Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 2020/ШЦТ/01

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.М

Улсын яллагч Л.Энхтайван  

Шүүгдэгч Д.З, Б.С нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.З, Б.С нарт холбогдох эрүүгийн 1925006620416 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт.

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар.

 

 

1. Шүүгдэгч Д.З нь 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Толгодын 21 дүгээр гудамжинд Б.С-тай маргалдан өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

2. Шүүгдэгч Б.С нь 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Яргуйт багийн Толгодын 21 дүгээр гудамжинд Д.З-гийн жолоодож явсан 94-19 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд салхины шилийг чулуугаар цохин хагалж 400 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                              

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.З-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.С-ыг бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.З мэдүүлэхдээ “Би маргаж байна. 2019 оны 09-р сарын 16-ны өдөр намайг машинтайгаа явж байхад 3 согтуу хүн явж байсан. Би хажуугаар нь зөөлхөн гараад явахад захад нь явж байсан залуу машин руу өшиглөөд, цохьсон. Би шууд машинаасаа буусан чинь хажуу талын нүх рүү хий гишгээд унасан. Гүйж ирээд намайг заамдаж дарсан. Хамт явсан залуу нь “болиочоо та хоёр зүгээр явсан хүнийг яаж байгаа юм бэ?” гэж уйлж хэлээд байсан. Эхнэр нь хүртэл над руу дайрсан. Анхбаяр бас худлаа мэдүүлэг өгсөн. Над руу хамт дайрсан эхнэр нь одоо хэргээс мултарчихсан гэрч болчихсон явж байна. Тэгээд босч ирээд байж байтал над руу чулуу шидсэн. Би бултсан, дахиж чулуу газраас аваад шидэхээр нь дахиж бултсан. Тэгээд би өвдөг рүү нь өшиглөчихөөд зугтаасан. Мэдүүлэгтээ чулуу шидээгүй гэж хэлсэн байгаа юм. Би тэгээд зугтаж замын цаана очиж хүний гар утсаар ярьсан. Над руу шидсэн чулуу айлын хашааг оноход чанга дугарсан. Тэр айлын эзэн, эхнэр хоёр нь харсан бас сонссон. Над руу агсан тавиад байсан. Чамайг ална гэж орилоод байсан. Цагдаагийн машин ирсэн чинь гэнэт томоотой болоод цагдаагийн машинд шууд гүйж очоод суусан. Яагаад ийм томоотой гүйж очоод суудаг юм бол гэж бодсон чинь цагдаа нарт худлаа хэлж эхэлсэн байсан. 5 хоногийн дараа шүүх эмнэлэгт үзүүлэхэд хөнгөн гэмтэл гарч ирээгүй. Уруул минь сэтэрч цус гарсан байсан. Б.С намайг шууд ална гэж дайраад байсан. 3-4 удаа шоронгоор явчихсан хүн цагдаагийн ажилтанд яаж, юу гэж хэлэх вэ? гэдгээ тооцоолчихсон байдаг юм байна лээ. Тэгээд цагдаа нарт худлаа хэлээд 2 нь гэрч болчихсон нэг нь хохирогч болчихсон явж байна. Би зодуулаад, гүтгүүлээд, эд материал, эдийн засгаараа хохирч одоо өөрөө ялтан болчихоод явж байна. Мөрдөн байцаагч нар тоохгүй эд нарын үгээр л яваад байсан. Чулуу бариад ална гэж дайраад байхаар нь би өвдөг рүү нь өшиглөчихөөд зугтаасан” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.С мэдүүлэхдээ “Машинтайгаа явж байхдаа намайг шүргээд унагаасан. Намайг дайрчихлаа гэж хэлсэн чинь согтуу хулгайч нар лай болоод байна гэсэн янзтайгаар ёс зүйгүй харьцсан учраас би бухимдаж заамдалцаж авсан. Тэгсэн энэ ах миний төмсөг рүү өшиглөөд унагаасан. Уначихаад шоконд орж байгаад босоод ирсэн чинь ах явах гэж байхаар нь газраас чулуу аваад цонхийг нь хагалсан” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Б.С-ын ...“Яг гар хүрч цохиж авсан үйлдэл гаргаагүй. Тэр үед Золбоо нь өөрөө эхлээд машинаасаа гарч ирээд намайг эхэлж салтааруу өшиглөсөн. Тэр үед газарт унасан, унаад хэсэг шоконд орж хэвтсэн. Тэгээд газраас босох үедээ хажууд байсан чулууг аваад жолооч залууг явуулахгүй гэдэг үүднээс гартаа атгасан чулуугаар машиных нь урд талын салхины шилийг нэгээс хоёр удаа цохиж хагалсан юм” гэсэн мэдүүлэг. /хх-н 25-26-р хуудас/

2. Хохирогч Д.З-гийн ...“Тэгээд энэ хэрүүл маргаан улам даамжирч шууд гартаа барьсан чулуугаа над руу шидсэн. Энэ үед намайг цохиж, оноогүй ч гэсэн дахин газраас чулуу аваад шууд миний машины урд талын салхины том шилийг чулуугаараа цохиж хагалсан” гэсэн мэдүүлэг. /хх-н 22-23-р хуудас/

3. Гэрч Б.А-ын ...“Тэгээд учир явдлыг мэдэхээр найз С дээр явж очих гэтэл тэр машины жолооч болон найз С хоёр хоорондоо бие биенээ хэл амаар доромжилж хэрүүл маргаан үүсгэж бие биетэйгээ зууралдаад авсан. Дараа нь тэр хоёр хоёулаа хамтдаа газарт унасан. Тэгээд дээр доороо ороод ноцолдохоор би очиж салгасан. Энэ үед тэр хоёр нэг нь чи намайг машинаараа шүргэчихлээ, нөгөө нь чи миний машиныг цохиж өшиглөдөг хэн бэ гэж хэрэлдээд зодоон үүсэх гээд байсан. Тэгээд хэсэг маргаж байсан чинь жолооч залуу Сүхбаатарыг өшиглөсөн бололтой Сүхбаатар жолооч залууд хандаж чи миний төмсөг рүү хөлөөрөө өшиглөчихлөө ш дээ гэж хэлээд газарт унасан. Сүхбаатар газраас босох үедээ чулуу гартаа барьж босч ирээд шууд тэр жолооч залуугийн унаж явсан машиных нь урд талын том салхины шилийг хагалсан. Тэр үед миний харснаар Сүхбаатар лав нэгээс хоёр удаа чулуугаар машиных нь шилийг цохисон” гэсэн мэдүүлэг. /хх-н 40-41-р хуудас/

4. Гэрч Р.Б-гийн ...“Намайг харж байх үед ямарч байсан жолооч залуу эхлээд Сүхбаатарыг согтуугаар нь далимдуулж түүний салтааруу нь өшиглөж, гараараа цохиж түлхсэн. Энэ үед С нь газарт унаж газраасаа босох үедээ газраас чулуу авч нөгөө чулуугаараа машиных нь урд талын салхины шилийг нь цохиж хагалсан юм” гэсэн мэдүүлэг. /хх-н 42-43-р хуудас/

5. Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 627 дугаартай ...“Б.С-ын биед баруун төмсөгний хуйхнагат язарсан шарх, баруун төмсөгний гэмтлийн гаралтай үрэвсэл бүхий гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт. /хх-н 34-р хуудас/

6. “Ашид Билгүүн” ХХК-ны Автомашин техникийн үнэлгээ ...“Салхины шил 400000 төгрөг, ажлын хөлс 20000, нийт дүн 420000 төгрөг...” гэсэн үнэлгээ /хх-н 29-30-р хуудас/ болон шүүгдэгч нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэргийг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Л.Э дүгнэлтдээ “Д.З нь Б.С-ыг өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан. Б.С нь Д.З-гийн тээврийн хэрэгслийн салхины шилийг хагалж устгасан гэмт хэрэгт холбогдсон байдаг. Гэрчүүдийн мэдүүлгүүдээр 2019 оны 09-р сарын 16-ны өдөр явж байхад Б.С нар нь согтуу явж байсан, энэ үед Д.З машинаараа шүргэсэн учраас маргаан үүссэн. Д.З нь энэ маргаанаас болж Б.С-ын салтаан тус газар нь өшиглөсөн. Энэ байдлаас болоод Б.С Д.З-гийн унаж явсан тээврийн хэрэгслийг шилийг хагалж устгасан зүйл болсон. Шинжээчийн дүгнэлтээр хагалж устгасан нь 420 0000 төгрөгийн хохирол учирсан. Шинжээчийн 627 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хөнгөн зэргийн гэмтэл гэж тогтоосон. Гэрч Б, А нарын мэдүүлгээр Д.З өшиглөсөн гэдэг нь тогтоогддог. Б.С эрүүлжүүлэх байранд тухайн өдөр очсон. Тухайн үед эмчээр гарч байсан эмч Д үзлэг хийсэн. Төмсөгөнд шинэ гэмтэл үүссэн байсан гэдгийг мэдүүлдэг. Гэрч цагдаагийн ажилтан байсан. Уг цагдаа дуудлагаар очиход дээрхи үйлдлүүд болоод төгссөн байсан. Өөрсдийнх нь яриагаар тухайн нөхцөл байдал нотлогдож тогтоогдсон гэж үзэж байна. Гэрч М, Б нарын мэдүүлэг энэ үйл явдлуудыг нотолж байгаа. Эдгээр мэдүүлэг шинжээчийн дүгнэлтүүдээр шүүгдэгч нарын гэмт хэрэг бүрэн нотлогдож байна гэж үзэж байна. Д.Зг хөнгөн хохирол учруулсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.Сыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж тус тус гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Хохирлын хувьд одоо нэхэмжлэх зүйлгүй байгаа. Шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болж байна. Шүүгдэгч нарын хувьд ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал хуулийн хүрээнд байхгүй байна гэж үзэж байна. Шүүгдэгч Д.Зг Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Б.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Хохирол төлбөрийн хувьд нэхэмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна” гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Д.З, Б.С нарын мэдүүлэг, гэрч Р.Б, Б.А нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 627 дугаартай дүгнэлт,  “Ашид Билгүүн” ХХК-ны Автомашин техникийн үнэлгээ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Д.З нь 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Толгодын 21 дүгээр гудамжинд Б.Сыг өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Б.С нь 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Яргуйт баг Толгодын 21 дүгээр гудамжинд Д.З-гийн жолоодож явсан 9419 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд салхины шилийг чулуугаар цохин хагалж 400 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч Д.З-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг, Б.С-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг устгах гэмтээх гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байх тул шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.З, Б.С нарыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

            Шүүгдэгч Д.З нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч нар учруулсан хохирлоо төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                           ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ноост овогт Б.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг устгах гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Хантай овогт Д- З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Сыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000  /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Зг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000  /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ст оногдуулсан 500 000 төгрөгөөр торгох ялыг  5 сарын хугацаанд сар бүр 100 000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр, шүүгдэгч Д.Зд оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 90 000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож,  торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С, Д.З нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС