| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2020/0113/э |
| Дугаар | 110 |
| Огноо | 2020-05-06 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | С.Сугар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 110
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,
Улсын яллагчаар хяналтын прокурор Д.Хорлоо,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Эрдэнэбат,
Шүүгдэгч Г.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.С-д холбогдох 2030000970116 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 20.. оны ... дугаар сарын ...-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., эцэг, эх, эгч нарын хамт, Сүхбаатар аймгийн Дарьганга сумын ... дүгээр багт суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн, регистрийн дугаар ..........., Г.С.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Г.С нь 2019 оны 07 дугаар сард Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “ГХ” гэх газраас хохирогч Н.Х-гийн 1 тооны адууг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, бусдад 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Г.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: А.Х ахын адуунд хүрэн адуу байхаар нь Б гэдэг хүн адуу авахаар ирэхээр нь өгсөн. Тухайн өдрийн өглөө нь адуугаа хураахаа явахдаа мотоциклтой явж хурааж ирсэн. Орой нь адуугаа услаад гарсаны дараа морьтой яваад хөөж ирсэн. Хохирлоо нөхөн төлсөн...гэв.
2030000970116 дугаартай хавтаст хэргээс:
- Яллагдагч Г.С-ын: “Би өмнө нь өгсөн мэдүүлэгтээ бүх зүйлийг үнэн зөвөөр мэдүүлсэн байгаа. Надад тэр мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй. Өөрийн хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ухаарч байна. Би Н.Х-тэй утсаар ярьж хулгайлсан адууныхаа оронд нэг тооны гүү өгнө гэж тохирсон. Н.Х нь одоогоор манай адуунаас тэр гүүгээ аваагүй байгаа. Зун унагалсаных нь дараа очиж авна гэж тохирсон. Ямар ч байсан би хохирлыг барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-41/
- Хохирогч Н.Х-гийн: “Миний ширээтэй саран тамгатай зээрд халзан зүсмийн хязаалан насны морь манай хадам ах Эын адуунд байж байгаад 2019 оны өвөл 01 сард алга болж “Шб”-д өвөлжиж байсан А гэх хүний адуунд нийлсэн байсан. Тэгтэл 2019 оны 07 сарын эхээр А надаас “морио авсан юм уу” гэж асууж байсан. А ГХ-гийн нууранд байгаа адуугаар хайгаад олоогүй. Харин А 2020 оны 1 сард чиний зээрд халзан адуутай адилхан адуу С, М нар Б гэх хүнд зарсан байна гэж хэлсэн тул М, С нарыг шалгаж өгнө үү. Одоо ногоон соёолон морь шүдлэн байхад нь уяж байсан. Уг нь удамтай гэж уяж сойж байсан адуу 1.500.000 төгрөгөөр үнэлнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 04/
- Гэрч Ж.Б-н: “2019 оны 07 сарын хэдэн гэдгийг нь санахгүй байна. Намайг гэртээ байхад Б ах манайд 09 цагийн үед ирээд “Дарьганга сум руу машин бариад яваад өгчих, шөнөдөө ирнэ” гээд 10 цагийн үед Дарьганга сум руу явсан. Тэгээд сумын төв оролгүй үдийн хойно 15 цагийн үед хөдөө айлд очсон. Тэнд хоол цай идсэн. С мотоциклтой явсан. Би хажуу айлд ороход монгол архи гаргаж өгсөн. Тэрийг нь ууж байхад Б ах орж ирээд явъя гэхээр нь машиндаа суугаад тэр айлын баруун талд байсан чулуун хашаан дээр очиход адуу хашаанд хийсэн байсан. Би хашааны аман дээр адуу хорьж зогсож байсан. Тэгэхэд С алаг үрээ, бор үрээ, зээрд халзан морь, /нэг адууны зүсийг нь санахгүй байна / 4 тооны адуу барьж Б ахын цагаан өнгийн ачааны машин дээр ачаад орой 17 цагийн үед аймаг руу яваад шөнө 23 цагийн үед аймагт ирээд Б ах намайг гэрийн гадаа буулгаж өгсөн. Б ах мөнгө өгч байгаа харагдаагүй, яаж авсан талаар мэдэхгүй. С, М, Б, бид 4 байсан. Ямар учиртай адуу авч байгааг асуугаагүй. С гэдэг залуу нь барьж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 14/,
- Гэрч Н.М-ийн: “Х хөлөө хугалчихаад аймагт байсан ба 2019 оны 07 сарын дундуур Б ах аймгаас нэг хүнтэй өдөр 11 цагийн үед ирээд Х адуу ав гэсэн гэхээр нь “Би мэдэхгүй, С-аас асуу” гэсэн. Тухайн үед С адуундаа яваад ирээгүй байсан. Өдөр 14 цагийн үед С адуунаасаа ирээд Б-тай машинд нь уулзаад дахиж адуунд яваад орой 18 цагийн үед зүүн талаас адуу хөөж ирсэн. Б ах машинтайгаа Х-ын хаваржааны чулуун хашаан дээр очиж зогссон. Би араас нь Г-тай мотоциклтой очиход 40 гаран тооны адуу хөөж ирээд хагас адууг нь хашаанд хашсан байсан. Тэгээд тожин морь, зээрд халзан морь, сартай хүрэн морь, бор хязаалан зэрэг 4 тооны адууг барьж Бд ачуулаад орой нар шингэж байхад С өөрөө мотоцикльтой дагуулж аймгийн замд оруулж явуулсан. Зээрд халзан морь ширээтэй саран тамгатай, бор хязаалан нь тууран тамгатай байсан. Нөгөө 2 морь ямар тамгатай байсан талаар санахгүй байна. Х-ын хар халзан азаргатай адууг мотоциклтой хөөж ирсэн. Г, С, Б, Б бид 5 байсан. Миний хажууд мөнгө аваагүй. Дараа нь мөнгө авсан талаар мэдэхгүй. Намайг хамжаад өг гэхээр нь би хашааны аман дээр зогсож байсан. С бугуйлдаж бариад өөрөө хазаарлаж авсан. С өглөө нь Х-тай утсаар ярьсан, Х-ын азаргатай адууг хөөж ирсэн болохоор өөрийнх нь адууг өгч байна гэж бодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/,
- Гэрч Э.Г-ын: “Манайх Дарьганга сумын 2 дугаар баг ӨХ гэдэг газар зунжиж байхад аймгаас Б нь цагаан өнгийн ачааны машинтай ирээд адуу авсан. Тэр үед зөв талын гэр гуянд ширээтэй саран тамгатай Ч.Э-ын тамгатай адууг Хын барилга дээр М, С нар бор үрээ, тожин морины хамт ачиж байхаар нь харчихаад гэр рүүгээ явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13/
-Гэрч Н.А-ын: “2018 оны өвөл манай адуунд зөв талын гэр гуяндаа ширээтэй саран тамгатай зээрд халзан зүсмийн хязаалан морь ирсэн. Тэгээд хэний адуу гэдэг нь мэдэгдэхгүй байж байгаад сумын төвд байдаг Х-гийн адуу гэдгийг мэдсэн. Тухайн үед Х-д манай адуунд морь чинь байгаа гэж хэлж байсан. 2019 оны 07 дугаар сарын дундуур адуугаа хураахад Х-гийн зээрд халзан морь байхгүй байсан. Х-гээс адуугаа авсан юм уу гэж асуухад аваагүй гэж байсан. Харин 2019 оны 08 дугаар сарын дундуур М-т зарсан сураг байсан. Манайх зун “ГХ” гэх газар зусдаг. М Х гэх айлын малыг малладаг. Нэг уснаас малаа усалдаг, ойрхон айл... ” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02/
-“ЛӨ” ХХК-ийн шинжээчийн20/03/106 дугаартай “ нас гүйцсэн морь- 1.000.000 төгрөг ” гэх дүгнэлт /хх-ийн 22-28/
- Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 56-57, 67/
- Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-ийн 54/
- “ЛӨ” ХХК-ийн шинжээчийн 20/03/168 дугаартай “ мотоцикл- 2.069.400 төгрөг ” гэх дүгнэлт /хх-ийн 59-66/
- Г.С-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 42/
- Г.С-ын Байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 43/
- Г.С-ын Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44/
- Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоол/хх- 46-50/ зэрэг баримтууд болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.С нь 2019 оны 07 дугаар сард Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “ГХ” гэх газраас хохирогч Н.Х-гийн саран тамгатай зээрд халзан зүсмийн хязаалан насны морийг уналга ашиглан хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
шүүгдэгч Г.С-ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн “А.Х ахын адуунд хүрэн адуу байхаар нь Б гэдэг хүн адуу авахаар ирэхээр нь өгсөн. Тухайн өдрийн өглөө нь адуугаа хураахаа явахдаа мотоциклтой явж хурааж ирсэн. Орой нь адуугаа услаад гарсаны дараа морьтой яваад хөөж ирсэн...” гэх мэдүүлэг,
хохирогч Н.Х-гийн: “Миний ширээтэй саран тамгатай зээрд халзан зүсмийн хязаалан насны морь манай хадам ах Э-ын адуунд байж байгаад 2019 оны өвөл 01 сард алга болж “Шб”-д өвөлжиж байсан А гэх хүний адуунд нийлсэн байсан. 2019 оны 07 сарын эхээр А надаас “морио авсан юм уу” гэж асууж байсан. Харин А 2020 оны 1 сард чиний зээрд халзан адуутай адилхан адуу С, М нар Б гэх хүнд зарсан байна гэж хэлсэн ” гэх,
гэрч Ж.Б-н: “2019 оны 07 сард Б ах манайд 09 цагийн үед ирээд “Дарьганга сум руу машин бариад яваад өгчих, шөнөдөө ирнэ” гээд явсан. 15 цагийн үед хөдөө айлд очсон. С мотоциклтой явсан. Би хажуу айлд байхад Б ах орж ирээд явъя гэхээр нь машиндаа суугаад тэр айлын баруун талд байсан чулуун хашаан дээр очиход адуу хашаанд хийсэн байсан. Би хашааны аман дээр адуу хорьж зогсож байсан. Тэгэхэд С алаг үрээ, бор үрээ, зээрд халзан морь, /нэг адууны зүсийг нь санахгүй байна / 4 тооны адуу барьж Б ахын цагаан өнгийн ачааны машин дээр ачсан. Б ах мөнгө өгч байгаа харагдаагүй, яаж авсан талаар мэдэхгүй. С, М, Б, бид 4 байсан. С гэдэг залуу нь барьж өгсөн ” гэх,
гэрч Н.М-ийн “ Х хөлөө хугалчихаад аймагт байсан үед 2019 оны 07 сарын дундуур Б ах аймгаас нэг хүнтэй өдөр 11 цагийн үед ирээд Х адуу ав гэсэн гэхээр нь “Би мэдэхгүй, С-аас асуу” гэсэн. Тухайн үед С адуундаа яваад ирээгүй байсан. Өдөр 14 цагийн үед С адуунаасаа ирээд Б-тай машинд нь уулзаад дахиж адуунд яваад орой 18 цагийн үед зүүн талаас адуу хөөж ирсэн. Б ах машинтайгаа Х-ын хаваржааны чулуун хашаан дээр очиж зогссон. Би араас нь Г-тай мотоциклтой очиход 40 гаран тооны адуу хөөж ирээд хагас адууг нь хашаанд хашсан байсан. Тэгээд тожин морь, зээрд халзан морь, сартай хүрэн морь, бор хязаалан зэрэг 4 тооны адууг барьж Б-д ачуулаад С өөрөө мотоцикльтой дагуулж аймгийн замд оруулж явуулсан.Зээрд халзан морь ширээтэй саран тамгатай, бор хязаалан нь тууран тамгатай байсан. Нөгөө 2 морь ямар тамгатай байсан талаар санахгүй байна. Х-ын хар халзан азаргатай адууг мотоциклтой хөөж ирсэн. Г, С, Б, Б бид 5 байсан. Намайг хамжаад өг гэхээр нь би хашааны аман дээр зогсож байсан. С бугуйлдаж бариад өөрөө хазаарлаж авсан. С өглөө нь Х-тай утсаар ярьсан, Х-ын азаргатай адууг хөөж ирсэн болохоор өөрийнх нь адууг өгч байна гэж бодсон” гэх,
гэрч Э.Г-ын “Манайх Дарьганга сумын 2 дугаар баг Ө-н хошуу гэдэг газар зунжиж байхад аймгаас Б нь цагаан өнгийн ачааны машинтай ирээд адуу авсан. Тэр үед зөв талын гэр гуянд ширээтэй саран тамгатай Ч.Э-ын тамгатай адууг Хын барилга дээр М, С нар бор үрээ, тожин морины хамт ачиж байхаар нь харчихаад гэр рүүгээ явсан...” гэх,
гэрч Н.А-ын “ 2018 оны өвөл манай адуунд зөв талын гэр гуяндаа ширээтэй саран тамгатай зээрд халзан зүсмийн хязаалан морь ирсэн. Х-гийн адуу гэдгийг мэдээд Х-д манай адуунд морь чинь байгаа гэж хэлж байсан. 2019 оны 07 дугаар сарын дундуур адуугаа хураахад Х-гийн зээрд халзан морь байхгүй байсан. Х-гээс адуугаа авсан юм уу гэж асуухад аваагүй гэж байсан. Харин 2019 оны 08 дугаар сарын дундуур М-т зарсан сураг байсан. Манайх зун “ГХ” гэх газар зусдаг. М Х гэх айлын малыг малладаг. Нэг уснаас малаа усалдаг, ойрхон айл” гэх мэдүүлгүүд,
“ЛӨ” ХХК-ийн шинжээчийн “ нас гүйцсэн морь 1.000.000 төгрөг” гэх дүгнэлт зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хэргийн баримтыг үндэслэвэл, шүүгдэгч Г.С нь зарж борлуулан ашиг олох буюу амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор иргэн Г.Х-ын адуунд байсан Н.Х-гийн морийг бусдынх болохыг мэдэж авсан үйл баримт хэргийн баримтаар хөдөлбөргүй нотлогдох бөгөөд гэмт хэргийг шунахай сэдэлтээр, гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.
Тэрээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа мөнгө олох зорилгоор бусдын өмчлөлийн адууг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад зарж борлуулан хохирогчийн өмчлөх эрхэд зориуд хохирол учруулсан байна.
Прокуророос шүүгдэгч Г.С-ыг тээврийн хэрэгсэл ашиглан Н.Х-гийн морийг хулгайлсан гэж үзсэн нь хэрэгт нотлогдоогүй ба харин тэрээр уг адууг иргэн Г.Х-ын эзэмшлийн зөв талын гуян дээрээ тууран тамгатай хүрэн зүсмийн морийг ашигласан боловч, уг морийг Г.С-д холбогдох Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор хурааж улсын орлогод оруулсан байгааг дурдъя.
Тодруулбал, шүүгдэгч Г.С нь 2019 оны 07 дугаар сард Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “ГХ” гэх газраас иргэн Ж.Б-гийн 3 адуу, Н.Х-гийн 1 морийг хулгайлж, Ж.Б-гийн 3 адууг хулгайлсан үйлдэлдээ дээрх шийтгэх тогтоолоор эрүүгийн хариуцлага хүлээжээ.
Шүүгдэгч Г.С-ын, хохирогч Н.Х-гийн 1 тооны адууг авсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу мал хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэслэлтэй байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Г.С болон өмгөөлөгч Г.Эрдэнэбат нар гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.
Г.С-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын үнэлгээг мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч тогтоол гарган хөрөнгийн үнэлгээ гаргах тусгай зөвшөөрөл бүхий “ЛӨ” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр тогтоолгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5 “ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолно”, 16.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тусгай мэдлэг зайлшгүй шаардсан, эсхүл эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор шинжилгээ хийлгэнэ” гэж заасан зохицуулалтанд нийцэх бөгөөд хууль зөрчөөгүй байна.
“ ЛӨ” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр хохирогч Н.Х-ийн саран тамгатай зээрд халзан зүсмийн хязаалан насны морийг 1.000.000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд уг үнэлгээний талаар шүүгдэгч болон хохирогч нар маргаагүй болно.
Дээрх үнэлгээ нь тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх, үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх зэрэг хуулийн шаардлагад нийцсэн байгааг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Х-д учирсан нэг тооны адууны буюу 1.000.000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн болох нь хохирогчийн шүүхэд ирүүлсэн “ Н.Х миний бие Дарьганга сумын 4-р багийн оршин суугч Г.С-оос хохирлоо барагдуулж “зөв талын гуяндаа дөл саран тамгатай цагаан халиун гүү авсан. Одоо дахин гомдол байхгүй болсон” гэх тодорхойлолтоор нотлогдоно. Иймд Г.С-ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “ Бусдын мал хулгайлсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсний “ Бусдын мал хулгайлсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл” гэснийг хасаж, өөрчлөн найруулсан бөгөөд энэ өөрчлөлт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан зохицуулалт болжээ.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “ Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэсэн зохицуулалтуудыг үндэслэвэл, шүүгдэгч Г.С-ын 2019 оны 07 дугаар сард хохирогч Н.Х-гийн морийг хулгайлсан үйлдэлд тухайн үед мөрдөгдөж байсан буюу 2015 онд батлагдаж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдсөн Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-ын тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “ Бусдын мал хулгайлсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Дээр дурдсан хууль буцаан хэрэглэхгүй үндэслэлд хууль тогтоогчийн шийдвэрээр хүний эрх зүйн байдлыг дордуулж байгаа эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад аливаа хэм хэмжээг багтаан ойлгох бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт оруулсан өөрчлөлт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан, эрүүгийн хариуцлагыг шинээр тогтоож буй явдал ба энэ тохиолдолд гэмт хэрэгт шинээр тооцохоор заасан хэм, хэмжээг хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн өдрөөс хойш үйлдэгдсэн гэмт хэрэгт хэрэглэх нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт болохыг дурдъя.
Шүүгдэгч Г.С-ын гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “ Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.
Шүүгдэгч Г.С нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг бүрэн барагдуулсан, хохирогч Н.Х гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар хэрэгт мэдүүлсэн, тэрээр үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдлыг харгалзан үзэж шүүгдэгч Г.С-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан, тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна ” гэж заасан шударга ёсны зарчимд харшлахгүй болно.
Г.С-г Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т заасан “зан үйлээ засах сургалтанд хамрагдах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авчээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “ Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж заасан тул дээрх 30 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь “ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй “, 3 дахь “ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч Г.С-д дээрх тэнссэн хугацаанд “зан үйлээ засах сургалтанд хамрагдах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай” гэсэн заалтыг тус тус хүчингүй болгож, тухайн хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан уг ялыг энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож шийдвэрлэлээ.
Г.С-н гэмт хэрэг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл ашигласан гэж үзээгүй тул түүний эзэмшлийн цэнхэр өнгийн Хуажи /Haojie/ загварын мотоциклийг битүүмжилсэн Прокурорын 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 5/27 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх “ тухай тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэнэ.
Шүүгдэгч Г.С энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлнэ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.С-ыг мал хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан, тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С-ыг 240 /хоёр зуун дөчин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь “ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй”, 3 дахь “ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч Г.С-д дээрх тэнссэн хугацаанд “зан үйлээ засах сургалтанд хамрагдах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай” гэснийг хүчингүй болгож, тухайн хэрэгт 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.С-д шүүхийн шатанд авсан авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Шүүгдэгч Г.С энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Н.Х-д учирсан соёолон адууны 1.000.000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Хэрэгт иргэн Г.Х-ын эзэмшлийн улсын дугааргүй Хуажи /Haojie/ загварын мотоциклийг битүүмжилсэн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 5/27 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН