| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 186/2020/0442/Э |
| Дугаар | 462 |
| Огноо | 2020-06-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Ууганбаатар |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 462
2020 06 11 2020/ШЦТ/462
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч П.Ариунболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтөр,
улсын яллагч Г.Ууганбаатар,
шүүгдэгч Ц.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баянхайрхан овогт Цогбадрахын Дд холбогдох эрүүгийн 2011 00000 0537 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1999 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Перфектмотор шинэчлэл” ХХК-д туслах засварчин ажилтай, ам бүл 4, эх, эгч, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 19-1017в тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, Баянхайрхан овогт Цогбадрахын Д /РД:_______/,
Шүүгдэгч Ц.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Д нь 2020 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт В.Батнасантай маргалдан толгойгоороо хамран тус газар нь мөргөж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
Шүүгдэгч Ц.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв
Шүүгдэгч Ц.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Би ээж, эгч хоёртойгоо амьдардаг юм. Манай нагац эгч Энхриймаа сэтгэл мэдрэлийн өвчтэй хавар болоод ойрд гадуур архи уугаад яваад байгаа юм. Намайг 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр орой 22 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мини маркет” дэлгүүрийн гадаа ахын машины хажууд тамхи татаад зогсож байтал эгч Энхриймаа нэг залуутай согтуу цаанаас гараад ирэхээр нь би шууд эгчийгээ нэг алгадаад гэрлүүгээ яв гээд нөгөө залууг цаашаа явахаар нь араас нь очоод шууд нүүр лүү нь гараараа нэг цохиод зууралдаж байгаад би толгойгоороо тэр залуугийн хамар луу нь нэг мөргөсөн. Тэгээд тэр залуугийн хамарнаас нь цус гарахаар нь би яваад өгсөн...” гэх /хх-ийн 35-36х/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 4х/,
Хохирогч В.Батнасан мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлэхдээ: “...Би өнөөдөр буюу 2020 оны 5 дугаар сарын 5-ны өдөр 22 цагийн үед ажлаа тараад гэр рүүгээ ганцаараа явж байтал Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах дэлгүүрийн үүдэнд үл таних залуу миний энгэрээс заамдаад авсан. Тэгэхээр нь яаж байнаа гэтэл миний нүүр рүү толгойгоороо мөргөөд 55-60 гэсэн хар өнгийн приус машинд суугаад зугтаагаад яваад өгсөн” гэх /хх-ийн 16х/,
Хохирогч В.Батнасан мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор мэдүүлэхдээ: “...Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Минимаркет дэлгүүрийн үүдэнд үл таних залуу миний энгэрээс заамдаад авсан. Тэгээд яаж байна гэтэл миний нүүр рүү толгойгоороо мөргөөд машинд суугаад яваад өгсөн. Нийт зардал 500,000 төгрөг болсон энэ мөнгөө гаргуулж авмаар байна” гэх /хх-ийн 13х/,
Хохирогч В.Батнасан мөрдөн шалгах ажиллагаанд дахин мэдүүлэхдээ: “Одоо надад гомдол санал байхгүй” гэх /хх-ийн 15х/,
Гэрч Э.Тэмүүжин мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Д надад “хүнтэй муудалцаад хамрыг нь гэмтээчихсэн чи ирээд надтай уулзсан гэдгээ хэлээд өгөөч” гэхээр нь би мэдсэн. Надаас салж яваад хүнтэй муудалцсан юм шиг байна лээ” гэх /хх-ийн 21х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн №5500 тоот дүгнэлтэд:
В.Батнасангийн биед баруун нүдний дээд, доод зовхи, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо.
Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 болон 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалданд нөлөөлөхгүй гэх /хх-ийн 23х/,
Шүүгдэгч Ц.Дгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 32х/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31х/,
Шүүгдэгч Ц.Д хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт /хх-ийн 48х/,
Хохирогч В.Батнасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт /хх-ийн 47х/,
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 52х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчилгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлагыг зөрчөөгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх бүрэлдэхүүн үнэллээ.
Иймд шүүгдэгч Ц.Дг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ц.Дг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгийн торгуулийн ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Баянхайрхан овогт Цогбадрахын Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Дг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 / дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.АРИУНБОЛД