Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 87

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч: Ц.Ариунжаргал,

Шүүгдэгч: Д.Г,

Нарийн бичгийн дарга: Г.Анужин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х овгийн Дгийн Гад холбогдох 2028000990097 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, эрэгтэй, 56 настай, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 1, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Жаргалант багт  оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Х овгийн Дгийн Г

Шүүгдэгч Д.Г нь 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Жаргалант багийн нутаг дэвсгэрт гэртээ эхнэр М.Утэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Д.Г-ыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүгдэгч Д.Г шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Өөрийнхөө алдсан алдаагаа ойлгож, бүх буруугаа ойлгож байна.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.У мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би Д овогтой Г гэдэг хүнтэй 2015 оноос хойш хамтран амьдарч байсан. Бид дундаасаа 1 хүүхэдтэй, хүүхэд маань 33 настай. Г хамт амьдрах хугацаандаа хааяа муудалцах хэрэлдэх асуудал гарч байсан. 2016 оны 03 дугаар сард багийн хурал болоод тарсны дараа манай Г нөхөр архи уучихсан байсан тэгээд бид муудалцаад хэрэлдэж байгаад чулуугаар миний хөлөн дээр цохиж хөхрүүлсэн. Тухайн үедээ гэмтээд сүйд болоогүй болохоор цагдаад мэдэгдэж шалгуулсан зүйл байхгүй. Түүнээс хойш зодож цохиод байсан зүйл байхгүй байж байгаад 2019 оны 08 сард цагаан сарын дараахан бид хоёр айл хэсэж яваад гэр рүүгээ явж байгаад маргалдаад миний хацар руу алгадаж байсан. Тэгээд 2019 оны 08 сарын 21-ний өдөр нөхөр бид хоёр гэртээ байж байтал манай нөхрийн хамаатнууд ирсэн. Тэгээд бид нар идэж уугаад архи дарс ууцгаасан байсан. Тухайн үедээ би ч архи уусан, Г ч архи уучихсан байсан. Тэгээд манайд ирсэн хүмүүс явцгаасны дараа би Гад аймгийн төв дээр байдаг явалдаад байсан хүүхнийг нь мэдэж байгаа би чамд гомдож байна гэж хэлсэн чинь нөгөө хүүхнээ өмөөрөөд миний нуруу руу өшиглөсөн. Тэгээд би гараад машинд сууж байгаад охин руугаа утсаар яриад нөхөртөө зодууллаа гэж хэлсэн. Тэгээд Г дахиж намайг зодоогүй. Би тэр өдрөө аймаг руу ирээд эмнэлэгт үзүүлсэн чинь эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх шаардлагатай гээд шууд хэвтүүлсэн... Г миний нуруу руу өшиглөснөөс болж миний ахар сүүлний 5-р үеийн хугарал гэмтэл учирсан байсан. 2016 онд 2 удаа миний надад гар хүрч байсан. Тэр болгонд нь би цагдаад мэдэгдээгүй, эмнэлэгт үзүүлж байсан зүйл байхгүй. Өөрөөр бол зодож байгаагүй. Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 26-27-р хуудас/

Гэрч У.Ууганцэцэг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: У миний төрсөн ээж, Г  нь миний төрсөн эцэг байгаа юм. Энэ хэрэгт төрсөн эцэг Гын эсрэг мэдүүлэг өгөхгүй. /хх-ийн 28-р хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 220 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: М.Уийн биед ахар сүүлний ясны V үе хугарсан гэмтэлтэй байна. М.Уийн биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Уг гэмтэл биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах, цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэмтэл юм. М.Уийн биед учирсан гэмтэл нь "Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.3.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах учир гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. /хх-ийн 32-33-р хуудас/

Шүүгдэгч Д.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Би Утэй 1987 онд анх гэр бүл болж амьдраад 2 жил хамт амьдарч байгаад цэргийн албанд татагдаж алба хаагаад ирэхэд У өөр хүнтэй гэр бүл болсон байсан тул салсан. Тэгээд 2015 оноос Утэй эргэж нийлж гэр бүл болж амьдарч байгаад 2020 оны 03 дугаар сараас хоорондоо таарч тохирохоо болиод салсан. Одоо тусдаа амьдарч байгаа. У миний 1 хүүхдийг төрүүлсэн. Бидэнд гэрлэлтийн баталгаа байхгүй. Хамт амьдрах хугацаандаа хааяа нэг ойр зуурын асуудлаас болж муудалцаж хэрэлдэх асуудал байдаг байсан. Би архи дарс бараг уудаггүй, хааяа нэг баяр ёслолын үеэр жаахан уувал уудаг хүн. Миний хувьд Уийг зодож цохиж байсан удаа байхгүй. Харин 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр би жаахан архи уусан байсан. Гэхдээ их согтоогүй байсан. Тэгээд эхнэрийг согтуугаар машин жолоодож явна гэхээр нь явуулахгүй гэснээр болоод эхнэр намайг элдвээр хэлж доромжлоод байхаар нь би машинаас хүчээр татаж буулгасан. Тэгээд уурандаа ар нурууны орчимд нь нэг удаа өшиглөсөн түүнээс болоод эхнэрийн нуруу нь өвдөөд байна гэсэн. Тэгээд аймгаас охин Ууганцэцэгийг дуудаж авахуулсан. Маргааш нь эмнэлэгт үзүүлсэн чинь ахар сүүл нь хугарч гэмтсэн байсан. Тэгээд би эхнэрийгээ Улаанбаатар хот руу авч явж эмчилгээ хийлгэсэн. /хх-ийн 52-53-р хуудас/

Зөрчлийн талаарх бичгээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 13-р хуудас/

Аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 19-22-р хуудас/

Өвчний түүх /хх-ийн 39-49-р хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57-р хуудас/

Өмнөговь аймаг Ханхонгор сумын Жаргалант багийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 114 дугаартай тодорхойлолт /хх-ийн 66-р хуудас/

Өмнөговь аймаг Ханхонгор сумын Жаргалант багийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 113 дугаартай тодорхойлолт /хх-ийн 67-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Г нь 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Жаргалант багийн нутаг дэвсгэрт гэртээ эхнэр М.Утэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутай болох нь тогтоогдож байна.    

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Уийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь: Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 220 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: М.Уийн биед ахар сүүлний ясны V үе хугарсан гэмтэлтэй байна. М.Уийн биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байна. М.Уийн биед учирсан гэмтэл нь "Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.3.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах учир гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. /хх-ийн 32-33-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.  

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Уийн “...Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 26-27-р хуудас/ гэж мэдүүлж байх тул шүүгдэгч Д.Гыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.    

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Д.Г нь хувийн байдал нь ............................................................. хуудас/ зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тодорхойлогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэх үндэслэлээр хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй байна.     

Шүүгдэгч Д.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй гэсэн хүсэлтээ мөрдөн шалгах ажиллагааны үед бичгээр гаргаж өгсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялын санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэв.     

Шүүх шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, бусдад төлөх хохирол төлбөргүй байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал зэргийг харгалзан улсын яллагчийн санал болгосны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гад 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгч Д.Г нь шүүхээс оногдуулсан 700.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.           

Шүүгдэгч Д.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч М.У хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Гад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овгийн Дгийн Гыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Га-д 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Д.Г нь шүүхээс оногдуулсан 700.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.         

5. Шүүгдэгч Д.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч М.У хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Г-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Т.ДЭЛГЭРМАА