Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 2020/ШЦТ/07

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.О

Улсын яллагч Л.Э  

Хохирогч Э.А

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Р.Б

            Шүүгдэгч Т.У, Б.Э нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.У, Б.Э  нарт холбогдох эрүүгийн 1925005470440 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт.

 

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

  1. Шүүгдэгч Т.У, Б.Э нар нь согтуурсан үедээ, бүлэглэн 2019 оны 07 дугаар сарын 26, 27-ны өдрийн үед Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Соёл амралтын хүрээлэнгийн 940 метр цахилгааны кабель утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 2 585 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
  2.  

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.У, Б.Э  нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.У мэдүүлэхдээ “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Учруулсан хохирлыг нөхөн төлнө” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг нөхөн төлнө” гэв.

 

Хохирогч Э.А шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Байгууллагаа төлөөлөн шүүх хуралдаанд оролцож байна. Хохирлоо төлүүлэх хүсэлтэй байна. Өөр зүйлгүй” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлсэн гэрэл зургууд. /хх-н 59-63-р хуудас/

 

2. Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Агийн ...“2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 17 цагийн үед ажлаасаа буухдаа цахилгааны утас алга болсоныг мэдсэн юм. Алдсан кабель утсаа хайгаад явж байтал Дэнж багийн нутаг дэвсгэрт түүхий эд авдаг газар зарж борлуулсан байсныг олж мэдсэн. Алдагдсан гэх кабель утас нь манай байгууллага болох “Биеийн тамир спортын газарын хөрөнгө юм. Блок хоорондын зайг метрлэж үзээд 940 м гэж тогтоосон...” гэсэн мэдүүлэг. /хх-н 16-р хуудас/

 

3. “Далайван аудит” ХХК-ны Орхон аймаг дахь салбарын шижээчийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 02/02-108 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайланд ...“ППВ 3x4 маркийн зэс голтой 940 метр цахилгааны утасны үнэлгээ 2 585,0 мянган /хоёр сая таван зуун наян таван мянган/ төгрөг болж байна” гэсэн дүгнэлт. /хх-ийн 27-32-р хуудас/

 

4. Гэрч Д.А-гийн ...“2019 оны 07 дугаар 27-ны өдөр шиг санаж байна тухайн үед манай ажил дээр танихгүй хоёр залуу ирээд ахаа хаягдал зэс авах уу гэхээр нь авч байгаа гэсэн чинь гаднах хаймарыг нь шатаачихсан зэс утас гаргаж үзүүлээд энийг авах уу гэхээр нь авъя гэж хэлээд хэллээд үзэхэд 18 кг болсон. Тэгээд мөнгийг нь тоолж өгсөн. Орой 19 цагийн үед гэж санаж байна бас 18 кг зэс авчирч өгсөн. Энэ үед мөнгө байхгүй байсан учир Экод дэлгүүрийн АТМ-с 100000 төгрөг авч өгсөн. Нийт 218000 төгрөг өгсөн. Тэгээд 2,3 хоногийн дараа ажил дээр хоёр залуу ирээд танай дээр кабель утас авчирч өгсөн үү гэхээр нь кабель утас авчирч өгөөгүй, харин шатаасан утас авчирч өгсөн гэсэн чинь харъя гэхээр нь нөгөө хоёр залуугийн авчирсан шатаасан зэс утсыг харуулсан чинь энэ манай хулгайд алдсан утас мөн байна. Гадна талыг нь шатаагаад таньд өгсөн байна. Та тэр хүмүүсийг таних уу гэхээр нь би танихгүй ээ. Харин Экод дэлгүүрийн хаан банкны АТМ-с тэр хоёр залууд мөнгө авч өгсөн тэр бичлэг нь дэлгүүрийн камерт байж магадгүй гэж хэлсэн”... гэсэн мэдүүлэг. /хх-н 22-р хуудас/

 

5. Орхон аймгийн Дэнж багийн нутаг дэвсгэр хулгайд алдагдсан кабель утасны зэсийг худалдан авсан гэх газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хх-н 64-66-р хуудас/

 

6. Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл. /хх-ийн 11-р хуудас/

 

 

7. Шүүгдэгч Т.Уын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл. гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 55-58-р хуудас/ болон шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа, шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Л.Э дүгнэлтдээ “Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Э би Прокурорын тухай хуулийн 17, 19 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24.1-д тус тус заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Т.У, Б.Э нарт холбогдох Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож дүгнэлт гаргаж байна. Шүүгдэгч нар согтуурсан үедээ бүлэглэж 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Соёл амралтын хүрээлэнгээс 940м цахилгааны утсыг  хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч 2 500 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр нотлогдож байна. Иймд шүүгдэгч нарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч нараас 2 500 000 төгрөгийг гаргуулж хохирогч байгууллагад олгуулах саналтай байна. Шүүгдэгч нарыг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Шүүгдэгч нарт тус бүр 1 жил 6 сарын хорих ял оногдуулах, Б.Эы өмнөх шийтгэл тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгээд 2 жилийн хорих ял оногдуулах, шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээгээр солих саналыг гаргаж байна” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б дүгнэлтдээ “Шүүгдэгч нарын хувьд гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирлыг хүлээн зөвшөөрч байгаа тул гаргах дүгнэлт байхгүй байна. Энэ гэмт хэрэг нь хөнгөн ангиллын гэмт хэрэг байна. Хохирлын хувьд үлэмж хэмжээгээр бага, шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөр төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа, тэдгээр ар гэрийн байдал зэргийг харгалзаад ял шийтгэлийг хөнгөрүүлж хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү, Соё амралтын хүрээлэн нь харуул хамгаалттай гэж байгаа боловч эргэж тойрох асуудал хангалгүй байдал зэрэг нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн. Өнөөдрийн байдлаар тэнд ямар нэгэн архидаж л байдаг. Иймд шүүгдэгч нарт хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэв.

 

            Шүүх хавтаст хэрэгт цугларсан хохирогчийн төлөөлөгч Э.Агийн мэдүүлэг, гэрч Д.А-гийн мэдүүлэг, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд, “Далайван аудит” ХХК-ны Орхон аймаг дахь салбарын шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 02/02-108 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан, Орхон аймгийн Дэнж багийн нутаг дэвсгэр хулгайд алдагдсан кабель утасны зэсийг худалдан авсан гэх газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч Т.Уын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Т.У, Б.Э нар нь согтуурсан үедээ, бүлэглэн 2019 оны 07 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Соёл амралтын хүрээлэнгийн 940 метр цахилгааны кабель утсыг хулгайлан авч Биеийн тамир спортын газарт 2 585 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч Т.У, Б.Э нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

           

            Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүй болохыг дурьдаж, бүлэглэж гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдал тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч Б.Э нь Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 329 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн бөгөөд уг ялаас эдлээгүй үлдсэн 4 сар 6 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар оногдуулсан ял дээр нэмж нэгтгэх нь зүйтэй.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Орхон аймгийн засаг даргын дэргэдэх Биеийн тамир спортын газарт 2 585 0000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нараас гаргуулан хохирогч байгууллагад олгуулах нь зүйтэй.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг дүрс бичлэгийн хуурцагийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.У нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                                                                                                    

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Б-Э, Гал овогт Т-У нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Уыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, Б.Эыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эд оногдуулсан 1 жилийн хорих ял дээр Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 329 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 сар 6 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сар 6 /зургаа/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эд оногдуулсан 1 жил 4 сар 6 хоногийн хорих ял, шүүгдэгч Т.Ут оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 329 дугаартай шийтгэх тогтоолд дурьдсан шүүгдэгч Б.Эы цагдан хоригдсон 17 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.У, Б.Э нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.У-аас 1 292 500 /нэг сая хоёр зуун ерэн хоёр мянга таван зуу/ төгрөг, шүүгдэгч Б.Э-наас 1 292 500 /нэг сая хоёр зуун ерэн хоёр мянга таван зуу/ төгрөг гаргуулан хохирогч Орхон аймгийн засаг даргын дэргэдэх “Биеийн тамир спортын газарт” олгосугай.

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг дүрс бичлэгийн хуурцагийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.У нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.АЛТАНГАДАС