Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2021/0637

 

 

  Б.Ч-гийн нэхэмжлэлтэй

   захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч А.Сарангэрэл, Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, хариуцагчийн өмгөөлөгч Г.Г нарыг оролцуулан онлайнаар хийсэн хуралдаанаар, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 37 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Б.Ч-гийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Алтай сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 37 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 дах хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Ч-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Говь-Алтай аймгийн Алтай сумын Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Б/17 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Говь-Алтай аймгийн Алтай сумын Засаг дарга Д.Э давж заалдах гомдолдоо: Б.Ч нь төрийн үйлчилгээний байгууллагын удирдах эрх бүхий албан тушаалтан атал өөрийн уур бухимдал, зан суртахуунаараа сошиал орчинд нэр бүхий албан тушаалтан нарыг нэрлэж улс төрийн нам эвслийн хандлага гаргаж бусдыг уриалан дуудсан, хандлага авах гэсэн, талцуулсан аяс илт илэрхийгээр дурьдсаныг төрийн албаны нэр хүндэд харшилсан үйлдэл гэж үзсэн.

Төрийн албаны шинэчлэлийн үйл ажиллагаанд баримтлах өөрийн үзэл бодол, ёс суртахуун, хэлсэн бичсэн үг, үйлдлээрээ Үндсэн хууль бусад хуулиар баталгаажуулсан хууль ёсыг эрхэмлэн дээдлэх нийтлэг ёс зүйн хэм хэмжээ, дэг жаягийг сахих үүргээ умартаж дээрх хууль ёсыг сахих үүргээ биелүүлээгүй байна.

Сошиал орчинд дурьдсан албан тушаалтан нараа эвлэлдэн нэгдэхгүй байгааг ямар хэм хэмжээгээр илэрхийлээд өөрийгөө бусдаас тусгаарлаад өөрөө эвлэлдэн нягтлахгүй онцлоод олон түмэнд илэрхийлж байхаар өөрийн санал гомдол мэдээллээ санал өргөдөл гомдлын тухай хуульд зааснаар гаргаж эрхээ эдлэх боломж байсаар байна.

Манай сумд сошиал орчин нь хэвлэл мэдээллийн хэрэгслийг ганц орлох мэдээллийн сүлжээ байтал Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.10 дахь хэсэгт албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцдаа улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй төвийг сахих, хэвлэл мэдээллийн хэрэгслээр төр засгийн бодлоготой холбогдсон асуудлаар зөвхөн албан ёсны баримт нотолгоонд суурилсан байр сууриа илэрхийлэх гэж заасныг зөрчсөн үйлдэл хийсэн.

Б.Ч-гийн цахимд дурьдсан асуудлын агуулга мөн чанар нь төрийн үйлчилгээний байгууллагын удирдах албан тушаалтанд тавигдах шаардлагад нийцэхгүй бөгөөд Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдийн ёс зүйн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1.4 “Б” хэсэг, 3.1.7 “А” хэсэг, 4 дүгээр зүйлийн 4.2.2 дахь хэсэг, Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1 дэх заалтыг зөрчсөн үйлдэл болсон.

Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоолын 1.7 дахь заалт, сумын Засаг даргатай байгуулсан 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд хавсаргасан батламжийн 6 дахь заалтыг төдийгүй, аймаг, сумын Онцгой комиссын шийдвэрээр архи согтууруулах ундаагаар худалдах үйлчлэхийг хориглосон цар тахлын үед архидан согтуурч зөрчил гаргасныг сумын цагдаагийн хэсэг шалган тогтоосон байдаг.

Сумын Засаг даргын гаргасан эрх зүйн актын үндэслэлийг аймгийн Засаг даргын Тамгын газрын хууль эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн нар хянаж шалгадаг бөгөөд дээрхи захирамжийг аймгийн Засаг дарга хүчингүй болгох үндэслэлтэй.

Иймд миний гомдлын үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хянаад хэвээр үлдээв.

Нэхэмжлэгч Б.Ч-гээс Говь-Алтай аймгийн Алтай сумын Засаг даргад холбогдуулан “Алтай сумын Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Б/17 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Маргаан бүхий сумын Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн “Б.Ч-т хариуцлага тооцох тухай” Б/17 дугаар захирамжаар Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.1, Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолын хавсралт, “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 3 дугаар зүйлийн 3.1.4-н “Б” заалт, 3.1.7 “А” заалт, 4 дүгээр зүйлийн 4.2.2 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1-д заасныг үндэслээд Цэцэрлэгийн эрхлэгч Б.Ч-т ёс зүйн зөрчил гаргасан тул сануулах арга хэмжээг тооцож, ёс зүйн дүрмийг мөрдөн ажиллаж, ёс зүйгээ дээшлүүлж ажиллахыг Б.Ч-т үүрэг болгосон байна.

Нэхэмжлэгчээс маргаан бүхий актыг эс зөвшөөрч “...хувь хүний зүгээс үзэл бодлоо илэрхийлсэн...” гэж, хариуцагчаас “...төрийн болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн, ямар ч нотлох баримтгүйгээр сошиал орчинд жиргэсэн тул сануулах арга хэмжээ авсан нь үндэслэлтэй...” гэж тус тус маргасан байна.

Нэхэмжлэгч Б.Ч 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр өөрийн Chamin Bathuu гэх Facebook цахим хуудсандаа “ ... Уучлаарай хүмүүсээ би жаахан сошиалаар явмаар санагдаад аа, уур хүүрээд бухимдаад байна аа. Өчүүхэн алслагдмал жаахан сум нам энэ тэр гэж ийм байдалд орчих гэж дээ...Налигнасан нь хожиж нам гүм байсан нь хохирдог болсон цаг юу уу. гайхаад л... галхираад л байх юм. Сумын шийдвэр гаргах түвшний нөхдүүд бидний, миний үйл ажиллагааг дэмждэггүй нь сонин хачин аа... жич: СЗД, ЗДТГД, ИТХД, ЕБСзахирал...гм. би нь та бүхэндээ сэтгэлээ илэрхийлснээр эцэст нь хариуцлага тооцно, элдэв комент бичлээ гэж намайгаа буруутганаа. энэ хаанахын ёс үзэл вэ. Бид 1л сум орон нутагтаа байгаа хойно үзэл бодол, сэтгэл, санаагаа ч 1 л чигт байлгамаар байх юм даа. Та бүхэн анзаарсан бол үнэнээр явдаг нь үлдэгсэд /хаягсад/ болж, үгээр илэрхийлдэг нь од/сайн/ болдог болжээ. Цаг үе нийгмийн хувьслаа гэж ...” гэх нийтлэлийг бичиж оруулсан байх бөгөөд үүнтэй холбогдуулан хариуцагчаас “сануулах” сахилгын шийтгэл ногдуулсан нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмын шаардлагад нийцэхээргүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн арванзургаадугаар зүйлийн 16 дахь хэсэгт “итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх...” эрхийг хүний эрх, эрх чөлөөний гол цөм нь гэж үзэж болох бөгөөд итгэл үнэмшилтэй байж үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх үндсэн арга нь үг хэлэх, хэвлэн нийтлэх эсхүл тайван жагсаал, цуглаан хийх замаар илэрхийлэх үйл ажиллагаа гэж ойлгохоор байна.

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэлж, нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ. Төрөөс олон нийтийн мэдээллийн агуулгад хяналт /цензур/ тогтоохгүй” гэж, 3.2-д “Төрөөс хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэх, нэвтрүүлэх мэдээлэлд хяналт тавих байгууллага байгуулахгүй бөгөөд ийм хяналтын үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй” гэж зааснаас үзвэл, Б.Ч-гийн өөрийн facebook хаягт нийтэлсэн сэтгэгдэлд хариуцагч сумын Засаг даргаас хяналт тавьж, түүний цахим хаягтай холбоотой нийтлэлд холбогдуулан сануулах шийтгэл ногдуулж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.

Б.Ч-гийн өөрийн цахим хаягт бичсэн сэтгэгдэл нь Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1.4.б-д “төрийн албан нэр хүндийг ямарг дээдэлж, түүнд харшлах аливаа үйлдлийг цээрлэх” гэж, 3.1.7.а-д “удирдлагадаа байгаа албан хаагчдын өмнө нэр хүнд, ажил хэргийн үлгэр жишээг үзүүлэх” гэж тус тус заасныг зөрчсөн гэж үзэхгүй бөгөөд хариуцагчийн “...төвийг сахих, хэвлэл мэдээллийн хэрэгслээр төр засгийн бодлоготой холбогдсон асуудлаар зөвхөн албан ёсны баримт нотолгоонд суурилсан байр сууриа илэрхийлэхгүй тул ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн...” гэх тайлбарыг хүлээн авч шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй.

Хариуцагчийн “...Б.Ч-ийг Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.10-д “албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй төвийг сахих, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр төр, засгийн бодлоготой холбогдсон асуудлаар зөвхөн албан ёсны байр суурийг илэрхийлэх гэж заасныг зөрчсөн...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй, маргааны үндэслэл болсон Б.Ч-гийн өөрийн facebook хаяг дээр бичсэн нийтлэл нь өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн болохоос төр, засгийн бодлоготой асуудлыг нийтлээгүй нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдож байх тул төрийн албаны нэр хүндэд харшилсан үйлдэл гэж үзэх үндэслэлгүй.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан шинжлэн судлах, ач холбогдол бүхий бодит нөхцөл байдлыг тогтоох, шаардлагатай ажиллагааг хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг хуулиар хүлээсэн. Гэвч хариуцагчаас маргаан бүхий акт Б/17 дугаар захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан журмын дагуу сонсох ажиллагааг явуулсан эсэх, оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан, сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гаргасан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулсан эсэх нь тодорхойгүй, хуульд заасан журмын дагуу сонсох ажиллагаа явуулаагүй “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” зарчмыг зөрчсөн нь тогтоогдсон байна.

 

Иймд анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 37 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

 

 

ШҮҮГЧ                                                                       А.САРАНГЭРЭЛ

 

 

ШҮҮГЧ                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН