Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 2020/ШЦТ/08

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А

Улсын яллагч Л.Э

Шүүгдэгч Б.Д оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Д-од холбогдох эрүүгийн 1925008590507 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

  1. Шүүгдэгч нарын биеийн байцаалт.

 

 

  1. Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Б.Д нь 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн 39-04 тоотод эхнэр Д.Оийн биед халдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Д нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д мэдүүлэхдээ “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Хохирогч Д.О “Шүүх хуралдаанд оролцохгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Д.Оийн “... 2019 оны 11 дүгээр сарын 25,26-ны үеэр Б.Д бид хоёр гэртээ байж байгаад Д намайг нэг удаа надруу залгасангүй гээд миний зүүн гарын булчин хэсэгт базсан. Гэтэл миний гар хөхөрсөн. Надад учирсан гэмтлийг манай нөхөр Б.Д надад учруулсан...” гэсэн мэдүүлэг. /хх-н 9-10-р хуудас/

 

2. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 787 дугаартай ...“Д.О-ийн биед зүүн гарын бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэсэн дүгнэлт /хх-н 16-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэргийг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Л.Э дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Д нь 2019 оны 11 дүгээр сарын 25,26-ны өдөр эхнэр Д.Оюунчимэгийн биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, яллагдагчийн хэргээ хүлээж өгсөн мэдүүлгээр нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450000 төгрөгөөр торгож, торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна. Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй байна” гэв.

 

            Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Д.О-ийн мэдүүлэг, шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 787 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч Б.Д нь 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн 39-04 тоотод эхнэр Д.Оийн биед халдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч Б.Д-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Д-ыг яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй.

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бодохыг дурьдаж, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                    ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Нүдэнтайж овогт Б.Д-тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000  /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дод оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 90 000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Дод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС