| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2020/0017/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/13 |
| Огноо | 2020-01-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Оюун-Эрдэнэ |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 2020/ШЦТ/13
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.О
Улсын яллагч Б.О-Э
Шүүгдэгч Б.Б оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б- холбогдох эрүүгийн 1925008830531 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 12 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө согтуугаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 48-2а тоотод иргэн Л.Л-жийн толгой, далан тус газарт нь хутгаар зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч Л.Л “Шүүх хуралдаанд оролцохгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зураг /хх-ийн 3-7-р хуудас/
2. Хохирогч Л.Л-жийн ... “Би 2019 оны 12 дугаар сарын 05-ны орой 19 цаг өнгөрч байхаад өөрийн танил Э.Ооор мод хөрөөдүүлэх гээд очтол гэрт нь С, Б, Э-о Э О нар архи ууж байсан. Улмаар архи дуусах үед Энхбаяр гэх эмэгтэй цүнхнээсээ 20 мянган төгрөг гаргаж ирээд Б.Бтай хамт дэлгүүр явж 3 шил архи авч ирж бид нар бүгдээрээ уусан. Гэтэл Б согтчихоод 3 эмэгтэй рүү дайраад цохиж авах гээд агсам тавиад байхаар нь би Б-ныг боль ах нь бие муу ахынхаа хажууд сууж бай гэж хэлээд Б.Быг хажуудаа суулгаад байсан. Гэтэл Б.Б Бадамцэрэн лүү зуухны таг аваад шидсэн. Тэгэхээр нь Э.О бид 2 Б-ныг гэрээс гар гээд гаргасан. Хэсэг хугацааны дараа Б 2 гартаа хутга барьчихсан эргэж орж ирээд та нарыг бүгдийг чинь ална гээд орилоод ороод ирсэн. Тэгэхээр нь Э-О бид 2 босоод Э-О нэг гарынх нь хутгыг ноцолдож авсан ба би нөгөө гарт байсан хутгыг нь авах гэтэл миний толгой дал РУУ хутгалсан ба мөн хүзүү хэсэг жижиг зүсэгдсэн. Би цусаа хөнжлөөр дараад сууж байсан чинь С түргэн цагдаа дуудсан байх. Удалгүй цагдаа нар ирээд Б.Быг аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/
3. Гэрч Ж.Э-Оын ...“Манайд Б бид 2 нэг шил архи ууж байтал гаднаас О, Э, С нар орж ирээд улмаар Э, Б нар дэлгүүр явж 3 шил архитай ирсэн. Уг архийг нь бид нар ууж байтал миний танил Бадамцэрэн орж ирээд архинаас уулцсан. Архи дуусах үед Б согтчихоод Б лүү дайраад агсам согтуу тавиад байсан. Тэгэхээр нь Л бид 2 Б-ныг боль гээд Л нүүр лүү нь нэг удаа түлхэж унагаасан. Гэтэл Б гарч яваад гартаа 2 хутгатай орж ирээд ална гээд ороод ирэхээр нь би гарт байсан хутгыг нь авсан чинь нөгөө гартаа мөн хутгатай байж таараад Л-жийн толгой болон хүзүү хэсгийг нь зүсээд мөн дал хэсэгт нь бас нэг удаа зүссэн. Би ноцолдож байгаад Б-ныг болиулаад байж байтал манайд байсан С цагдаа дуудаад улмаар цагдаа нар ирээд Б-ны гарт байсан хутгыг авсан”... гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-17-р хуудас/
4. Гэрч Ц.Б-нгийн ... “Би 2019 оны 12 дугаар сарын 05-ны 20 цагийн үед гэртээ байж байгаад өөрийн танил Э-О-ынд очсон. Тухайн үед гэрт нь С, Энхээ, Э-О миний танихгүй 2 хүн архи уугаад сууж байсан. Би ороод архинаас уулцсан ба архи дуусах үед Б.Б гэх миний танихгүй хүн над руу зуухны таг аваад шидээд С бид 2-ыг цохиод авсан. Гэтэл Э- О, Л 2, Б-ыг эмэгтэй хүн лүү дайрлаа гээд С бид 2- ыг өмөөрч Б-тай маргалдсан. Гэтэл Б гараад явсан ба хэсэг хугацааны дараа 2 гартаа хутга барьчихсан орж ирээд та нарыг ална шүү гээд зуухны таг авч шидсэн. Гэтэл Э-О Л 2 босч ирээд Б.Баас нэг хутгыг нь Э.О булаагаад авсан. Гэтэл нөгөө гартаа байсан хутгаараа Лийн толгой болон хүзүү хэсгийг нь зүссэн. Мөн дал хэсэг рүү нь бас нэг хатгасан байх. Энэ үед Э.О Б.Бтай ноцолдож байгаад болиулсан. Тухайн үед Б.Б нэг гартаа хутгаа уяагаар ороочихсон байсан. Улмаар С цагдаад дуудлага өгсөн ба цагдаа нар ирээд Б.Бы гарт байсан хутгыг авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/
5. Гэрч Б.Сгийн ...“Б.Б согтчихоод Бадамцэрэн бид 2-луу дайраад пизнаадуудыг ална гээд агсам тавиад байсан. Гэтэл Э.О, Л 2 Б.Быг эмэгтэй хүн лүү дайрлаа гээд гэрээс хөөсөн. Гэтэл Б.Б гараад явсан ба хэсэг хугацааны дараа Б.Б 2 гартаа хутга барьчихсан бүгдийг чинь ална шүү гээд Л руу дайраад байсан. Мөн тухайн үед Б.Б гэрт сууж байхдаа буйдангийнх нь хажууд байсан даавуугаар баруун талынхаа гарт байсан хутгыг ороогоод суугаад байсан. Тэгээд Лтой маргалдаад байсан чинь Э.О нэг хутгыг нь авсан чинь нөгөө гартаа байсан хутгаар Лийн толгой руу нь хутгалсан ба Л доошоо тонгойсон чинь Б.Б нуруу хэсэг рүү нь бас нэг удаа дүрсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/
6. Гэрч Б.Эын ...“Би 2019 оны 12 сарын 05-ны орой 17 цагийн үед Эрдэнэ баг Увс нуур дэлгүүрийн ойролцоо Э.Оынх руу явж байгаад дэлгүүрийн гадаа О-тай тааралдсан чинь тухайн үед Отгонбаяр нэлээд согтуу явж байсан. Улмаар хамт Э.Оынд очсон. Тухайн үед Э.О Б.Б нар архи уучихсан сууж байсан ба Ор бид 2-ын араас С.Б нар орж ирсэн. Тэгээд би Б.Бтай дэлгүүр явж 3 шил архи авч ирээд уусан. Би архиа уугаад нэлээд согтоод унтаад өгсөн. Би нэг сэрсэн чинь Э.О-ынд цагдаа нар ирчихсэн байх шиг байсан. Ингээд л эргээд унтсан. Улмаар маргааш өглөө нь сэртэл Э.О надад Б.Б өчигдөр орой агсам тавиад гарч яваад 2 гартаа хутга барьчихсан орж ирсэн ба би нэг хутгыг нь ноцолдож байгаад авсан чинь нөгөө гартаа байсан хутгаар Л-ийн толгой болон дал руу нь хутгалсан гэж ярьсан. Мөн Б.Б гартаа хутга барьж орж ирэхдээ нэг гарынхаа хутгыг гартаа даавуугаар ороочихсон байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/
7. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 8 дугаартай ... “Л.Лийн биед баруун шанаа, зүүн даланд 2 тооны зүсэгдсэн шарх, толгойн орой, эрүүний баруун тал, хүзүүний баруун хажууд 4 тооны шалбархай, баруун нүдний дээд зовхи, баруун гарын сарвуу, зүүн тохойд зөөлөн эдэд 3 тооны цус хуралт, 2 тооны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Зүсэгдсэн шарх, шалбархай нь хурц үзүүр ирмэгтэй зүйлийн 6 удаагийн, бусад гэмтэл нь мохоо зүйлийн 3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Зүсэгдсэн шарх, баруун гарын сарвууны зөөлөн эдийн цус хуралт нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 27-р хуудас/
8. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 01 дугаартай ...“Б.Бы биеээс авсан цусанд этилийн спирт 1,1 промиль процент илэрсэн. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарагдана...” гэсэн дүгнэлт /хх-ийн 29-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэргийг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Б.О-Э дүгнэлтдээ “Прокурорын тухай хуулийн 17, 19 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24.1-д тус тус заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдох Б.Бд Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож дүгнэлт гаргаж байна. Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 12 дугаар сарын 5-наас 6-нд шилжих шөнө Иргэн Лийн толгойд хутгаар зүсэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг, шүүгдэгч, хохирогч нарын эвлэрсэн гэх баримт зэргүүдээр нотлогдож байна. Иймд шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх саналтай байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг хутга, архины шил 3 ширхэг, уяа нэг ширхэг, сидий нэг ширхэгийг тус тус устгах саналыг гаргаж байна” гэв.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Л.Лийн мэдүүлэг, гэрч Ж.Э.О, Ц.Б, Б.С, Б.Э нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 8 дугаартай дүгнэлт, 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 01 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.Б нь 2019 оны 12 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 48-2а тоотод согтууруулах ундаа хэрэглэж бусадтай маргалдаж, иргэн Л.Лийн толгой, далан тус газарт нь хутгаар зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Бы үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Быг яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бодохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялыг өдөрт 4 цагийн хугацаагаар тогтоохоор шийдвэрлэв.
Б.Бы үйлдлийн улмаас хохирогч Л.Лийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эд мөрийн баримтаар тооцон хураан авч ирүүлсэн 1 ширхэг дүрс бичлэгийн хуурцагийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, 2 ширхэг хутга, 3 ширхэг архины шилийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Махранз овогт Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагийн хугацаагаар тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг дүрс бичлэгийн хуурцагийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, 2 ширхэг хутга, 3 ширхэг архины шилийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС