Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 2020/ШЦТ/35

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А

Улсын яллагч Л.О

Шүүгдэгч Л.Л нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Лид холбогдох эрүүгийн 1925007520461 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

  1. Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

 

  1. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Л.Л нь 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн Баруун дэнжийн 5-3 тоотод согтуугаар Б.Х-Этэй маргалдан Б.Х-Э-ий хэвлийн тус газарт хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Л нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Л мэдүүлэхдээ “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Хохирогч Б.Х-Э “Шүүх хуралдаанд оролцохгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг. /хх-ийн 3-5-р хуудас/

 

2. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг. /хх-ийн 8-9-р хуудас/

 

3. Хохирогч Б.Х-Э-ийн ...“2019 оны 10 сарын 13-ны өдөр би гэртээ байж байтал манай найзууд болох У, А, Г нар намайг дуудаад би гэрээсээ гарч ирээд байж байтал мөн манай найз Л.Л 7 дугаар сургуулийн урд байна гэхээр нь бид 4 очиж Л.Лтой уулзаад гэрт нь очиж 1 шил архи 3 ширхэг 2.5 литрийн пивийг тавуулаа хувааж уусан. Улмаар дахиж дэлгүүр гарч 2 ширхэг 2.5 литрийн пиво уусан. Би явлаа гэж Гэлэгравдантай хамт гарч тамхи татчихаад ороод иртэл Ууганбаяр, О.Л.Л нар муудалцаад хоорондоо зодолдох гээд байсан. Тэгэхээр нь би салгасан чинь мөн О.Л.Л над руу дайраад байхаар нь Л.Лийг гэрт үлдээчихээд намайг Гэлэгравдан намайг гэрээс аваад гарсан. Тэгсэн чинь Л.Л гэрээсээ хутга аваад гараад ирсэн. Тэгэхээр нь би Л.Лоос хашаан дотор зугтаагаад хашаагаар нь гарах гэтэл хашааных нь хаалга түлжээтэй байсан ба би хашааны хаалган дээр очоод онгойлгох гэж байгаад эргээд харсан чинь Л.Л хутга барьчихсан дайраад байсан. Би 2-3 удаа хутгыг нь хаасан. Гэтэл миний хэвлий хэсгийг зүсчихшиг болсон. Би хашааны хаалга онгойлгоод гадаа гараад ирсэн чинь миний хэвлийнээс цус гарч байсан. Гэтэл Л.Л эмнэлэг рүү түргэн дуудаад намайг түргэний машин ирээд эмнэлэг авч явсан. Л.Л надад эмчилгээний зардал 150 000 төгрөг төлсөн надад Л.Лоос нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 1-11, 98-р хуудас/

4. Гэрч Д.А-*нгийн ...“Л-гийн гэрт байж байгаад Л У хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн. Тэгээд Л ,Х бид хоёрлуу дайрч эхэлсэн. Тэгээд Х, Г, У 3 гэрээс гарчихсан гадаа байсан. Тэгээд Л,Х би чамайг алнаа гээд шүүгээн дээр байсан саарал иштэй хутгыг аваад гэрээс гарах гэхээр нь Лхагвааг барьж авах гээд дийлээгүй. Лхагваа гараад явсан. Би араас нь гарахад Хосоо намайг хутгалчихлаа гээд хашгирч байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 13-14-р хуудас/

 

5. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 680 дугаартай ...“Б.Х-Э-ний биед хэвлийн урд хэсэгт хүйсний дор шарх үүсчээ. Уг гэмтэл нь мэс заслын оёдолтой тул ямар хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн болохыг нарийн тогтоох боломжгүй. Нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Шинэ гэмтэл байна. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хх-ийн 21-р хуудас/

 

6. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны нэмэлт шинжээчийн ...“Б.Х-Э-ний биед эмнэлгийн бичиг баримтаар нэмэлтээр гэмтэл тогтоогдсонгүй. Уг гэмтэл нь шинэ гэмтэл байна, учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Гэмтэл нь хурц үзүүр ирмэгтэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гоо сайхан ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Уг гэмтэл нь 2019 оны 10 сарын 13-ны өдөр үүссэн байж болно” гэсэн дүгнэлт. /хх-ийн 93-р хуудас/

 

7. Гэрч Г.Г-ийн ...“Б.Х-Э гэх хүнд үзлэг хийхэд цуллаг эрхтэнд ямар нэгэн өөрчлөлтгүй, баруун бөөр тодорхойлогдохгүй рентген гэрэлд харахад хэвлийн хөндийн эрхтний цоорол болон түгжрэлийн шинж тодорхойлогдоогүй. Хэвлийн шингэн тодорхойлогдоогүй, хэвлийн хөндий нэвтрээгүй байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 91-92-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэргийг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Л.О дүгнэлтдээ “Шүүгдэгч Л.Л нь 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Б.Х-Этэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж хэвлийн тус газар нь хутгаар зүсч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдож байна гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох санал гаргаж байна. Хэргийн хувьд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 төгрөгөөр торгох саналтай байна. Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах саналтай байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна” гэв.

 

            Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Х-Э-ийн мэдүүлэг, гэрч Д.А, Г.Г нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 680 дугаартай дүгнэлт, Орхон аймгийн ШША-ны нэмэлт шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Л.Л нь 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж баг Баруун дэнжийн 5-3 тоотод согтуугаар Б.Х-Этэй маргалдан Б.Хос-Эрдэний хэвлийн тус газарт нь хутгалж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч Л.Лийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Лийг яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй.

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Л.Лийн үйлдлийн улмаас хохирогч Б.Х-Э-ний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 1 ширхэг хуурцагыг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээх нь зүйтэй.

 

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Сартуул овогт Л.Лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Лийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000  /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Лид оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 90 000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Лид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар 1 ширхэг хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж, 1 ширхэг хутгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС