Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 76

 

Ц.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                              Я.Туул

Шүүгчид                                           Б.Манлайбаатар

                                                         Ц.Амаржаргал

Прокурор                                         А.Оргилбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 797 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн улсын яллагчийн эсэргүүцлээр Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц-ийн Б-д холбогдох эрүүгийн 1718001780109 тоот, 1 хавтас хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б- овогт Ц-ийн Б-, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, Үүнд:

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 97 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, ********** регистрийн дугаартай.

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Ц.Б- нь 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Дархан- Уул аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутаг Хар морьтын хөтөл гэх газрын орон нутгийн зам дээр 2832 ДАР улсын дугаартай Хьюндай Соната-7 маркийн тээврийн хэрэгслийг жолоодох үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.3, 10 дугаар зүйлийн 10.1-т заасныг зөрчиж улсын дугааргүй Ямаха загварын мотоциклыг мөргөж Э.Б-, М.М- нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцээд 797 дугаартай  шүүгчийн захирамжаар:

Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.Б-д холбогдох эрүүгийн 17180017800109 дугаартай хэргийг прокурорт буцааж,

Хэрэг Прокурорын газар очтол шүүгдэгч Ц.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр… тус тус заажээ.

Прокурор А.Оргилбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ:

“...Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Ц.Болор-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгаж 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцээд шүүх хуралдаанд прокурорын торгуулийн ялын хэмжээг шүүгдэгч хүлээн зөвшөөрөөгүй, прокурор шүүх хуралдаанд “ямар ял оногдуулах нь шүүхийн эрх хэмжээний асуудал” гэж тайлбарлаж байгаа хэдий ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-т “шүүх шүүгдэгчийн гэм буруутай гэж үзвэл прокурорын санапыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана гэж заасан. Тиймээс прокурорын торгох ялын санал оруулсан байхад шүүх өөр төрлийн ял оногдуулах нь зохимжгүй байхаар харагдаж байна. Иймд шүүгдэгч Ц.Б-д холбогдох эрүүгийн 1718001780109 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжгүй байх тул гэсэн дүгнэлт хийж 797 тоот шүүгчийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2, 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хэргийг прокурорт буцаасан шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүхийн 797 дугаартай шүүгчийн захирамж нь дараах үндэслэлүүдээр үгүйсгэгдэжбайна. Үүнд:

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 17 дугаар бүлэг нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхдээ энэ бүлэгт заасан журмын дагуу шийдвэрлэхээр хуульчилж өгсөн болох нь харагдаж байна. Тус бүлэг нь дотроо хоёр өөр төрлийн журмыг агуулсан байх бөгөөд шүүгчийн шийдвэр гаргасан дээрх тохиолдол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан 16 төрлийн хэргийг яллагдагч нь хүсэлт гаргасан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокуророос хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тапаар зөвшилцсөн /зөвшөөрсөн/ эсэхээс үл хамааран зөвхөн 17.5 дугаар зүйлд заасан журмын дагуу хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, прокурор хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар бичсэн ялын саналаа яллагдагчид танилцуулж, гарын үсэг зуруулан шүүхэд шилжүүлж шүүх хэргийг хүлээн авснаас хойш 72 цагийн дотор хянан шийдвэрлэж шүүхээс хоёр төрлийн тогтоол /цагаатгах, шийтгэх/ гарахаар хуульчилсан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвзрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан 16 төрлийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан журмаар шийдвэрлэхгүй болох нь харагдана. /Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хэргийг шийдвэрлэхэд 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан үндэслэлээр прокурорт буцааж шийдвэрлэх үндэслэлгүй учир нь 17.5 дугаар зүйл нь хэрэг хянан шийдвэрлэх процессоо бүрэн агуулсан байна/

Гэтэл шүүгч дээрх хэргийг прокурорт буцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон гэж уншиж сонсгосон атал прокурорт гардуулсан захирамжийн удирдпага болгосон хуулийн зүйл, хэсгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2, 1.3 дахь хэсгийг удирдпага болгон гэж бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т заасны дагуу шүүгчийн захирамжийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдсон гэж дүгнэж байна.

-Шүүгчийн захирамжид Ц.Б-д холбогдох 1718001780109 дугаартай хэргийн дугаарыг 17180017800109 гэж буруу бичигдсэн байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан шаардлагыг хангаагүй байна.

-Шүүгчийн захирамжийн хэргийг прокурорт буцаахдаа удирдлага болгосон хуулийн зүйл хэсэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2, 1.3-т заасныг гэсэн нь хуульд байхгүй зүйл, хэсгийг удирдлага болгосон байна. Зүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3-т заасныг удирдлага болгон гэж бичих байсан.

Дээрх үндэслэлүүдээр 798 тоот шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 1.8-д зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгчийн хэргийг прокурорт буцаах болсон үндэслэлүүдийг тус бүрээр нь няцаахад тус тус захирамжийн 1 дэх заалтанд: Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тогтоолыг мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу үйлдээгүй. Гэсэн атал тус хуулийн аль зүйл заалтад заасан үндэслэл журмыг баримтлаагүй болохыг хуулийн зүйл хэсгийг бичиж өгөөгүй. Уг тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар бүлэгг заасан үндэслэл журмын дагуу бичигдсэн бөгөөд уг тогтоолд гэмт хэргийн шинжтэй гомдлын дугаар бичигдээгүй техникийн алдаа гарсан байна. /Шинжээч томилсон тогтоолыг Эрүүгийн хэрэг үүсгэхээс өмнө буюу гэмт хэргийн шинжтэй гомдлоор бүртгэлд хүлээн авч мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Гэрэлцогт 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр шинжээч томилсон тогтоолыг үйлдсэн байх тул тогтоолд эрүүгийн хэргийн дугаар, зүйл анги бичигдэх боломжгүй юм./

2 дахь заалт. Шүүгдэгч Ц.Б- нь хэрэгт холбогдох үедээ хувиараа хөдөлмөр эрхэлдэг байсан болон банкны харилцах болон хадгаламжийн данстай эсэх болон хувьд ногдох хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагааг нэг бүрчлэн авч хавтаст хэрэгт хавсаргасан бөгөөд, Ц.Б- нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад сарын орлогоо тодорхойлох боломжгүй талаар мэдүүлсэн болно.

3 дахь заалт: Шүүгч энэ заалтанд хуулиас үг хасаж иш татсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг нь хасалт хийгдээгүй тохиолдолд ингэж уншигдахаар байна. “Прокурор хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар бичсэн саналаа яллагдагч, хүсэлт гаргасан хохирогчид даруй танилцуулж, гарын үсэг зуруулна.”

Хуулийн дээрх заалтын хувьд хохирогч нь хүсэлт гаргасан тохиолдолд оногдуулах ялын саналаа прокурор танилцуулах бөгөөд яллагдагчтай ял зөвшилцөх, зөвшөөрөх, эсэх асуудлыг огт хөндөөгүй бөгөөд харин оногдуулах ялын талаар заавал танилцуулна гэж ойлгох нь зүйтэй байна.

4 дэх заалт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг иш татсан бөгөөд прокурор эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолын тогтоох хэсгийн 4-т мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Гэрэлцогтод даалгасан байх бөгөөд мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлд заасан журмыг баримтлан сэжигтнийг дуудан ирүүлнэ гэжээ. Тухайн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч нь гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, шинжээч, яллагдагчийг мэдүүлэг авах, шийдвэр танилцуулах, мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулахаар дуудан ирүүлж болно. Мөрдөгчийн дуудсанаар хүрэлцэн ирээгүй нь албадлага хэрэглэх, хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй” гэсэн зохицуулалт байх болохоос яаж дуудан ирүүлсэн тухай хавтаст хэрэгт тэмдэглэл үйлдэн хавсаргана гэсэн ойлголт биш юм. Харин мөрдөгчийн дуудсанаар хүрэлцэн ирээгүй тохиолдолд прокурорын мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлнэ, хэрэв ирээгүй тохиолдолд прокуророос албадан ирүүлэх тухай саналыг шүүхэд хүргүүлнэ гэсэн хуулийн зохицуулалттай байна.

Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргрийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 797 дугаартай хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан үндэслэлээр хүчингүй болгуулж хэргийг дахин хэпэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Прокурор А.Оргилбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

“Эсэргүүцлээ дэмжиж байна... Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүхэд буцаах саналтай байна” гэв.

Тодорхойлох нь:

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Ц.Болор-Эрдэнийг 2017 оны 09 сарын 11-ний өдөр Дархан-Уул аймгийн Орхон сумын 2-р багийн нутаг “Хар морьтын хөтөл” гэх газрын орон нутгийн зам дээр 2832 ДАР улсын дугаартай “Хьюндай Соната-7” маркийн тээврийн хэрэгслийг жолоодох үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.3, 10 дугаар зүйлийн 10.1-т заасныг зөрчиж улсын дугааргүй “Ямаха” загварын мотоциклийг мөргөж Э.Б-, М.М- нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүх хэргийг хүлээн авч хянан хэлэлцээд “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамж гаргажээ.

Энэхүү захирамжийг эс зөвшөөрч бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн  хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар шинжлэн судлахад анхан шатны шүүх хуралдаанаас хэргийг буцаахдаа ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон... гэж уншиж сонсгосон атал хэрэгт бүрэн эхээр үйлдэгдэж хавсаргагдсан болон прокурорт гардуулагдсан захирамжийн удирдлага болгосон хуулийн зүйл, хэсгийг ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2, 1.3-т заасныг удирдлага болгон... гэж захирамжийн тогтоох хэсгээс зөрүүтэйгээр бичсэн нь анхан шатны шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгээр нотлогдож байх ба энэ хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл болон 17.5 дугаар зүйлийг зөрүүтэй ойлгож буруу тайлбарлаж, захирамжийн тодорхойлох хэсэгт дүгнэлт хийсэн байгааг тэмдэглэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Анхан шатны шүүх захирамжиндаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтыг 33.3 дугаар зүйлийн 1.2, 1.3 гэж хуулийн үг, тоог дутуу бичсэнийг дурдах нь зүйтэй.

Энэ талаар бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл үндэслэлтэй.

Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 797 дугаартай  “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 797 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шүүгдэгч Ц.Б-д холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай. 

2. Хэргийг шүүхэд очтол шүүгдэгч Ц.Б-д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

  

 

                                                    ДАРГАЛАГЧ                                        Я.ТУУЛ

                                                    ШҮҮГЧИД                                            Б.МАНЛАЙБААТАР

                                                                                                                 Ц.АМАРЖАРГАЛ