Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 500

 

  

                                                           

 

 

 

 

 

   

2020        06          22                                2020/ШЦТ/500

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

улсын яллагч Г.Ууганбаатар,  

шүүгдэгч Р.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гөрөөчин овогт Ренчинбямбаагийн Сод холбогдох эрүүгийн 1911 01746 0642 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1975 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, франц хэлний багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 2 дугаар хороо 50а-22 тоотод оршин суудаг,

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 132 дугаар шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 390 дүгээр магадлалаар 132 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Р.Сыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар өөрчилж шийдвэрлэсэн, Гөрөөчин овогт Ренчинбямбаагийн С /РД:_______/,

Шүүгдэгч Р.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Р.С нь Бүгд Найрамдах Солонгос Улс руу зорчдог виз гаргуулж өгнө, Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа элчин сайдын яаманд ажилладаг визний асуудал хариуцсан ажилчдыг виз гаргуулахын тулд агаар салхинд гаргана, визний бүртгэлийн хураамж” гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, хуурч иргэн Э.Пүрэвжаргалаас 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 300,000 төгрөгийг 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 855,000 төгрөгийг, нийт 1,155,000 төгрөгийг өөрийн Голомт банкинд эзэмшдэг 3000005325 дугаарын дансаар шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүгдэгч Р.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би хохирогчоос мөнгө авсан нь үнэн. Тухайн үед Солонгос Улсад Боулингийн тэмцээнээр тамирчны журмаар гаргах боломж байсан. Санамсаргүй алдаанаас болоод Солонгос явах ажил бүтэлгүйтсэн. 5 дугаар сарын сүүлээр би хохирогчтой холбогдон 500,000 төгрөг шилжүүлж, үлдэгдэл төлбөрийг мөн барагдуулсан. Хохирогч гомдол саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх  хүсэлт бичгээр гарагсан. Би буруу зүйл хийснээ ухаарсан ...” гэв

Шүүгдэгч Р.С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Би Э.Пүрэвжаргалтай 2019 оны 01 дүгээр сард “ТБД” Андуудын хажууд уулзаж, улмаар Э.Пүрэвжаргал нь өөрөө Бүгд Найрамдах Солонгос Улсад боулингийн тэмцээн 2019 оны 03 дугаар сард болох байсан ба тухайн тэмцээнд явуулах урилгыг цаанаас нь Э.Пүрэвжаргалыг аваад явуулчих гэж байсан юм. Гэтэл тэмцээн рүү ганц хүн явах боломжгүй ба 5-6 хүний бүрэлдэхүүнтэй баг явах ёстой байсан бөгөөд нэмж хүн олох гэхээр тэмцээны хугацаа дөхчихсөн болохоор нэмж хүн хайхаа больчихсон. Эргээд энэ виз бүтэхгүй болсон мөнгийг нь буцааж өгөх талаараа Э.Пүрэвжаргалд өөрт нь хэлсэн. Би ингээд 2019 оны 06 дугаар сард Э.Пүрэвжаргалаас авсан 1,155,000 төгрөгнөөс 500,000 төгрөгийг нь буцааж өгсөн. Э.Пүрэвжаргалаас эхний ээлжинд авсан 300,000 төгрөгийг Бүгд Найрамдах Солонгос Улсын Монгол Улс дахь элчин сайдын яамны ажилчдыг хоолонд оруулах гэж аваад тэд нарыг улмаар хоолонд оруулах гэхэд элчингийн ажилчид эмэгтэй хүнтэй холбоотой гэмт хэргийн асуудалд холбогдчихсон. Тэгээд тэд мөнгийг Бүгд Найрамдах Солонгос Улсын Монгол Улс дахь Элчин сайдын яамруу явах унааны зардал, тэмцээнд явах хүмүүсийн бүртгэлийн маягт орчуулга зэрэгт зарцуулаад дуусгасан. Харин сүүлд авсан 855,000 төгрөг нь уг тэмцээний хураамж, байрлах зочид буудлын мөнгө, мандат зэрэгт зарцуулах байсан боловч цаанаас нь би урилгыг нь авч чадаагүйгээс болоод 855,000 төгрөгийг мөрийтэй тоглоом болгоод алдчихсан. Өмнө нь тэмцээний шугамаар 4 хүнийг Бүгд Найрамдах Солонгос Улс руу явуулж байсан ба уг нь цаанаасаа урилга нь ирсэн бол Э.Пүрэвжаргалын виз гарах байсан. Би одоо Э.
Пүрэвжаргалын бүх мөнгө болох 1,550,000  төгрөгийг бүрэн төлж барагдуулсан ...” гэх /хх-ийн 43-44х/,

 Хохирогч Э.Пүрэвжаргал мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлэхдээ: “...миний бие Э.Пүрэвжаргал нь 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Р.Соронзонболтой Бүгд Найрамдах Солонгос Улс руу гаргуулах журмаар анх танилцсан. Ингээд 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр би ээж Дашдоржийн Эрдэнэчимэгийн голомт банкны 1705126466 дугаарын данснаас Р.Сын голомт банкны 3000005325 дугаарын данс руу 300,000 төгрөгийг шилжүүлсэн. Дараа нь 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсын визний бүртгэлийн хураамж гэж 855,000 төгрөгийг мөн ээж Дашдоржийн Эрдэнэчимэгийн голомт банкны 1705126466 дугаарын данснаас Р.Сын голомт банкны 3000005325 дугаарын данс руу шилжүүлсэн. Нийтдээ Р.Сын голомт банкны 3000005325 дугаарын данс руу 1,155,000 төгрөгийг шилжүүлсэн. Р.С надаас анх урьдчилгаа 300.000 төгрөгийг авах үед би түүнээс “энэ 300,000 төгрөгийг юунд зарцуулах талаар асуухад Р.С нь Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд ажилладаг визний асуудал хариуцсан ажилчдыг /элчингийн хүмүүсийг/ визийг гаргуулахын тулд агаар салхинд гаргаж, дайлж цайлна гэж хэлж авсан. Сүүлийн 855,000 төгрөгийг Бүгд Найрамдах Солонгос Улсын визний бүртгэлийн хураамж гэж хэлж авсан. Р.С нь хамгийн сүүлд түүнд 855,000 төгрөгийг шилжүүлэх үед миний Бүгд Найрамдах Солонгос Улсын визийг тамирчны журмаар 3 сарын хугацаатайгаар гаргана, мөн виз гарах хүртэл 60 хоног хүлээгдэх талаар хэлсэн. Ингээд би визээ 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш 2019 оны 03 дугаар сар хүртэл хүлээгээд эргээд Р.Соос виз хэзээ гарах талаар асуухад Бүгд Найрамдах Солонгос Улсаас урилга ирэхгүй хүлээгдэж байна гэж хэлсэн. Улмаар 2019 оны 03 дугаар сард байхаа өдрийг нь сайн санахгүй байна Р.С нь “Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа элчин сайдын яамны ажилчдад асуудал үүссэнээс болоод чиний материалыг татгалзсан байна, чиний асуудал визний асуудал утгаа алдлаа ах нь мөнгийг чинь буцааж өгөх болно” гэж фэйсбүүкийн мессенжер дэх “soronzonbold rechinbyambaa”  гэх нэртэй хаягнаасаа миний “purevjargal erdenechimeg” гэх нэртэй хаяг руу мессеж бичсэн. Мөн Р.С нь ах нь ажил хийгээд ч болтугай мөнгийг нь хуваагаад төлнө гэж хэлж байсан. Тэгээд Р.С нь миний мөнгийг өгөхгүй, 89211267, 96675958 утасны дугаарууд нь холбогдохгүй, фэйсбүүкийн мөссенжер дэх хаяг руу нь мөнгөө буцааж авах талаар чат бичихээр огт уншихгүй байхаар нь би айгаад намайг залилсан байна гэж бодоод 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр цагдаагийн хэлтэст гомдол гаргасан” гэх /хх-ийн 32х/,

Хохирогч Э.Пүрэвжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би өмнө өгсөн мэдүүлэг дээрээ дэлгэрэнгүй мэдүүлж байсан. Одоо энэ хэрэг болсноос хойш бараг 1 жил өнгөрсөн байна. Хэргийг яаралтай шийдвэрлэж өгнө үү” гэх /хх-ийн 27х/,

Гэрч Д.Эрдэнэчимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...голомт банкны АТМ-аас 300,000 төгрөгийг С гэх хүний данс руу шилжүүлсэн, манай охин Пүрэвжаргал 855,000 төгрөгийг нөгөө данс руу шилжүүлэх хэрэгтэй байна гэхээр нь ард кино театрын ард байрлах голомт банк руу орж С гэх хүний данс руу 855,000 төгрөгийг шилжүүлсэн” гэх /хх-ийн 29х/,

Голомт банкны дансны хуулга /хх-ийн 186х/,

Шүүгдэгч Р.С хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт /хх-ийн 206х/,

Хохирогч Э.Пүрэвжаргал хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт /хх-ийн 205х/

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 210х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчилгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлагыг зөрчөөгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх бүрэлдэхүүн үнэллээ.

Иймд шүүгдэгч Р.Сыг бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Р.Сыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгийн торгуулийн ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Р.С нь 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүртэл сэжигтнээр баривчлагдсан нэг хоногийг торгох ялын 15 нэгж буюу 15,000 төгрөгөөр тооцон хасч биелүүлэх торгох ялын хэмжээг 485,000 /дөрвөн зуун наян таван мянган/ төгрөгөөр тогтоож,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

           1. Шүүгдэгч Гөрөөчин овогт Ренчинбямбаагийн Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Сыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 / таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн сэжигтнээр баривчлагдсан 1 /нэг/ хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгж буюу 15,000 /арван таван мянга/ төгрөгөөр тооцон хасч, 485,000 /дөрвөн зуун наян таван мянга/ төгрөгөөр торгох ялыг биелүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай. 

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.

 7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                   П.АРИУНБОЛД