Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 77

 

Н.Д-ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                            Я.Туул

Шүүгчид                                         Б.Манлайбаатар

                                                       Ц.Амаржаргал  

Прокурор                                       М.Очбадрах

Шүүгдэгчийн өмгөөлөгч                Н.Баярмаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 281 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч Н.Д-ын давж заалдах гомдлоор Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н-ийн Д-ад холбогдох эрүүгийн 1718000000004 тоот, 1 хавтас хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1981 оны 12 дугаар сарын 15-нд Дархан-Уул аймагт төрсөн, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, Урьд:

-Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 2002 оны шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1-т зааснаар 1 жил хорих ялаар,

-Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 2004 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 116 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 10 хоног хорих ялаар,

-Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 215 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдсэн, хорих 445 дугаар ангид ял эдэлж байгаа Б- овогт Н-ийн Д- /Регистрийн дугаар:**********/

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Шүүгдэгч Н.Д- нь нь 2017 оны 7 дугаар сарын 15-нд 23.00 цагийн орчим Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 22 дугаар байрны гадаа иргэн Д.Т-г зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хянан хэлэлцээд 281 дугаартай  шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Н.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д-ад 480 цагийн /дөрвөн зуун наян цаг/ хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Н.Д-ад оногдуулсан 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоног хорих ялаар тооцож Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 215 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 сар 16 хоногийн хорих ял дээр нэмж нэгтгэн, эдлэх ялыг 3 сар 16 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Д-ад оногдуулсан 03 сар 16 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

-Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураан авсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурдаж,

-Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Д-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорихоор… тус тус заажээ.

Шүүгдэгч Н.Д- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“...Би ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй, 3 дүүгийн хамт амьдардаг бөгөөд дүү нар минь надгүйгээр амьдрахад хүндрэлтэй, яагаад гэвэл би өөрөө ажил хийж 3 дүүгээ асарч, тэжээж байсан. Иймд миний ар гэрийн байдлыг харгалзаж оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү.

Би дахин гэмт хэрэг хийхгүй. Ажил хөдөлмөрөө хийж дүү нараа асарч хамгаалан амьдрахаа та бүгдэд амлаж байна” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2-т “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасан. “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эргэлзээ гарвал сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу Н.Д-ад оногдуулсан ялыг тусад нь эдлүүлэхээр өөрчилж өгнө үү” гэв.

Прокурор М.Очбадрах давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Н.Д-ад оногдуулсан 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоног хорих ялаар тооцож Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 215 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 сар 16 хоногийн хорих ял дээр нэмж нэгтгэн эдлэх ялыг 3 сар 16 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн. Улсын яллагчийн зүгээс 1 сар 18 хоног гэж өөрчилж залруулга оруулах саналтай байна” гэв.

Тодорхойлох нь:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хуулийн үндэслэлтэй гараагүй байна.

Прокуророос шүүгдэгч Н.Д-ыг 2017 оны 07 дугаар сарын 15-нд 23.00 цагийн орчим Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 22 дугаар байрны гадаа иргэн Д.Т-г зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлснийг шүүх хянан хэлэлцээд дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д-ад 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Н.Д-ад оногдуулсан 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоног хорих ялаар тооцож Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 215 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 сар 16 хоногийн хорих ял дээр нэмж нэгтгэн, эдлэх ялыг 3 сар 16 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчилж, цагдан хорихоор шийдвэрлэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүгдэгчийн гаргасан гомдлын дагуу хянахад гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг Цагдаагийн байгууллагад өгсний дараа уг хэргийн хохирогч болох Д.Т- нь хэргийн 10-11-р талд 2017 оны 07 сарын 20-ны өдөр гэрчээр, хэргийн 7-9-р талд 2017 оны 08 сарын 24-ний өдөр хохирогчоор өгсөн мэдүүлгүүддээ Сэлэнгэ аймгийн 7-р баг, Төмөр замын 1-р 60 айлын орон  сууцны 103 тоот хаяганд оршин суудаг талаараа мэдүүлсэн байхад энэ хаягаар хохирогчийг дуудах ажиллагааг мөрдөн байцаалт, прокурор, анхан шатны шүүхийн аль ч шатанд хийгээгүйн улмаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлд заасан хохирогчийн эдлэх эрх зөрчигдсөн, улмаар түүнд хэргийн материал танилцуулаагүй, шүүх хуралдааны тов мэдэгдээгүй, шүүх хуралдаанд оролцох, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нэхэмжлэх эрхийг хангаагүй, зөвхөн Дархан-Уул аймгийн Дархан сумын 1-р хорооллын 34-р байрны 24 тоот хаягаар хайж, мөрдөн байцаалтын ажиллагааг дутуу хийсэн байна.

Түүнчлэн хохирогч Д.Т- мэдүүлгүүддээ ...гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо буруутай хүнээс гаргуулна, гомдолтой байна...гэж мэдүүлсэн байх ба хохирол төлөгдсөн баримт хэрэгт авагдаагүй, энэ талаар хохирогч мэдүүлээгүй байхад прокурорын яллах дүгнэлтэд болон шүүхийн шийтгэх тогтоолд хохирол бүрэн төлөгдсөн, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж бичиж, дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, үндэслэлгүй байна.  

Улмаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлөхөөр байна.   

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлд заасныг ноцтой зөрчсөн байх тул энэ үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 281 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, шүүгдэгч Н.Д-ад холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай. 

2. Шүүгдэгч Н.Д-ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

  

 

                                         ДАРГАЛАГЧ                                        Я.ТУУЛ

                                         ШҮҮГЧИД                                            Б.МАНЛАЙБААТАР

                                                                                                      Ц.АМАРЖАРГАЛ