| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 174/2020/0119/э |
| Дугаар | 118 |
| Огноо | 2020-05-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Сугар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 118
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-очир,
Улсын яллагч С.Сугар,
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Б.Б-д холбогдох 2030000000167 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 19.. оны .. дүгээр сарын ...-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл..., эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 3 дугаар баг Жишиг хороололын .... тоотод оршин суух, 19.. онд Сүхбаатар аймгийн сум дундын шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн .... дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 150000 төгрөгийн торгох ял, 2003 онд Сүхбаатар аймгийн сум дундын шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэгдэж байсан, /РД:.............../ Б.Б.
Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Б.Б нь согтуугаар 2020 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч П.УЭ-н зүүн гарын бугуйн хэсэг рүү дугуйны насосоор 1 удаа цохиж түүний эрүүл мэндэд “зүүн гарын бугуйн хэсэгт зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр эхнэрийнхээ гарыг цохисон нь үнэн. Энэ хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна гэв.
Эрүүгийн 2030000000167 дугаартай хэргээс:
Хохирогч П.УЭ мөрдөн байцаалтанд өгсөн “ Би 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүү Б.А-ын хамт хөдөө яваад маргааш нь буюу 2020 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр гэртээ ирэхэд манай нөхөр Б.Б нь гэртээ архи уучихсан согтуу байсан. Би нөхөртөө хандан “чамд архи олдоно, аав чинь олдохгүй” гэж хэлэхэд над руу уурлаад загнаж байгаад гэрээс гарч мотоциклынхоо хажууд очиж суугаад намайг хэл амаар доромжлоод байхаар нь чи юу гээд байгаа юм бэ гээд гарч очоод уурандаа мотоциклыг өшиглөөд унагаасан. Тэгтэл манай нөхөр Б нь дугуй хийлж байсан насосоороо миний зүүн гарын бугуйн хэсэг рүү нэг удаа, нуруу руу 2-3 удаа цохихоор нь “чи миний гарыг хугалчихлаа” гэхэд мотоциклоо унаад явсан. Тухайн үед хадам аавын бие маш муу байсан учраас цагдаагийн байгууллагад гомдол гаргаагүй. Тэгээд гар өвдөөд байхаар нь очоод үзүүлэхэд таны зүүн гарын шууны савхан яс далбарласан байна гээд шохойдож өгсөн. Эмч надаас юу болсон талаар асуухаар нь мотоциклоос унасан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 05-06-р хуудас/,
Гэрч Э.Б мөрдөн байцаалтанд өгсөн: “ Манай төрсөн дүү Б нь намайг 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр эхнэрийн гарыг сумын эмнэлэгт очиж үзүүлээд өгөөч гэхээр нь би ямар учраас гарыг нь үзүүлж байгаа талаар асуухад бид хоёр хэд хоногийн өмнө бага зэрэг маргалдаад би гар руу нь дугуйны насосоор цохисон гэж хэлэхээр нь дүүгийн эхнэрийг сумын эмнэлэгт очиж үзүүлсэн. Рентген аппаратаар харуулахад П.УЭ зүүн гарын шууны савхан яс далбарласан буюу зөөлөн эдийн гэмтэл авсан байна гэсэн. Тухайн үед аав нас барсан ажил ихтэй байсан болохоор сүүлд нь нарийн мэргэжлийн эмчээр үзүүлээрэй гэж хэлээд бид хоёр явсан. Б.Б, П.УЭ нар өмнө нь маргалдан муудаж байсан талаар мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас /
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 238 дугаартай: “ 1. П.УЭ-н биед зүүн шууны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 16-17-р хуудас/
- Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 3 дугаар багийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 03/53 дугаар тодорхойлолт /хх-ийн 40-р хуудас /
- Шүүгдэгч Б.Б-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 32-р хуудас/
- Шүүгдэгч Б.Б-гийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн 33-р хуудас/
-Шүүгдэгч Б.Б-гийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 45-р хуудас/
- Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх прокурорын 59 дугаартай санал /хх-ийн 47-р хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь согтуугаар 2020 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч П.УЭ зүүн гарын бугуйн хэсэг рүү дугуйны насосоор 1 удаа цохиж түүний эрүүл мэндэд “зүүн гарын бугуйн хэсэгт зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Б-гийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч П.УЭ, гэрч Э.Б нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 238 дугаартай дүгнэлт болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Б-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Б-гийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.
Шүүгдэгч Б.Б-гийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж буй гэмт үйлдэл болох юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Б-гийн хөнгөн гэмтэл бүхий хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч Б.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Б.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Б-д ял шийтгэл оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл болно.
Шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “хар өнгийн 31.5 см урттай 5 см өргөнтөй хийн хоолой дамжуулагч шаланкны урт нь 50 см дугуй хийлэгч багаж буюу насос”-ыг шүүгдэгч нь буцаан авна гэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Б.Б-д олгохоор шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч П.УЭ гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 / зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан Б.Б-д оногдуулсан торгох ялыг 7 /долоон/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн насосыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 3 дугаар багийн харьяат шүүгдэгч Б.Б-д буцаан олгосугай.
7. Ялтан Б.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч П.УЭ гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.САНЖИДМАА