгэрсэн гэсэн мэдүүлэг,

Хохирогч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 10-11 цагийн хооронд дүүдээ мөнгө шилжүүлэх гээд ганцаараа “Жүрж” дэлгүүрийн гадаа явж байгаад хүргэн ах Б-той таарсан. Б ах надад хандаж нэг шил архи аваад өг гэхээр нь би үгүй гэж хэлсэн. Сүүлдээ бид хоёр маргалдсан. Б ах намайг татаж газар унагааж дээрээс гэдэс хэсэг рүү 2-3 удаа өшиглөөд явчихсан...Би ээжийн хамт эмнэлэг дээр ирж үзүүлэхэд хэвлийд шингэн хурсан, хагалгаанд орох шаардлагатай гэсэн. Тухайн үед Б бид хоёроос өөр хүн байгаагүй...Биеийн байдал сайжирч байна, нарийн гэдэс цоорсон гэсэн...Надад нэхэмжлэх зүйл байхгүй, намайг эмнэлэгт хэвтэж байх хооронд гарсан бүх эмчилгээний зардал мөнгийг Б ах төлж барагдуулсан. Ойролцоогоор 2 сая орчим төгрөг болсон. Цаашид би Б ахаас нэг ч төгрөг нэхэмжлэхгүй” гэх мэдүүлэг /хх 7-8, 9 хуудас/

       Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 4-5  хуудас/

       Гэрч Г.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Миний хүү Б нь өөрийн дүүд 50.000 төгрөг шилжүүлэх гээд гэрийнхээ ойролцоо байдаг Жүрж” нэртэй дэлгүүр лүү явж орсон гэсэн. Тэр үед дэлгүүр дотор хүргэн ах Б нь архи уусан бололтой дүү Б-ийг дэлгүүрээс архи авч өг гэхээр нь хүү Б архи авч өгөөгүйн улмаас хүргэн ах Б-т зодуулсан гэж миний хүү надад хэлсэн...Б-ийн биеийг ЭХО-гоор харсан чинь дотор нь шингэнтэй байна гэж хэлсэн. Тэгээд ямар ч байсан хагалгаанд орж үзээд хаана ямар газартаа бэртэл гэмтэл авсан болохыг тогтооно гэж эмч нар надад хэлсэн.. ” гэх мэдүүлэг /хх 10-11 хуудас/

         Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Өглөө 09 цаг 50 минутын үед миний утас руу ээж залгаж яриад танай нөхөр Б дүү Б нар хоорондоо зодолдсон байна. Б гэртээ ирсэн үү гэж надтай утсаар ярьсан. Тэгээд байж байтал Б гаднаас гэрт орж ирсэн. Б-оос чи яагаад зодоон хийгээд байгаа юм бэ? гэхэд Б намайг өөрөө өдөөд ямар архи уух уу гэж дургүй хүргээд байхаар нь би 2-3 удаа цохисон гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх 12-13 хуудас/

          Шинжээч эмч “...Дээрх гэмтэл нь хэвлий рүү хүчтэй хүчээр нэг ба түүнээс олон удаагийн цохих үед үүссэн байх боломжтой ба өшиглөх, дэвсэх үед үүссэн байж болно...” гэх мэдүүлэг /хх 17-18 хуудас/

Шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 325 дугаартай “...Д.Б-н биед хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний урагдал, нарийн гэдэсний чацархайн няцрал, хэвлийн хөндийд шингэн хуралдалт хэвлийн хөндийг нээж шалгаж цэвэрлэх хагалгааны дараах байдал, нүүрэнд зулгаралт үүсчээ. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний урагдал, нарийн гэдэсний чацархайн няцрал хэвлийн хөндийд шингэн хуралдалт, хэвлийн хөндийг нээж шалгаж цэвэрлэх хагалгааны дараах байдал нь амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн  зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана...” гэх дүгнэлт /хх 20-22 хуудас/

          Шүүгдэгч Ч.Б яллагдагчаар өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 29-ний өдөр найзын хамт архи ууж байгаад салаад гэртээ харих гээд ганцаараа Булаг багт байрлах “Жүрж” дэлгүүрийн харалдаа явж байгаад хадам дүүтэй таарсан. Б надад хандаж манай гэрт очоод архи уух юм уу, эсхүл эндээс аваад өгөх юм уу гэхээр нь би уурлаад Б-д хандаж чи яагаад томроод байгаа юм бэ? гэж хэлэхэд Б намайг газар унагаасан. Би газраас босоод Б-ийн гэдэс рүү 1 удаа өшиглөсөн. Тэгээд би Б-оос салаад гэртээ харьсан...” гэх мэдүүлэг /хх 29-30 хуудас/

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх 32 хуудас/

-Ч.Б-ыг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 28, 29-30 хуудас/ зэрэг болно.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Ч.Б нь 2020 оны 03 дугаар сарын 29-ний өдөр “Жүрж” хүнсний дэлгүүрийн ойролцоо иргэн Д.Б-г архи авч өг гэх шалтгаанаар хэвлий тус газар нь өшиглөж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар гэм буруутайд тооцуулах, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлыг харгаллзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хорих ял оногдуулах, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна. Бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хохирогч эдгээд ажилдаа орсон. Одоо надад ямар нэг зовиур шаналгаа алга. Хохирогч миний хүргэн ах эмчилгээнд 2 сая гаруй төгрөг төлсөн, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй хөнгөн ял өгнө үү гэж байна. Иймд хор уршиг арилсан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн, эрхэлсэн ажилтай тогтмол цалинтай зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг хэрэглэнэ үү гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогчоос мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

        Шүүгдэгч Ч.Б нь 2020 оны 03 дугаар сарын 29-ний өдөр “Жүрж” хүнсний дэлгүүрийн ойролцоо иргэн Д.Б-ийг архи авч өг гэх шалтгаанаар хэвлий тус газар нь өшиглөж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “Би хохирогчид хүнд гэмтэл учруулсандаа маш их гэмшиж байна. Миний буруу” гэсэн мэдүүлэг, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогчийн өгсөн “2020 оны 03 сарын 29-ний өдөр 10-11 цагийн хооронд дүүдээ мөнгө шилжүүлэх гээд “Жүрж” дэлгүүрийн гадаа явж байгаад хүргэн ахтай таарсан. Эхлээд Б ахыг би түлхээд унагаачихсан юм. Босч ирээд миний хэвлий рүү өшиглөсөн. Миний эмчилгээний зардалд нийт 2 сая гаруй төгрөг төлсөн. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй ” гэх мэдүүлэг, хохирогчийн биед хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний урагдал, нарийн гэдэсний чацархайн няцрал, хэвлийн хөндийд шингэн хуралдалт хэвлийн хөндийг нээж шалгаж цэвэрлэх хагалгааны дараах байдал, нүүрэнд зулгаралт үүсчээ. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний урагдал, нарийн гэдэсний чацархайн няцрал хэвлийн хөндийд шингэн хуралдалт, хэвлийн хөндийг нээж шалгаж цэвэрлэх хагалгааны дараах байдал нь амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн  зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана гэх шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

            Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.

 

            Орхон аймгийн прокуророос шүүгдэгч Ч.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

            Хохирогч шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ одоо гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, миний бие ямар ч өвчин зовлонгүй, эдгэрсэн гэж байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна гэж үзэв.

            Шүүгдэгч Ч.Б нь  анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн, хохирогчид учирсан хор уршиг арилсан, эрхэлсэн ажилтай, тогтмол цалинтай зэргийг харгалзан торгох ялыг шүүх сонгон хэрэглэсэн болно.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, болохыг  тус тус дурьдах нь зүйтэй.