Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 2020/ШЦТ/05

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.О      

Улсын яллагч Л.О

Хохирогч Л.Э

Гэрч З.Ц

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Э

Шүүгдэгч П.О нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.От холбогдох эрүүгийн 1925003720411 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

  1. Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

 

2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

 Шүүгдэгч П.О нь 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 04 сарын 2-ны өдрийг хүртэлх хугацаанд Орхон аймаг Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт байрлах “Инж” гоо сайханы дэлгүүрт худалдагчаар ажиллаж байхдаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 17 119 150 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч П.О бусдын итгэмжлэн хариуцуулж өгсөн эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч П.О мэдүүлэхдээ: “Би эдний дэлгүүрт худалдагчаар ажилласан. Ажиллаж байх явцдаа эхний 2 сарын цалин болох 300 000 төгрөг авсан. Сүүлдээ орлогоноос цалингаа авч байгаарай гэхээр нь орлогоноос авдаг байсан. Тухайн үед аав хагалгаанд орох гээд өгөх гэж байсан мөнгөө зарцуулсан. Хохирлыг төлж барагдуулна. Би гэмт хэрэг хийсэндээ гэмшиж байна. Дахин ийм алдаа гаргахгүй” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Л.Э мэдүүлэхдээ “Нийт 19 000 000 төгрөгийн хохирол учирсан. Үүнээс 4 000 000 төгрөгийг барагдуулсан. 13 119 150 төгрөгтийн хохирол төлөгдөөгүй. Манай орлогоос нөхрийнх нь данс руу шилжүүлсэн байсан. Нөхрийг нь давхар шалгуулмаар байна. Тухайн үед приус 30 маркийн авто машин, шинэ гар утас авчихсан байсан. Тэдгээрийн эх үүсвэрийг шалгуулмаар байна. Манай дэлгүүрт сууж байхдаа өдөр бүр байнга л амттан идээд суудаг байсан. Тэр үед би их гайхдаг байсан” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгч гэрчээр З.Ц мэдүүлэхдээ “П.О манайд сарын 350 000 төгрөгийн цалинтай 8 сарын турш ажилласан. Энэ хугацаанд эхний 5 сарын цалин өгсөн. Өөрөө цалингаа авъяа гэж хэлдэггүй байсан. Сүүлдээ чи цалингаа аваачээ надад хүндрэлтэй байна гэхэд би аав, ээжийнхээ зээлийг төлнө байж байг гэдэг байсан. Орлогоо орой болгон миний данс руу хийнэ гэж тохирсон. Анхандаа хийдэг байсан. Доголдол гаргаж бараа дутаадаг болсон. Тэгээд нэг удаа л бараагаа тулгасан байгаа. Одоо 13 119 150 төгрөг нэхэмжилж байгаа”   гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Л.Эын “...Манай ээж З.Цэвээн бид хоёр хамтарч Орхон аймаг Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт байрлах Урт цагаанд байрлах Инж гоо сайханы дэлгүүрийг ажиллуулдаг. 2018 оны 08 дугаар сард худалдагч ажилд авахаар зар тавьсан юм. Улмаар хоёроос гурван хүн ирээд нэг хүнийг нь авахаар болоод П.О гэх эмэгтэйг авч ажиллуулсан. П.От манай ээж бид хоёр анх бараагаа тоолж хүлээлгэн өгсөн. П.О тоо ширхэгээр нь барааг хүлээн авч давхар дэвтэр дээрээ тулгалт хийж авч байсан. П.О нь 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр бараагаа хүлээлгэн өгсөн, 2018 оны 11 дүгээр сар 26 өдөр бараагаа тоолсон, тэр үед П.Отай нийлээгүй, зүгээр тоолоод дэвтэртээ тусгасан. Тэгээд 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр тооллого хийсэн. Бараа тоолох үед П.О бид нар хамтарч тооллого хийсэн, тооллогоор 19,950,650 төгрөгөөр дутаж байсан. Бараа нэмж өгөх болон орсон орлого зэргийг нэг бүрчлэн дэвтэрт бүртгэж авч байсан. Манай дэлгүүрийн бараа нэг л дутаад байхаар нь тооллого хийхээр болсон. Отгонтунгалаг нь ажиллаж байхдаа зарим сардаа цалингаа авъя ч гэхгүй байдаг байсан. Цагдаагийн газраас шинжээч томилон дүгнэлт гаргуулсан. Дүгнэлтээр манайд төлөх хохирол нь 17,119,150 төгрөг болсон. Уг дүгнэлтийг гаргахдаа Отгонтунгалаг болон манай ээж Цэвээн нарт байх бүхий л баримтаар дүгнэлт гаргасан. Болсон зүйлийн талаар манай ээж З.Цэвээн гэрчийн мэдүүлэг өгсөн байгаа. Би 17,119,150 төгрөгнөөс 4,000,000 төгрөгийг хохирол авсан. Одоо 13,119,150 төгрөгийг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 17- 20-р хуудас/,

2. Гэрч З.Цэвээний ...“П.О нь манай гоо сайханы дэлгүүрт 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл худалдагчаар ажилласан юм. Сарын 350 000 төгрөгийн цалинтай ажиллуулсан. Өглөө 10 цагаас орой 18 цагийн хооронд ажилладаг юм. П.От 32 635 500 төгрөгийн гоо сайхны бараа хүлээлгэн өгсөн. Энэ хугацаанд манай охин бид хоёр П.Оад гоо сайханы бараа хүлээлгэн өгч байсан. 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр бараагаа тоолох үед 19 950 650 төгрөгийн бараа дутаасан байсан. Ер нь бол орлого багассан хэрнээ бараа багасаад байсан юм. Би тооллого хийхдээ П.О миний охин Л.Э нартай хамтдаа тооллого хийсэн” ... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 119-12-р хуудас/,

 

3. “Тольдох оюуны өгөөж” ХХК-ий шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 19/63 дугаартай “орлого зарлага, бараа, мөнгө хүлээлцсэн баримтуудыг тооцож үзэхэд 17 119 150  дутагдуулсан байна”  гэсэн дүгнэлт. /хх-ийн 24-40-р хуудас/,

 

4. Шинжээч Д.О-ны ...“2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 19/63 тоот шинжээчийн дүгнэлтийг мэргэшсэн нягтлан бодогч, мэргэшсэн үнэлгээчид, аудитор Г.Б-гийн хамтаар шинжээчийн дүгнэлтийг гаргасан бөгөөд тухайн хэрэг бүртгэлтэй холбоотой санхүүгийн мэдээ мэдээлэл, дансны хуулга, эхний үлдэгдэл, бараа татан авалт, бараа хүлээлцсэн баримтуудыг мэргэшсэн үнэлгээчин Д.О нь түүвэрлэн боловсруулж, Г.Б хянан шалгаж баталгаажуулсан. Санхүүгийн дүгнэлттэй холбоотой баримт бичгүүдийг хуулбараар хавсаргасан болно” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-р хуудас/ болон шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэргийг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Л.О дүгнэлтдээ “Прокурорын тухай хуулийн 17, 19 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24.1-д тус тус заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон П.От  холбогдох Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож дүгнэлт гаргаж байна. П.От нь бусдын итгэмжлэн хариуцуулсан  эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудааг нотлогдож байна. Шинжээчийн дүгнэлт нь хохирогч, шүүгдэгч нарын гаргаж өгсөн бүхий л санхүүгийн баримтанд тулгуурлаж гаргасан. Шүүгдэгч П.О нь бусдад  17 119 150 төгрөгийн хохирол учруулсан байна. Үүнээс 4 000 000 төгрөг төлсөн байна. Шүүгдэгч П.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Шүүгдэгчээс 13 119 150 төгрөг гаргуулах,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 1 200 000 төгрөгийн зардал гарсан байдаг. Үүнийг мөн шүүгдэгчээс гаргуулах саналтай байна. Шүүхээс шүүгдэгч П.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр 1 дэх хэсэгт зааснаар П.От 1 жилийн хорих ял оногдуулах саналтай байна. Хохирол төлөгдөөгүй учраас торгуулийн ял оногдуулах боломжгүй байна. Оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдүүлэх, хохирлыг хэмжээг шүүхээс тогтоосон хэмжээгээр гаргуулах, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй дурдаж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих саналыг гаргаж байна”гэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Э дүгнэлтдээ “П.Оч нь 2018 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Минж гоо сайханы дэлгүүр ажиллуулдаг З.Цэвээн, Л.Э нартай уулзаж ярилцаад 32 000 000 төгрөгний барааг хүлээн авсан гэдгийг шүүгдэгч, хохирогч нар хүлээн зөвшөөрдөг. Тухайн үед цалин хөлс гэж 350 000 төгрөгөөр тохирсон. Түүнийхээ дагуу цалин хөлсөө өгсөн юм уу гэдэг бас асуудалтай. Тэр үед цалингаа орлогоноосоо авчих, ингэчих, тэгчих гэдэг байсан. 2 сарын цалинг л дансанд нь байдаг. Хэн ч ажил хийж байгаа юм чинь цалин хөлс авах эрхтэй. Цалин хөлс авах гэж л ажил хийж байгаа. Мөнгөтэй төгрөгтэйтээ ажил хийгээд байгаа юм биш. П.О амралтгүй 30 хоногийн хугацаатай ажилласан байдаг. Энэ байдлаасаа болоод 1-2 удаа хамаатныхаа хүүхдийг суулгах нөхцөл байдал үүсч байсан. П.Онь их дээд сургуулиа төгсөөд анх удаа ажил хийж үзэж байгаа. Ажил олгогчид нь цалингаа орлогоноосоо авч болно гэж хэлсний үндсэн дээрээ авч хэрэглэж байсан. Тэрнээс биш хэдэн зуугаар авч байсан байдал байхгүй. Орсон орлогыг дансанд хийж, мөн өөрсдийг нь ирэхээр бэлнээр нь өгч байсан. Хүн ихтэй үед шинээр ирсэн барааг тулгаж авахгүй үед зөндөө байдаг. Мөн заримдаа өгсөн орлогоо бичиж тэмдэглэж аваагүй байдаг. Тэрнээсээ болоод ийм их гарсан юм болов уу. Нэгэнт л миний хайхрамжгүй алдаанаас болж ийм байдал үүссэн тул шинжээчийн дүгнэлтээр гарсан үнийн дүнг зөвшөөрч байгаа гэж Отгонтунгалаг хэлдэг. Барааны тоо ширхэг, олсон орлогыг шалгаад 17 119 150 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэлт гарсан. Үүнээс 4 000 000 төгрөгийг хохирогч нарт төлсөн байгаа. 13 119 150 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Энэ мөнгөнөөс ажилласан хугацааны цалинг хасаж тооцож өгнө үү. шинжээчийн дүгнэлт бараа бүтээгдэхүүнийг тооцож гаргасан байгаа. Батбаяр гэдэг хүн шинжээч томилуулах хүсэлт гаргасан байгаа. Орхон аймгийн цагдаагийн байгууллагаас өөрийн санаачлагаараа мэргэжлийн шинжээч томилуулсны зардлыг нэхэмжилсэн байдаг. Энэ цагдаагийн байгууллагаас өөрөө хийдэг ёстой ажиллагаа хийгдсэн учраас энэ үнийн дүнг гаргах учиргүй. Энэ зардлыг төрийн сангаас төлөгдсөн байгаа учраас П.Оаас гаргуулах шаардлагагүй гэж үзэж байна. П.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг холбогдсон байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн гэмт хэрэгт тооцогддог гэмт хэрэг байгаа. П.От ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Хохирлоо нөхөн төлж байгаа, төлөхөө илэрхийлж байгаа зэргийг түүнийг ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. 1 жилийн хорих ялыг 6 сарын хорих ял болгох боломжтой байна. Анхнаасаа энэ гэмт хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, энэ хэрэг дээрээ маргаагүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар ялыг хойшлуулж өгнө үү гэх саналтай байна” гэв.

 

            Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Л.Эын мэдүүлэг, гэрч З.Ц-ий мэдүүлэг, “Тольдох оюуны өгөөж” ХХК-ий шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 19/63 дугаартай дүгнэлт, шинжээч Д.О-ны мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч П.О нь 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 04 сарын 2-ны өдрийг хүртэлх хугацаанд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт байрлах “Инж” гоо сайханы дэлгүүрт худалдагчаар ажиллаж байхдаа итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж Л.Эад 17 119 150 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч П.Оын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулж өгсөн эд хөрөнгийг завших гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч П.Оыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын тодорхой хэсгийг төлсөн, хохирол төлөхөө илэрхийлсэн байх тул түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, шүүхээс үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах боломжтой гэж үзэв.

 

            Хохирогч Л.Э-ад 17 119 150 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүгдэгч 4 сая төгрөгийн хохирол төлсөн байх тул шүүгдэгч П.О-аас 13 119 150 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй. Орхон аймгийн Цагдаагийн газраас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлт гаргуулах зардалд зарцуулсан 1 200 000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн байна. Уг зардлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс гаргуулах үндэстэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт П.О-гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.От хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн хор уршигийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.О нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Оаас 14 319 150 төгрөг гаргуулж хохирогч Боржигон овогт Л.Э /РД:ФА90051100/-д 13 119 150 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Орхон аймгийн Цагдаагийн газарт 1 200 000 төгрөгийг тус тус олгосугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС