Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 0682

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нэргүйсувд,

Улсын яллагч Б.Ундрах,

Шүүгдэгч О...., түүний өмгөөлөгч А.Ариунаа,

Шүүгдэгч Б...., түүний өмгөөлөгч Л.Батаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийв.

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1  дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бэсүд овогт ...ын ..., Боржигон овогт ...ийн ... нарт холбогдох 2008013230502 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

       Монгол Улсын иргэн, 2001 оны 04 сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Идэр дээд сургуулийн 1 дүгээр дамжааны оюутан, ам бүл 4, ээж, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо ...тоотод түр оршин суух, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ...тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Бэсүд овогт ...ын ... /.../.

            Монгол Улсын иргэн, 2000 оны 04 сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Соёл урлагийн их сургуулийн 2 дугаар дамжааны оюутан, ам бүл 2, ээжийн хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын ...тоотод түр оршин суух, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ...тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт ...ийн ... /.../.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:

      Яллагдагч Б...., О.... нар нь бүлэглэн 2020 оны 03 дугаар сарын 11-ний шөнө 03 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Станцын 2 дугаар байрны орцны баруун талд байрлуулсан иргэн Б....ийн эзэмшлийн ...улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн “жи сток” гоёлын ...дугаартай обудтай 4 ширхэг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор ...улсын дугаартай “Ниссан Теана” маркийн машин механизм ашиглаж үйлдэн бусдад 400,000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 20-ноос 21-нд шөнө 02 цагийн орчим Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 14 дүгээр байрны гадна байрлуулсан иргэн С....гийн эзэмшлийн ...улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн ...хэмжээтэй обудтай 4 ширхэг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор ...улсын дугаартай “Ниссан Теана” маркийн машин механизм ашиглаж үйлдэн бусдад 700,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ./прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

1.Хохирогч Б....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би эхнэр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Станцын 2 дугаар байрны 38 тоотод амьдардаг юм. Би 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 16 цагийн орчим гэрийнхээ гадаа буюу Станцын 2 дугаар байрны орцны үүдний баруун талд ...улсын дугаартай тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийг байрлуулан тавиад маргааш нь буюу 2020 оны 03 дугаар сарын 11-ний өглөө 08 цагийн үед гэрээсээ гартал миний машины дөрвөн ширхэг дугуй хулгайд алдагдаад доор нь 4 ширхэг блок тавьчихсан байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн юм. ...Тухайн 4 ширхэг дугуй нь 2015 онд машинтайгаа хамт ирсэн байсан бөгөөд би одоо дөрвөн ширхэг дугуйгаа нийтэд нь 800,000 төгрөгөөр үнэлж байна. Харин миний машины дугуйг авахдаа хаалганы доод талыг хонхойлгосон байсан бөгөөд уг хонхойсон асуудлыг би үнэлгээний байгууллагаар гаргуулж байж шийднэ. Алдагдсан дөрвөн ширхэг дугуй нь Жи сток гоёлын обудтай ...дугаартай байсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 18-19 х/,

2.Хохирогч С....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би 2020 оны 02 дугаар сарын 20-ны орой 21 цагын үед би өөрийн ажлаа тараад өөрийн гэр болох Баянгол дүүргийн 12 дугаар хороо 14 дүгээр байрны гадна талын зогсоол дээр өөрийн ...улсын дугаартай саарал өнгийн приус-30 маркийн автомашиныг байрлуулаад гэртээ ороод 23 цагийн үед гэрээсээ гараад машин дээрээ ирж цүнхтэй хувцас хийчихээд гэртээ ороод амарсан юм. Тэгээд маргааш нь буюу 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 06 цаг 50 минутын үед би гарч ирээд машинаа асаах гээд хартал миний машины хойд талын дугуй байхгүй алга болсон байсан тэгээд гайхаад машинаа тойруулаад харсан чинь миний машины 4 ширхэг дугуй бүгд байхгүй машин доор блок эвсэн байсан. Тэгэхээр нь манай ах ... цагдаад дуудлага өгөөд миний машин дээр үлдсэн би өөрийн 2 хүүхэд ээжийг онгоцны буудал хүргэж өгөх гээд явсан юм тэр үед цагдаа нар ирээд миний машинд үзлэг хийгээд явсан байсан. Манай байрны ойр орчимд хяналтын камер байсан боловч миний машин руу тусаагүй байсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 209-210 х/,

3.Иргэний нэхэмжлэгч Б....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн орой 16 цагийн үед Фэйсбүүк зар дээрээс 4 ширхэг обудтай дугуй зарна гэсэн зарын дагуу ...дугаартай холбогдож утсаар ярихад үл таних эрэгтэй хүн би машиныхаа 4 ширхэг обудтай дугуйг хямдхан 400,000 төгрөгөөр зарна гэхээр нь би дугуй үзэж харж байгаад таалагдах юм бол шууд авна гэж хэлээд ...дугаарын утасны эзэмшигчтэй нь орой 19 цагт Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Офицерын тойргийн арын буудал дээр уулзахаар тохиролцсон. Ингээд би орой 19 цагийн үед дугуй зарна гэсэн үл таних хүнтэй уулзаад 4 ширхэг дугуйг 410,000 төгрөгийг нь би ...дугаарын эзэмшигчийн өгсөн ... дугаарын ... гэсэн хүний данс руу шилжүүлээд 40,000 төгрөгийг нь бэлнээр өгсөн юм. Ингээд би 4 ширхэг обудтай дугуйгаа аваад явсан юм. ...” гэх мэдүүлэг /2 хх 93 х/,

4.Шүүгдэгч О....гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Би Чингэлтэй дүүргийн 05 дугаар хороо 5-27 тоотод гэртээ байж байсан чинь манай найз Б.... өөрийн ...Улсын дугаартай машинтайгаа 2020 оны 03 дугаар сарын 10-ны орой 22 цагийн үед манайд ирээд юм ярьж байгаад Б.... надад мөнгө хэрэг болоод байна хоёулаа машины дугуй хулгай хийх үү? гэхээр нь би зөвшөөрөөд 2020 оны 03 дугаар сарын 11-ний шөнийн 03 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо 5 шарын ард байранд очиж машинтай нь зогсоод найз Б.... ...Улсын дугаартай машины обудтай 4 ширхэг дугуйг, данхраад, дорцов, блок, ашиглан тайлж аваад Б....ын машинд ачаад ...ын гэрт очиж хоносон. Ингээд маргааш хулгай хийсэн машиныхаа дугуйг зарах гэж байгаад цагдаад баригдсан юм. Манай найз ... данхраадаар машиныг дээш өргөсөн, би машины дугуйны боолтыг дорцовоор тайлсан, дараа нь ...ын машинд хамт дугуйг зөөж хийсэн юм. ...” гэх мэдүүлэг /1 хх 55-56, 244-245 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

5.Шүүгдэгч Б....ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2020 оны 03 дугаар сарын 10-ны оройн 22 цагийн үед найз О....гийн гэрт нь очоод уулзаж юм ярьж байгаад би О....д мөнгө хэрэг болоод байна, мөнгө хаанаас олох уу? гэж хэлээд хоёулаа машины дугуй хулгай хийх үү? гэж хэлсэн чинь манай найз О.... 1 удаа машины дугуй хулгай хийнэ шүү гэж хэлээд бид хоёр миний машинтай 2020 оны 03 дугаар сарын 11-ний шөнийн 03 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт ирээд ...Улсын дугаартай Приус-30 машины 4 дугуйг би өөрийнхөө машины данхраад, 4 ширхэг блок, дорцовыг ашиглан найз О....гийн хамт тайлаад би өөрийнхөө машинд ачсан. Ингээд маргааш зар дээрээс машины дугуй зарна, худалдаж авна гэсэн зарын дагуу нэг хүнтэй холбогдсон чинь Сонгинохайрхан дүүргийн цагдаад баригдсан. Би дугуй тайлахад ашигласан данхраад, дорцов бол минийх, 4 ширхэг блокийг байрны гаднаас гудамжнаас олсон. ... Би өөрийн найз ...гийн хамтаар хулгай хийсэн. Би байрны түрээс, машины лизингээ төлөх гээд мөнгө байхгүй байсан учраас хулгай хийсэн. ...” гэх мэдүүлэг /1 хх 60-61, 240-241 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

6.Гэрч Ц....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний ... зөөлөн цагаахан төлөв даруухан зантай хүүхэд байгаа юм. гэмт хэрэгт холбогдсоноо надад хэлээгүй. ...” гэх мэдүүлэг /1 хх 188 х/,

7.Гэрч Б....ын мөрдөн байцаалтыын шатанд өгсөн: “...Би ... овогтой ...ыг танина. ... нь миний төрсөн дүү байгаа юм. Миний дүү ... нь хүний арга эвийг олчихдог, зөөлөн цагаахан төлөв даруу зантай хүүхэд байгаа юм. ...” гэх мэдүүлэг /1 хх 191 х/,

8.Гэрч С....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Тус машин нь миний төрсөн дүү ...гийн эзэмшлийн автомашин юм. 2020.02.20-+ны өдөр 18 цаг 30 минутын үед БГД-ийн 12-р хороо 14-р байрны гадна автомашинаа байрлуулсан юм. Тэгээд манай дүү ... нь Япон улс руу явах гээд би нисэх онгоцны буудал хүргэж өгөх гээд гарч ирэхэд 4 дугуй, обуд нь алга болсон байсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 198 х/,

 

          9.Гэрч Б....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн орой 16 цагийн үед Фэйсбүүк зар дээрээс 4 ширхэг обудтай дугуй зарна гэсэн зарын дагуу зар дээр байсан ...дугаартай холбогдож утсаар ярихад үл таних эрэгтэй хүн би машиныхаа 4 ширхэг обудтай дугуйг хямдхан 400,000 төгрөгөөр зарна гэхээр нь би дугуй үзэж харж байгаад таалагдах юм бол шууд авна гэж хэлээд ...дугаарын утасны эзэмшигчтэй нь орой 19 цагт Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Офицерын тойргийн арын буудал дээр уулзахаар тохиролцсон. Ингээд би орой 19 цагийн үед Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Офицерын тойргийн арын буудал дээр очиход ...дугаартай үл таних залуу хар өнгийн приус-20 маркийн ХЭА дугаартай машинтай ирсэн зогсож байсан. Тэгэхээр нь би 4 ширхэг дугуйг нь үзэж харж байгаад худалдан авахаар болсон чинь надад 400,000 төгрөгөөр биш 450,000 төгрөгөөр зарна гэсэн. Тэгэхээр нь би чи яагаад дугуйныхаа үнээ нэмээд байгаан гэсэн чинь миний 4 ширхэг дугуйг 450,000 төгрөгөөр худалдан авах хүн байна гэхээр нь 410,000 төгрөгийг нь би ...дугаарын эзэмшигчийн өгсөн ... дугаарын ... гэсэн хүний данс руу шилжүүлээд 40,000 төгрөгийг нь бэлнээр өгсөн юм. Ингээд би 4 ширхэг обудтай дугуйгаа аваад явсан юм. Надад дугуй зарсан хүн хоёулаа явж байсан. Надад дугуй зарсан хүн миний дугуй байгаа юм, надад мөнгө хэрэг болоод байна гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /1 хх 229, 2 хх 49 х/,

 

10.Гэрч А....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 25-63-УАА Улсын дугаартай Ниссан ТЕАНА маркийн машиныг 2019 оны 10 дугаар сард ... ББСБ байгууллагаас машин барьцаалж 1,500,000 төгрөгийн зээл аваад найз Б....од өгч байсан юм. Уг машины эзэмшигч нь ... ХХК байгаа юм. Машины зээл төлөгч нь манай найз Б.... байгаа юм. ...Манай найз Б.... нь хөдөө орон нутгийн хаягтай Улаанбаатар хотод тогтсон суух хаяг байхгүй гэхээр нь би Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Өлгий гудамж 150 дугаар байрны 14 тоотын түр оршин суух хаягаараа уг машиныг барьцаалан ... ББСБ-иас 1,500,000 төгрөгийг авч өгсөн юм. ...” гэх мэдүүлэг /2 хх 114 х/,

11.Гэрч М....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... ...улсын дугаартай Ниссан ТЕАНА маркийн машин манай ... ХХК-ийн нэр дээр байдаг машин байгаа юм. ...А.... гэдэг хүн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр зээлээр авч эзэмшиж байсан чинь А.... нь 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн Б.... гэх хүнд зарсан гэж хэлсэн юм. Ингээд Б.... нь манай 2019 оны 12 дугаар сараас 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг машины зээлийн хүү нийт 234,800 төгрөгийг төлсөн байна. ...” гэх мэдүүлэг /2 хх 118 х/,

         12.Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл: “...Үзлэг хийсэн газар нь Сонгинохайрхан дүүргийн 27-р хороо Цагдаагийн нэгдүгээр хэтсийн авто зогсоол дээр ертөнцийн зүгээр баруун тийш харуулан байрлуулсан саарал өнгийн ниссан теана загварын 2563 уаа улсын дугаартай тээврийн хэрэгсэл байх ба уг тээврийн хэрэгслийн гадна талд үзлэгийг хийхэд жолоочийн эсрэг талын арын дугуй нь аваарын шар дугуй хийсэн бусад гурван дугуй стандарт обудтай, арын шил теньгүй ард урд дугаар нь дөрвөлжин дугаартай харагдаж байлаа. Үзлэгийг 2563 уаа улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б....оор арын багажны хаалгыг онгойлгуулахад арын багажинд ил харагдаж 225/55Р17 размерийн 3 ширхэг обудтайгаа дугуй харагдах бөгөөд криминалстикийн шинжээч ахлах дэслэгч О.Баттулга Никон 50Ө зургийн аппаратаар гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авсан ба уг гурван дугуйг машинаас буулгаж багажны доод талыг сөхөж үзэхэд 225/55Р17 размерийн 1 ширхэг дугуй обудтайгаа байсныг мөн гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авлаа. Нийт дөрвөн ширхэг дугуйг машинаас буулгаж хэмжээ зэргийг шалгаж үзэхэд уг дөрвөн ширхэг дугуй нь бүгд 225/55Р17 размерийн ВРЮЕЗТОЫ гэсэн бичиглэлтэй байсныг криминалистикийн шинжээч ахлах дэслэгч О.Баттулга Никон 500 зургийн аппаратаар бэхжүүлэн авч улмаар уг дөрвөн ширхэг дугуйг үзлэгээр хураан авч эд мөрийн баримтаар тооцуулахаар болов. /1 хх 31 х/,

 

13.Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /1 хх 170 х/,

14.Тэнцвэр эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний дүгнэлт: “...улсын дугаартай ниссан тина маркийн автомашин 2,000,000 төгрөг ” /1 хх 174 х/,

15.Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /1 хх 178-180 х/,

16.Тэнцвэр эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний дүгнэлт: “Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийн Жи сток обуд дугуйн хамт 400,000 төгрөг” /1 хх 43 х/,

17.Кости-Эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “4 ширхэг обуд /17 инч, сток, 4 ширхэг өвлийн дугуй /17 инч, элэгдэл тооцов. Шууд зардал 700,000 төгрөг” /1хх 227 х/,

18.Тэнцвэр эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний дүгнэлт: “...улсын дугаартай приус-30 автомашины зүүн доод талын хормой 100,000 т, урд талын доод хормой 100,000 т, дугуйны боолт 60,000 т, нийт 260,000 төгрөг” /2 хх 97 х/,

19. “215/55/17 дугаартай обудтай 4 ширхэг дугуйг хохирогч Г....д” хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2 хх 111 х/

20. “Жи сток обудтай 225/55R17 размерийн BRIDESTON гэсэн бичигтэй дугуйг иргэн Б....ад” хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 хх 37 х/

21.Б....ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 хх 39 х/

22.О....гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 хх 40 х/

23.О....гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх 66 х/

24.О....гийн оршин суугаа хаягийн тодорхойлолт /1 хх 67 х/

25.О....гийн тээврийн хэрэгслийн лавлагаа /1 хх 68 х/

26.О....гийн эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /1 хх 69 х/

27.Б....ын иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх 75 х/

28.Б....ын оршин суугаа хаягийн тодорхойлолт /1 хх 76 х/

29.Б....ын тээврийн хэрэгслийн лавлагаа /1 хх 77 х/

30.Б....ын эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /1 хх 78 х/

31.Хохирол төлсөн ХААН банкны баримтын хуулга /2 хх 67 х/

31.Хохирол төлсөн баримт /2 хх135, 136 х/ зэрэг болно.

 

      Шүүгдэгч Б...., О.... нар бүлэглэн 2020 оны 03 дугаар сарын 11-ний шөнө 03 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Станцын 2 дугаар байрны орцны баруун талд байрлуулсан иргэн Б....ийн эзэмшлийн ...улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн “жи сток” гоёлын ...дугаартай обудтай 4 ширхэг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор ...улсын дугаартай “Ниссан Теана” маркийн машин механизм ашиглаж үйлдэн бусдад 400,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Б....ийн “...2020 оны 03 дугаар сарын 11-ний өглөө 08 цагийн үед гэрээсээ гартал миний машины дөрвөн ширхэг дугуй хулгайд алдагдаад доор нь 4 ширхэг блок тавьчихсан байсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 18-19 х/,

Шүүгдэгч О....гийн “...найз Б.... ...Улсын дугаартай машины обудтай 4 ширхэг дугуйг, данхраад, дорцов, блок, ашиглан тайлж аваад Б....ын машинд нь ачаад ...ын гэрт очиж хоносон. Ингээд маргааш хулгай хийсэн машиныхаа дугуйг зарах гэж байгаад цагдаад баригдсан юм. ...” гэх мэдүүлэг /1 хх 55-56, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Шүүгдэгч Б....ын “...Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт ирээд ...Улсын дугаартай Приус-30 машины 4 дугуйг би өөрийнхөө машины данхраад, 4 ширхэг блок, дорцовыг ашиглан найз О....гийн хамт тайлаад би өөрийнхөө машинд ачсан. ...” гэх мэдүүлэг /1 хх  240-241 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

-“Жи сток обудтай 225/55R17 размерийн BRIDESTON гэсэн бичигтэй дугуйг иргэн Б....ад” хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 хх 37 х/,

 

Шүүгдэгч Б...., О.... нар бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 21-ний шөнийн 02 цагийн орчим Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 14 дүгээр байрны гадна байрлуулсан иргэн С....гийн эзэмшлийн ...улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн ...хэмжээтэй обудтай 4 ширхэг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор ...улсын дугаартай “Ниссан Теана” маркийн машин механизм ашиглаж үйлдэн бусдад 700,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч С....гийн “...2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 06 цаг 50 минутын үед би гарч ирээд машинаа асаах гээд хартал миний машины хойд талын дугуй байхгүй алга болсон байсан тэгээд гайхаад машинаа тойруулаад харсан чинь миний машины 4 ширхэг дугуй бүгд байхгүй машин доор блок эвсэн байсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 209-210 х/,

Иргэний нэхэмжлэгч Б....гийн “...Ингээд би орой 19 цагийн үед дугуй зарна гэсэн үл таних хүнтэй уулзаад 4 ширхэг дугуйг 410,000 төгрөгийг нь би ...дугаарын эзэмшигчийн өгсөн ... дугаарын ... гэсэн хүний данс руу шилжүүлээд 40,000 төгрөгийг нь бэлнээр өгсөн юм. Ингээд би 4 ширхэг обудтай дугуйгаа аваад явсан юм. ...” гэх мэдүүлэг /2 хх 93 х/,

Шүүгдэгч О....гийн “...Би байрны түрээс, машины лизингээ төлөх гээд мөнгө байхгүй байсан учраас хулгай хийсэн. ...” гэх мэдүүлэг /1 хх 244-245 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Шүүгдэгч Б....ын “...Би өөрийн найз ...гийн хамтаар хулгай хийсэн. ...” гэх мэдүүлэг /1 хх 240-241 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 Гэрч С....ын “... манай дүү ... нь Япон улс руу явах гээд би нисэх онгоцны буудал хүргэж өгөх гээд гарч ирэхэд 4 дугуй, обуд нь алга болсон байсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 198 х/,

Кости-Эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “4 ширхэг обуд /17 инч, сток, 4 ширхэг өвлийн дугуй /17 инч, элэгдэл тооцов. Шууд зардал 700,000 төгрөг” /1хх 227 х/,

-“215/55/17 дугаартай обудтай 4 ширхэг дугуйг хохирогч Г....д” хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2 хх 111 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, энэ хэрэгт хамааралтай, хэргийн байдлыг бүрэн нотлон тогтоож чадсан гэж дүгнэсэн.

 

Шүүгдэгч О...., Б.... нар нь иргэн Б....ийн эзэмшлийн ...улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн “жи сток” гоёлын ...дугаартай обудтай 4 ширхэг дугуйг, иргэн С....гийн эзэмшлийн ...улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн ...хэмжээтэй обудтай 4 ширхэг дугуйг хулгайлах гэмт хэргийг тус тус үйлдэхдээ ...улсын дугаартай “Ниссан Теана” маркийн тээврийн хэрэгслийг хулгайлсан эд зүйлээ тээвэрлэх зорилгоор урьдаас бэлтгэсэн, мөн дугуйг тайлж авахын тулд дугуйн дорцов, домакрат зэргийг ашиглаж үйлдсэн нь уг гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болох машин механизм ашиглаж гэсэн шинжийг бүрэн хангасан.

Шүүгдэгч О...., Б.... нар өөрсдийн дээрх үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах нь зайлшгүйг мэдсэн атлаа хор уршгийг хүсч үйлдсэн гэх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч О...., Б.... нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

 

Хохирогч Б....а, С.... нар эд зүйлээ хүлээн авсан болох нь  эд зүйл хүлээн авсан тэмдэглэл /1 хх 37, 2 хх 111 х/, иргэний нэхэмжлэгч Б....гийн хохирол төлөгдсөн болох нь хохирол төлсөн баримт /2 хх 135, 136 х/-аар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй.

 

Шүүгдэгч О....гийн өмгөөлөгч А.Ариунаа: 1 дүгээр хавтаст хэргийн 31, 32 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч нараас гэрчээр авсан мэдүүлэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийг ноцтой зөрчсөн, шүүгдэгч нар 19, 20 настай бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгчид хамаарах бөгөөд өмгөөлөгчгүй байцаалт авсан нь мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, хохирогчоор уг автомашиныг эзэмшиж байсан Б....ыг тогтоосон нь хуульд нийцэхгүй уг автомашины өмчлөгчөөр Вадим гэж хүн бүртгэгдсэн байгаа, мөн ...улсын дугаартай приус-30 автомашины зүүн доод талын хормой, урд талын доод хормойд учирсан гэмтлийг хэн учруулсныг тогтоогоогүй, мөн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл ... ББСБ-ын нэр дээр бүртгэлтэй байгаа тул уг автомашины үнийг гаргуулах, хурааж улсын орлогод оруулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг зөрчинө гэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

1.Шүүгдэгч нараас мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлгийг хууль зөрчиж цуглуулсан тул шүүх яллах талын нотлох баримтаар тооцож шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй.

2.Өсвөр насны хүн гэж хэнийг хэлэх талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ямар нэгэн эргэлзээгүй хуульчилан зааж өгсөн, мөн зүйлийн 5 дахь хэсэгт 18 насанд хүрсэн ба 21 насанд хүрээгүй хүнд 8 дугаар бүлэгт заасан үндэслэл журмыг хэрэглэж болохоор заасан боловч энэ талаар тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн болон бусад нарийн мэргэжлийн эмч, эмнэлгийн байгууллагын дүгнэлтийг үндэслэж шүүх шийдвэрлэх бөгөөд энэ талаар ямар нэгэн баримт байхгүй, шүүгдэгч нар оюун ухаан, бие бялдрын хөгжлийн төвшингөөр өсвөр насны хүүхэд гэж үзэхээр эргэлзээ төрүүлэхүйц нөхцөл байдлууд хэрэгт авагдсан баримтаар болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад тогтоогдоогүй.

3....улсын дугаартай автомашины өмчлөгч нь бүртгэлээр Вадим гэж хүн дээр байгаа хэдий ч Б....а өөрөө эзэмишж  ашиглаж байгаа гэдгээ хэлсэн учраас түүнийг хууль ёсны дагуу эзэмшиж, ашиглаж байгаа гэж үзэх үндэслэлтэй бөгөөд хохирогчоор тогтоосныг буруутгах хууль зүйн үндэслэлгүй, мөн уг автомашины хормойнд учирсан гэмтлийг шүүгдэгч нар учруулсан болохоо хүлээсэн, энэ талаар мэргэжлийн байгууллагаар үнэлгээ гаргуулсан , шүүгдэгч нар хохирлыг барагдуулсан тул энэ талаар нэмэлт ажиллагаа хийх шаардлагггүй,

4.Гэмт хэрэг үйлдэхэд унаж явсан тээврийн хэрэгсэл ... ББСБ-ын нэр дээр бүртгэлтэй учраас уг автомашиныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хурааж, төлбөрт болон улсын орлогод шилжүүлэх боломжгүй бөгөөд харин уг автомашины үнэ 2 сая төгрөгийг шүүгдэгч нараас тэнцүү гаргуулж улсын орлогод оруулах нь мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсгүүдэд нийцэж байгаа тул өмгөөлөгчийн дээрх саналуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Улсын яллагч: Шүүгдэгч О....д 2 жил 03 сарын, Б....од 2 жил 5 сарын хорих ял оногдуулж, уг ялуудыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргасан.

 

Шүүгдэгч О....гийн өмгөөлөгч А.Ариунаа: Шүүгдэгч О.... гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй, хохирлоо бүрэн төлсөн, анх удаа гэмт хэрэгт холбогдож ял шийтгүүлж байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг хэрэглэж хуульд заасан ялаас доогуур ял оноож өгнө үү? гэх саналыг гаргасан.

 

Шүүгдэгч Б....ын өмгөөлөгч Л.Батаа: Шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй, хохирлоо бүрэн төлсөн, анх удаа гэмт хэрэгт холбогдож ял шийтгүүлж байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг хэрэглэж хуульд заасан ялаас доогуур ял оноож өгнө үү? гэх саналыг гаргасан.

 

           Шүүгдэгч О...., Б.... нар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо өөрсдийн сайн дураар төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг бүлэглэн үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцогдож байгаа, хувийн байдлын хувьд анх удаа шүүхээр ял шийтгүүлж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар хуульд заасан хорих ялаас хөнгөн хорих ял оноож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдалд тохирно гэж шүүх үзсэн.

 

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн иш нь 30 см урттай 1 ширхэг дорцовыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгах, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тогтоолд тус тус дурьдаж шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн болно.

 

          Хэрэгт битүүмжлэгдсэн О...., Б.... нарын хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 25-63-УАА Улсын дугаартай Ниссан ТЕАНА маркийн машины өмчлөгч нь “...” ББСБ байх тул автомашиныг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож,  өмчлөгчид нь буцаан олгох нь зүйтэй.

 

           Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Ниссан ТЕАНА маркийн 25-63-УАА улсын дугаартай автомашиныг хөрөнгийн үнэлгээний шинжээч 2,000,000 төгрөгөөр үнэлсэн /1 хх 174 х/ тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч тус бүрээс 1,000,000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн болно.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Бэсүд овогт ...ын ..., Боржигон овогт ...ийн ... нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

           2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар О....г 01 жилийн хорих ялаар, Б....ыг 01 жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

          3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар О...., Б.... нарын эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

        4.О...., Б.... нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

         5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч О....гаас 1,000,000 төгрөг, Б....оос 1,000,000 төгрөг тус тус гаргуулж улсын орлогод оруулсугай.

         6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн иш нь 30см урттай 1 ширхэг дорцовыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 7.Хэрэгт битүүмжлэгдсэн ...улсын дугаартай Ниссан ТЕАНА маркийн автомашиныг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, “...” ББСБ-д буцаан олгосугай.

 8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 9.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О...., Б.... нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.     

 

 

 

        

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ