Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 114

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-очир,

Улсын яллагч С.Сугар,

Шүүгдэгч И.Б нарыг оролцуулан шүүх  хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч И.Б-д холбогдох 2030000000150 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр Сүхбаатар аймгийн Онгон суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин,  ам бүл ..., эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Онгон сумын 1 дүгээр багт оршин суух, ял шийтгэлгүй, /РД:............../ И.Б.

 

Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч И.Б нь согтуугаар 2020 оны 04 дүгээр сарын 14-ний орой Сүхбаатар аймгийн Онгон сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, ......ын байранд хохирогч Г.М-ыг зодож, түүний эрүүл мэндэд “зүүн хөмсгөнд зүсэгдсэн шарх, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Шүүгдэгч И.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Х-н байранд архи ууж байхад М хогийн хутгуураар миний зүүн нүдний зовхины дээд хэсэгт цохисон. Би эргүүлээд М-ыг хогийн хутгуураар нь цохисон гэв.

 

           

 Эрүүгийн 2030000000150  дугаартай хэргээс:

 

Хохирогч Г.М мөрдөн байцаалтанд өгсөн “2020 оны 04 дүгээр сарын 14-ний орой 17 цагийн үед Н-нд нөхөртэйгээ хамт очсон. Тэгтэл Н-нд М, И.Б нар архи уугаад сууж байсан. Манай нөхөр Б нь И.Б ахад хандан “та нар манай газрыг авлаа, ядуу хүн дээрэлхлээ” гээд хоорондоо маргалдаад зууралдаад байхаар нь би Н-г наад хоёроо салгаач гэтэл Н намайг орны хөндий рүү түлхэж унагаад миний зүүн нүд нь тус газар хоёр удаа гараараа цохисон. Тэгээд би босож ирээд Б манай нөхөр Б хоёрыг салгах гэтэл хоорондоо зууралдаад байхаар нь би зуухны баруун талд байсан хогийн төмөр хутгуурыг авч Б ахын араас нь цохисон мөн эргэж харахад нь би толгойн тус газарт буюу баруун нүдний дээд хэсэгт цохисон. Б ах хогийн хутгуурыг надаас булааж аваад миний зүүн нүдний доод хэсэгт хогийн хутгуураар нэг удаа цохисон. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 04-05-р хуудас/,

 

Гэрч Ж.Н мөрдөн байцаалтанд өгсөн: “2020 оны 04 дүгээр сарын 14-ний 16 цагийн үед Б нь эхнэр М-ын хамт орж ирээд Б нь И.Б-г миний газрыг авлаа гэж хоорондоо маргалдаад байхад эхнэр М нь над руу хогоо цэвэрлэхгүй хүмүүс цуглуулж архидлаа гэж дайраад байхаар нь би М-ын зүүн нүд рүү гараараа нэг удаа цохисон. Тэгээд М нь И.Б-н араас нь хогийн хутгуураар нүүр рүү нь цохисон тэгтэл И.Б нь эргэж хараад Г.М-ын нүүр рүү цохисон.  М-ын нүдний дээд талаас цус гарсан. Мөн И.Б-н духнаас цус гараад байсан. Тэгээд М цагдаад мэдэгдлээ гээд явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-р хуудас/,

 

Гэрч О.Н мөрдөн байцаалтанд өгсөн: “2020 оны 04 дүгээр сарын 14-ний өглөө найз М-ын хамт Н эгчийнх рүү очсон. Бид хоёр тэнд очоод архи уумаар санагдаад төв гарч нэг пиво аваад ууж дуусаад дахиад хоёр шил архи аваад хувааж уусан. Түүнээс хойш юу болсныг санахгүй байна. Унтаж байгаад сэрсэн чинь Н эгч М эгч, И.Б ах нар нь хоорондоо муудсан гэж ярьж байсан. Би Б ахтай морь яриад Н эгчийнд сууж байхад эхнэр нь болох М нь би эмнэлэг орж 4 оёдол тавиулаад ирлээ маргааш цагдаа дээр очиж учраа олно гээд орж ирсэн. Тэгээд удалгүй нөхөр Бтайгаа хамт явсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 11-р хуудас /

 

Гэрч А.М мөрдөн байцаалтанд өгсөн: “2020 оны 04 дүгээр сарын 14-ний өглөө найз О.Нын хамт Н эгчийнд хувцсаа угаахаар очсон. Н-т хоёулаа пиво уух уу гэтэл тэгье гэсэн. Бид хоёр төв гарч нэг пиво, хоёр шил архи авч уусан. Архи уугаад сууж байхад М нь өдөр 11 цагийн үед уг айлаар ороод гарсан. Орой 17 цагийн үед мөн Н эгчийнд М нь нөхөр Б-гийн хамт орж ирсэн. Н эгч, Х ах буюу И.Б, М, Б нар нь хоорондоо муудалцаад М, Х ах хоёрын нүүрнээс цус гарсан. Би Х ах, Б ах хоёр хоорондоо зууралдаад байхад нь салгасан. Чухам  дотор юу болсныг мэдэхгүй...”гэх мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас /

 

Гэрч Д.Б мөрдөн байцаалтанд өгсөн: “Би Б-тай үг сөрж маргалдсан. М Б-н араас хогийн хутгуураар цохисон, эргээд харахад нь нүүр рүү нь цохисон. Тэгтэл Б нь хутгуурыг булааж аваад манай эхнэр М-ын нүүр рүү нэг удаа цохисон бөгөөд Мын нүүрнээс цус гарч байсан. Б ах нилээд согтуу, манай эхнэр архи уусан байсан...”гэх мэдүүлэг / хх-ийн 13-14-р хуудас /

 

Шүүхийн  шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 210 дугаартай: “ 1. Г.М-ын биед зүүн хөмсгөнд зүсэгдсэн шарх, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Г.М-ын зүүн хөмсгөнд зүсэгдсэн шарх бүхий гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах ба харин зүүн нүдний дээд зовхинд цус хуралт бүхий гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 18-19-р хуудас/

 

- Сүхбаатар аймгийн Онгон сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 75 дугаар тодорхойлолт / хх-ийн 40-р хуудас /

 

-   Шүүгдэгч И.Б-н ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн 41-р хуудас/

-  Шүүгдэгч И.Б-н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 39-р хуудас/

 

-Шүүгдэгч И.Б-н хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 54-р хуудас/

 

- Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх прокурорын 56 дугаартай санал /хх-ийн 56-р хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч И.Б нь согтуугаар 2020 оны 04 дүгээр сарын 14-ний орой Сүхбаатар аймгийн Онгон сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, Х-н байранд хохирогч Г.М-ыг зодож түүний эрүүл мэндэд “зүүн хөмсгөнд зүсэгдсэн шарх, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч И.Б-н мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Г.М, гэрч Ж.Н, О.Н, А.М нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 210 дугаартай дүгнэлт болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч И.Б-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч И.Б-н гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.

 

Шүүгдэгч И.Б-н энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж буй гэмт үйлдэл болох юм.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч И.Б-н хөнгөн гэмтэл бүхий хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

           

Шүүгдэгч И.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь  зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагчаас И.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч И.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч И.Б-д ял шийтгэл оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан хөнгөрүүлэх нөхцөл болно.

 

Шүүгдэгч И.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн  нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг  харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

 Шүүгдэгч И.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Г.М гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

            Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч И.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Б-г 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 / зургаан зуун мянган/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан И.Б-д оногдуулсан торгох ялыг 4 /дөрөв/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан И.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан И.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Ялтан И.Б нь  энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Г.М гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Х.САНЖИДМАА