| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бухарзадагийн Володя |
| Хэргийн индекс | 172/2020/0083/Э |
| Дугаар | 86 |
| Огноо | 2020-06-08 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ц.Ариунжаргал |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 86
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,
Улсын яллагч: Ц.Ариунжаргал,
Шүүгдэгч: Р.М,
Нарийн бичгийн дарга: Г.Анужин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Р.М-д холбогдох 2028000000086 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, эрэгтэй, 39 настай, дээд боловсролтой, маркетинг үйлдвэрийн менежер мэргэжилтэй, “Бай шун да” ХХК-д нүүрс тээврийн жолооч ажилтай,
Шүүгдэгч Р.М нь 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төв Урт баг 2-13 тоот хашаанд Ж.Э-ыг түлхэж унаган эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Р.М-ийн яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгч Р.М шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ үнэн зөв өгсөн учир нэмж мэдүүлэх зүйл байхгүй гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 17 цагийн үед Мөнх-Эрдэнэ манайд тал шил архитай ирсэн. Би тэр архинаас нь 2-3 удаа л уусан байх. М өөрөө л архиа уусан. Эхнэр Одончимэг нь ирээд гэр рүүгээ авч явна гэсэн. Тэгээд гэрийн гадна эхнэртэйгээ юм булаацалдаж муудалцаад байх шиг болсон. Би салгах гээд дундуур нь орж боль гэхэд М хойшоо бай гээд түлхэж унагаасан. Тэгээд би босох гэсэн чинь босч чадахгүй, дуугарч чадахгүй байсан. Манай ач, зээ нар дуудлага өгсөн. Эмнэлэгт үзүүлэхэд миний хавирга хугарсан гэсэн. М нь эмчилгээний зардалд 150,000 төгрөг бэлнээр өгсөн. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 7-8 дугаар хуудас/
Гэрч Т.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр гэртээ нөхрийн хамт байхад манай нөхөртэй уулзах гэж Зоригтбаатар ирээд нөхөртэй чинь архи ууя гээд 2 шил архи уусан. Тэр хүн согтчихоор нь би гэрт нь хүргэж өгчихөөд буцаад гэртээ иртэл манай нөхөр байхгүй байсан. Би хайгаад Эрдэнэбат эгчийн гэрт очиход манай нөхөр ууж байсан. Би нөхрийгөө нилээд их согтсон байхаар нь аваад явах гэхэд нутгийнхаа эгчтэйгээ юм яриад сууж байна жоохон байж байгаад явмаар байна гэсэн. Би нөхрөөсөө түлхүүр авах гээд ноцолдож байхад Э эгч бид хоёрыг зодолдож байна гэж бодоод дундуур ороход манай нөхөр цааш нь түлхэж унагаасан. /хх-ийн 11 дүгээр хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 306 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Ж.Э-ын биед зүүн талын VI, VII хавирганы хугарал гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх заалтаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна./хх-ийн 13 дугаар хуудас/
Шүүгдэгч Р.М мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Э эгчээс тамхи авах гэж тал шил архитай очоод Э эгчтэй архи хувааж уусан. Гэрийнх нь гадаа сууж байхад манай эхнэр надаас гэрийн түлхүүр авах гэж ирсэн байсан. Тухайн үед би архи уугаад нилээд их согтсон байсан. Тэгээд эхнэртэй маргалдаж түлхүүр булаацалдахад Э эгч манай эхнэр бид хоёрыг салгах гэж дундуур ороход би Э эгчийг цаашаа бай гэж түлхэхэд эгч цаашаа газар унасан. Унахдаа л хавиргаа гэмтээсэн байхаа сайн мэдэхгүй байна. Намайг тэнд байж байхад эмнэлгийн машин ирчихсэн. Дараа нь цагдаа ирсэн. /хх-ийн 19-20 дугаар хуудас/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04 дүгээр хуудас/
Ж.Эрдэнэбатын амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-ийн 40-р хуудас/
Иргэдэд үйлчлэх автомат машины лавлагаа тодорхойлолт өгөх нэгдсэн маягт 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн тодорхойлолт /хх-ийн 28 дугаар хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Р.М-д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Р.М нь 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төв Урт баг 2-13 тоот хашаанд Ж.Э-ыг түлхэж унаган эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас Ж.Э-ын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан болох нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч Ж.Э-ын “...М намайг хойшоо бай гээд түлхэж унагаасан. Би босох гэсэн чинь босч чадахгүй, дуугарч чадахгүй байсан...” гэх, гэрч Т.Одончимэгийн “...Эрдэнэбат эгч бид хоёрыг зодолдож байна гэж бодоод дундуур ороход нь манай нөхөр цааш нь түлхэж унагаасан...” гэх мэдүүлгүүд болон Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 306 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Ж.Э-ын биед зүүн талын VI, VII хавирганы хугарал гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх заалтаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэснээр тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ж.Э-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учирсан боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Миний эмчилгээний зардалд 150,000 төгрөг өгсөн. Надад одоо гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Р.М бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Р.М-ийн хувийн байдлын хувьд урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд “Бүртгэгдээгүй” /хх-ийн 32-р хуудас/ гэснээр нотлогджээ.
Шүүгдэгч Р.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болох нь жолоочийн согтууруулах ундаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлд 4,55 хувийн согтолттой байсан /хх-ийн 37-38-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэх үндэслэлээр хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Р.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Ж.Эгэм буруутай этгээдээс энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол төлбөрт 150,000 төгрөг хүлээн авсан ба хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагааны үед илэрхийлсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялын санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч нь улсын яллагчийн санал болгосончлон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.М-д 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгч Р.М нь шүүхээс оногдуулсан 700,000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч Р.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Ж.Э-д 150,000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.М урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний хүсэлтийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд өмгөөлөгч оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Р.М-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.М-д 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Шүүгдэгч Р.М нь шүүхээс оногдуулсан 700,000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ж.Э 150,000 төгрөгийн хохирол төлсөн, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ВОЛОДЯ