Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 221

 

Х.Бямбадоржийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Н.Батзориг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2016/05627 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Х.Бямбадоржийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Зоригтсайханд холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 291 766 667 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Зоригтсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Зоригтсайхан нь иргэн Х.Бямбадоржоос 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 60 000 000 төгрөгийн зээлийг 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр, мөн 2012 оны 02 дугаар сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 20 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр тус тус зээлж авсан. Энэ нь нэгдүгээрт нэхэмжлэлд дурдсан баримт, түүнтэй хамт гаргаж өгсөн зээлийн гэрээ болон хариуцагч Б.Зоригтсайханаас ирүүлсэн тайлбараар дээрх зээлийн гэрээ байгуулагдсан, зээлж авсан гэдэг нь нотлогддог. Гэрээний хугацаанд зээлийн хүүгээ cap бүр төлөх үүрэгтэй байсан ч Б.Зоригтсайхан гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн талууд 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр тооцоо нийлсэн байдаг. Өөрөөр хэлбэл 60 000 000 төгрөг, 20 000 000 төгрөг нийт 80 000 000 төгрөгийн гэрээн дээр талууд тооцоо нийлсэн бөгөөд 60 000 000 төгрөг зээлсэн гэрээний дагуу тооцоо нийлэхэд зээлийн төлөгдөөгүй үлдэгдэл 60 000 000 төгрөг, төлөгдөөгүй хуримтлагдсан хүүний үлдэгдэл 96 700 000 төгрөг 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар 60 000 000 төгрөгтэй холбоотой зээлийн үлдэгдэл 156 700 000 төгрөг байна гэж тооцоо нийлсэн. Мөн өдрөө 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 20 000 000 төгрөгийн зээлийн гэрээний дагуу тооцоо нийлсэн. Уг тооцоогоор зээлийн үндсэн төлбөр болох 20 000 000 төгрөг төлөгдөөгүй, хуримтлагдсан хүү 44 266 667 төгрөг алданги 10 000 000 төгрөг нийт 74 266 667 төгрөгийн үлдэгдэлтэй гэж тооцоо нийлсэн байдаг. 2015 оны 11 дүгээр сараас хойш төлбөрөө төл гэдэг шаардлагыг Б.Зоригтсайханд тавьсан боловч утсаа салгаад алга болсон учир аргагүйн эрхэнд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Алдангийн хувьд талуудын хооронд байгуулсан гэрээ 3 сарын хугацаатай байсан бөгөөд уг хугацаанд үндсэн зээлээ төлөөгүй учраас гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги тооцсон гэжээ.

 

Хариуцагч Б.Зоригтсайхан шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч, зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч нь нэхэмжлэгчээс 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 60 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй, зээлийн гэрээ байгуулж авсан. Мөн 2012 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 20 000 000 төгрөгийг мөн 3 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Б.Зоригтсайхан нь 60 000 000 төгрөгийн зээлийн гэрээний дагуу хүүгийн хамт 69 000 000 төгрөг, 20 000 000 төгрөгийн хувьд хүүгийн хамт 23 000 000 төгрөг нийт хоёр зээлийн гэрээний дагуу 92 000 000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн. Хариуцагч төлбөрөө хугацаандаа төлөөгүй нь үнэн. Хүүг харин тогтсон хугацаандаа бүрэн төлсөн. Б.Зоригтсайхан зээлийн гэрээний дагуу нийт 56 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Х.Бямбадоржид өгсөн бөгөөд 92 000 000 төгрөг төлөхөөс төлсөн 56 000 000 төгрөгөө хасаад 35 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Талууд зээлийн гэрээгээр алданги төлөхөөр тохирсон тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцоод үлдэгдэл 35 000 000 төгрөгийн 50 хувь 17 500 000 төгрөгийн алданги, үндсэн зээл 35 000 000 төгрөг нийт 52 500 000 төгрөгийг зөвшөөрч байна. Үлдэх төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй гэж байгаа гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч АЮ82121811 регистртэй, Идэр жинчин ургийн овогт Болдбаатар овогтой Зоригтсайханаас 52 500 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Бямбадоржид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 239 266 667 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 616 783 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 420 450 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2016/05627 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагаас 239 266 667 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 239 266 667 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг дутуу үнэлэн, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Хэдийгээр 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 60 000 000 төгрөгийн зээлийн гэрээний хугацаа 2012 оны 02 дугаар сарын 21-ний өдөр, 2012 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 20 000 000 төгрөгийн зээлийн гэрээний хугацаа 2012 оны 5 дугаар сарын 07-ны өдөр тус тус дуусах ёстой байсан боловч хэргийн 6 дахь талд авагдсан “Зээл, зээлийн хүүгийн тооцоо” гэсэн баримт, хэргийн 7 дахь талд авагдсан “Зээл, зээлийн хүүгийн тооцоо” гэсэн баримтаас харвал талууд гэрээний хугацааг сунгасан болох нь тодорхой харагдаж байна. Тодруулбал, эдгээр нотлох баримтаас хариуцагчийн төлсөн мөнгөн хөрөнгийг зээлийн хүүгийн төлбөрт тооцон авч байсан, хүүгийн хэмжээ нь нэг сард 5 хувь байсан, тооцоо нийлсэн өдөр буюу 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөр зээлийн өрийн үлдэгдэл, хуримтлагдсан хүүгийн төлбөр хэдэн төгрөг болсон болохыг талууд харилцан тохиролцжээ. Өөрөөр хэлбэл, талууд зээлийн гэрээний хугацааг сунгасан талаар харилцан хүсэл зоригоо илэрхийлж энэ талаар бичмэл баримт үйлджээ. Үүнийг Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2 дахь заалтын зохицуулалтын үүднээс авч үзвэл талууд зээлийн зээлийн гэрээнүүдийг сунгасан тухайгаа харилцан хүлээн зөвшөөрч гарын үсэг зурснаар гэрээг бичгээр байгуулагдсанд тооцно. Нөгөө талаас, Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх заалтын зохицуулалт нь “талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан” бол хэлцлийг бичгээр хийсэн гэж үзэх юм.

Дээрх байдлаас харвал анхан шатны шүүхийн хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлж, Иргэний хуулийн дээр дурдсан зохицуулалтыг хэрэглэлгүйгээр шийдвэрийн Үндэслэх хэсэгт “гэрээний хугацааг сунгаагүй байх тул...”, “сунгасан хугацаанд хүүгийн төлбөрийн нөхцлийн талаар бичгээр тохиролцоогүй...” гэж тус тус буруу дүгнэсэн. Тийм ч учраас анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж үзэх боломжгүй.

Иймд шийдвэрт нэхэмжлэлийг бүхэлд нь хангах тухай өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 291 766 667 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Зоригтсайханд холбогдуулан нэхэмжлэгч Х.Бямбадорж гаргасныг хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрч, 52 500 000 төгрөг төлөхийг зөвшөөрнө гэж маргасан байна.

 

Хариуцагч нь 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 60 000 000 төгрөгийг, 2012 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 20 000 000 төгрөгийг тус тус 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй нэхэмжлэгчээс зээлж, зээлийн гэрээ байгуулагдсан ба төлбөр төлөх хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцон алданги төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгүүдэд заасан Зээлийн гэрээ, анзын хэмжээний зохицуулалттай тус тус нийцсэн байх тул нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй юм.

 

Хариуцагч нь 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний төлбөрт 46 000 000 төгрөг, 2012 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн гэрээний төлбөрт 11 000 000 төгрөг, нийт 57 000 000 төгрөгийг төлсөн талаар зохигчид маргаагүй тул шүүх 2011 оны Зээлийн гэрээний төлбөрөөс 3 сарын хүү 9 000 000 төгрөг, үндсэн зээлээс 37 000 000 төгрөгийг хасч, үлдэх зээлийн төлбөр 23 000 000 төгрөгт, 11 500 000 төгрөгийн алданги тооцож, бүгд 34 500 000 төгрөг, 2012 оны Зээлийн гэрээний төлбөрөөс 3 сарын хүү 3 000 000 төгрөг, үндсэн зээлээс 8 000 000 төгрөгийг хасч, үлдэх зээлийн төлбөр 12 000 000 төгрөгт, 6 000 000 төгрөгийн алданги тооцож, бүгд 18 000 000 төгрөг, нийт 52 500 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь үүрэг гүйцэтгэх дарааллыг зохицуулсан Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт нийцжээ.

 

Нэхэмжлэгч зээлийн гэрээний хугацааг сунгасан гэж маргаж, талуудын хооронд төлбөрийн тооцоо нийлсэн талаарх 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн баримтыг үндэслэл болгосныг шүүх гэрээний хугацааг сунгасанд тооцохгүй гэж үнэлсэнийг буруутгах боломжгүй байна. Учир нь уг баримтанд хариуцагчийн нэхэмжлэгчид төлсөн дээрх 57 000 000 төгрөгийг зээлээс хэрхэн хасч, үлдэгдэл хэдэн төгрөгийн зээлийг хэдий хугацаанд төлөхөөр тохиролцсон нь тодорхойгүй байна.  

Иймээс нэхэмжлэгч бичгээр байгуулсан зээлийн гэрээний хугацаа дууссан өдөр буюу эхний гэрээний хувьд 2012 оны 02 дугаар сарын 21-ний өдөр, сүүлийн гэрээний хувьд 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс хойш хариуцагчаас хүү шаардах эрхгүй гэж шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дахь хэсгийг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамирын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулж, шийдвэрт өөрчлөлт оруулуулахыг хүссэн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2016/05627 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамирын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 354 330 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ц.ИЧИНХОРЛОО

 

                                          ШҮҮГЧИД                              Н.БАТЗОРИГ     

 

                                                    С.ЭНХТӨР