Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 2020/ШЦТ/38

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Х

Улсын яллагч Н.Д

Шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Бт холбогдох эрүүгийн 1925008700509 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

  1. Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

  1. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Т.Б нь 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн 33-04 тоотод эхнэр М.Б.Бг нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Б мэдүүлэхдээ “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хохирогч М.Б.Б “Шүүх хуралдаанд оролцохгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хх-ийн 3-4-р хуудас/

 

2. Хохирогч М.Б.Б-гийн ... “2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр манай нөхөр Т.Б ажлаасаа ирээд даралт ихсээд байна гэхээр нь би 100 грамм татчих, тэгээд гайгүй болох байх гээд архи аваад өгсөн. Авсан архиа хоёулаа хувааж уусан. Би Н.Зоригтбаатар ахын өрөөнд орж нэг шил архи аваад өгөөч гэсэн чинь Н.Зоригтбаатар ах нэг шил 0,75 граммын архи авч өгсөн. Тэрийг Т.Б Н.,З ах бид гурав хувааж уусан. Тэгээд Т.Б бид хоёр маргалдсан. Би архи уухаараа Т.Бийг муухай үгээр их доромжилдог тэгж доромжлоод Т.Б намайг цохисон байх. Нэг мэдэхэд цагдаа нар ирсэн. Би яагаад намайг зодов гэж их бодсон. Бодоод байхад намайг гэртээ байхгүй байсан гэж маргалдаж байснаа санаж байна. Тэгээд хэрүүл зодоон болсон. Би өөрөө л архи ууж энд тэнд тасарч унаж хүнтэй хэрүүл зодоон хийж байгаад гар хөлөө хөхрөөж байсан. Тэрнээс Т.Б намайг зоддоггүй. Би биедээ эмчилгээ хийлгээгүй. Миний биеийн байдал зүгээр, хоёр нүдний хөхөрсөн нь арилж байна. Өөр гэмтэл байхгүй. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Ар гэртээ анхаарал тавьдаггүй архи ууж явдаг нь миний буруу учраас би гомдол саналгүй” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 10-11-р хуудас/

 

3. Гэрч Н.З-ын ...“манай хажуу өрөөг хөлслөн суудаг Т.Б Б.Б нар хоорондоо маргалдаж, архидан согтуурч, миний хэлсэн шаардлагыг авахгүй Т.Б нь М.Б.Бг зодоод болохгүй болохоор нь би цагдаад дуудлага өгсөн. Тэгээд Т.Б Б.Бгийн нүүрэн тус газар нь хөлөөрөө өшиглөөд цохиод байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 6-7-р хуудас/

4. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 793 дугаартай ...“М.Б.Б-гийн биед нүүрэнд зөөлөн эдийн няцрал, нүүр, цээж, нуруунд цус хуралт, дээд доод уруулын дотор салстад шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байхаар байна. Гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Нүүрэнд зөөлөн эдийн няцрал, нүүрний цус хуралт, дээд уруулын дотор салстад шарх нь 2019 оны 12 сарын 02-ноос 03-нд шилжих шөнө үүссэн байх боломжтой. Цээж нуруунд үүссэн цус хуралт нь 3-6 хоногийн өмнө үүссэн байхаар байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 22-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэргийг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Н.Д дүгнэлтдээ “Шүүгдэгч Т.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогддог. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлд шүүгдэгч анхаарч нийгэмд оролцож амьдрах явцдаа урьдчилан сэргийлэх, цаашлаад шүүх хуралдааныг өгөөжтэй байх үүднээс ярих нь зөв. 4 хүүхэдтэй гэр бүл. Нөхөр нь ажил төрөл хийгээд явдаг боловч сүүлийн  үед эхнэртэйгээ хамт архи уудаг болсон гэж мэдүүлсэн байдаг. Гэр бүлийн дотоод асуудал маргааныг хүчирхийллээр шийдэх нь буруу гэдгийг ойлгоод гараасай. Иймд шүүгдэгч Т.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6, 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байхгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450 000 төгрөгөөр торгох, 5.3 дугаар зүйлийн 4,.5 дахь хэсэгт зааснаар торгуулийн ялыг хэсэгчлэн төлүүлэх, хохирогч хохирол нэхэмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд хөрөнгө хураагдаж, битүүмжлэгдээгүй болохыг дурдах нь зүйтэй байна” гэв.

 

            Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч М.Б.Бгийн мэдүүлэг, гэрч Н.Зоригтбаатарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Орхон аймгийн ШША-ны шинжээчийн 793 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Т.Бийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч Т.Б нь 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр согтуугаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн 33-04 тоотод эхнэр М.Б.Бтай маргалдан нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч Т.Бийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Бийг яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй.

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ахай гүн овогт Т Б-гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000  /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бт оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг 9 сарын хугацаанд сар бүр 50 000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС