Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 92

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Володя даргалж,

Улсын яллагч Ц.Ариунжаргал,

Шүүгдэгч П.А,

Нарийн бичгийн дарга Г.Анужин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь  хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.А-д холбогдох 2028000000098 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, эрэгтэй, 40 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Есөн шижир” банк бус санхүүгийн  байгууллагад жолооч ажилтай,

Шүүгдэгч П.А нь 2020 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 23 цагийн үед 64-36 УБЧ улсын дугаартай “Уаз фургон” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 дахь заалтыг зөрчсөний улмаас Өмнөговь аймгийн Булган сумын Хавцгайт багийн нутаг дэвсгэрт шороон зам дээр жалга руу унаж зам тээврийн осол гаргасны улмаас тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.Э-ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч П.А-ийг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч П.А шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэг өгсөн учраас нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирогчид 1,060,000 төгрөгийг төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөд татгалзах зүйлгүй. Иймд хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Хохирогч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... 2020 оны 05 дугаар сарын 17-ны өдөр “Ёлын ам” үзчихээд буцаад хот руу явах гээд орой 23 цаг өнгөрч байхад Булган сум руу шороон замаар явж байтал зам нь бүдгэрээд тодроод байж байгаад гэнэт зам нь алга болсон. Тэгээд явж байтал гэнэт жолооч жалга байна шүү барьцгаагаарай гэхээр нь машин дотор байсан ширээ маягийн тавцангаас би барьсан. Тавцанд хэвлий хэсгийн зүүн талаараа цохигдоход араар сууж байсан Ууганбаатар, Ариунбаяр нар араас орж ирээд нэмж цохигдсон. Жалга гарч ирэхэд жолооч тормоз гишгэсэн. Жалганд хамраараа ороод мөргөөд зогссон. Тухайн үед мэдэгдээгүй гэдэс дотор халуун оргиод байсан. Булган сумын эмнэлэг ороод үзүүлэхэд дотуур цус алдсан юм шиг байна шууд хагалгаанд орно гэсэн. 2020 оны 05 дугаар сарын 18-ны өглөө 07 цагийн үед хагалгаанд орсон. Миний зүүн талын бөөр голоороо хуваагдсан гэж эмч хэлсэн. Эмнэлэгт 4 хоног хэвтэж эмчлүүлээд Улаанбаатар хотод ирсэн. Зам тээврийн ослын улмаас миний биед хүнд гэмтэл учирсан. Би зүүн талын бөөрөө авахуулсан. Одоо явахаар өвдөөд байгаа. Ямар ч мэдээ алга байна. Гэдсээ хагалуулж дотор эрхтнээ цэвэрлүүлсэн, дотор нь цус алдсан байсан. Тэгээд дахиж бөөр авахдаа зүүн тал хагалсан. Ерөнхийдөө хоёр удаа хагалгаанд орсон. Тухайн үед гарсан хагалгааны болон замын зардлыг А, эхнэр Ариунсанаа хоёр гаргасан. Улаанбаатар хотод ирээд томографын зураг авахуулахад зардлын талыг нь А гаргасан. Би одоо эмчилгээ хийлгэж байгаа. Энэ эмчилгээний зардлыг өөрөө төлж байгаа. А өөрөө хотод ирж байгаад намайг эмнэлэгт үзүүлж харуулж хэвтүүлж эмчлүүлнэ гэсэн. А-ийг ирвэл эмнэлэгт үзүүлмээр байна. Эм тариа авмаар байна. Өөр надад нэхэмжлэх зүйлгүй, гомдол, санал байхгүй. /хх-ийн 22-23 дугаар хуудас/

Гэрч Ц.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Миний бие “Есөн шижир” банк бус санхүүгийн байгууллагын салбарын захирлаар ажиллаж байгаа. 64-36 УБЧ улсын дугаартай “Уаз фургон” загварын тээврийн хэрэгсэл “Есөн шижир” банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр бүртгэлтэй байдаг бөгөөд одоогийн байдлаар зээлдэгч П.А гэх хүн ашигладаг юм. А нь 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр барьцаалж 5,500,000 төгрөгийн зээл авч, зээлийн гэрээ байгуулсан. Одоогийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 5,319,105 төгрөг байгаа. Манай банк бус санхүүгийн байгууллагын зүгээс ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 25-26 дугаар хуудас/

Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “... А, Ариунсанаа, Э, Ууганбаатар нарын хамт “Уаз фургон” машинаар Өмнөговь аймаг руу явсан. А машинаа бариад Ариунсанаа хажууд нь урд суудалд, Ууганбаатар бид хоёр хамгийн арын суудалд, Эрдэнэбат бид хоёрын урд талын голын суудал дээр хажуу тийшээ заалны хаалга руу хөлөө жийгээд суусан. Гэнэт жолооч А жалга гэж хэлээд тормоз гишгэсэн. Бид гурав өндийгөөд харах гэтэл тас гээд явчихсан. Ууганбаяр буугаад заалны хаалга нээгээд бууцгаасан. Эрдэнэбат биеийнхээ зүүн хэсэгт өвдөөд байна гээд хавирганыхаа хавьд гараараа бариад байсан. Э жолоочийн ард ширээний тавцанд бөөр хэсгээрээ цохиод гэмтэл авсан гэж бодож байгаа. /хх-ийн 29-30 дугаар хуудас/

Гэрч Б.У мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Гэнэт жолооч А жалга гээд хашхирсан. Тэгээд юмнаас барьж амжаагүй байтал түс гээд жалга руу машин урд хамар хэсгээрээ хатгаад зогссон. Э миний бие өвдөөд байна зүүн хавирга хугарсан юм шиг байна гэсэн. ...Машин зогсоогоод Эрдэнэбатыг суулгаад сумын төв рүү эмнэлэгт хүргүүлсэн. Эрдэнэбатын биеийн зүүн хэсэг бөөр нь бяцарсан гээд аймгаас мэс заслын эмч нар ирээд нэг бөөрийг нь авсан. ...Ойролцоогоор 40-50 км цагийн хурдтай явсан байх. /хх-ийн 31-32 дугаар хуудас/

Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Явж байсан чинь гэнэт урд талд жалга гарч ирээд машин урд хамраараа жалга руу орчихсон. Бид нар машинаас буусан чинь Э ах хавирга гэмтчих шиг боллоо амьсгал авч болохгүй байна гэсэн. А, Ууганбаатар, Ариунбаяр нар нийлж машинаа жалганаас гаргасан. Эрдэнэбат ах бие сонин болоод байна гэхээр нь гал гаргасан чинь цагаан өнгөтэй “Портер” загварын машин ирсэн. Ууганбаатар, Ариунбаяр, Эрдэнэбат гурвыг “Портер” машинаар Булган сум руу явуулсан. Би нөхөртэйгөө машинд үлдсэн. ...Маргааш нь эмнэлэг дээр очсон чинь Эрдэнэбат ахыг мэс засал хийлгэх шаардлагатай аймгийн төвөөс эмч нар дуудсан байгаа гэсэн. Надад санал, хүсэлт, гомдол байхгүй. /хх-ийн 33-34 дүгээр хуудас/

Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 23 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Уаз-2206 “Фургон” загварын 64-36 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч П.Ариунгэрэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлд хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэж заасныг зөрчсөн. Уг зам тээврийн осол нь Уаз-2206 загварын 64-36 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч П.Ариунгэрэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасныг дагаж мөрдөөгүйн улмаас гарсан. Зам тээврийн осол гарахад замын нөхцөл байдал нөлөөлсөн. /хх-ийн 38 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 318 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б.Э-ын биед хэвлийн битүү гэмтэл: бөөрний эдийн няцрал, язрал гэмтэл үүсчээ. Уг гэмтлийн улмаас хэвлийн арын гялтанд цус хуралдалт үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12 дахь заалтаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна. /хх-ийн 51 дүгээр  хуудас/

“Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 66 дугаартай хөрөнгө үнэлгээний дүгнэлтэд автомашин техникийн эвдрэл хохирлын үнэлгээ 825,000 төгрөг /хх-ийн 40-41 дүгээр  хуудас/

“Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ-ын Өмнөговь аймгийн Автотээврийн төвийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 20/02 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: а.Уг автотээврийн техникийн бүрэн бүтэн байдал кузовт үзлэг хийхэд урд нүүрэн талын зүүн гар талд бага зэрэг зураас халцархай үүссэн, баруун гар талын урд хэсэгт дотогшоо хонхойж цөмөрсөн будаг халцарсан, эвдрэл гэмтэл ихтэй, урд буфер салсан, урд нүүр салсан, баруун гар талд урд хаалга цөмөрч хонхойж будаг халцарсан, баруун гар талын их гэрэл суурин дээрээ хагарсан, дохионы гэрэл хагарсан, урд салхины шил хагарсан, зүүн ба баруун гарын талын урд хаалганууд гажсан, рам урд талдаа буфер бэхлэгддэг хэсэгт муруйлт үүссэн тормозны системийн эд анги эвдрэлтэй зэрэг гэмтэлтэй байна. б.UAZ маркийн 220692-033 загварын 64-36 УБЧ улсын дугаартай автотээврийн хэрэгслийн жолоодлогын болон тормозны систем, төв гэрэл зэрэг нь бүрэн ажиллагаатай байгаа эсэхийг автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн суурин тоног төхөөрөмжөөр үзэж хэмжилт хийхэд зүүн гар талын урд их гэрлийн тусгалын чадал нь стандарт хэмжээнд хүрэхгүй, хойд хоёр дугуй тормозгүй, урд тэнхлэгний хажуугийн гулсалт нь стандарт хэмжээнээс их байна. а-д дурдагдсан эвдрэл гэмтлүүд нь тухайн зам тээврийн осол болох үед үүссэн гэмтэл гэж үзэж байгаа ба б-д дурдагдсан стандартын шаардлага хангахгүй байгаа зөрчил нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн үгүйг тодорхойлох боломжгүй гэж үзэж байна. /хх-ийн 44-49 дүгээр хуудас/

Шүүгдэгч П.Амөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 11 цагийн үед “Ёлын ам” гэх газраас “Хонгорын элс” гэх газар очих гэж эхнэр Ариунсанаа, эхнэрийн ах Ариунбаяр, Э, Ууганбаяр гэх хүмүүстэй “Фургон” загварын 64-36 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслээр гарсан. ...Урд гэнэт жалга гарч ирээд тийшээ машин ороод зогссон. Бүгд машинаас буусан чинь эхнэрийн хөл нь өвдөөд байна гээд үзэхэд ил харагдах юм байгаагүй. Э хавирга өвдөөд байна гэхдээ зүгээр гэсэн. Харанхуй болсон болохоор Ариунбаяр, Ууганаа хоёрыг олохгүй байх гэж бодоод 2 ширхэг дугуйны хаймар шатаасан. Э өвдөөд байна гэхээр замын унаа хайгаад ойр хавиар алхсан. “Портер” загварын тээврийн хэрэгсэл ирэхээр нь болсон асуудлыг хэлсэн чинь дөхүүлээд өгье гэсэн. ...Эрдэнэбат хавирга нь гэмтсэн гэсэн чинь бөөр болж таараад тэрнээс хойш Эрдэнэбатад хэрэгтэй зүйлсийг нь бэлдээд эмнэлгийн гадаа байсан. Эмчилгээний зардал, хоол гэх мэт зүйлд мөнгө хэрэг болоод хүмүүс рүү утасдаж мөнгө олоод хагалгааны төлбөр болох 700,000 төгрөгөөс 300,000 төгрөг өгсөн үлдэгдэл мөнгийг нь аймагт ирж байгаад өгье гээд эмчид нь хэлэхэд зөвшөөрсөн. Би “Фургон” машиныг 2018 оны намар хотод хүнээс худалдаж авахдаа “Есөн шижир” банк бус санхүүгийн байгууллагаас 4,500,000 төгрөг зээлээд 3,500,000 төгрөгийг нь би өөрөө гаргаад худалдаж авч байсан. “Есөн шижир” банк бус санхүүгийн байгууллагаас 4,500,000 төгрөг зээлсэн болохоор банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байдаг. Би Э-ын эмчилгээнд нийт 1,000,000 төгрөг төлсөн. /хх-ийн 68-71 дүгээр хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 03-10, 12-16 дугаар хуудас/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11 дүгээр хуудас/

Эмчлүүлэгчийн карт /хх-ийн 73-100 дугаар хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 106 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч П.А-д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч П.А нь 2020 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 23 цагийн үед 64-36 УБЧ улсын дугаартай “Уаз фургон” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний 12.2 дахь заалтыг зөрчсөний улмаас Өмнөговь аймгийн Булган сумын Хавцгайт багийн нутаг дэвсгэрт шороон зам дээр жалга руу унаж зам тээврийн осол гаргасны улмаас тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.Э-ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Э-ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн гэрч Б.Ариунбаярын “...Гэнэт жолооч А жалга гэж хэлээд тормоз гишгэсэн. Э биеийнхээ зүүн хэсэгт өвдөөд байна гээд хавирганыхаа хавьд гараараа бариад байсан...”, гэрч Б.Ууганбаатарын “...Гэнэт жолооч А жалга гээд хашхирсан. Э-ын биеийн зүүн хэсэг бөөр нь бяцарсан гээд аймгаас мэс заслын эмч нар ирээд нэг бөөрийг нь авсан...”, гэрч Б.Ариунсанаагийн “...Бид нар машинаас буусан чинь Э ах хавирга гэмтчих шиг боллоо амьсгал авч болохгүй байна гэсэн.Маргааш нь эмнэлэг дээр очсон чинь Э ахыг мэс засал хийлгэх шаардлагатай аймгийн төвөөс эмч нар дуудсан байгаа...” гэсэн мэдүүлгүүд болон Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 318 дугаартай шинжээчийн Б.Э-ын биед хэвлийн битүү гэмтэл буюу бөөрний эдийн няцрал язрал бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл учирсан болохыг тогтоосон дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч П.А нь  Уаз-2206 “Фургон” загварын 64-36 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлд хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэж заасныг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарахад нөлөөлсөн болохыг Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 23 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Хохирогчийн зүгээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөр нэхэмжлээгүй бөгөөд шүүгдэгч П.А нь хохирогч Б.Э-д эмчилгээтэй холбоотой гарсан зардалд 1,060,000 төгрөг төлсөн болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч П.А-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх  үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасны дагуу хохирогч Б.Э нь цаашид дээрх гэмтэлтэй холбоотойгоор дахин эмчилгээ хийлгэсэн тохиолдолд эмчлүүлэхтэй холбоотой гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжилж болохыг дурдаж, уг эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Шүүгдэгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний хүсэлтийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд өмгөөлөгч оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулсан болно.

“Уаз фургон” загварын 64-36 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь “Есөн шижир” банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр бүртгэлтэй байх боловч шүүгдэгч П.А нь уг тээврийн хэрэгслийг эзэмших, ашиглах эрхтэй болох нь гэрч Ц.Мөнхмандах болон шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдсон бөгөөд тээврийн хэрэгсэлд учирсан 825,000 төгрөгийн хохирлыг “Есөн шижир” банк бус санхүүгийн байгууллагын зүгээс нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч П.А-ийн хувийн байдлын хувьд урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд “Бүртгэгдээгүй” /хх-ийн 106 дугаар хуудас/ гэснээр нотлогджээ.

Шүүгдэгч П.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн болон бусад туслалцаа үзүүлсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба харин шүүгдэгчийн үйлдэлд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч П.А-ийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэхээр зохицуулжээ.

П.А-ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байхаас гадна гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан 1,060,000 төгрөгийг хохирогч Б.Э-д төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргээс үзэхэд дээрх хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх тухай хуулийн шаардлагыг хангасан гэж дүгнэлээ.

Дээр дурдсан үндэслэлээр шүүх хуралдаанд оролцсон прокуророос шүүгдэгч П.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах тухай саналыг шүүх хүлээж аваагүй болно.

Иймд Эрүүгийн  хуулийн  тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасны дагуу шүүгдэгч П.А-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ. 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч П.А тэнссэн 2 /хоёр/ жилийн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Түүнчлэн шүүгдэгч П.А-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах арга хэмжээ авахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж үзэв.   

Шүүгдэгч П.А нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.А авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч П.А-ийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч П.А-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч П.А тэнссэн 2 /хоёр/ жилийн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.А тэнсэгдсэн 2 /хоёр/ жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгчид хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар П.А-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах арга хэмжээ авахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр биелүүлэх газарт даалгасугай.

6. Хохирогч Б.Э-д  1,060,000 төгрөгийг  төлсөн болохыг дурдаж, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Хохирогч Б.Э нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч П.А-ийн В, C, D  ангиллын жолоочийн 211579 дугаартай үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Б.ВОЛОДЯ