| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2020/0003/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/14 |
| Огноо | 2020-01-07 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Л.Оюунтуяа |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 2020/ШЦТ/14
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.О
Улсын яллагч Л.О
Хохирогч Э.Золжаргал
Шүүгдэгч Б.Бид нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-жид холбогдох эрүүгийн 1925007280419 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
1. Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 10 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-24-02 тоот иргэн А.Б-ын цонхоор хууль бусаар нэвтэрч Самсунг А-50 маркын гар утас хулгайлан 830 000 төгрөгийн хохирол учруулсан,
2. 2019 оны 09 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-6-61 тоотод оршин суух иргэн Т.Байгалмаагийн цонхоор хууль бусаар нэвтэрч мөнгөн аяга 6 ширхэг, эмэгтэй хүний хүзүүний зүүлт хулгайлан 757 500 төгрөгийн хохирол учруулсан,
3. 2019 оны 09 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-7-59 тоотод оршин суух иргэн Д.Амгалангийн цонхоор хууль бусаар нэвтэрч Самсунг загварын зөөврийн компьютер, Аяфоне-6 загварын гар утас зэрэг эд зүйл хулгайлан 1 050 000 төгрөгийн хохирол учруулсан,
4. 2019 оны 09 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн Булагтын В-2-36 тоотод оршин суух Э.З-лын гэрээс самсунг Эс-6, Эс-7, ЛЖ маркийн К-4 загварын утаснууд хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч 400 000 төгрөгийн хохирол учруулж, нийт 4 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 3 037 500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б-ийг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Учруулсан хохирлыг нөхөн төлнө” гэв.
Хохирогч А.Б хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ “Шүүх хуралдаанд оролцохгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.
Хохирогч Т.Б хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ “Шүүх хуралдаанд оролцохгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.
Хохирогч Д.А хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ “Шүүх хуралдаанд оролцохгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.
Хохирогч Э.З шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “2019 оны 9 дүгээр сарын 14-нөөс 15-ны шилжих шөнө Б.Б үүрийн 5 цагийн үед манайд орж ирээд гарсан. Тэрнээс өмнө 2 цагийн үед манай нөхөр, дүү 2 утсаараа тоглож байгаад утаснуудаа цэнэглэчихээд унтсан байсан. Өглөө 7 цагийн үед босоод харахад утаснууд нь байхгүй байхаар утаснуудаа хаана цэнэглэсэн юм гэтэл наана чинь л цэнэглэсэн гэж хэлсэн. Б.Бийг манай дүүтэй хар багаасаа найзалсан болохоор нээх их юм бодолгүй буцаад унтсан. Б.Бийг хулгай хийсэн байж магадгүй гэж бодсон. Манай тэр хавийн хүмүүс Б.Бийг хулгай хийгээд байдаг гэж хэлсэн. Тэгээд удаагүй байж байтал манай ээжтэй таарсан байсан. Ээжийг асуутал ломбарданд байгаа гэж хэлсэн байсан. Тухайн үед өгчих байлгүй гэж бодсон. Одоо болтол өгөөгүй. Манай нөхөр барилгын ажил авсан. Тэр ажилд ядаж туслах ажил хийгээд утасныхаа мөнгийг төл гэхэд ирээгүй. Тэгээд өөрөө мөнгөө олж өгөх юм байгаа биз гэж бодоод л яваад байгаа. Хохирол барагдуулах юм бол гомдол санал байхгүй. Хохирол болох 297 000 төгрөг л нэхэмжилж байна” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Орхон аймаг Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-24-02 тоотод хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг. /хх-ийн 3-6-р хуудас/
2. Хохирогч А.Бын ...“Би 2019 оны 10 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-24-02 тоотод буюу 1 давхарт байрлах манай том өрөөний цонхыг онгорхой байхад 00 цаг 40 минутын орчим үл таних 160 см өндөртэй залуу орж ирээд унтаж байсан дэрний хажууд байсан цэнхэр өнгийн Самсунг А-50 загварын гар утсыг аваад явсан тул цагдаад хандсан. Манай эхнэр тухайн хулгай хийсэн хүнийг хараад намайг дуудсан, тэр үед би сэртэл нөгөө хулгай хийсэн залуу том өрөөний цонхоор зугтаагаад явсан. Гар утсаа хүлээн авсан гомдол санал байхгүй ...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 10-р хуудас/
3. Гэрч Ц.Ү-гийн “...Манай гэрийн том өрөөний тагтаар хар өнгийн малгайтай хар өнгийн бөөрөнхий захтай хүрэмтэй хар өнгийн өмдтэй пүүзэн гуталтай бор царайтай 1 метр 64 см орчим өндөртэй хүн орж ирээд манай гэрт холхиж байгаад том өрөөнд байсан манай нөхрийн Самсунг маркын гар утас байсныг хулгайлаад эргээд том өрөөний тагтаар гараад явсан. Тухайн үед би хүн орж ирлээ гээд орилсон боловч манай нөхөр сэрээгүй” ... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 32- 33-р хуудас/
4. Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 7-8-р хуудас/
5. “Тольдох оюуны өгөөж” ХХК-ий шинжээчийн 2019 оны 10 сарын 14-ний өдрийн 19/281 дугаартай дүгнэлт. /хх-ийн 22-25-р хуудас/
6. Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-6-61 тоотод хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг. /хх-ийн 71-76-р хуудас/
7. Эд зүйл хүлээлгэн өгсөн “...6 ширхэг мөнгөн аяга, эмэгтэй хүний зүүлт Т.Байгалмаад хүлээлгэн өгөв” гэсэн тэмдэглэл. /хх-ийн 83-р хуудас/
8. Хохирогч Т.Б-гийн “...2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 15 цагийн үед гэрээсээ гараад явсан. Гарахдаа хаалгаа түгжээд тагтны цонхыг түгжээд явсан. 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өглөө би гэртээ ирэхэд хаалга онгорхой байхаар нь Цагдаагийн газарт хандах болсон. Манай гэрийн том өрөөний шилэн нүүртэй шүүгээн дотор байсан 6 мөнгөн аяга, хажуугийн шүүгээнд байсан дөрвөлжин жижиг хайрцагтай байсан гоёлын гинж, зүүлт зэрэг зүйлүүд алга болсон...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 85-р хуудас/
9. Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны кримналистикийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 185 дугаартай “Шинжилгээнд тэнцсэн гарын мөрүүд нь гарын хээний салбар станцын санд М1М003010014151 дугаараар бүртгэгдсэн Баттулгын Б.Бийн зүүн алга, зүүн гарын дунд, баруун гарын долоовор, баруун гарын ядам хуруугаар үүссэн байна” гэсэн дүгнэлт. /хх-ийн 100-106-р хуудас/
10. “Ашид билгүүн” ХХК-ны шинжээчийн “Нийт дүн 757500 төгрөг” гэсэн дүгнэлт. /хх-ийн 86-88-р хуудас/
11. Орхон аймаг Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-7-59 тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг. /хх-ийн 129-134-р хуудас/
12. Хохирогч Д.А-гийн ...“2019 оны 09 сарын 26-ны өглөө дуудлага өгсөн юм. Гэрийн гадна талын гал тогооны өрөөний тагтны цонх онгорхой байхаар нь эд зүйлээ хартал том өрөөний ширээн дээр байсан хүүхдийн Самсунг маркын зөөврийн компьютер цагаан саарал өнгийн Айфоне-6 маркын гар утас алга болсон байсан. Эд зүйлээ бүрэн бүтнээр нь хүлээн авсан гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй”... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 139-р хуудас/
13. Эд зүйл хүлээлгэн өгсөн ...“Самсунг маркын зөөврийн компьютер, цагаан сааран өнгийн Айфоне-6 загварын гар утас 1 ширхэгийг Д.А-д хүлээлгэн өгөв...” гэсэн тэмдэглэл. /хх-ийн 137-р хуудас/
14. “Ашид билгүүн” ХХК-ны шинжээчийн дүгнэлт. /хх-ийн 140-142-р хуудас/
15. Хохирогч Э.З-лын ...“2019 оны 09 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө манай гэр болох Орхон аймаг Баян-Өндөр сумын Говил багийн Булагт в-2-36 тоотоос 3 ширхэг гар утас алга болсон тул цагдаагийн газарт хандах болсон. 2019 оны 09 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө үүрээр манай дүүгийн найз болох Б.Б нь манай байшингийн үүдийг онгорхой байхад орж ирээд гараад явахыг харсан боловч дүүтэй уулзаад л гарч байгаа юм байх гэж бодсон. Манай гэрийнхэн унтахдаа гар утаснуудаа цэнэглээд үлдээсэн. Өглөө нь утаснуудаа хартал байхгүй байсан. Тухайн үед нөхөр болон дүүгээсээ асуухад утсаа аваагүй гэж байсан. Манай дүү болон нөхөр Б.Бийг орж ирсэн талаар мэдээгүй байсан байна лээ. Б.Бийн цагдаад өгсөн цагаас хойш Б.Б манай гэрээс алдагдсан утаснуудыг хулгайлан ломбарданд барьцаанд тавьсан гэдгийг хэлсэн. Улмаар манай нөхөр Жавхлантамир нь Б.Бийн хамтаар самсунг маркийн 5-6 загварын цэнхэр өнгийн утас, дүүгийн самсунг 5-7 загварын саарал өнгийн утаснуудыг ломбарднаас авсан байсан. Өөр өөр газарт барьцаанд тавьсан байсан. Нөхөр болон дүүгийнхээ гар утсыг би өөрийнхөө мөнгөөр авч байсан. Манайх гэрийнхээ үүдийг хаасан байдалтай, дотроос нь түгжээгүй байсан. Шинжээчийн дүгнэлттэй танилцсан санал хүсэлт байхгүй. Би гэрээсээ алдагдсан самсунг маркийн 3-6 загварын цэнхэр өнгийн утас, дүүгийн самсунг 5-7 загварын саарал өнгийн утаснуудыг ломбарднаас 197.000 төгрөгөөр авсан. Шинжээчийн дүгнэлтээр К-4 маркийн утас нь 100,000 төгрөгөөр үнэлэгдсэн. Нийт 297,000 төгрөгийг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 182-р хуудас/
16. Гэрч Д.С-гийн “...Би Б.Б гэх хүнийг танихгүй. Гэхдээ миний санаж байгаагаар 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр миний ажиллуулдаг ломбарданд С-6 загварын самсунг маркийн гар утсыг 80,000 төгрөгөнд өөрийнхөө бичиг баримтыг үндэслэн 14 хоногийн хугацаатай барьцаанд тавьсан. Улмаар 2019 оны 09 сарын 24-ний өдөр 10 цаг 22 минутанд өөрийнхөө бичиг баримтыг үзүүлэн 85,600 төгрөгийг өгч авсан. Тухайн үед эрэгтэй хүний хамтаар явж байх шиг харагдсан. Гэрээний 1 хувийг хаячихсан гэж байсан. Өмнө нь барьцаанд эд зүйлс тавьж байгаагүй хүүхэд харагдсан. Би хулгайн утас гэдгийг мэдээгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 197-198-р хуудас/
17. Гэрч Ц.М-гийн ...“Б.Б 2019 оны 09 сарын 15-ны өдөр Самсунг С-6 маркын гар утсыг 100 000 төгрөгийн барьцаанд өөрийнхээ бичиг баримтаар тавьсан. Миний санаж байгаагаар төлөх хугацаанаас нь өмнө нэг эрэгтэй хүний хамтаар ирээд гар утсаа авсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 200-р хуудас/
18. “Далайван аудит” ХХК-ий шинжээчийн 2019 оны 10 сарын 24-ний өдрийн 02-149 дугаартай дүгнэлт /хх-ийн 185-190-р хуудас/ болон шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Л.О дүгнэлтдээ: “Прокурорын тухай хуулийн 17, 19, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24.1-д тус тус заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдох Б.Бийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож дүгнэлт гаргаж байна. Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 10 -7-8 шилжих шөнө иргэн А.Бын цонхоор хууль бусаар нэвтэрч SAMSUNG А5 загварын гар утсыг хулгайлж 830 000 төгрөгийн хохирол, 2019 оны 9 сарын 25-26-нд шилжих шөнө иргэн Т.Байгалмаагийн цонхоор хууль бусаар нэвтэрч мөнгөн аяга, эд зүйл хулгайлан 757 500 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 9 сарын 25-26-нд шилжих шөнө иргэн Д.А-гийн цонхоор нэвтэрч SAMSUNG маркийн зөөврийн компьютер, IPHONE 6 загварын гар утас хулгайлан 1 050 000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 9 дүгээр сарын 14-нөөс 15-ны шилжих шөнө иргэн З-лын гэрээс SAMSUNG маркийн S6, S7, LG загварын гар утас хулгайлан 400 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байх тул шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч Б.Боос 297 000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.З-лд олгуулах саналтай байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулах, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих талсан сэргийлэх арга хэмжээ авах саналыг тус тус гаргаж байна” гэв.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан хохирогч А.Б, Т.Б, Д.А, Э.З нарын мэдүүлэг, гэрч Ц.Ү, Д.С, Ц.М гарын мэдүүлэг, Орхон аймаг Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-24-02 тоотод хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд, “Тольдох оюуны өгөөж” ХХК-н 2019 оны 14-ний өдрийн 19/281 дугаартай шинжээчийн дүгнэлт, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-6-61 тоотод хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны кримналистикийн шинжээчийн 2019 оны 10 дугаарсарын 09-ний өдрийн 185 дугаартай дүгнэлт, “Ашид билгүүн” ХХК-ны шинжээчийн дүгнэлт, Орхон аймаг Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-7-59 тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, “Ашид билгүүн” ХХК-ны шинжээчийн дүгнэлт, “Далай ван аудит” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад үйл баримтын талаар дараах дүгнэлтийг хийв. Үүнд:
-Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 10 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-24-02 тоотод оршин суух иргэн А.Бын гэрийн цонхоор нэвтрэн орж Самсунг А-50 маркын гар утас хулгайлан 830 000 төгрөгийн хохирол учруулсан,
-2019 оны 09 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-6-61 тоотод оршин суух иргэн Т.Б-гийн гэрийн цонхоор нэвтрэн орж мөнгөн аяга 6 ширхэг, эмэгтэй хүний хүзүүний зүүлт хулгайлан 757 500 төгрөгийн хохирол учруулсан,
-2019 оны 09 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-7-59 тоотод оршин суух иргэн Д.А-нгийн гэрийн цонхоор нэвтрэн орж Самсунг загварын зөөврийн компьютер, Айфоне-6 загварын гар утас зэрэг эд зүйл хулгайлан 1 050 000 төгрөгийн хохирол учруулсан,
-2019 оны 09 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн Булагтын В-2-36 тоотод оршин суух Э.З-лын гэрээс самсунг маркийн ЭС-6, ЭС-7, ЛЖ маркийн К-4 загварын утаснууд авч 400 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Б.Б нь 4 удаагийн үргэлжилсэн үйлдлээр, хүн амьдрах зориулалттай орон байранд өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүй, нууцаар хууль бусаар нэвтрэн орж бусдын эд зүйлийг авч нийт 3 037 500 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Бид ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, шүүгдэгч гэм буруутай байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч А.Б, Д.А, Т.Б Э.З нарт нийт 3 037 500 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч Э.З-д 297 000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй бусад хохирогч нар алдсан эд зүйлээ хүлээн авч хохиролгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна. Иймд шүүгдэгч Б.Боос 297 000 төгрөг гаргуулан хохирогч Э.З-лд олгуулах нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бид оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Бид авсан хувийн баталгаа гаргах туслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Боос 297 000 / хоёр зуун ерөн долоо/ төгрөг гаргуулан хохирогч Э-ийн З олгосугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч, хохирогч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС