Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2020/ШЦТ/32

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Х

Улсын яллагч Б.О-Э

Шүүгдэгчийг өмгөөлөгч Т.Э

Шүүгдэгч Н.А нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Ад холбогдох эрүүгийн 1925007570475 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

  1. Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

  1. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Н.А нь 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэн булаг багийн 4-18-80 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Л.Бийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Аыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.А мэдүүлэхдээ “гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна” гэв.

 

Хохирогч Л.Б “Шүүх хуралдаанд оролцохгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Л.Бийн ...“Би тэрэнд чи дандаа эхийг минь элдвээр хэлж байх юм аа, ямар төвөгтэй юм бэ, явж унтаач ээ гээд түлхэхэд Н.А газар байсан жижиг хуванцар сандлыг тавцан хэсгээс бариад над руу далайгаад цохих гэтэл би гараараа толгойгоо хаагаад түлхсэн чинь сандлын хөл нь Н.Аы хөмсөг хэсгийг цохичихсон. Тэгээд хөмсөгнөөс нь нэлээн их цус гарсан чинь галзууртлаа уурлаад пизда чинь намайг цохичихлоо, чи муу ямар даварсан хүүхэн бэ, чамайг ингэх тусам чинь ална шүү гээд түшлэгтэй модон сандал өргөөд далайхад би гараараа толгойгоо хаагаад түлхсэн чинь түшлэг хэсэг нь миний хамар луу цохисон. Тэгээд миний хамар хугарсан. Миний хамар хавдсан. Тухайн үед миний нүд эрээлжпээд хэсэг доошоо тонгойгоод суусан. Н.А миний хамар луу модон түшлэгтэй сандлаар цохисон. Миний хамрын яс хугарсан. Мөн 2019 оны 09 сарын 29-ны өдөр Н.А гэртээ 22 цаг өнгөрч байхад гэртээ согтуу орж ирээд намайг элдэв үгээр хэлж доромжилж, нүүрэн тус газар 1 удаа алгадсан. Тэгэхээр нь би 00 өрөө рүү 2 хүүхдээ дагуулаад орж нуугдсан. Тэр үедээ би гар утас дээрээ бичлэг хийсэн. Тухайн бичлэг дээр Н.А эгчтэйгээ утсаар ярих үедээ намайг элдэв үгээр харааж доромжилж, хаалга нүдэж байгаа нь сайн сонсогдоно. Өмнө Н.А намайг зодож байсан ч тухайн үед би цагдаад хандаж байгаагүй. Хүмүүсээс нуудаг байсан. 2015 оноос Н.А ийм байдлыг давтан олон удаа гаргаж байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/

2. Хохирогч Л.Бийн ...“2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Н.А нэлээн согтуу орж ирээд над руу дайрч хэл амаар доромжилж, чанга, чанга хашгичаад байсан. Тэр дуунаар хүүхдүүд сэрээд уйлсан. Тэгэхээр нь би хүүхэд айлгаад, чи ямар төвөгтэй юм бэ, согтуу орж ирээд хүүхдүүд айлгаад байна, тэр ууж идсэн газраа л ийм байдлаа гарга гэж хэлтэл миний нүүрэн тус газар луу 1 удаа алгадаад хаана ууж идэхээ чамаар заалгахгүй гэсэн. Тэгэхээр нь би тайван байх нөхцөлгүй байсан болохоор 2 хүүхдээ аваад нойлын өрөөнд ороод дотроосоо түгжсэн. Бид нар Н.Аы ахыг манайд иртэл 20-30 минут болсон. Хөдөө яваагүй гэртээ байх үедээ сардаа 2-3 удаа архи уусан согтуу орж ирсэн үедээ 2 хүүхэд бид гуравыг шөнө унтуулахгүй хэрүүл маргаан хийж хонодог. Заримдаа маргааш өглөө нь хүүхдүүд сургууль цэцэрлэгтээ нойргүй явдаг. Би жижүүрт гараад буусан үе эсвэл маргааш жижүүртэй бол маш их ядардаг. 2015 оноос хойш Н.А ийм байдлыг давтан олон удаа гаргаж байна. Хэрүүл маргаанаас туйлын ихээр залгаж байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/

3. Хохирогч Л.Бийн ...“2015 оны 11 сарын 21-нд бага хүү Маргад-Эрдэнийг төрүүлээд удаагүй гаран 20 гаран хоногтой байхад Н.А боорцог хайрна гээд худгаас ус авахаар яваад хэсэг хугацааны дараа нэлээн согтуу орж ирсэн. Тэр хооронд би бага хүүхэд шөнөжин унтахгүй уйлаад байхаар нь хороололд бариач хүн дээр очоод хүүхдээ бариулчихаад гэртээ иртэл Н.А гуриландаа исгэгч хийлгүй гурил зуураад нэлээн согтуу сууж байхаар нь би гуриландаа исгэгч хийлгээгүй байна, бас би төрөөд нялх биетэй байгаа болохоор боорцог хайрч хиншүү хярвас гаргаж болохгүй ш дээ гэж хэлэхэд Н.А уурлаад миний толгой руу цохиод, намайг үсдэж газар чирээд элэг бөөр лүү 2-3 удаа гараараа цохиод миний нүүр рүү гараараа алгадаж цохиод байхаар нь би туслаарай гээд орилоход манай хашаанд байсан Н.Аы ах Алтанхуягийн эхнэр Янжинсүрэн орж ирээд намайг салгасан. Тэгээд Н.Аы эгч Атарцэцэгийг дуудсан чинь тэр хооронд Н.А гэрийнхээ цонх руу хоолны халуун сав шидээд цонх хагалсан. Намайг байнга элдэв зүй бус үгээр хэлж доромжилдог. Жирэмсэн эхнэрээ хэлэх хэлэхгүй муу муухай үгээр хашгичиж харьцана. Гартаа юу ч барьсан хамаагүй над руу шиддэг. Аяга таваг, сандал, төмөр, тавилга гэх мэт гарт таарсан юу хамаагүй авч шиддэг. Би уусан үед нь аль болох жижиг сажиг эд зүйлсээ авч нуудаг. Надтай суугаад идэж уусан хоолны мөнгөө хүүтэй нь шилжүүл гэх мэтээр байнгын дарамтанд байдаг” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/

4. Гэрч Л.О-лын ...“Аав, ээж бид гурав яваад ороход Н.А “наад пиздаагаа аваад зайл, архичин бутач хүүхнээ аваад зайл” гэх мэтээр доромжилсон. Цагдаагаа дуудахгүй юу, намайг чадах юм бол шоронд оруулах гээд үз, би орохгүй л байхгүй юу, намайг ямар өчүүхэн хэргээр ороод ирэв ээ гээд цагдаа нар намайг гаргана, малтай мөнгөтэй хүн гараад ирчихнэ, инээд хүрчихлээ” гэж хэлээд байсан. Эгч Л.Бийн хамар хавдсан, эгч уйлаад сууж байсан. Гэр бүл болсноосоо хойш удаа дараа ийм асуудал болж байна. Тэр болгонд нь дандаа ээж бид хоёр очиж эгчийг авдаг байсан. Эгчийн том хүүхэд 2 настай байхад хэрэлдэж муудалцаад аав очитол аавыг Н.А заамдаж газар унагааж байсан гэж хэлсэн. Дараа нь эгчийг бага хүүхдээ тээж байхад гарыг нь мушгиад гар хөлийг нь хөхөртөл цохисон байсан. Энэ үйл явдал 2 жилийн өмнө болсон асуудал. Дараа нь удалгүй Н.А эгч Л.Бийг хардаад хэрүүл маргаан үүсгээд эгч миний ажил дээр уйлаад ирсэн. Тэгээд ээж юу болов яав гээд гэрт нь очиход Н.А ээжийг “энийгээ аваад зайл” гэж салаавч өгөөд байсан гэсэн. 2019 оны 6 сард Н.А эгч Л.Бийг зодоод цагдаад шалгагдаад шүүхээр ял шийтгэл авсан. Саяхан 10 дугаар сарын эхэнд эгч Л.Б надруу залгаад “Н.А согтуу байна, би нойлын өрөөнд 2 хүүхэдтэйгээ байна “ гэхээр нь би яваад очих уу гэж асуутал Н.Аы ахыг нь дуудчихсан байгаа болохоор ирээд хэрэггүй гэж байсан. 2-3 сарын хугацаатай хөдөө мал маллаж байгаад ирэх тоолондоо архи уучихдаг. Уухаараа 2 хоног архи уудаг. Гэртээ ирээд 7-10 гаран хоног байж байгаад явчихдаг. Н.А нь архи уух тоолондоо гэртээ агсан тавих хандлагатай. Ирэхээрээ эгчтэй хэрүүл өдөөд байдаг” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

 

5. Гэрч Б.С-гийн...“Охин Л.Б хамар руугаа модон сандлаар цохиулчихлаа гээд хамар нь хавдчихсан, цус гарчихсан сууж байсан. Н.Аы хөмсөгний хэсэгт нь жаахан цус гарчихсан. Чиний охин намайг ийм болгосон гээд над руу дайраад “пизда гичий авгай энэ янхан охиноо хар” гээд над руу салаавч гаргаад байсан. Тэрнээс хойш манай охиныг гомдолгүй гэж цагдаад хэл гэж одоог хүртэл дарамтлаад байгаа. Бага хүүхдээ гэдсэнд жирэмсэн байхад нүүр нүдийг нь таглаад, гар хөлийг нь мушгиад хөхрөөсөн байсан. Өмнө нь маш олон удаа ийм асуудал үүсгэж байсан. Тэр болгоныг бид нар өнгөрөөж байсан” гэсэн мэдүүлэг /хх- ийн 24-26 дугаар хуудас/

 

6. Гэрч С.Я-гийн ... “уухаараа эхнэрээ цохиод авах, зодож цохих үе байсан. Намайг гэрт нь яваад ороход зодсон байсан. Эхнэр нь зодуулаад уйлсан байсан. Би хүүхдийг нь аваад гарсан. Бас сандлаа авч шидсэн байсан. Н.А “ална тална, пизда” гэх мэтээр эхнэрээ элдвээр доромжилдог. Н.А эгчийгээ ороод ирэхээр нам болчихдог, гэмгүй хүн шиг л байдаг” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/

 

7. Гэрч Н.Н-ын ...“2017 оны үед байх Л.Б, Н.А хоёр маргалдаад Л.Б аавынхаа гэр рүү явсан байсан. Тэр үед би Л.Бийн аавынд очиж эцэг эхтэй нь уулзсан. 2019 оны 9 дүгээр сарын 29- ний шөнө 01 цагийн үед Л.Б над руу залгаад Н.А архи уугаад агсан тавиад байна, би хоёр хүүхэдтэйгээ нойлын өрөөнд ороод тань руу залгаж байна гэж хэлсэн. Би тэр даруй Н.Аы гэрт яваад ортол Н.А согтуу байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/

 

8. Гэрч Б.Л-гийн ... “Н.А надад 10 000 төгрөг өгч та дэлгүүр ороод нэг тамхи, нэг пиво аваад ирээч гээд би авчирч өгсөн. Тэгээд аавтайгаа цуг уунаа гээд надад нэг хийж өгсөн, найзтайгаа утсаар яриад ганц юм аваад ирээч гээд гараад явсан. Эргэж орж ирэхдээ бүр их согтуу орж ирсэн. Аав нөгөө пиво хаана байна гэсэн. Би одоо их согтсон байна унт гэхээр үгэнд орохгүй байсан. Тэгээд эхнэр 2 охин буцаж ирээд гэрлүүгээ явсан. Гэрээс гараад нэг байр өнгөрөөд явж байтал охин надруу утасдаад намайг зодоод хамар чихчихлээ гэсэн. Тэгээд бид 3 эргэж ортол охины хамар мурийсан байсан. Манай гэр булийн хүн архи уух болгондоо яахаараа нэгнийгээ зоддог юм бэ гэж хэлсэн. Н.А хуцаад бай пизда минь энэ мангар хүүхнээ аваад зайл, хүүхэн чинь намайг зодчихлоо гэсэн. Цагдаа дуудаад өгчий гэсэн чинь Н.А дууд дууд, би очоод инээгээд гараад ирнэ гэсэн. Архи уух болгондоо зодож, цохиж байдаг” гэсэн мэдүүлэг /хх-ийн 125-126 дугаар хуудас/

 

9. Гэрч Э.Ц-гийн ... “Тэр өдөр хичээлээ ойлгохгүй юм бодоод байгаа юм шиг байсан. Би юу болсон талаар асуухад урьд өдөр нь маш орой унтсан гэж байсан. Тэгээд би хамт ажилладаг Аюушжав багшаас асуухад гэр бүлд нь асуудалтай байгаа гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 127 дугаар хуудас/

 

8. Гэрч Ц.А-вын:“...Би Гэгээн-Эрдэний өдөр өнжүүлэхийн багш. Гэгээн-Эрдэнэ юм бодоод байгаа юм шиг байдаг. Гэхдээ гэрт болсон асуудлын талаар ярихгүй. Асуухаар аав архи ууж ирсэн, ээж уурласан гэж хэлдэг” гэсэн мэдүүлэг /хх-ийн 128-129 дүгээр хуудас/

 

9. Гэрч Д.О-гийн ... “Энэ оны 6 дугаар сарын сүүлээр санагдаж байна. Орой 22-23 цагийн хооронд намайг гэртээ байхад манай хаалгыг хүмүүс биеэрээ түлхээд налаад байх шиг байсан. Тэгэхээр нь би хаалга онгойлгоод хартал 80 тоотын эхнэр нөхөр хоёр өөр бас нэг эрэгтэй хүнтэй хамт хоорондоо маргалдаад нөхөр нь нөгөө эрэгтэй хүнтэй барьцалдаад ноцолдоод манай хаалгыг түлхээд байхаар нь би “ хөөе болиоч ээ” гэж хэлээд эргэж гэртээ ороод цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 130 дугаар хуудас/

 

10. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 696 дугаартай ...“Л.Бийн биед хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн, нэг удаагийн үйлчлэлээр, нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байхаар шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэсэн дүгнэлт /хх-ийн 34 дүгээр хуудас/

 

11. Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ тогтоосон баримт /хх-ийн 73-79 дүгээр хуудас/,

 

12. Дүрс бичлэгийн хуурцагт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 83-84-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэргийг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Б.О-Э дүгнэлтдээ “Шүүгдэгч Н.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэр бүлийн харилцаа бүхий эхнэр Л.Бийг зодож хөнгөн гэмтэл учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдож тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна. Иймд шүүгдэгч Н.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт авагдсан сидиг хэрэгт хадгалах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Э дүгнэлтдээ “Гэм буруу, зүйлчлэлийн талаар маргахгүй. Гэхдээ дараах тайлбарыг хийе. Байнгын хүчирхийлэл үйлддэг мэтээр гэрчүүд мэдүүлэг өгсөн байдаг. Миний бие үнэхээр хүчирхийлэл үйлддэг бол хөндлөнгийн гэрчүүдээс тодруулаад өгөөч гэсэн хүсэлтээр асуусан байдаг. Аав Лхагвасүрэн, Самбуухүү, төрсөн дүү Отгонжаргал, Аюушжав гэх нэг гэр бүлийн хамаарал бүхий гэрчүүд мэдүүлэг өгсөн. Хамааралгүй хүн гэх Одгэрэл, 4-18-79 тоотод IQ сургалтын төв, Өдөр өнжүүлэхийн багш нар байнга зодоон хийгээд байдаггүй гэдэг. Хоёр биенд нь хоёуланд нь гэмтэл учирсан. Н.Аы хөмсгөнд хоёр оёдол тавиулсан. 2015, 2016, 2017 онуудад гэр бүлийн хүчирхийлэл үйлдэл хийгээгүй. Хийсэн зүйл харагддаггүй. Торгох ял дээр маргахгүй. Ялын хэмжээ 1 500 000 төгрөгийг зөвшөөрөхгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял хүндрүүлэх нөхцөл тогтоогдохгүй. Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн зүй бус үйлдэл байсан. Хохирогч сандлаар цохиод цаашлах байх гэхэд цаашлаагүй өөрөөсөө түлхэж сандал мөргөж унасан. Нэг удаагийн үйлдлээр гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байгаа тул 700 нэгжээр торгох ял оногдуулж өгнө үү” гэв.

 

            Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Л.Бийн мэдүүлэг, гэрч Л.О, Б.С, С.Я, Н.Наранбаатар, Б.Л, Э.Ц, Ц.А, Д.О нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 696 тоот дүгнэлт, Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ тогтоосон баримт, Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Н.А нь 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэн булаг багийн 4-18-80 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Л.Бийг зодож, хамрын ясыг нь хугалж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч Н.Аы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Аыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй.

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

            Н.Аы үйлдлийн улмаас хохирогч Л.Бийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Булган овогт Н.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Аыг 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ад оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагийн хугацаагаар тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС