Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 252

 

Ц.Туяацэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2016/01096 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ц.Туяацэцэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Баясгаланд холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 30 750 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Цэндсүрэн,

Хариуцагч Б.Баясгалан,

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Очирваань,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Туяацэцэг надаас 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Б.Баясгалан нь 30 000 000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, сарын 2.5 хувийн хүүтэйгээр зээлж, зээлээ 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдөр төлөхөөр тохиролцож зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Би зээлүүлсэн 30 000 000 төгрөгөө Б.Баясгалангийн 5001041315 дугаарын Хас банкны дансанд шилжүүлсэн. Зээлдэгч Б.Баясгалан нь хугацаандаа зээлсэн мөнгийг эргүүлэн төлөх үүрэг хүлээсэн боловч өнөөг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бөгөөд удаа дараа холбоо барин гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан боловч ямар нэгэн хариу өгөхгүй, удаа дараа шаардуулсаар өнөөдрийг хүрч намайг хохироож байгаад маш гомдолтой байна.

Иймд зээлийн гэрээний үүргийн биелэлт болох үндсэн зээл 30 000 000 төгрөг, зээлийн хүү 750 000 төгрөг, алданги 15 000 000 төгрөг, нийт 45 750 000 төгрөг төлөх ёстойгоос 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр төлсөн 15 000 000 хасаж үлдэх 30 750 000 төгрөгөө нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлд дурьдсан зээлийн гэрээ, тус гэрээний дагуу мөнгө зээлдүүлсэн зэрэг нь бодит байдал дээрээ үнэн санаанаасаа бус, хөнгөмсгөөр хандаж, түүнийгээ илэрнэ гэж урьдаас тооцож, тодорхой хүсэл зориг илэрхийлэн хийсэн хэлцэл юм. Би Ц.Туяацэцэг, түүний нөхөр нараас мөнгө зээлээгүй болно. Учир нь дээрх хүмүүс нь худалдан авах ажиллагааны газраас барилга нураалтын ажил 30 000 000 төгрөг өгсөн бөгөөд мөнгө өгсөнөө нотлох зорилгоор зээлийн гэрээг хийсэн. А.Урансайхан гэгч нь тухайн ажлыг нь гаргаж өгнө гээд мөнгийг нь авсан ба ажил нь гарч ирэхгүй байсан тул Ц.Туяацэцэг, Ц.Батмөнх нар нь А.Урансайхантай уулзаж учир байдлаа ярилцсан. Ц.Туяацэцэг, Ц.Батмөнх нарт миний бие 15 000 000 төгрөгийг буцааж өгсөн, иргэн надтай тооцоо дууссан тухайгаа бичгээр үйлдэж өгсөн зэрэг нь баримтаар нотлогдоно. А.Урансайхан гэгч нь иргэдэд худалдан авах ажиллагааны газраас ажил гаргаж өгнө гээд мөнгийг нь авч залилан мэхэлсэн хэргээр цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа юм. Миний бие өөрийн ээж, ах нарын хамт дээрх этгээдэд залилуулж хохирсон. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Ц.Туяацэцэг болон Б.Баясгалан бидний хооронд хийгдсэн Зээлийн гэрээ нь тухайн гэрээг байгуулах хүсэл зориг байхгүйгээр өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн гэрээ юм. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч болон түүний нөхөр Ц.Батмөнх нь “худалдан авах ажиллагааны газраас барилга нураалтын ажлыг авмаар байна ажил байна уу” гэхээр нь миний бие Ц.Батмөнх, Ц.Туяацэцэг нарыг А.Урансайхантай холбож өгсөнөөр 30 000 000 төгрөгийг миний дансанд шилжүүлсэн. Миний хувьд 30 000 000 төгрөг хүүтэй зээлэх, зээлдүүлэгчийн тухайд мөнгө хүүлэх хүсэл зорилгогүй зөвхөн зуучлалын гэрээг халхавчлахын тулд хийгдсэн хэлцэл. Миний бие нэхэмжлэгч болон түүний нөхөрт ажил олж өгөхөөр зуучилсан тул зуучлалын хөлсөнд 15 000 000 төгрөгийг зуучлуулагч нараас авсан. Үлдэх хэсгийг А.Урансайхан нь нэхэмжлэгч болон Ц.Батмөнх нарт нураалтын ажил олж өгөхөөр авсан төлбөр байдаг. Үүнийг ч нэхэмжлэгч Ц.Туяацэцэг болон түүний нөхөр Ц.Батмөнх нар нь тухайн үед ойлгож мэдэж байсан. Анх гэрээ байгуулахаас өмнө Ц.Туяацэцэг, Ц.Батмөнх нар нь А.Урансайхантай уулзаж барилгын нураалтын ажил авахаар ярилцаж байсан бөгөөд тус ажлын мөнгийг миний дансаар дамжуулан шилжүүлсэн тул түүнийгээ үйлдлээ баталгаажуулах зорилгоор тус зээлийн гэрээг надтай байгуулсан болно. Тус А.Урансайханы олж өгөх нураалтын ажил бүтээгүй тул эдгээр хүмүүс нь тус хэлцэл байгуулах болсон шалтгаан нөхцлийг нууж намайг мөнгө зээлэх гэсэн хүсэл зорилготой байсан мэтээр тайлбарлаж буй нь үндэслэлгүй байна. Иймд 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн Ц.Туяацэцэг болон Б.Баясгалан бид нарын хооронд хийгдсэн зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Б.Баясгалантай байгуулсан зээлийн гэрээ нь ямар нэгэн хэлцэл, гэрээг халхавчлах зорилгоор хийгдээгүй, сайн дурын үндсэн дээр хийгдсэн хүчин төгөлдөр зээлийн гэрээ юм. Зээлдэгч, зээлдүүлэгчийн хүсэл зоригийн дагуу байгуулсан ба 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Б.Баясгалангийн Хас банкин дахь 5001041315 дугаартай дансанд нь бэлнээр 30 000 000 төгрөгийг гэрээний дагуу шилжүүлсэн. Харин Б.Баясгалан нь зээлсэн мөнгөө өгч чадахгүй болохоороо манай төрсөн эгч, эсвэл манай ээжийн дүү худалдан авах ажиллагааны газар ажилладаг н.Сайханаа гэдэг эгч бий, би танд барилга нураалтын ажил олж өгч чадна гэж гуйж, мөн санал тавьсан байдаг юм. Худалдан авах ажиллагааны газраас зарласан 300 000 000 төгрөгийн өртөгтэй барилга нураалтын ажил гэдэг бол Б.Баясгалан зээлээ төлөхгүй нь тулд санаанаасаа зохиосон худал, мөн нотлогдохгүй зүйл бөгөөд эхлээд зээлийн гэрээ хийгдэж, харин дараа нь “Танд би эгчээрээ дамжуулан ажил олж өгөх үү” гэсэн авсан зээлээ төлөх арга, гарц юм. Иймд Б.Баясгалангийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Б.Баясгалангаас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд үндсэн зээл 15 000 000 төгрөг, хүү 750 000 төгрөг, алданги 7 875 000 төгрөг, нийт 23 625 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Туяацэцэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7 125 000  төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасныг баримтлан хариуцагч Б.Баясгалангийн Ц.Туяацэцэгт холбогдуулан 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 05/21 тоот гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч Ц.Туяацэцэгийн 314 700 төгрөг, хариуцагч Б.Баясгалангийн 308 000 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Баясгалангаас улсын тэмдэгтийн хураамжид 276 075 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Туяацэцэгт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргий анхан шатны 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2016/01096 тоот шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Ц.Туяацэцэг нь Ц.Батмөнхийн хамт 2014 оны 5 дугаар сарын 19-ний орой н.Ганбатаар зуучлуулан Б.Баясгалантай уулзаж барилга нураалтын ажлын тендерт оролцох хүсэлтэй илэрхийлж энэ талаарх мэдээллийг А.Урансайханаас авсан байдаг. Улмаар нэхэмжлэгч Ц.Туяацэцэг нь А.Урансайхантай харилцан барилга нураалтын ажил авах болж 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээг Б.Баясгалантай байгуулсан ба мөнгө өгөх үед А.Урансайхан ирэх боломжгүй байсан тул мөнгө өгсөнөө баталгаажуулах зорилгоор хэлбэрийн төдий болгож байгуулсан байдаг. Уг мөнгөнөөс 15 000 000 сая төгрөгийг бэлнээр А.Урансайхан хүлээн авч мөнгө хүлээн авсан тухайгаа бичгээр бичиж өгсөн. Ц.Туяацэцэг болон түүний нөхөр Ц.Батмөнхийн компани болох “Бат строй” ХХК-д А.Урансайхан нь барилга нураалтын 1 500 000 000 төгрөгийн үнэ бүхий ажлын тендерийг олж өгтөл зуучлалын хөлс болох 15 000 000 төгрөгийг хариуцагч Б.Баясгалан нь өөртөө хадгалж байгаад өөрт байсан зээлийн гэрээний хувь дээр нэхэмжлэгчийн нөхөр Ц.Батмөнхөөр Б.Баясгалангийн төлбөр дууссан гэх бичиг хийлгүүлж өөрийн зуучлалын хөлсөнд авсан 15 000 000 төгрөгийг өгч нэхэмжлэгчтэй холбоотой эрх зүйн болон эдийн засгийн харилцаагаа бүрэн дуусгавар болгосон байдаг.

2.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-т заасныг үндэслэн Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас Ц.Туяацэцэгтэй хамаарал бүхий “Бат строй” ХХК нь зээлийн гэрээ байгуулагдах болон байгуулагдсанаас хойш тендерт оролцохоор материал өгч байсан эсэхийг тодруулах зорилгоор нотлох баримт гаргуулахаар болсон. Улмаар Худалдан авах ажиллагааны газраас “Бат строй” ХХК-ийг зээлийн гэрээ байгуулагдах үед тендерт оролцохоор материал ирүүлсэн гэх баримт шүүхэд гарган өгсөн. Энэхүү баримт нь хариуцагчийн татгалзлыг бүрэн нотлож буй баримтын нэг юм.

3. Нэхэмжлэгч Туяацэцэгийн нөхөр Батмөнх нь 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Б.Баясгалан руу залгаж: “...Зээлийн гэрээ байгуулан авсан 30 000 000 төгрөгөөс А.Урансайхан нь өөрийн авсан 15 сая төгрөгөө өгчихлөө одоо чи мөнгөө өгчих тэгээд энэ ажлаа дуусгая” гэж ярьсан байдаг. Улмаар Ц.Туяацэцэгийн нөхөр Ц.Батмөнх нар нь хариуцагчтай ялалтын талбай дээр уулзаж: “...Ц.Туяацэцэг яагаад ирээгүй талаар асуухад Ц.Туяацэцэг өвчтэй байгаа Баясаа ямар ч асуудал байхгүй ээ гээд 15 000 000 төгрөг аваад Ц.Баясгалантай төлбөр дууссан талаархи баримтыг бичиж өгсөн.

Зуучлуулагч Ц.Туяацэцэг нь 2014 оны 7 сарын сүүлээр А.Урансайхантай Б.Баясгалангийн машин дотор уулзаж тендер хэзээ шалгарах тэлээр ярилцаж Ц.Туяацэцэг нь хүлээхээр болсон байдаг. Нэхэмжлэгч нь зөвхөн тендернийн ажил авахын тулд л зуучлагч Б.Баясгалангаар дамжуулан А.Урансайханд 30 000 000 төгрөг төгрөг өгсөн болохыг хавтаст хэрэгт авагдсан, гэрч Д.Урансайхны мэдуулэг болон түүний гаргаж өгсөн тодорхойлолт, мөн хариуцагчийн зүгээс “Батстрой” ХХК-ийн тендерт оролцох материалаа А.Урансайханд өгч байсан баримүудаар нотлогдоно.

Гэрч А.Урансайханы мэдүүлэгт “...Туяацэцэг, Батмөнх нарыг хэрхэн таних болсон, ямар зоригулалтаар 30 000 000 төгрөгийг Б.Баясгаланд өгөх болсныг тодорхой мэдүүлсэн байхад эдгээр баримтуудыг шүүх үнэлээгүй ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийг бүхэлд нь зөрчиж байна.

4. Нэхэмжлэгч Ц.Туяацэцэгийн 30 000 000 төгрөгийг А.Урансайхан нь залилж авсан үйлдлийн талаар Улсын мөрдөн байцаах газарт Б.Баясгалан нь гомдол гаргасан ба Нийслэлийн прокрорын газрын хяналтын прокурор дээрх үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар болсон. Тухайн нотлох баримтыг шүүхэд гарган өгч 30 000 000 төгрөгийг ямар зориулалтаар хэн авсан болохыг цагдаагийн байгууллага тогтоосны дараа энэхүү иргэний хэргийг хэлэлцэж өгнө үү хэмээн хүсэлт гаргасныг хүлээн авалгүй шийдвэрлэсэн. ИХШХШТХ-ийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа бол хэргийг хэрэгсэхгүй болгох хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй нь хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэл болж байна.

5. Зуучлагч Б.Баясгалантай 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээг байгуулах үед анх Ц.Туяацэцэг болон Б.Баясгалан нарыг холбож өгсөн Д.Ганбат байлцсан байдаг тул үнэхээр мөнгө зээлэхийн тул нэхэмжлэгчтэй гэрээ байгуулсан уу, эсхүл тендерийн ажил А.Урансайханаас авахын тулд мөнгө өгсөн үү гэдгийг нотлох зорилгоор Д.Ганбатыг шүүх хуралдаанд гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсан байдаг ба гэрчийг шүүх хуралдаанд оролцуулалгүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу гэрчийг дуудах ажиллагааг шүүх огт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл заалтыг зөрчиж байна.

Иймд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргий анхан шатны 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2016/01096 тоот шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Зээлийн гэрээний үүрэгт 30 750 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч Ц.Туяацэцэгээс хариуцагч Б.Баясгаланд холбогдуулан гаргасныг эс зөвшөөрч, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулсан барилга нураалт болон хучилт нураах ажил гүйцэтгүүлэх тендерийн ажлыг авахад зуучлагчаар оролцсон ажлын хөлсөнд авсан гэж маргажээ.

 

Талуудын хооронд 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан Зээлийн гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчид 30 000 000 төгрөгийг сарын 2.5 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлэхээр тохиролцож зохигчид гарын үсэг зурж баталгаажуулан Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байгуулж, мөн өдөр хариуцагчийн Хас банкны дансанд зээлийн зориулалтаар шилжүүлсэн байгааг шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ. /хэргийн 4-6 дугаар тал/

 

Хариуцагч дээрх зээлийн гэрээг өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн гэж нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан үүргийнхээ дагуу баримтаар нотлож чадаагүй байна.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Ц.Туяацэцэг нь Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулсан тендерийн үйл ажиллагаанд оролцоход хариуцагч Б.Баясгалан зуучилж, нэхэмжлэгчээс авсан мөнгийг уг үйл ажиллагаанд зарцуулсан болох нь тогтоогдохгүй байна.

 

Хэрэгт “Бат-Строй” ХХК нь Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулсан барилгын ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцож байсан талаарх баримт байх боловч зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулах үед тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд буюу гүйцэтгэх захирлаар нэхэмжлэгч ажиллаж байгаагүй, М.Цэвээн ажиллаж байсан болох нь тус компанийн 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн итгэмжлэл, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 5/195 тоот албан бичиг зэргээр тогтоогдож байна. Түүнчлэн зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд “Бат-Строй” ХХК оролцсон талаар баримт байхгүй болно.

 

Мөн хариуцагч нь уг мөнгөний талыг буюу 15 000 000 төгрөгийг А.Урансайханд тендерийн үйл ажиллагаанд зуучлахад зориулж өгсөн гэх тайлбар нь зээлийн гэрээний үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм.

 

Хариуцагч болон А.Урансайхан нарыг барилгын ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үйл ажиллагааг зохион байгуулах, зуучлах эрх бүхий этгээд гэж үзэх болон зохигчдын хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлд заасан зуучлалын гэрээний харилцаа үүссэн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

 

Хэргийн 44 дүгээр талд авагдсан нэхэмжлэгч Ц.Туяацэцэгийн нөхөр гэх Ц.Батмөнхийн “Б.Баясгалангаас 15 000 000 төгрөг дансаар хүлээн авсан. Гэрээнд зааснаар 30 000 000 төгрөгийн хүүгийн тооцоо байхгүй. Хүүгийн тооцоог Б.Урансайхантай тооцох болно” гэсэн бичгийн баримт байгаа боловч Ц.Баясгаланд нэхэмжлэгч Ц.Туяацэцэгийн зүгээс өөрийг нь төлөөлөн зээлийн гэрээг өөрчлөх, дуусгавар болгох эрх олгосон гэх үйл баримт тогтоогдоогүй тул хариуцагчийг зээлийн гэрээний үүргээс чөлөөлөгдсөн гэж үзэхгүй.

 

Шүүх хариуцагчийн нэхэмжлэгчид төлсөн 15 000 000 төгрөгийг хасч, үлдэгдэл зээл 15 000 000 төгрөг, хүү 750 000 төгрөг, алданги 7 875 000 төгрөг, нийт 23 625 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2016/01096 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунчимэгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 276 100 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                  ШҮҮГЧИД                             М.НАРАНЦЭЦЭГ

 

                                     С.ЭНХТӨР