Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2018/01037

 

Л.У-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 134/ШШ2017/000217 дугаар шийдвэр,

Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 216/МА2018/00003 дугаар магадлалтай,

Л.У-ийн нэхэмжлэлтэй,

Говьсүмбэр аймгийн Засаг даргад холбогдох,

2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор болох 11.280.580 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Л.У- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Говьсүмбэр аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн аймгийн Засаг даргын Б/70 дугаар захирамжаар ажлаасаа халагдсан. Энэхүү халагдсан үйлдлийг хууль бус хэмээн үзэж Говьсүмбэр аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ажилдаа эгүүлэн тогтоолгох болон ажилгүй байсан хугацааны цалин олговрыг нөхөн олгуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэл гаргасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 221/МА2016/0594 тоот магадлалаар нэхэмжлэлийн шаардлагыг хангасан. Дээрх магадлалаар ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрын 11.926.116 төгрөгийг олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийгдсэн ба бусад заалтыг гүйцэтгээгүй болно. Иймд 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор болох 11.280.580 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Говьсүмбэр аймгийн Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 221/МА2016/0594 дугаар магадлалд: 1. Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 06 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/70 дугаар захирамжийг хүчингүй болгон, Л.У-ийг Говьсүмбэр аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоосугай гэж шийдвэрлэхдээ Говьсүмбэр аймгийн Засаг даргад Л.У-ийг Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоох үүрэг оноогоогүй. Харин Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан Л.У-ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 11.926.116 төгрөгийг олгож, зохих нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэсэн. Хуульд зааснаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд томилж, чөлөөлөх эрх хэмжээтэй байгаа тул Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 221/МА2016/0594 дугаар магадлалыг 1 дүгээр заалтыг аймгийн Засаг дарга биелүүлэх боломжгүй юм. Иймд нэхэмжлэгч Л.У-ийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргаар томилоогүй эс үйлдэхүй, түүнээс үүдэн гарах ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрын асуудлыг аймгийн Засаг дарга хариуцахгүй юм. Учир нь Засаг дарга хэргийн хариуцагч биш, ажилтан, ажил олгогчийн харилцаа үүсээгүй. Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 134/ШШ2017/000217 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар Говьсүмбэр аймгийн Засаг даргаас 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 10.551.415 /арван сая таван зуун тавин нэгэн мянга дөрвөн зуун арван таван/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.У-т олгож, нэхэмжлэлээс 729.165 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Энэхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар Говьсүмбэр аймгийн Засаг даргаас улсын тэмдэгтийн хураамжинд 183.772 /нэг зуун наян гурван мянга долоон зуун далан хоёр/ төгрөг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 216/МА2018/00003 дугаар магадлалаар: Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 134/ШШ2017/00217 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5, 129 дүгээр зүйлийн 129.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л.У-ийн 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болох 11.280.580 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Хариуцагч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Л.У- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28 ны өдрийн 216/МА2018/00003 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Иргэний хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-т дэх зүйл заалтыг тайлбарлахдаа: Тухайн шаардлага үндэслэлтэй талаар нэхэмжлэлийг хангасан шүүхийн шийдвэр гарсан бол энэ шаардлагын талаарх дагавар аливаа нэхэмжлэлийг 10 жилийн дотор эрх бүхий шүүхэд гаргаж болно гэжээ. Нэхэмжлэгч Л.У-ийн нэхэмжлэлийн шаардлага нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны 594 дугаар магадлалд үндэслэж ажилгүй байсан хугацааныхаа цалин нөхөн олговрыг нэхэмжилсэн. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасан хөөн хэлэлцэх хугацааг зөрчсөн гэх үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д дэх заалтын хүрээнд нэхэмжлэгч Л.У-ийн ажилгүй байсан хугацааны цалин нөхөн олговор нэхэмжлэх хөөн хэлэлцэх хугацааг арван жилээр тоолох нь хуульд нийцнэ. Иймд Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний дэвж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28 ны өдрийн 216/МА2018/00003 дугаар магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 8-ний өдрийн 594 дүгээр магадлалаар Говьсүмбэр аймаг дах Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 2-ний өдрийн 06 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Л.У-ийг Говьсүмбэр аймгийн  Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоож, шийдвэр гарах хүртэл хугацааны олговорт 11.926.116 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй.  

Нэхэмжлэгч Л.У- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...Говьсүмбэр аймгийн Засаг дарга шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүй тул  2016 оны 8 дугаар сарын 3-ний өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 7-ний өдөр хүртэл хугацааны цалинтай тэнцэх  олговорт 11.280.580 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2.-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчийг аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргын  ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг биелүүлснээ хариуцагч нотолж чадаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Хариуцагч шүүхэд “...Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болгон өргөжүүлж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд  хамаарахаар тогтоосон” гэсэн тайлбар гаргаж буй ч шүүхийн шийдвэрийг биелүүлж, нэхэмжлэгчийг ажилд томилсны дараа уг асуудлыг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх байжээ. 

Ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авах үүргээ биелүүлээгүй ажил олгогчийн эс үйлдэхүйгээс гарах эрх зүйн үр дагаврыг  Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-т зохицуулсан бөгөөд ажил олгогч ажилтныг ажилд нь эгүүлэн томилоогүй тохиолдолд нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг шаардах эрхтэй.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа хийсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийг ажилгүй байсан хугацааны олговрыг 3 сарын хугацаанд нэхэмжлээгүй, хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн  гэж үзэж, шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1. дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбараар нэхэмжлэл гаргах үед нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр биелэгдээгүй буюу нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн хэвээр байхад давж заалдах шатны шүүх гомдол гаргах хугацааг Л.У-ийн “Тогтвортой амьжиргаа 3” төсөлд ажилд орсон 2017 оны 4 дүгээр сарын 7-ний өдрөөс эхлэн тооцсон нь буруу. 

Иймд нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 216/МА2018/00003 дугаар магадлалыг хүчингүй болгож, Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 134/ШШ2017/000217 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.  

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ