Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 107

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ариунжаргал

Улсын яллагч хяналтын прокурор С.Сугар

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар

Шүүгдэгч З.А, Э.А нарыг оролцуулан шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор С.Сугараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч З.А, Э.А нарт холбогдох 2030000390081 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

 

Монгол улсын иргэн, Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, ня-бо мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл .., эхнэр хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр баг, Далангийн .... тоотод оршин суух, 2012 онд Сүхбаатар аймгийн Сум дундын шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил хорих ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, 2015 онд Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 сарын баривчлах ялаар тус тус шийтгүүлсэн,  /РД:............/ З.А.

 

Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Хэрлэн суманд 19... оны ... дугаар сарын ....-ны өдөр төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын сумын 9 дүгээр баг, Төмөртэйн ....... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:.............../ Э.А.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

 

             Шүүгдэгч З.А, Э.А нар нь бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Уртын 604 тоот хашаанд байх И.Б-ын амбаарт нэвтэрч 50 кг-ийн шуудайтай үхрийн мах хулгайлж 243 000 төгрөгийн хохирол учруулсан,

          -2020 оны 01 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Уртын 5-4 тоот хашаанд байх С.А-гийн амбаарт нэвтэрч хонины ууц 1 ширхэгийг хулгайлж 127 500 төгрөгийн хохирол учруулсан,          

          -2020 оны 01 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Уртын 502 тоот хашаанд байх Д.Ц-ын амбаарт нэвтэрч хонины ууц 1 ширхэг, үхрийн борцолсон мах хулгайлж 850 000 төгрөгийн хохирол учруулсан буюу нийт 3 удаагийн үйлдлээр 1 220 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүгдэгч З.А шүүхийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.

 

          Шүүгдэгч Э.А шүүхийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалт өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.

 

          Эрүүгийн 2030000390081 дугаар хэргээс:

 

          Шүүгдэгч  З.А мөрдөн байцаалтанд өгсөн: “Би 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр манай найз болох А миний чат руу “хаана байна, хүрээд ир” гэж бичихээр нь А-ын худалдагчаар нь ажиллаж байгаа “Б” дэлгүүрт 18 цагийн үед очоод цуг сууж байхад А надад 1 лаазтай сэнгүүр нэртэй пиво өгсөн. Тэгээд А гэртээ хоолны махгүй байгаа талаараа ярьж, найз нь жоохон идэх хоолны юмтай болмоор байна, хоёулаа цуг идэх махны төрлийн зүйл зохицуулмаар байна гэж хэлэхээр нь би өмнө 2-3 удаа хулгайн хэрэгт холбогдож байсан найз нь айж байна гэж хэлсэн чинь найз нь ганцаараа гарах гэж үзсэн, чадахгүй юм байна  лээ, чи надад хань болоод гараад өг  л  дөө гэж хэлсэн. Тэгээд гэр рүүгээ хариад хоолоо идчихээд 21 цаг 40 минутын үед буцаад А-ын ажиллаж байгаа “Б” дэлгүүр дээр очиж дэлгүүрээс нь нэг шил 0.5 литрийн савлагаатай архи авч А дэлгүүрээ хаагаад хамтдаа А-ын гэрт очиж авсан архиа бид хоёр хувааж уучихаад А-ын гэрээс шөнө 23 цаг өнгөрөөж А-ын эхнэрт нь “баар орчихоод ирнэ” гэж хэлж гараад Б гэх баарны үүдэнд очиход уг баар хаачихсан байсан болохоор тэндээсээ хөсөгтэй тойргийн замаар  баруун тийш явж байгаа засмалаар явж байгаад А “хулгай хийж найз нь хоолны махтай болох хэрэгтэй байна, баригдвал би өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй юм чинь мань нь даана, хүлээчихнэ, чамайг ерөөсөө оролцуулахгүй” гээд байхаар нь би А-тай хамт засмал замаасаа хойд тал руу нь буугаад хулгай хийхээр хойд талд нь дөрвөлжин цагаан байшинтай нэг ширхэг монгол гэртэй хашаанд гэрийн зүүн талд байх амбаарын би  монгол цоож нь дутуу цоожлогдсон байхаар нь цоожийг нь гараараа нээгээд ортол дотор нь шуудайны талаар нь бөөн мах байсныг А үүрч гараад гудмаар баруун тийшээ гараад засмал замын цаана гол  руу нь буулгаад орхисон. Урд талын гудмаар нь ороод явж байхад хашааны хаалга нь онгорхой хашаандаа байшинтай айлын баруун талд нь амбаар байхаар нь амбаарын монгол цоож сэрээг нь мод хийгээд татсан чинь сэрээ нь гараад ирэхээр нь уг амбаарт нэвтэрч ороод гэрэл тусгахад цагаан шуудайтай ууц байхаар нь  авч гарсан. Маргааш өглөө нь А ажилдаа яваад би босоод нөгөө хулгайлсан борцоо Д зочид буудлын манаач ахтай уулзаж байгаад 100.000 төгрөгөөр өгөөд А-т 50.000 төгрөгийг нь аваачиж өгсөн. Би 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хот явахаар болоод А-тай утсаар яриад найз нь хот явах болчихлоо эхнэртээ махтай очмоор байна нэг ууцыг нь авмаар байна гэж хэлэхэд найз нь цагаан сараар нэг ууцыг нь өөрөө тавих гэж байгаа. Чи сүүл нь хугарчихсан байсан ууцыг аваад яв гэж хэлэхээр нь би А-ын гэрт нь очоод сүүл нь хугарчихсан байсан ууцыг эвдэж цаасан хайрцагт хийгээд Улаанбаатар хот  руу авч яваад эхнэртээ өгчихсөн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 122-123-р хуудас/

         

          Шүүгдэгч  Э.А мөрдөн байцаалтанд өгсөн: “Би 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр өөрийн ажиллаж байгаа Б дэлгүүрт сууж байхад орой 16 цагийн үед манай найз З.А ирээд надад Д зочид буудлын барилга дээр ажиллаж байгаад ажлаасаа гарчихлаа,  борц авах хүн байна, өнөө шөнө гарч хулгай хийх үү? гэж асуухаар нь би “дэмий юм биш үү” гэж хэлэхэд зүгээрээ хөгшөөн гээд байсан мөн “танайх хоолны махтай юм уу” гэж асууж байсан би “манайх махгүй байгаа” гэдгээ л хэлсэн. Тэгээд орой 22 цаг өнгөрөөгөөд дэлгүүрээ хаагаад А-тай хамт гэр рүүгээ явж хоол идээд нэг шил 0,5 литрийн Хараа  архийг А бид 2 хувааж уусан. 23 цаг өнгөрөөгөөд манай гэрээс А бид хоёр аймгийн төв орж бааранд сууж пиво ууна гээд явсан боловч төвөөр онгорхой,  архи уучихаар газар байгаагүй болохоор бид 2 явганаар С баарны баруун талаар хойшоо явсан засмалаар явж байгаад баруун тийшээ зүгээ өөрчилж яваад Цагдаагийн газрын хойд талын засмалын арын гудмаар явж нэг айлын хашаанд орж хашаандаа урт цагаан байшинтай айлын хашааны зүүн хэсэгт байсан амбаарын цоожийг нь  А гараараа онгойлгоод дотроос нь бэлэн шуудайны талаар байсан махыг аваад баруун зүгт алхаж засмал зам даваад голын зүүн эрэг дээр махаа тавьж орхисон. Мөн уг орсон айлынхаа зүүн талын хашаа руу орж хашааны үүдэнд байсан амбаарын цоожийг А онгойлгож ороод дээр өлгөөтэй борцолсон мах байсныг тэр амбаар дотор нь байсан 2 шуудайнд борцоо хийж аваад бас 1 ширхэг хонины ууцалж бэлтгэсэн ууц авч 2 шуудайтай борцоо, 2 ууцаа өргөж тэр гудмаараа зүүн зүгт явж холдуулан утасны модны хажууд тавьж орхиод голын эрэг дээр үлдээсэн шуудайтай махаа эргэж очиж аваад буцаж ирж махнуудаа нийлүүлж гадаа орхичихоод төв орж такси олж ирээд тэр таксиндаа бүх махаа ачаад манай гэрт ирсэн. Бид хоёр нийт 3 айлын амбаарын цоожийг нь онгойлгон орж 2 шуудай борц 1 шуудайны тал мах, 2 ширхэг ууц зэрэг эд зүйлийг хулгайлсан. Надад нэг ууц, нэг шуудайтай бөөн мах нь байсныг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн. А-т үлдсэн борц болоод нэг ширхэг ууц нь байгаа. Миний хувьд хулгай хийх тухай бодоогүй байхад А нь борц авах хүн бэлэн байна борц байна уу гэж асууж байсан. Согтуу байсны уршгаар найзтайгаа нийлж хулгай хийсэн. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 194-195-р хуудас/

         

          Хохирогч И.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Би Баруун-Урт сумын 2 дугаар баг Уртын .... тоотод эхнэрийн хамт амьдардаг. Гэрийн гадаа байх амбаартаа өвлийн идэшний үхрийн махаа 50 кг шуудайнд хийгээд тавьчихсан байсан чинь 2020 оны 01 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө л алдагдсан байна. Ойролцоогоор 25-30 кг үхрийн мах байсан гэж бодож байна. Миний 15 кг борцыг буцаан авсан. Үлдсэн махны мөнгө 150000 төгрөгийг авсан тул гаргах санал хүсэлтгүй, гомдолгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 12-14-р хуудас/

 

          Хохирогч С.А мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Манай гэр болох Баруун-Урт сум, Уртын 5-4 тоот хашаанд байх амбаарын монгол цоожийг онгойлгож амбаарт байсан  хонины ууцыг 2020 оны 01 дүгээр сарын 27-ны шөнө хулгайч хулгайлсан асуудлаар цагдаагийн байгууллагад хандсан.  Би алдсан 1 хонины ууцаа буцааж авч миний хохирлыг барагдуулсан бөгөөд одоо надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 86-87-р хуудас/

 

          Хохирогч Д.Ц мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Би 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 18 цагийн үед Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар баг Уртын 502 тоот гэртээ байж байгаад манай хашааны урд байх амбаарнаас оройн хоолны махаа авах гээд очтол дотор нь байсан хязаалан хонины ууц, хэц дээр өлгөж тавьсан байсан үхрийн борц алга болсон байсан. Амбаарын хаалганы цүүг нь толиор нь эргүүлээд хэвтээ байх байтал босоо байдалтай болгосон байсан. А, А  нар миний хохирлыг барагдуулсан тул гаргах санал хүсэлтгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 144-147-р хуудас/

 

          Гэрч Т.Э мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Би тэр А гэдэг зүс мэдэх төдий танина садан төрлийн холбоо байхгүй. 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр 12 цагийн үед А миний амьдарч байгаа харуулын байранд орж ирээд надад хэлэхдээ ахаа, манай найзын машин эвдрээд мөнгөний хэрэг гараад явж байна. 25  кг  шуудайтай борц 50.000 төгрөгөөр авах уу гэж орж ирсэн. Тэгэхээр нь би борцыг чинь харж байж больё, аваад ир гээд явуулсан. Тэгсэн 1 цаг орчмын дараа манай найз хөдөөнөөс борцоо аваад иржээ гээд 50  кг-ийн шуудайтай борц авч орж ирсэн, тэгээд 50  кг-ийн шуудайтай юм чинь 150.000 төгрөгөөр өгмөөр байна гэж хэлсэн тэгээд би ахад нь 150.000 төгрөг байхгүй дараа 50.000 төгрөг өгч болно гэвэл худалдаж авья гээд бэлнээр 100.000 төгрөг өгөөд борцыг нь авсан. Тэгээд эргэж уулзаагүй. Би тэр борцыг Улаанбаатар хотод байдаг гэр рүүгээ явуулчихсан байгаа хэрвээ хулгайн эд зүйл юм бол бүрэн бүтнээр нь авч ирүүлээд хүлээлгэж өгнө. Би борц ямар үнэтэй байдаг талаар мэдэх зүйл байхгүй, А өөрөө ярихдаа мөнгөний хэрэг гарчихаад байна танд ийм хямдхан үнэтэй борц олдохгүй гэж хэлж байсан. Би бодохдоо борцийг хулгайн борц гэж бүр бодоогүй. Харин үхсэн малын махаар хийсэн борц байж магадгүй л гэж хардаж байсан. Цагаан өнгийн 50  кг-ийн шуудайтай борц...” гэх мэдүүлэг, / хх-ийн 151-152-р хуудас/

 

          Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 04-06-р, 138-140-р хуудас/

         

          Сүхбаатар аймгийн Хөрөнгийн үнэлгээний “ЛӨ” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт / хх-ийн 24-30-р, 99-105-р, 163-168-р хуудас/

 

          Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2020 оны 02 дугаар 19-ний өдрийн 4/65 тоот тодорхойлолт /хх-ийн 56-р хуудас/

 

          Шүүгдэгч З.А-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 57-р хуудас/

         

          Шүүгдэгч З.А-ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59-р хуудас/

         

          Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2020 оны 02 дугаар 19-ний өдрийн 1/1046 тоот тодорхойлолт /хх-ийн 66-р хуудас/

 

          Шүүгдэгч Э.А-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 67-р хуудас/

 

          Шүүгдэгч Э.А-ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69-р хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч З.А, Э.А нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

          Шүүгдэгч З.А, Э.А нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

          Гэм буруугийн талаар: Шүүгдэгч З.А, Э.А нар нь бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Уртын ...... тоот хашаанд байх И.Б-ын амбаарт нэвтэрч 50 кг-ийн шуудайтай үхрийн мах хулгайлж 243 000 төгрөгийн хохирол учруулсан,

          -2020 оны 01 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Уртын 5-4 тоот хашаанд байх С.А-гийн амбаарт нэвтэрч хонины ууц 1 ширхэгийг хулгайлж 127 500 төгрөгийн хохирол учруулсан,

          -2020 оны 01 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Уртын 502 тоот хашаанд байх Д.Ц-ын амбаарт нэвтэрч хонины ууц 1 ширхэг, үхрийн борцолсон мах хулгайлж 850 000 төгрөгийн хохирол учруулсан буюу нийт 3 удаагийн үйлдлээр 1 220 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч З.А, Э.А нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч С.А, И.Б, Д.Ц нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, гэрч Т.Э-ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

          “Хулгайлах” гэмт хэрэг нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрх халдашгүй дархан байх хүний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөг зөрчсөн, шууд санаатай, шунахай зорилгоор, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшил ашиглалтад эд хөрөнгийг  шилжүүлэн авсан үйлдлээр үйлдэгддэг бөгөөд шүүгдэгч З.А, Э.А гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эд хөрөнгөнд хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.

 

          Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч З.А, Э.А нарын хохирогч С.А, И.Б, Д.Ц нарын эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрхэд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул гэм буруутайд тооцох нь зүйтэй.

 

           Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч З.А, Э.А нарыг хулгайлах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан бөгөөд  шүүгдэгч З.А, Э.А, тэдгээрийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар нар нь хэргийн үйл баримт, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

          Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд шүүгдэгч З.А, Э.А нар нь хохирогч И.Б -д махны үнэ 243 000 төгрөг, хохирогч С.А-д хонины ууц 1 ширхэг, хохирогч Д.Ц-д хонины ууц 1 ширхэг, махны үнэ 850 000 төгрөг төлсөн, хохирогч нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

 

          Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

          Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч З.А, Э.А нарт тус бүр 2 жил 2 сарын хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирлын хэр хэмжээ, хор уршиг, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлсөн зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч тус бүрт эдлэх ялыг нэг жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр тогтоож өгнө үү гэсэн дүгнэлтүүдийг гаргаж мэтгэлцэв.

 

          Улсын яллагчаас З.А, Э.А нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгч нарын гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч З.А, Э.А нар нь бүлэглэн тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч З.А, Э.А нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т  заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд мөн хуулийн  6.6 дугаар зүйлийн 1.2-т зааснаар гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн нь хүндрүүлэх нөхцөл байдал болно.

 

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан: “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал” зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч З.А-т 1 /нэг/ жил  5 /таван/ сарын хорих ялаар, Э.А-т 1 / нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч З.А, Э.А нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй,  иргэний  бичиг  баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч С.А, И.Б, Д.Ц нарт хохирол төлөгдсөн, хохирогч нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус  тэмдэглэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч З.А, Э.А нарыг бүлэглэн тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч З.А-т 1 /нэг/ жил  5 /таван/ сарын хорих ялаар, Э.А-т 1 / нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан З.А-т оногдуулсан 1 /нэг/ жил  5 /таван/ сарын  хорих ялыг, Э.А-т оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч З.А, Э.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс цагдан хорьж, эдлэх ялыг 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

5. Шүүгдэгч З.А, Э.А нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нарт хохирол төлсөн, хохирогч С.А, И.Б, Д.Ц нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Х.САНЖИДМАА