Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 0209

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Э даргалж

Улсын яллагч Ц.Л

Хохирогч Ч.Х

Шүүгдэгч Ц.У

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.М нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.У-т холбогдох эрүүгийн  дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Ц.У

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Ц.У нь 2020 оны 03 дугаар сарын 05-ны орой иргэн Ч.Х-тай маргалдан улмаар модоор цохиж зүүн гарын шууны ясыг хугалж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

                                            ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Ц.У шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Би Х-гийн гар руу банзаар нэг л удаа цохисон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

-Хохирогч Ч.Х-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би 2020 оны 03 сарын 05-ны өдөр манай найз Т ирээд нэг найз маань Г гэх айлд ирчихсэн байна. Хамт явъя гэхээр нь Т-тай хамт Г гэх айлд очсон. Би хог шүүрдэж байгаад У ахыг та холдооч би хог шүүрдэж байна гэсэн чинь У ах согтуу намайг гичий нохойгоор дуудаад намайг тойруулаад шүүрд гээд байсан.Тэгэхээр нь би та юу гээд хуцаад солиороод байгаан айлд орж ирж гэрийг нь завааруулаад гэсэн чинь чамд ямар хамаатай юм гээд зуухны хажууд байсан банзыг аваад над руу цохихоор нь би зүүн гараараа хаасан чинь У ах миний зүүн гар луу 2 удаа цохисон. Одоо эмчилгээний зардал 200.000 төгрөг нэхэмжилнэ. Өмнө нь У надад 20.000 төгрөг өгсөн. Гомдолгүй гэв.

-Хохирогч Ч.Х-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр гэртээ байж байтал манай найз Т гэх эмэгтэй манайд ирээд нэг найз маань Г гэх айлд ирчихсэн байна хамт явъя гэхээр нь би Т-тай хамт Г гэх айлд очсон.Тухайн үед Г, Т, У, Э гэх залуу зэрэг хүмүүс архи уучихсан сууж байсан. Тухайн үед Э гэх залуу дэлгүүр рүү архинд явсан ба энэ хооронд намайг Г ах, ахын дүү гэр цэвэрлээд өгөөч гэхээр нь би шүүр бариад гэрийг нь цэвэрлэж байтал У гэх ах Г-ийн гэрийн баруун талын баганыг нь налчихсан сууж байсан. Би хог шүүрдэж байгаад У ахыг та холдооч би хог шүүрдэж байна гэсэн чинь У ах согтуу намайг гичий нохойгоор дуудаад намайг тойруулаад шүүрд гээд байсан.Тэгэхээр нь би та юу гээд хуцаад солиороод байгаан айлд орж ирж гэрийг нь завааруулаад гэсэн чинь чамд ямар хамаатай юм гээд зуухны хажууд байсан банзыг аваад над руу цохихоор нь би зүүн гараараа хаасан чинь У ах миний зүүн гар луу 2 удаа цохисон. Энэ үед гаднаас Э гэх залуу орж ирээд У ахын гарт байсан банзыг аваад гаргаж шидээд У ахыг түлхэж надаас холдуулсан” гэх мэдүүлэг /хх 9-10 хуудас/

        - Гэрч Ц.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Энэ талаар мэдэх зүйл байхгүй. Надад У өөрөө хүн цохиж гарыг нь хугалсан гэж хэлсэн тэрнээс би хараагүй ” гэх мэдүүлэг /хх 12 хуудас/

       - Гэрч Ш.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр би гэртээ дүү Г-ийн хамт байсан. Орой 21 цаг өнгөрч байхад Э, Г бид нар манай гэрт нэг шил архи уугаад сууж байтал араас Т нэг зүс таних эмэгтэй хоёр орж ирсэн. Хэн дуудсан талаар мэдэхгүй байна. Би нэлээн согтсон байсан. Гарч бие засаад орж ирэхэд Х, У-тай маргалдаад У миний орон доор байдаг хөндлөн модоор Х-гийн гар руу цохисон гэтэл Х ёо ёо гар хугалчихлаа гээд байсан, зодоон болсон зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх 13 хуудас/

 -Орхон аймгийн ШША-ны шинжээч эмчийн гаргасан 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн №272 дугаартай “...Ч.Х биед зүүн гарын шууны ясны далд, зөрөөгүй хугарал, зүүн гарын шуунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт үүсчээ. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн, нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Зүүн гарын шууны ясны далд зөрөөгүй хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Зүүн гарын шуунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Шинэ гэмтлүүд байна...” гэх дүгнэлт /хх 15-16 хуудас/

-Шүүгдэгч Ц.У-ын гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн “...Би 2020 онь 03 дугаар сарын 05-ны өдөр хөдөөнөөс ирсэн найз А-д очиж монгол архинаас 250 грамм орчмыг уучихаад 21 цаг өнгөрч байхад гэрлүүгээ явж байтал миний танил Г ах над руу залгаад манайд хүрээд ирээч гэхээр нь би тэднийд яваад очтол Г, Г, Э бас нэг танихгүй нэг залуу дөрөвүүлээ архи уучихсан сууж байсан. Гэтэл миний араас 2 согтуу эмэгтэй орж ирээд нэг нь зүүн талын орон дээр суусан. Хохирогч эмэгтэй баруун талын орон дээр суусан ба намайг хэл үгээр доромжлоод над руу салаавч өгөөд байхаар нь би айлд орж гарахаа чамаар заалгах юм уу гээд маргалдсан.Тэгээд миний уур хүрээд байхаар нь Г ахын гэрийн баруун талын орны доод талд байсан банзаар хохирогч эмэгтэйгийн зүүн талын гарны шуу хэсэг рүү нь 1 удаа цохисон, гэтэл хохирогч эмэгтэй ёо ёо миний гар хугарчихлаа гээд цагдаа дуудсан ба удалгүй цагдаа нар ирээд намайг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх 11, 23-24 хуудас/

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх 29 хуудас/

-Ц.У-ыг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 22-23, 24-25 хуудас/ зэрэг болно.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Ц.У нь иргэн Ч.Х-тай маргалдан улмаар модоор цохиж зүүн гарын шууны ясыг хугалж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар гэм буруутайд тооцуулж, 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, хохирлын баримт ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.У нь иргэн Ч.Х-тай маргалдан улмаар модоор цохиж зүүн гарын шууны ясыг хугалж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна” гэсэн мэдүүлэг, хохирогч Ч.Х-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...зуухны хажууд байсан банзыг аваад над руу цохихоор нь би зүүн гараараа хаасан чинь У ах миний зүүн гар луу 2 удаа цохисон” гэсэн мэдүүлэг, хохирогчийн биед зүүн гарын шууны ясны далд, зөрөөгүй хугарал, зүүн гарын шуунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт үүссэнийг тогтоосон 272 дугаартай шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

            Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.

            Орхон аймгийн прокуророос шүүгдэгч Ц.У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

            Хохирогч Ч.Х шүүх хуралдаанд эмчилгээний зардал 200.000 төгрөг нэхэмжилнэ гэж мэдүүлж байх боловч энэ талаар нотлох баримтаа ирүүлээгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээлээ. Харин энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

            Шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажилагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг  тус тус дурьдах нь зүйтэй.