Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 109

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,

Улсын яллагчаар хяналтын прокурор С.Сугар, 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр,

Шүүгдэгч Т.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Г-д холбогдох 2030001170117 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

   Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл ..., эхнэр хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Дарьганга  сумын ... дугаар багт оршин суух, 2010 онд Сүхбаатар аймаг дахь Сум  дундын шүүхээс Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 110 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, регистрийн дугаар ..............., Т.Г.

 

   Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Т.Г нь 20.. оны .. дугаар сарын ...-ний өдөр Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “АЗ” гэх газраас Ж.Э-ийн 1 тооны соёолон насны үхрийг хулгайлж 1.120.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                            

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч Т.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хэрэг хийсэн. Надад мал байгаа ч төллөх мал байсан болохоор хүний мал авсан. Үхэр хулгайлаад нэг хоноод очсон. Хохирлыг шүүх дээр ирээд бэлэн мөнгөөр 1.120.000 төгрөгөөр төлсөн. Үхэр хулгайлахаа өөрийн хүрэн морьтой яваад бугуйлдаж барьсан. Хэрэг хийсэндээ гэмшиж байна...гэв.

 

2030001170117 дугаартай хавтаст хэргээс:

 

- Яллагдагч Т.Г-ийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: Би өмнө нь өгсөн мэдүүлэгтээ бүгдийг ярьсан. Баруун чих үзүүрээсээ онь, зүүн чих нь дундаасаа цуулбар имтэй, улаан цоохор зүсмийн эр үхэр байсан. Би Э-ийн хохирлыг барагдуулаагүй байгаа. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 41-43/

 

- Хохирогч Ж.Э-ийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: Би сумын төвд 8 үхэртэй байдаг, манай үхэр сумын урд элсэнд байдаг. Өдөртөө Д голд усалж элс рүү оруулдаг. 2020 оны 02 дугаар  сарын 27-ны өдөр би үхрээ услаад элс рүү оруулж орхисон. Тэгээд хорио цээртэй болоод сумаас гарч чадахгүй үхрээ хэд хоног үзээгүй. 2020 оны 3 дугаар  сарын 02-ны өдөр үхрээ хураахад “ баруун чих онь, зүүн чих цуулбар имтэй ” шар цоохор зүсмийн соёолон эр үхэр дутуу байсан. Ингээд 03 дугаар сарын 02-ноос хойш хайгаад олоогүй, 03 дугаар  сарын 05-ны өдөр цагдаад хандсан. Харин 03 дугаар сарын 06-ны өдөр манай сумын Н гэх хүн том хүний амралтын урд талын модонд үхэрт явж байхад модны доор үхрийн арьс байна,  танай үхэр байж магадгүй гэж хэлэхээр нь очиж үзэхэд манай алдсан шар цоохор эр үхрийг махлаад махыг нь арьсаар нь хучсан, хүзүү сээртэй нэг хааг нь ил орхиод нохой шувуу идсэн байсан. 4 мөч болгож эвдээд арьсаар нь хучсан байсан. Би цөөхөн үхэртэй, манай үхэрт ганцхан байсан эр үхэр байсан тул гомдолтой байна. Үхрээ төлүүлнэ . Би 1.5 сая төгрөгөөр үнэлнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/,

 

- Хохирогч Ж.Э шүүхэд ирүүлсэн хүсэлтэндээ: Т.Г нь миний эр үхрийг хулгайлсан. Түүний хохирол болох 1.100.000 төгрөгийг төлж барагдуулсан. Э миний үгээс г-д ямар нэгэн гомдолгүй...гэжээ.

 

- Гэрч Х.Б-ийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: Би сумын баруун захад Д амралтын газрын хашаанд өөрийн хэдэн хонь ямаатайгаа байдаг. 2020 оны 03 дугаар сарын 04-ний орой 18 цагийн үед хонио хураагаад гэр рүүгээ явж байхад манай гэрийн урдуур жижиг цагаан өнгийн дээрээ цэнхэр өнгийн ачаатай, дээр нь 2 гэрэлтэй суудлын тэрэг баруун элсний захад ирж зогсоод уг машинаас 3 хүн бууж мод руу орж юм хайж байгаа шинжтэй яваад байхгүй байна гэж ярьж байсан. Тэгээд буцаад явахдаа тэндээ цасанд сууж хий эргүүлж байгаад их хурдтай сумын төв рүү явсан.  Би тухайн үед нь юу хайж байгааг мэдээгүй, дараа нь Э ахын үхрийг тэнд нядалсан гэж Э ахаас сонссон. Нэг нь ажлын улаан алаг хувцастай байна гэж харсан, нөгөө 2 хүн нь бараан хувцастай байсан, хэн гэдгийг нь мэдээгүй. Харанхуй болж байсан болохоор таниагүй, ямар маркийн машин гэдгийг мэдэхгүй, цагаан өнгийн суудлын жижиг машин байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/,

 

- Гэрч Н.Н-ын хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 15 цагийн үед Б ахынд байж байхад Г, Э нар орж ирсэн тэгээд Г ганц пиво ууя гэхээр нь Г-ийн гэрт очоод 2,5 литрийн нийслэл пиво гаргаж Г, Э  2 хувааж уусан, би уугаагүй юм ярьж байгаад Г найз нь хэдэн үхрээ хөөж явж байгаад том хүний амралтын урд нэг бяруу явахгүй болоод хийчихсэн чи машинтайгаа яваад авчраад өг гэхээр нь  би тэр үхрийнхээ зургийг авсан юмуу гэхэд найдвартай манай үхэр гээд Г орой боллоо эртхэн явж ирье гээд орой 19 цаг өнгөрч харанхуй болж байхад би аавынхаа цагаан өнгийн соната 2 маркийн ....... СҮА улсын дугаартай машиныг жолоодож Г, Э нартай сумаас баруун урагш том хүний амралтын урд талын элсний захад очсон. Тэгээд Г машинаас бууж мод руу явж ирээд шууд явъя гэхээр яасан үхрээ авахгүй юмуу гэхэд буцъя, мах байхгүй байна гээд их яарч байсан. Тэгээд бид 3 сум  руу орж ирээд Г, Э 2-ыг Г-ийн гадаа буулгаад би гэр  рүүгээ явсан. Г-т үхэр мал байдаг талаар мэдэхгүй,  хадмынд нь үхэр байдаг гэж ярьж байсан. Г ганцаараа мод руу ороод удалгүй гарч ирсэн. Бид 3 элснээс хөдлөхдөө машин цасанд сууж Г, Э хоёр түрж гаргасан...гэх мэдүүлэг /хх-ийн 15/,

 

- Гэрч Б.Э-ийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: Манайх Г-ийн залгаа арын хашаа юм. 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 15 цагийн үед Г-ийнд орж 1 пиво хувааж уусан. Тэгэхэд Г үхэр хөөж ирж байгаад нэг бяруу явахгүй болохоор нь элсний захад хийчихсэн,  мах нь юу болж байгаа бол үзэж ирэхгүй бол болохгүй байна, машин олж явмаар байна гээд Г-ийн гэрээс гараад явж байхад Б ахын гадаа цагаан машин байхаар нь ороход Н байсан. Г Н-тай уулзаад бид 3  Гийн гэр рүү хамт явсан. Н-ыг Г хөдөө ойрхон яваад махаа үзэж ирье гэхэд нь Н бид 2 ямар учиртай үхэр вэ, толгой шийр нь байгаа юу, зураг авсан уу гэж Г-өөс асуухад “миний үхэр ямар ч асуудал байхгүй” гэхээр нь бид 3 Н-ын соната 2 маркийн цагаан өнгийн машинтай 19 цагийн үед цагаан гэгээ тасраагүй байхад том хүний амралтын урд элсний захад очсон. Тэгээд Г машинаас бууж элс рүү явж ирээд шууд явъя гээд их яаруу ирсэн. Тэгээд бид 3 шууд сумын төв рүү буцаж ирсэн би замдаа махаа яасан бэ гэхэд мах байхгүй байна гэхээр нь “юу яриад байгаа бэ, чиний мах гэсэн биз дээ”  гэхэд “зүгээр, явъя мах байхгүй байна” гэхээр нь гайхаж байсан..гэх мэдүүлэг /хх-ийн 16/,

 

- Гэрч Б.О-н хэрэг бүртгэлтэнд өгсөн: Манай нөхөр Г надад саяхан хүний үхэр хулгайлсан гэж өөрөө хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 17/,

 

- Гэрч Б.Н-ын хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 2 үхрээ дурандаад элс рүү орохоор нь үхрийнхээ араас явсан. Элс рүү орсон үхрээ авах гээд очиход тэр хавийн үхрүүд үхрийн сэвсэн дээр орилолдоод байж байсан. Би юу болов гээд харахад үхрийн сэвснээс зүүн хойт  талд цасан дээр цар цоохор үхрийн арьсаар мах хучсан, хажууд нь хүзүү сээртэй үхрийн хааг шувуу илсэн байдалтай байсан. Э-ийн үхрийг байна гэж мэдээд Э-д хэлсэн. Махлаад нэг хоносон байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 18/,

 

- Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 03-06/

 

- “ЛӨ” ХХК-ийн шинжээчийн 20/03/118 дугартай “ нас гүйцсэн үхэр 1.120.000 төгрөг “ гэх дүгнэлт /  хх- 21-29 /,

 

  • Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 70/

 

- “ЛӨ” ХХК-ийн шинжээчийн Г/А/20/01/05 дугартай “ нас гүйцсэн их насний морь/ соёолон үрээ/  - 700.000 төгрөг “ гэх дүгнэлт /  хх- 61-68 /,

 

  • Т.Г-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 44/

 

  • Т.Г-ийн Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45/

 

- Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоол/ хх- 47-48/

 

- Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ.2020.03.22./хх- 54-55/ зэрэг баримтууд болно.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Т.Г нь 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “ Т ” гэх газраас өөрийн эзэмшлийн хүрэн зүсмийн морийг ашиглан иргэн Ж.Э-ийн баруун чих онь, зүүн чих цуулбар имтэй шар цоохор зүсмийн соёолон эр үхрийг хулгайлж 1.120.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

шүүгдэгч Т.Г-ийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн “2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хэрэг хийсэн. Надад мал байгаа ч төллөх мал байсан болохоор хүний мал авсан. Үхэр хулгайлаад нэг хоноод очсон. Үхэр хулгайлахаа өөрийн хүрэн морьтой яваад бугуйлдаж барьсан ” мэдүүлэг,

хохирогч Ж.Э-ийн “ 2020 оны 3 дугаар  сарын 02-ны өдөр үхрээ хураахад “баруун чих онь, зүүн чих цуулбар имтэй”, шар цоохор зүсмийн соёолон эр үхэр дутуу байсан. Харин 3 дугаар сарын 06-ны өдөр манай сумын Н гэх хүн том хүний амралтын урд талын модонд үхэрт явж байхад модны доор үхрийн арьс байна,  танай үхэр байж магадгүй гэж хэлэхээр нь очиж үзэхэд манай алдсан шар цоохор эр үхрийг махлаад махыг нь арьсаар нь хучсан, хүзүү сээртэй нэг хааг нь ил орхиод нохой шувуу идсэн байсан. 4 мөч болгож эвдээд арьсаар нь хучсан байсан ” гэх,

гэрч Х.Б-гийн “ 2020 оны 03 дугаар сарын 04-ний орой 18 цагийн үед хонио хураагаад гэр  рүүгээ явж байхад манай гэрийн урдуур жижиг цагаан өнгийн дээрээ цэнхэр өнгийн ачаатай, дээр нь 2 гэрэлтэй суудлын тэрэг баруун элсний захад ирж зогсоод уг машинаас 3 хүн бууж мод руу орж юм хайж байгаа шинжтэй яваад байхгүй байна гэж ярьж байсан. Дараа нь Э ахын үхрийг тэнд нядалсан гэж Э ахаас сонссон. Нэг нь ажлын улаан алаг хувцастай байна гэж харсан, нөгөө 2 хүн нь бараан хувцастай байсан, хэн гэдгийг нь мэдээгүй. Цагаан өнгийн суудлын жижиг машин байсан  гэх,

гэрч Н.Н-ын “2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 15 цагийн үед Б ахынд байж байхад Г, Э нар орж ирээд Г “ найз нь хэдэн үхрээ хөөж явж байгаад том хүний амралтын урд нэг бяруу явахгүй болоод хийчихсэн, чи машинтайгаа яваад авчраад өг “ гэхээр нь орой 19 цаг өнгөрч байхад Соната 2 маркийн ........ СҮА улсын дугаартай машиныг жолоодож том хүний амралтын урд талын элсний захад очсон. Тэгээд Г машинаас бууж мод руу явж ирээд шууд явъя гэхээр яасан үхрээ авахгүй юмуу гэхэд буцъя, мах байхгүй байна гээд их яарч байсан. Бид 3 элснээс хөдлөхдөө машин цасанд сууж Г Э 2 түрж гаргасан...” гэх,

гэрч Б.Э-ийн “2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 15 цагийн үед Г-ийнд орж 1 пиво хувааж уусан. Г нь “ үхэр хөөж ирж байгаад нэг бяруу явахгүй болохоор нь элсний захад хийчихсэн, мах нь юу болж байгаа бол үзэж ирэхгүй бол болохгүй байна, машин олж явмаар байна “ гээд Н-тай уулзаад “хөдөө ойрхон яваад махаа үзэж ирье “ гэхэд нь Н бид 2 ямар учиртай үхэр вэ, толгой шийр нь байгаа юу, зураг авсан уу гэж Гөөс асуухад “миний үхэр ямар ч асуудал байхгүй” гэхээр нь бид 3 Н-ын Соната 2 цагаан өнгийн машинтай 19 цагийн үед том хүний амралтын урд элсний захад очсон. Г машинаас бууж элс рүү явж ирээд шууд явъя гээд их яаруу ирсэн. Тэгээд бид 3 шууд сумын төв рүү буцаж ирсэн би замдаа махаа яасан бэ гэхэд мах байхгүй байна гэхээр нь “юу яриад байгаа бэ, чиний мах гэсэн биз дээ”  гэхэд “зүгээр,  явъя мах байхгүй байна” гэхээр нь гайхаж байсан...” гэх,

гэрч Б.О-н “Манай нөхөр Г надад саяхан хүний үхэр хулгайлсан гэж өөрөө хэлсэн...” гэх,

гэрч Б.Н-ын “ 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 2 үхрээ дурандаад элс рүү орохоор нь үхрийнхээ араас явсан. Элс рүү очиход тэр хавийн үхрүүд үхрийн сэвсэн дээр орилолдоод байж байсан. Намайг харахад үхрийн сэвснээс зүүн хойт  талд цасан дээр хар цоохор үхрийн арьсаар мах хучсан, хажууд нь хүзүү сээртэй үхрийн хааг шувуу идсэн байдалтай байсан. Эийн үхрийг байна гэж мэдээд Эөд хэлсэн, махлаад нэг хоносон байх гэж бодож байна...”гэх мэдүүлгүүд,

“ЛӨ” ХХК-ийн шинжээчийн 20/03/118 дугартай “ нас гүйцсэн үхэр 1.120.000 төгрөг “ гэх дүгнэлт,

 Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

          Хэргийн дээрх баримтыг үндэслэвэл, шүүгдэгч Т.Г нь амар хялбар аргаар мөнгө олох, өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор зорилгоор хөдөө ахындаа очиж, өөрийн морийг унаж “ Т ” гэх газраас иргэн Ж.Э-ийн соёолон насны үхрийг бэлчээрээс нь хөөж авчран, сумын төвийн урд талын элсэнд махалж, нядалсан үйл баримт хангалттай нотлогдох бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийг шунахай сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ.

          Тэрээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа өр зээлээ төлөх зорилгоор бусдын өмчлөлийн бод малыг бэлчээрээс хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, махалж нядлан хохирогчийн өмчлөх эрхэд зориуд хохирол учруулсан байна.

 

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэхэд уналга, тээврийн хэрэгсэл ашигласан болохыг тогтоохдоо тухайн гэмт хэргийг үйлдэхэд буюу тодорхой материаллаг эд зүйлсийг зөөвөрлөх, тээвэрлэхэд уг тээврийн хэрэгсэл зайлшгүй хэрэглэгдэх шинж чанартай байсан эсэх, уг материаллаг зүйлсийн жин, хэмжээ, тоо ширхэг, тодорхой биет байдал зэргээс шалтгаалан уналга,тээврийн хэрэгсэлгүйгээр гэмт хэрэг үйлдэгдэх боломжгүй байсан гэдгийг тогтоох бөгөөд мал хулгайлах гэмт хэргийн хувьд мал авах санаа зорилгоор уналга, тээврийн хэрэгслээр нутаг бэлчээрт нь зорьж очих, хөөж туух, ачиж зөөвөрлөх зэргээр өөрийн эзэмшилдээ оруулах идэвхтэй үйлдлийг хамааруулан ойлгох ба шүүгдэгч Т.Г-ийн хувьд мал хулгайлах зорилгоор хөдөө ахындаа очиж, өөрийн морийг унан сумын төвөөс 30 км орчим газраас иргэн Ж.Э-ийн соёолон насны үхрийг бэлчээрээс нь хөөж сумын төвийн урд авчирсан хийгээд бод малын жин, хэмжээ, биет байдал зэргээс шалтгаалан уналгагүйгээр үхрийг хөөж, туух, барих боломжгүй учраас өөрийн эзэмшлийн морийг ашигласан байх бөгөөд уг гэмт хэргийг үйлдэхэд морь, уналга нь зайлшгүй хэрэглэгдэх шинж чанартай байсан хийгээд энэ түүний “ Үхэр хулгайлахаа өөрийн хүрэн морьтой яваад бугуйлдаж барьсан” гэх мэдүүлэг, Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл зэргээр нотлогдоно.

 

Иймд шүүгдэгч Т.Г-ийг, иргэн Ж.Э-ийн соёолон насны үхрийг хулгайлах гэмт хэрэгт уналга ашигласан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн зохицуулалтанд нийцнэ.

 

          Шүүгдэгч Т.Г-ийн бусдын нэг үхрийг авсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу мал хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэстэй байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Т.Г болон өмгөөлөгч Т.Хүдэр нар гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

 

Т.Г-ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон түүний гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан уналганы үнэлгээг мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч тогтоол гарган хөрөнгийн үнэлгээ гаргах тусгай зөвшөөрөл бүхий “ЛӨ” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр тогтоолгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5 “ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолно”, 16.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тусгай мэдлэг зайлшгүй шаардсан, эсхүл эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор шинжилгээ хийлгэнэ” гэж заасан зохицуулалтанд нийцэх бөгөөд хууль зөрчөөгүй байна.

 

“ ЛӨ “ ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ж.Э-ийн соёолон насны үхрийг 1.120.000 төгрөгөөр, Т.Г-ийн эзэмшлийн хүрэн зүсмийн морийг 700.000 төгрөгөөр тус тус үнэлсэн бөгөөд уг үнэлгээний талаар шүүгдэгч болон хохирогч нар маргаагүй болно.

 

Дээрх үнэлгээ нь тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх, үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх зэрэг хуулийн шаардлагад нийцсэн байгааг дурдах нь зүйтэй.

 

Хохирогч Ж.Эөд учирсан соёолон насны үхрийн 1.120.000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн болох нь түүний шүүхэд ирүүлсэн “ Т.Г нь миний эр үхрийг хулгайлсан. Түүний хохирол болох 1.120.000 төгрөгийг төлж барагдуулсан. Ж.Э миний зүгээс Т.Г-д ямар нэгэн гомдолгүй” гэх хүсэлтээр нотлогдох тул шүүгдэгч Т.Г-ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

          Шүүгдэгч Т.Г-ийн гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх бөгөөд шүүгдэгч Т.Г-ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн гэмт хэрэг нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах, түүний үйлдсэн хэрэг нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан эдийн хохирлыг нөхөн төлсөн, хохирогч, Ж.Э гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г-ийг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Т.Г-д дээрх тэнссэн хугацаанд “зан үйлээ засах сургалтанд хамрагдах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар тус тус шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Т.Г энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүхийн шатанд түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлнэ.

 

          Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т.Г-ийг мал хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Гийг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Т.Г-д дээрх тэнссэн хугацаанд “зан үйлээ засах сургалтанд хамрагдах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Г-д шүүхийн шатанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Г-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 700.000 төгрөгийн үнэлгээтэй хүрэн зүсмийн морийг хурааж улсын орлогод оруулсугай.

           

          6. Шүүгдэгч Т.Г энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримтгүй, хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Ж.Э-д учирсан 1 тооны соёолон эр үхрийн 1.120.000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

7. Шүүгдэгч Т.Г-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хүрэн зүсмийн морийг хурааж улсын орлогод оруулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдах хүртэл уг морьны битүүмжлэлийг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

          9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

          10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       С.НАСАНБУЯН