Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2020/ШЦТ/23

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одончимэг

Улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ 

Шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Нд холбогдох эрүүгийн 1925007580476 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

  1. Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

 

2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч Б.Н нь 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 6 дугаар сарын 7-ны өдрийн хооронд хамт амьдарна, орон сууцны урьдчилгаа хийнэ гэж итгэл төрүүлэн иргэн Б.Г-сийг хуурч мэхэлж 16 000 000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Ныг бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэн ирүүлжээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Хохирогч Б.Гийг “Шүүх хуралдаанд оролцохгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэг авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1.Хохирогч Б.Гийн ...“2018 оны 05 дугаар сард Бямба-Очирын, Б.Н гэдэг эмэгтэйтэй танилцсан. Б.Нтай фэйсбүүк хаягаар мессеж бичдэг байсан. Надад Б.Н таалагдаж байсан ба нэг нэгэнтэйгээ мессежээр их дотно харьцаатай байсан. Бид хоёр, хоёр талынхаа амьдралыг ярилцаад хамт амьдрана гэсэн шийдвэрт хүрээд би Б.Нд орон сууц хайж байгаарай, урьдчилгаа мөнгийг нь би өгнө гэж хэлсэн. 2019 оны 03 дугаар сард намайг Солонгос улсад байхад Б.Н би чиний талаар ээж, аав хоёрт хэлсэн, хамт амьдрах гээд орон сууц хайж байгаа талаараа хүртэл хэлсэн чинь нэгэнт хамт амьдрах гэж байгаа юм бол өөрсдийнхөө 3-19-18 тоот 2 өрөө орон сууцыг 50 000 000 төгрөгөөр хямдхан зарна гэж надад хэлсэн. Эхлээд 25,000,000 төгрөгийг урьдчилгаа болгож өгөөд үлдсэн 25 000 000 төгрөгийг 2 жилийн дотор төлж болно гэсэн. Би зөвшөөрч 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Б.Нын ээж Б-лын хаан банкны 5090323825 дугаарын дансруу 8 000 000 төгрөгийг өөрийнхөө хаан банкны 5094336875 дугаарын данснаас шилжүүлсэн. 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Г.Баяржаргалын хаан банкны дансруу 8 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Тэр өдрөө Орхон аймагт ирэхэд Б.Н намайг тосож авсан. Тэгээд бид хоёр Б.Нын гэр болох 3-19-18 тоотод очиж хамт хоносон. Энэ өдрөөс хойш би урьдчилгаа мөнгө өгчихсөн, цаашдаа хамтран амьдрах юм чинь гээд Б.Нтай хамт амьдарч эхэлсэн. Б.Нын ээж, аав хоёр хамт амьдарч байсан ба орон сууцаа өгнө, 50,000,000 төгрөгт та хоёрыг орон сууцтай болгож өгнө гэж ярьж байсан. Б.Н-тай хамт амьдарч байхад надад зарах гэж байсан 3-19-18 тоот орон сууцыг зээл авахдаа барьцаанд тавьчихсан. Б.Н нь өөрөө өр төлбөрийн асуудалтай гэдгийг мэдсэн. Би 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Солонгос улсруу явсан ба Солонгос руу явахаас өмнө миний нэр дээр байх Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил баг Ар булаг гэх газарт байрлах 4 айлын зуслангын газрын гэрчилгээ Б.Нд итгэмжлэл хийж өгөөд явсан. Итгэмжлэлийг би өөрөө сайн дураараа Б.Нд хийж өгсөн. Намайг Солонгос улсад байхад Ар булагын зуслангын газар 9 000 000 төгрөгөөр зарагдсан, татвар төлөлт хийгээд 8 350 000 төгрөг үлдснийг Б.Н миний дансруу шилжүүлээгүй болохоор би асуухад таны дансанд мөнгө байх, миний дансанд байх ялгаа байна уу гэж хэлсэн. Би Б.Н-д 3-19-18 тоот байрны асуудал худлаа болж байгаа юм шиг байна, тэгэхээр газар зарсан мөнгө миний дансанд байх ёстой гэж хэлсэн. Тэр орой Б.Нтай маргалдсан. Маргааш нь газар зарсан гэх 8 350 000 төгрөгийг миний дансруу шилжүүлсэн. Тэрнээс хойш 2-3 хоногын дараа Б.Н та надад тохирохгүй хүн байна, таны хувцасыг таньдаг дүүгийн чинь гэрт хүргэж өгөх үү, та манай гэрт ирээд хэрэггүй гэсэн. Би Монгол улсад 2019 оны 10 дугаар сарын 4-ний өдөр ирсэн. Орхон аймагт ирээд Б.Нын аав Бямба-Очиртой уулзаж 16 000 000 төгрөгийг эргүүлэн авах талаар ярихад бид нарт өгөх мөнгө байхгүй. Байраа зарж байгаад өгнө гэсэн. Би Б-О-т хандаж 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хүлээнэ. Хэрвээ мөнгөө өгөхгүй бол цагдаад хандах болно гэдгийг хэлээд цагдаад өргөдөл гаргаж өгсөн юм. Надаас авсан 16 000 000 төгрөгийг өөрсдийнхөө ажиллуулдаг Е-Э худалдааны төвийн лангуу дээрээ бараа татаж зарсан гэж ярьж байсан. Б.Н нь зөвхөн мөнгөнөөс болж намайг ашигласан, хүний нутагт зовж байж олж авсан мөнгийг маань залилсан. Надад зарах гэж байсан байраа өөр хүнд зарчихаад миний мөнгийг эргүүлж одоо хүртэл өгч дуусгаагүй байна. Нийт 6 000 000 төгрөг эргүүлэн өгсөн одоо үлдэгдэл 10 000 000 төгрөгийг Б.Наас нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг./хх-ийн 5-7-р хуудас/

 

2.  Гэрч Г.Б-лын ...“Б.Г нь манай охин Б.Нтай гэр бүл болно, хамт амьдрана гэж яригдаж байсан. Орон сууц худалдаж аваад тусдаа гарна гээд ярьж байсан ба нөхөр бид хоёр нэгэнт охинтой маань хамт амьдрах юм бол өөрсдийнхөө байрыг хямдхан өгөөд тусад нь гаргана гэж хэлсэн. Байраа 50 000 000 төгрөгөөр өгнө гэж хэлсэн. Б.Г миний дансруу 8 000 000 төгрөгөөр хоёр удаа нийт 16 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Би нөхрийн хамт Есөн-Эрдэнэ худалдааны төвд ахуйн хэрэглээний бараа зардаг лангуутай, бизнесийн зээл авчихсан байсан болохоор мөнгө хэрэг их байсан. Б.Гийг шилжүүлсэн 16 000 000 төгрөгийг банкны зээл болон лангуу дээр бараа худалдаж авсан. Банкинд сардаа 3 000 000 төгрөгийг өгдөг байсан. Манайх 3-19-18 тоот орон сууцыг 76 500 000 төгрөгт зарсан. Орон сууц зарсан мөнгөөрөө Хаан банкны зээлийг дарж хаасан. 1 700 000 төгрөгийг Б.Гөд өгсөн. Уг мөнгө дээр охин Б.Н мөнгө нэмж өгсөн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн13-14-р хуудас/

 

3.  Гэрч Б.Б-О-ын ...“Миний охин Б.Н, Б.Гтэй хамт амьдрахаар болсон. Орон сууц худалдаж авна, урьдчилгаа мөнгө шилжүүлнэ гэж охин маань надад хэлсэн. Тухайн үед эхнэр бид хоёр охин Б.Н хань ижилтэй болох юм шиг байна, зээ охин маань аавтай болох юм байна гэж баярлаад гэр хороололд хашаа байшин байгаа юм чинь тэрэндээ эхнэрийнхээ хамт амьдарна. Харин энэ орон сууцыг охиндоо өгөөд тусад нь гарах уу гэж ярилцаж байсан. Б.Нд хандаж үнэхээр орон сууц хайж байгаа юм бол энэ байраа 50 000 000 төгрөгөөр аваарай. Тэр мөнгөөр ээж аав хоёр нь өрөө дарна гэж хэлж байсан. Тэгээд эхнэрийн дансруу Б.Г мөнгө шилжүүлсэн гэсэн. Хоёр удаа нийт 16 000 000 төгрөгийг шилжүүлсэн гэж хэлж байсан. Мөнгөөр нь банкны зээлээ төлж үлдсэнээр бараа татаж авсан. Нэгэнт байраа өгчих юм чинь гээд мөнгийг нь ашигласан. Манайх 3-19-18 тоот орон сууцыг 76 500 000 төгрөгт зарсан. Зарсан мөнгөөрөө хаан банкны зээлийг дарж хаасан. 1 700 000 төгрөгийг Б.Гөд өгөөрэй гэж хэлээд охин Б.Нд өгсөн. Б.Гөд өгөх ёстой мөнгийг гүйцэд өгч чадаагүй. Ямар ч байсан банкны зээлээс гарахын тулд орон сууцаа зарсан юм” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 15-16-р хуудас/

 

4. Гэрч Б.Б-гийн ...“2018 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Хаан банкнаас 100 000 000 төгрөгийн бизнесийн зээл миний нэрээр авсан. Уг зээлийг авахдаа миний аавын нэр дээр байдаг Уурхайчин баг 3-19-18 тоот 2 өрөө орон сууц, Дэнж баг баруун дэнж 26-7 тоот хашаа байшин, газрыг барьцаанд тавьсан. Намайг зээл авч байхад Б.Н, Б.Гтэй танилцаагүй байсан. 3-19-18 тоот орон сууцыг Б.Гөд худалдахаар урьдчилгаа мөнгө авсан гэдгийг 2019 оны зун Б.Г, Б.Нтай нэг гэрт орчихсон байхад хоорондын ярианаас нь сонсож мэдсэн. Тухайн үед Б.Г нь 3-19-18 тоот сууцыг худалдаж аваад Б.Нтай тусдаа гарч амьдарна гэж ярьж байсан. Миний хувьд уг орон сууцыг банкны барьцаанд бүртгэлтэй байгаа гэдгийг Б.Гөд хэлсэн зүйл байхгүй. Б.Гөөс авсан мөнгийг Есөн-Эрдэнэ худалдааны төвд үйл ажиллагаа явуулж байсан ахуйн хэрэглээний лангуу дээр бараа авсан гэсэн. Гэхдээ банкны зээл гээд сард 3 440 000 төгрөгийг өгсөн байсан. Есөн-Эрдэнэ худалдааны төвд лангуу түрээслэхэд сарын 1 000 000 төгрөгний төлбөр төлдөг байсан. Гэр бүлээрээ ажиллуулдаг, Есөн-Эрдэнэ худалдааны төвд байх лангууд орсон орлогоноос манай гэр бүлийнхэн бүгдээрээ хоол ундаа авч хэрэглэдэг байсан. Сүүлдээ алдагдалд орж мөнгөний өрөнд орж эхэлсэн...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 17-р хуудас/

 

5. Яллагдагч Б.Нын ...“Б.Г өөрөө зөвшөөрч эхлээд 8 000 000 төгрөгийг 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр миний ээж Г.Б-лын хаан банкны 5090323825 дугаарын дансруу шилжүүлсэн. Тэрнээс хойш 2019 оны 06 дугаар сарын эхээр ээжийн дансруу дахиад 8 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Б.Гөөс авсан 16 000 000 төгрөгийг би авсан. Тэр мөнгөөр ээж аав маань өртэй хүндээ өгчихсөн. Хаан банкнаас зээлсэн 100 000 000 төгрөгийн төлөлтийг өгч чадахгүй байдалд хүрсэн. Банкнаас хүмүүс ирээд төлбөр тооцоо яагаад өгөхгүй байгаа юм бэ, барьцаа хөрөнгийг хурааж авна гэж сүрдүүлсэн. Миний хувьд амьдарч байгаа гэх 3-19-18 тоот орон сууцыг зараад мөнгөөр нь банкны зээлийг төлнө гэсэн бодолтой байсан. Өөр ямар ч аргагүй байдалд хүрсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/

6. Хаан банкны 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн зээлийн гэрээ, барьцааны гэрээ. /хх-ийн 37-42-р хуудас/

 

7. Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа. /хх-ийн 43-45-р хуудас/

 

8. Б.Н, Б.Б, Г.Б нарын дансны хуулгууд, 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр байр барьцаалсан Хаан банкны зээлийн үлдэгдэл хаасан дансны хуулга баримт болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэргийг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Б.О-Э дүгнэлтдээ: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдох Б.Н-ын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож дүгнэлт гаргаж байна. Шүүгдэгч Б.Н нь 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хооронд иргэн Б.Г-тэй хамт амьдран, орон сууцны урьдчилгаа хийлгэнэ гэж итгэл төрүүлэн санхүүгийн алдагдалтай, хөрөнгө оруулалт шаардлагатай байсан бодит байдлыг нууж хохирогч Б.Г-өд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг эвдэж 16 000 000 төгрөгийг шилжүүлэн авч, тухайн зээлийн төлөлт, түрээсийн төлөлтүүдийг хийдэг байсан. Энэ нь хавтас хэрэгт авагсдан хохирогч,  гэрч нарын мэдүүлгүүд, гэрээ, лавлагаа, дансны хуулга, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн байгаа мэдүүлэг зэргээр шүүгдэгч нь бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож байх тул гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Шүүгдэгч Б.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял оногдуулах, торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй. Энэ гэмт хэргийн улмаас бусдад 16 000 000 төгрөгийн хохирол учирсан. Уг хохирлыг шүүгдэгч төлж барагдуулсан. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй. Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналыг тус тус гаргаж байна” гэв.

 

            Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Гийн мэдүүлэг, гэрч Г.Б, Б.Бямба-Очир, Б.Баасансүрэн нарын мэдүүлэг, Хаан банкны 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн зээлийн гэрээ, барьцааны гэрээ, Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, Б.Н, Б.Б, Г.Б нарын дансны хуулгууд, 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр байр барьцаалсан Хаан банкны зээлийн үлдэгдэл хаасан дансны хуулга баримт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч Б.Н 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 6 дугаар сарын 7-ны өдрийн хооронд хамт амьдарна, орон сууцны урьдчилгаа хийнэ гэж итгэл төрүүлэн иргэн Б.Гөөс 16 000 000 төгрөг авч гэр бүлийнхээ хэрэгцээнд зарцуулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Н нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хамт амьдрах орон сууцаа худалдаж авах урьдчилгаа гэж хуурч мэхлэн 2 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдын 16 000 000 төгрөгийг залилан авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Орхон аймгийн Прокуророос шүүгдэгч Б.Ныг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Нын үйлдлийн улмаас хохирогч Б.Гөд 16 000 000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлыг нөхөн төлсөн байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

      ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Байчууд овогт Б-О Б.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ныг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нд оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 90 000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС