| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2020/0658/Э |
| Дугаар | 0691 |
| Огноо | 2020-06-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Туяанаа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 0691
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Билгүүндаш,
Улсын яллагч Д.Туяана,
Шүүгдэгч Б.... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бээли овогт ...ын ...д холбогдох 2008007160594 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1976 оны 10 сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, хүний мал малладаг, ам бүл-5, нөхөр, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнт ...тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Бээли овогт ...ын ... /.../.
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:
Б.... нь 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 19 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Ар гүнтийн ...тоотод иргэн Ц....г нөхөртэйгээ хардсаны улмаас зодож, улмаар эрүүл мэндэд нь “тархи доргилт, дух, баруун хацар, эрүүнд зулгаралт, баруун хацар, бугалганы зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
1.Хохирогч Ц....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би за одоо очлоо гээд нөхөр ...ыг дагуулаад ...ын гэрт очиход ..., ..., ..., мөн танихгүй залуу тэд нар байсан. Уг хүмүүс архи пиво ууж байсан. Тэгтэл намайг ... гичий банзал цагаачилж ирсэн хүүхэн ямар учраас ирж байгаа юм бэ гэж хэлсэн. ...ын хувьд пиво аягалаад хүмүүст тойруулж байсан. ... надад аяганд пиво хийгээд өгөхөөр нь би уухгүй гэж хэлтэл ... наад хүүхэндээ өгч яах гээд байгаа юм гээд өөрөө уучихсан. Тэгтэл ... босож ирээд үснээс зулгаагаад нүүрэн тус газарт самардаад маажсан юм. Тэгхээр нь бид хоёр гараараа цээж рүү нь түлхсэн. ...” гэх мэдүүлэг /хх 36-37 х/,
2.Шүүгдэгч Б....гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2020 оны 01 сарын 18-ны өдөр 12 цагийн үед би ...аас авсан гар утсаа гэрт нь хүргэж өгөх санаатай тэдний гэрт ороход ... ... хоёр 2.5 литрийн том пиво уугаад сууж байсан. Уг пиво нь дуусч байсан. Тэгэхэд ... манай эхнэр Улаанбаатар хот явчихсан байгаа, манай гэрт очиж гал түлээд өгөөч гэж хэлэхээр нь ... бид хоёр ...ын хамт тэдний гэрт очсон. ... бид хоёр гал түлж байх зуур ... гадаа гараад үхэртээ тэжээлийг нь өгчихөөд орж ирээд та хоёр пиво уух уу гэж асуухаар нь тэгье гээд ... ганцаараа дэлгүүр орж 2.5 литрийн том пиво авчирсан уг пивыг ..., ... бид гурав хувааж ууж дуусгаад ... бид үхэртээ тэжээл өгөх гээд ...ын гэрээс гараад алхаад явж байтал ... дахин ганц пиво ууя гэж хэлэхээр нь би дэлгүүр ороод дахин 2.5 литрийн пиво өөрийн мөнгөөр аваад ...ын гэрт дахин очоод бид гурав пивоо хувааж ууж дуусаад гарах санаатай байж байхад гаднаас ... авгай нөхөр ...ын хамт орж ирсэн. Би ... авгайд хандаж чи энд юу хийж яваа юм бэ гэж хэлэхэд, танай гэрт орж ирээгүй шүү гэж ... авгай миний өөдөөс хэлээд үсчээд дайраад байхаар нь би босож очоод ... авгайтай ноцолдсон, бид хоёрыг ..., ... хоёр салгасан юм. ...Миний биед учирсан бүх гэмтлийг ... авгай надад учруулсан. Миний хуйханд учирсан шарх гэмтлийг ... авгай миний үснээс аймар зулгаагаад тавихгүй байсан юм. Гэртээ очиход малгайгаа тайлах гэсэн боловч цустай үс наалдчихсан арай хийж малгайгаа тайлсан. Хоёр гарын сарвууг маань маажчихсан байсан. Мөн ... авгай гараа цамцны дотуур оруулж байгаад нурууг маань маажчихсан. ... би ...г үсдэж цохиогүй харин нүүрэн хэсэгт нь маажсан ...” гэх мэдүүлэг /хх 139-140 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
3.Гэрч О....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 01 сарын 18-ны өдөр 12 цагийн орчим ...ын гэрт бид хоёр 2.5 литрийн Нийслэл пиво уугаад сууж байхад, гаднаас ... ганцаараа эрүүл орж ирсэн. ... уг пивоноос уусан. Тэгээд би манай эхнэр хот явчихсан байгаа та хоёр манай гэрт очоод гал түлээд өгөөч гэж хэлсэн. ..., ... хоёр зөвшөөрөөд манай гэрт бид гурав очоод ..., ... хоёр гал түлсэн. Би гадаа гарч үхэр малдаа тэжээл өгч байгаад буцаж орж ирээд та хоёр пиво уух уу гэж асуухад ууя гэхээр нь би дэлгүүр ороод 2.5 литрийн Нийслэл пиво авч өгсөн. Бид гурав уг пивийг хувааж ууж сууж байгаад гадагш гараад ферм дотроо үхэрээ саагаад байж байхад гэр дотор хүмүүс орилж хашгираад байхаар нь гэртээ ортол 21 дүгээр хороонд амьдардаг ... авгайг нөхөр Жамбаа ах араас нь тэвэрчихсэн боль гээд эхнэрээ хаалгаар аваад гарч байсан. ... авгайн баруун хацарнаас цус гоожчихсон байсан. Харин ...гийн үс нь арзайчихсан янзлаад байж байсан. Би та нар юу болоод байгаа юм бэ гэж асуухад Жамбаа ах ... манай эхнэр хоёр зодолдоод гэж хэлж байсан. Би та нар гэрээс гарцгаа гэж хэлсэн. Тэгээд тэд нар бүгдээрээ манай гэрээс гараад явсан. ...” гэх мэдүүлэг /хх 48 х /,
4.Гэрч Н....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Уг зодооны хэрэг 2020 оны 01 сарын 18-ны өдрийн 18-19 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 21 дүүргийн хороо Ар гүнт ... гэдэг айлын байшин дотор болсон. Уг зодоон болох үндсэн шалтгаан ...гаас эхэлсэн. ... ... эгчийг гаднаас орж ирэхэд цагаачилж ирсэн гичий банзалаар дуудаж, маргааш гэрээ аваад зайлаарай гэж орилж байгаад босож ирээд ... эгчийн үснээс зулгааж гүүрийг нь маажсан ... зодоон дууссаны дараа ... эгчийн нүүрнээс цус гоожиж байсан ...” гэх мэдүүлэг /хх 121 х /,
5.Гэрч Ж....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 01 сарын 18-ны өдөр ...ант дахь цагдаагийн тасаг дээр жижүүрийн цагдаагийн үүрэг гүйцэтгэж байхад хэлтсийн жижүүрээс Ар гүнтэд ... гэдэг хүн зодуулсан байна гэх дуудлагыг 19 цагийн орчим хүлээн авч Ар гүнтэд хаягыг нь хайгаад явж байхад гудамжинд ... гэдэг хүн явган алхаж тааралдаад юу болсон талаар асуухад, намайг ... гэх эмэгтэй хэл, амаар доромжилж нөхөртэйгээ хардаад зодчихлоо гэж хэлсэн. ...гийн хувьд архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байх шиг байсан, харин эрүү, баруун хацар нь зулгарчихсан байсан. ...” гэх мэдүүлэг /хх 158-159 х /,
6.Гэрч А....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие Ар гүнтэд хэдэн тооны малтай юм. Уг малнуудаа ...ын ... гэдэг хүнээр маллуулдаг юм. Уг ... гэх хүнтэй төрөл садангийн харилцаа холбоо байхгүй. 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Ар гүнтэд би өөрийн гэртээ оччихсон байхад ... гэх эмэгтэй гаднаас орж ирээд орилж, хашгираад Бааска хаана байна, ... намайг зодчихлоо гээд чангаар хашгираад байхаар нь би хүүхдүүд айчихлаа, та бага зэргийн чимээгүй, зөөлөн ярь архи уучихсан юм уу гэхэд би архи уугаагүй гэж хэлээд гараад явсан. ... Харин ... гэдэг хүний нүүр бага зэрэг зулгараад урагдчихсан байсан. ...” гэх мэдүүлэг /хх 161 х /,
7.Шинжээчийн 1745 тоот дүгнэлт
1.Ц....гийн биед тархи доргилт, дух, баруун хацар, эрүүнд зулгаралт, баруун хацар, бугалганы зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
5.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 19-20 х/,
8.Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 77 х/
9.Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 78 х/
10.Хохирогчийн КТГ-т үзүүлсэн тухай 120,000 төгрөгийн баримт /хх 135 х/
11.Шүүгдэгч Б....гийн банкны дансны хуулга /хх 101-110 х/
12.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 84 х/ зэрэг болно.
Шүүгдэгч Б.... нь 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 18 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Ар гүнтийн ...тоотод иргэн Ц....г нөхөртэйгээ хардсаны улмаас үсдэж татах, нүүрийг нь самардах зэргээр зодож эрүүл мэндэд нь “тархи доргилт, дух, баруун хацар, эрүүнд зулгаралт, баруун хацар, бугалганы зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Ц....гийн “...... надад аяганд пиво хийгээд өгөхөөр нь би уухгүй гэж хэлтэл ... наад хүүхэндээ өгч яах гээд байгаа юм гээд өөрөө уучихсан. Тэгтэл ... босож ирээд үснээс зулгаагаад нүүрэн тус газарт самардаад маажсан юм. Тэгхээр нь бид хоёр гараараа цээж рүү нь түлхсэн. ...” гэх мэдүүлэг /хх 36-37 х/,
Гэрч О....ын “...... авгайн баруун хацарнаас цус гоожчихсон байсан. Харин ...гийн үс нь арзайчихсан янзлаад байж байсан. Би та нар юу болоод байгаа юм бэ гэж асуухад Жамбаа ах ... манай эхнэр хоёр зодолдоод гэж хэлж байсан....” гэх мэдүүлэг /хх 48 х /,
Гэрч Н....ын “...Уг зодоон болох үндсэн шалтгаан ...гаас эхэлсэн. ... ... эгчийг гаднаас орж ирэхэд цагаачилж ирсэн гичий банзалаар дуудаж, маргааш гэрээ аваад зайлаарай гэж орилж байгаад босож ирээд ... эгчийн үснээс зулгааж нүүрийг нь маажсан ... зодоон дууссаны дараа ... эгчийн нүүрнээс цус гоожиж байсан..” гэх мэдүүлэг /хх 121 х/,
Гэрч Ж....ийн “... Уг зодооны хэрэг 2020 оны 01 сарын 18-ны өдрийн 18-19 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 21 дүүргийн хороо Ар гүнтэд ... гэдэг айлын байшин дотор болсон. ...” гэх мэдүүлэг /хх 121 х /,
Гэрч А....гийн “...... гэх эмэгтэй гаднаас орж ирээд орилж, хашгираад Бааска хаана байна, ... намайг зодчихлоо гээд чангаар хашгираад байхаар нь би хүүхдүүд айчихлаа, та бага зэргийн чимээгүй, зөөлөн ярь архи уучихсан юм уу гэхэд би архи уугаагүй гэж хэлээд гараад явсан. ... Харин ... гэдэг хүний нүүр бага зэрэг зулгараад урагдчихсан байсан. ...” гэх мэдүүлэг /хх 161 х /,
Шинжээчийн 1745 тоот дүгнэлт
1.Ц....гийн биед тархи доргилт, дух, баруун хацар, эрүүнд зулгаралт, баруун хацар, бугалганы зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
5.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 19-20 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглрасан, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, энэ хэрэгт хамааралтай, хэргийн байдлыг бүрэн нотлон тогтоосон гэж дүгнэсэн.
Шүүгдэгч Б.... “ би ...г үсдээгүй, нүүрнээс нь маажсан өөрөөр зодоогүй учраас тархи доргилт гэмтлийг би учруулаагүй ...” гэх мэдүүлгийг өгч байгаа боловч шүүгдэгчийн дээрх мэдүүлэг бусад нотлох баримтуудаар давхар нотлогдоогүй, мөн гэрч Н...., хохирогч Б.... нарын мэдүүлгээр няцаагдаж байгаа тул түүний мэдүүлгийг дангаар нь хэрэгт ач холбогдол бүхий нотох баримтаар тооцох боломжгүй.
Шүүгдэгч Б.... нь хохирогч Ц....гийн биед тархи доргилт, дух, баруун хацар, эрүүнд зулгаралт, баруун хацар, бугалганы зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон тул хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан.
Шүүгдэгч Б.... нь хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн атлаа хор уршгийг хүсч үйлдсэн гэх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Б....гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.
Прокуророос шүүгдэгчийн үйлдлийг хүний эрүүл мэндэд “санаатай” хөнгөн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.
Улсын Их Хурлын 2020 оны 01 сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “санаатай” гэх нэмэлт орсон, уг хууль 2020 оны 02 сарын 24-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1. “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасан, уг гэмт хэрэг 2020 оны 01 сард үйлдэгдсэн бөгөөд Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хүчин төгөлдөр болохоос өмнө үйлдсэн хэрэгт дээрх нэмэлт өөрчлөлтийг буцаан хэрэглэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдалд ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй хэдий ч хууль хэрэглээний хувьд зохимжгүй гэж шүүх үзсэн.
Хохирогч Ц.... шүүх хуралд суухгүй гэсэн болох нь түүнд хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх 172 х/-ээр нотлогдон тогтоогдсон, харин хохирогч нь КТГ-т толгойн зургаа авахуулсны төлбөрт 120,000 төгрөг төлсөн, өөр нэхэмжлэх зүйлгүй болох нь хавтаст хэргийн 135 дугаар хуудсан дахь төлбөрийн баримтаар тогтоогдож байгаа тул дээрх төлбөрийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй.
Улсын яллагч: Б....д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын санал гаргасан.
Шүүгдэгч: Би хувиараа хүний мал малладаг, орлоготой учраас торгуулийн хөнгөн ял оноож өгнө үү? гэсэн.
Б....гийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6. дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд анх удаа шүүхээр ял шийтгүүлж байгаа, хувиараа ажил хөдөлмөр эрхэлдэг, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршиг их биш зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд түүнд 800 нэгжтэй тэнцэх 800,000 төгрөгийн торгуулийн ялыг оногдуулж, 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд тохирно гэж шүүх үзсэн.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд тус тус дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Бээли овогт ...ын ...г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б....г 800 нэгжтэй тэнцэх 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Б....д үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б....д мэдэгдсүгэй.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар Б....гаас 120,000 төгрөг гаргуулж Ц....д олгосугай.
6.Б....гийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б....д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ