Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 2020/ШЦТ/39

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга Б.Азжаргал,

улсын яллагч Э.Нэргүй,

шүүгдэгч А.Н, түүний өмгөөлөгч Г.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогт А-н Н-д холбогдох эрүүгийн 2017000680036 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1973 оны 09 дүгээр сарын 21-нд Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Т ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Г аймгийн С сумын  дүгээр баг, Т тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Б овогт А-н Н  /РД:ЕЙ/

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч А.Н нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Талхан цехийн 101 тоотод 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр орчиндоо аюул учруулж болох амьтан буюу өөрийн бор шаргал зүсмийн нохойг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас иргэн Ц.Ц-г хазаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ. Шүүгдэгч А.Н нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Талхан цехийн 101 тоотод 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр орчиндоо аюул учруулж болох амьтан буюу өөрийн бор шаргал зүсмийн нохойг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хохирогч Ц.Ц хазаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч А.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 09 цагийн үед нохойдоо хоол, ус өгчихөөд ажилдаа явсан. Тэгээд өдөр цайны цагаар ирээд ус өгчихөөд зээ хүүгээ авахаар сургууль явсан. Зээ хүүгээ авчихаад ирэхдээ нохойны уяаг нь алдуурсанг мэдээгүй. Тэгсэн цай уух гээд сууж байхад гадаа мотоцикл ирэхээр нь гайхаад  гарсан. Тэгсэн хохирогчийн хүргэн ирсэн. Танай нохой хүн урчихсан байна гэхээр нь гайхаад нохойгоо хартал байгаагүй. Тэгээд гэр лүүгээ ороод хүүхэддээ хэлчихээд хохирогчийн байгаа айлд очиход сууж байсан. Танай нохой намайг урчихлаа мөн хажууд нь нэг хар нохой байсан гэж хэлсэн. Манайд хар нохой байхгүй. Бор шаргал зүсмийн нохойтой. Тэгээд таксигаар эмнэлэг рүү авч очоод эмчилгээ хийлгэсэн. Үдээс хойш гэрт нь хүргэж өгөөд хэрэгтэй  зүйлүүдийг авч өгсөн. Тэгээд эмнэлэгт ор захисан байсан болохоор 2-3 хоногийн ард эмнэлэгт хэвтсэн. Эмнэлэгт хэвтсэнийх нь дараа шаардлагатай бүх зүйлийг нь боломжоороо авч өгч байсан гэв.

 

1.2. Шүүгдэгч А.Н мөрдөн байцаалтын шатад яллагдагчаар мэдүүлэхдээ:

Би 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 12 цаг өнгөрч байхад Сүмбэр сумын 1 дүгээр баг, Талхан цехийн 101 тоотод байх гэрээсээ Сүмбэр сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулиас зээ охиноо авахаар гарч явсан юм. Тэгээд охиноо авчихаад гэртээ ирээд байж байтал гэрийн гадаа мотоцикл ирсэн. Тэгээд гараад очтол танай нохой хүн урсан байна гэж хэлсэн. Тэгсэн хаана байна гэж хэлэхэд манайд байна гэж хэлсэн. Би хүүхдээ гэртээ үлдээгээд тэр айлд явж очсон. Тэгтэл Ц гэх настай хүн О-н дэлгүүр лүү юм авахаар явж байгаад танай нохойд уруулчихлаа гэж хэлсэн. Тухайн үед хөлөө ил гаргачихсан 2 соёо орчихсон гэсэн хөлнөөс нь цус гарсан байдалтай байсан. Тэгээд би гарч такси бариад Ц гуайг аваад аймгийн нэгдсэн эмнэлэг орж анхан шатны тусламж авсан. Ц нь эмнэлэгт оочир захисан байсан гээд нохойд уруулснаас 2-3 хоногийн дараа аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтсэн. Тэр үед нь би эм тариа, боолт хэрэгцээтэй зүйлийг авч өгч байсан. Дараа нь нохойнд хазуулсан шарх хүндэрсэн гээд мэс заслын тасагт хэвтсэн, тэр үед би шаардлагатай боолт, эм авч өгсөн. Эмнэлгээс гарснаас хойш зардал гээд эхлээд 200 000 төгрөг, дараа нь 300 000 төгрөг шилжүүлсэн санагдаж байна. Ямартай ч нийтдээ 500 000 төгрөгийг Ц гэх хүнд өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 62 дугаар хуудас/,

 

1.3. Хохирогч Ц.Ц мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр шиг санагдаж байна. Сүмбэр сум 1-р баг, ТБ 27 тоотод байх гэрээсээ 13 цагийн үед О-н дэлгүүр орохоор ганцаараа явж байсан юм. Тэгтэл Сүмбэр сум 1-р баг, Талхан цехийн хашааны урд явж байтал хашаанаас хар өнгийн болон бор зэгэл гэх юм уу даа 2 нохой гарч ирсэн. Тэгээд над руу тэр 2 нохой зэрэг дайраад зэгэл нохой нь баруун хөлийн булчин хэсгээс, хар нохой нь зүүн талын хөлийн булчин хэсгээс зүүж хазсан. Тэгээд би гэр лүүгээ явсан. Гэртээ очоод өмдөө тайлаад үзтэл цус гараад халуун оргиод байсан. Тэгээд би эмнэлэгт очиж үзүүлсэн. Би дүү болох Ц талхан цехийн нохойд уруулсан талаараа хэлэхэд манай дүү тэр айл руу явсан. Тэгээд нохойны эзэн гэх Н-тай уулзсан байсан. Би Н гэх хүнтэй эмнэлэг дээр уулзаад танай 2 нохой намайг урчихлаа гэж хэлсэн. Н нь би таныг эмнэлэгт хэвтэхээр асарч эргэж тойрноо гэсэн. Тэгээд надад эм авч өгсөн. Тэр нь 3,4 боолт, өвчин намдаах эм байсан. Дараа нь цагдаад гомдол гаргахад эмчилгээний зардалд эхлээд 200 000 төгрөг өгсөн. Дараа нь 300 000 төгрөг өгсөн. Түүнээс хойш ямар ч мөнгө өгөөгүй. Би нохойд уруулснаас хойш Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Мөн Улаанбаатар хотод  Гэмтэл согог судлалын үндэсний төвд боолт хийлгэсэн. 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж яаралтайгаар хагалгаанд орсон. 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ГССҮТ-д түлэнхийн тасагт хэвтсэн. Уг тасагт 24 хоног хэвтэж эмчлүүлэхдээ 2 удаа хагалгаанд орсон. Одоогоор миний бие явж чадахгүй байгаа. Явахаар хөл хавдаад байгаа. Би нохойд уруулснаас болж явж чадахгүй байна. Мөн эмчилгээнд нилээдгүй мөнгө зарцуулсан.

...Хашаанаас нь хар болон зэгэл өнгөтэй 2 нохой гарч ирээд намайг урсан. Нарантуяа өөрөө ч гэсэн нохойгоо гэдгээ хүлээн зөвшөөрсөн.

...Гомдолтой байна, би нохойны эзнээс 4 000 000 төгрөг нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 дугаар хуудас/,

           

1.4. Гэрч Ш.Ө мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

            Би 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод байдаг юм. Тэгсэн манай эхнэр А.Н залгаад нохой хүн урчихсан гэж хэлсэн. Ямар хүн урчихсан гэхэд эргээд залгая гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд би орой нь Говьсүмбэр аймагт ирээд болсон асуудлын талаар Н-с асуухад манай тэжээдэг бор шар зүсмийн том нохой, мөн манайд байдаг хар өнгийн золбин нохой хоёр Ц гэх хүний баруун хөлийн шилбэ хэсэгт хазсан байна лээ. Өдөр Ц гэх хүнийг эмнэлэгт үзүүлээд оёдол тавиулсан. Ойр зуурын өвчин намдаах тариа авч өглөө гэж байсан. Бид нарын хувьд бол манай сэгсээк гэж дууддаг бор шар зүсмийн нохой Ц гэх хүнийг урсаныг хүлээн зөвшөөрч шаардлагатай эм тариаг нь авч өгч байгаа. 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр шиг санагдаж байна. Төмөр замд хүнтэй машин янзлаад айраг уурсан юм. Тэгээд байж байтал манай эхнэр Н залгаад Ц эгчид эмнэлэг дээр уян боолт аваачаад өг гэж хэлсэн. Тэгэхээр нь ажилтай байна гэж хэлээд утсаа тасалсан. Тэгтэл 62-р төгссөн /аль операторын утас гэдгийг санахгүй байна/ утаснаас дуудлага ирэхээр нь автал Ц гуайн хөлд уян боолт хэрэгтэй байна гээд ярьсан. Тэгэхээр нь Төрийн банкны хойд талын эмийн сангаас 3 ширхэг уян боолт аваад очсон. Ц-тай уулзаад эхлээд биеийн байдлыг нь асуусан. Тэгтэл би шөнө унтаж чадсангүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би та одоо яамаар байна гэхэд юм хэлээгүй. Би Ц гуайд хандаж битгий байн байн залгаад бай, ажилтай байхад энэ байдал хүндрэлтэй байна, таны хөлний зургийг авчиж болох уу гэхэд одоо боолттой байна гэж хэлсэн. Тэгээд гаднаас нь зургийг нь авъя гэж хэлээд боолттой зургийг нь авсан. Манай эхнэрт Ц нь нохойны 1 соёо нь 500000 төгрөг байдаг гэнээ гэж хэлээд байсан. Тэгээд би хэдэн соёо орсон гэж хэдэн төгрөг нэхэхийг мэдэхгүй байсан учир та цагдаагийн байгууллагаараа шалгуул гэж хэлсэн. Тэрнээс бол агсам тавьж дарамталсан зүйл бол байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар хуудас/,

 

1.5. Гэрч Ц.Ө мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Манай ээж Ц.Ц нь Сүмбэр сум 1-р баг ТБ-28 тоотод амьдардаг юм. 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 13 цаг болох гэж байхад ээж Ц.Ц гэрээсээ гараад Сүмбэр сум 1-р багт үйл ажиллагаа явуулах О-н дэлгүүрээс скоч авахаар явж байтал талхан цехийн 101 тоот хашаанаас хар болон бор зүсмийн 2 нохой ирээд хоёр хөлнийх нь шилбэнээс хазсан байсан. Манай ээж даралт өндөртэй, зүрх нь өвддөг учир 2019.10.18-ны өдөр аймгийн Нэгдсэн эмнэлэгт дотрын тасагт хэвтсэн юм. Тэгээд надад өчигдөр ээж нь айлын нохойд уруулсан гэж хэлэхээр нь би маргааш нь Говьсүмбэр аймагт ирсэн. Ээж Ц.Ц-с юу болсон талаар асуухад өчигдөр Сүмбэр сумын 1-р баг, талхан цехийн 101 тоот хашааны урд явж байгаад нохойд уруулсан гэж хэлээд 2 оёдол тавиулсан гэж хэлж байсан. Тэгээд би Н гэх хүнтэй уулзаад манай ээж танай нохойд уруулсан байна, эмчилгээнийх нь эм тариаг авч өг гэж хэлэхэд би эм тариа авч өгч байгаа, эмчилгээнд шаардлагатай эм тариаг авч өгнө гэсэн. Н-н ээжид авч өгч байгаа эм тариа нь үнэхээр хангалтгүй байна. Одоо манай ээжийн хөл нь эдгэхгүй эмнэлэгт хэвтэж байгаа. Мөн хаван ихтэй байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 8 дугаар хуудас/,

 

1.6. Гэрч Ч.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Сүмбэр сум 1-р баг, Тээвэрчдийн байр 28 тоотод байх найз Ц-н гэрт байж байсан юм. Тэгсэн 13 цагийн орчимд Ц-н эгч болох Ц.Ц нь гаднаас нохойд уруулчихлаа гээд орж ирсэн. Хаана ямар нохойд уруулчихваа гэхэд хуучин талхан цехийн тэнд хар болон бор зүсмийн хоёр нохойд уруулчихлаа гэж хэлсэн. Тухайн үед Ц.Ц эгчийн баруун зүүн хөлийн шилбэ хэсэгт хазсан байсан. Тэгээд Ц бид хоёр талхан цехийн 101-1 тоотод очиж Н гэх хүнтэй уулзаж танай нохой настай хүн урчихсан байна гэж хэлээд буцаад гэртээ очсон. Удалгүй А.Н гэх хүн ирээд тэгээд Ц.Ц эгчтэй хамт аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү явсан. Тэгээд би ч гэр лүүгээ харьсан... гэх мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/,

 

1.7. Гэрч Б.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүлээн авах яаралтай түргэн тусламжийн эмчээр жижүүрт гарч байхад Ц.Ц гэх хүн баруун хөлний шилбэ хэсэгт нохойд хазуулсан шархтай ирсэн. Тухайн үед миний бие анхны тусламж үзүүлсэн. Энэ талын эмнэлгийн эрэмбэлэл ангиллын хуудсанд бичиж тэмдэглэсэн байгаа.

Баруун болон зүүн хөлний шилбэ хэсэгт нохойд хазуулсан шархтай ирснийг оёдол тавьсан. Тухайн үеийн зүйлийг санахгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/

 

1.8. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 320 нэмэлт дугаартай дүгнэлтэд:

- Ц.Ц-н биед баруун хөлийн шилбэнд 2 шарх, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл учирчээ.

- Дээрх гэмтэл нь нохой хазсаны улмаас үүсгэгдсэн байх боломжтой.

- Баруун хөлийн шарх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын” 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Зүүн хөлийн зулгаралт гэмтэл нь “шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: Ахлах зэргийн шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ /хх-ийн 13 дугаар хуудас/,

 

1.9. Гэрч С.Ц мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би 2019 оны 10 дугаар сарын дундуур өдрийг нь санахгүй байна. Манай эгч Ц.Ц скоч авчихаад ирье гээл гараад явсан. Тухайн үед хашаанд юм хийгээд байж байсан. Тэгтэл явснаас хойш 30 орчим минутын дараа Ц эгч ёолсон байдалтай орж ирсэн. Юу болсон талаар асуухад урд талхан цехийн хашаанд байх Н-н нохой идэхээр шахлаа гэж хэлсэн. Тэгээд миний хөл болохгүй байна гэж хэлсэн. Хөлийг нь харахад хөлийнх нь шилбэнээс цус гарсан байдалтай өмд нь урагдсан байсан. Тэгээд би эгчийг гэрт оруулчихаад Н-н гэрт очоод танай нохой хүн урсан байна, нохойгоо уяхад яадаг юм бэ, чи нүдээрээ очиж хар гэж хэлсэн. Н харин нохойны уяа тасарчихсан байна, яадаг хог вэ гэж хэлээд манай гэр лүү хамт явсан. Тэгээд Н Ц эгчийг эмнэлэг аваад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 50 дугаар хуудас/,

 

1.10. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 320-н нэмэлт дугаартай дүгнэлтэд:

- Ц.Ц-н биед баруун шилбэний тархмал үхжил, зөөлөн эдийн дутмагшил бүхий халдварлагдаж хазагдсан шарх, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл учирчээ.

- Дээрх гэмтлүүд нь нохой хазсаны улмаас үүсгэгдсэн байх боломжтой.

- Баруун хөлийн тархмал үхжил, зөөлөн эдийн дутмагшил бүхий халдварлагдаж хазагдсан шарх гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

- Зүүн хөлийн зулгаралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтийн байдлаас хамаарна.

Дүгнэлт гаргасан: Ахлах зэргийн шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ /хх-ийн 53 дугаар хуудас/,

 

1.11. Хохирогч Ц.Ц-н Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-ийн 2, 27-28 дугаар хуудас/,

 

1.12. Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 17 дугаар хуудас/,

 

1.13. Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 65-67 дугаар хуудас/,

 

1.14. Хохирогч Ц.Ц-н гаргасан хохирлын баримт, тооцоо /хх-ийн 83-93 дугаар хуудас/,

 

1.15. Хохирогч Ц.Ц-н Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн өвчтөний түүх /хх-ийн 97-104 дүгээр хуудас/,

 

1.16. Хохирогч Ц.Ц-н Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчтөний түүх /хх-ийн 107-133 дугаар хуудас/,

 

1.17. Хохирогч Ц.Ц-н гаргасан гэрэл зураг /хх-ийн 136-143 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч А.Н-н өмгөөлөгч Г.Э нь гэм буруугийн шүүх хуралдаанд “шүүгдэгч А.Н нь нохойгоо зохих хамгаалалттай байлгасан. Энэ нь гэрч Ч.Т-н “...нохойны эзэн Н нь манай нохой хүн рүү дайраад байдаг байнга уяатай байдаг, хүүхэд авчихаад ирэх хооронд гинж нь /уяа/ тасарсан байна...” гэх мэдүүлгээр зохих хамгаалалттай байсан нь тогтоогдож байна. Иймд шүүгдэгч А.Н-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү.” гэх дүгнэлт гаргасныг шүүхээс хүлээн авах боломжгүй байна. Учир нь:

Шүүгдэгч А.Н-н бор шаргал зүсмийн нохой нь зохих хамгаалалтгүй байсан болох нь “хохирогч Ц.Ц-н “...Сүмбэр сум 1-р баг, Талхан цехийн хашааны урд явж байтал хашаанаас хар өнгийн болон бор зэгэл гэх юм уу даа 2 нохой гарч ирсэн. Тэгээд над руу тэр 2 нохой зэрэг дайраад зэгэл нохой нь баруун хөлийн булчин хэсгээс, хар нохой нь зүүн талын хөлийн булчин хэсгээс зууж хазсан...” гэх мэдүүлэг,

гэрч Ш.Ө-н “...Говьсүмбэр аймагт ирээд болсон асуудлын талаар Н-с асуухад манай тэжээдэг бор шар зүсмийн том нохой, мөн манайд байдаг хар өнгийн золбин нохой хоёр Ц гэх хүний баруун хөлийн шилбэ хэсэгт хазсан байна лээ...” гэх мэдүүлэг,

гэрч Ч.Т-н “...Ц-н эгч болох Ц.Ц нь гаднаас нохойд уруулчихлаа гээд орж ирсэн. Хаана ямар нохойд уруулчихваа гэхэд хуучин талхан цехийн тэнд хар болон бор зүсмийн хоёр нохойд уруулчихлаа гэж хэлсэн. Тухайн үед Ц.Ц эгчийн баруун зүүн хөлийн шилбэ хэсэгт хазсан байсан...” гэх мэдүүлэг, Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 320-н нэмэлт дугаартай дүгнэлт, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул өмгөөлөгч Г.Э-с гаргасан дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Мөн шүүгдэгч А.Н нь гэм буруугийн шүүх хуралдаанд “...би прокуророос зүйлчилсэн зүйл ангийг зөвшөөрөхгүй. Манай нохой зохих хамгаалалттай байсан...” гэж мэдүүлдэг боловч шүүгдэгч А.Н нь орчиндоо аюул учруулж болох амьтан болох бор шаргал зүсмийн нохойныхоо хүзүүвч, уяаных нь бүрэн бүтэн байдлыг сайтар шалгах үүрэгтэй байсан байна гэж шүүхээс дүгнэлээ.  

 

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч А.Н-н үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Иймд шүүгдэгч А.Н-г орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.  

 

ХОЁР. Шүүгдэгч А.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

2.1. Гэрч Ш.Ө мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Манай эхнэр А.Н нь 1973 оны 09 дүгээр сарын 21-нд Улаанбаатар хотод төрсөн. Айлын том охин, 3 дүүтэй. Дорноговь аймгийн Сүмбэр сумын Ерөнхий боловсролын 2-р сургуулийг төгссөн. Бүрэн дунд боловсролтой. Тогооч мэргэжилтэй. Одоо Төмөр замын амрах байранд тогооч ажилтай. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1-р баг, талхан цехийн 101 тоотод нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг. Зан байдлын хувьд төлөв даруу зантай. Муу зуршилгүй, хамт олонтойгоо нийтэч нөхөрсөг харилцаатай... гэх мэдүүлэг /хх-ийн 49 дүгээр хуудас/,

 

2.2.  Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 75 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч А.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч А.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээгээгүй, учирсан хохирол, хор уршгийг арилгаагүй зэрэг байдлыг харгалзаад 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1 200 000 төгрөгөөр торгох санал гаргасныг хүлээн авах боломжгүй байна. Учир нь:

Шүүгдэгч А.Н нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байна.

 

Иймд шүүгдэгч А.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н-д оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Шүүгдэгч А.Н нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

            Шүүгдэгч А.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болно.

           

            Хохирогч Ц.Ц нь шүүгдэгч А.Н-с хохирол болох 3 000 000 /гурван сая/ төгрөг нэхэмжилсэн ба хавтаст хэрэгт 2 283 075 /хоёр сая хоёр зуун наян гурван мянга далан тав/ төгрөгний баримт авагдсан ба үүнээс зан үйлийн зардал болох 6000 /зургаан мянга/ төгрөгний зардал, А.Н-н төлсөн 660 000 /зургаан зуун жаран мянга/ төгрөгийг хасаж  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 501 дугаар зүйлийн 501.1 дэх хэсэгт тус тус зааснаар 1 617 075 /нэг сая зургаан зуун арван долоон мянга далан тав/ төгрөгийг шүүгдэгч А.Н-с гаргуулж хохирогч Ц.Ц-д олгож, хохирол болох 1 382 925 /нэг сая гурван зуун наян хоёр мянга есөн зуун хорин тав/ төгрөгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэлэлцэхгүй орхих нь зүйтэй байна.

            Харин хохирогч Ц.Ц нь цаашид гарах эмчилгээний зардлаа шүүгдэгч А.Н-с Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдлаа.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт А-н Н-г орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч А.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н-д оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Шүүгдэгч А.Н нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч А.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч А.Н нь хохирогч Ц.Ц-д 660 000 /зургаан зуун жаран мянга/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.

7. Хохирогч Ц.Ц нь шүүгдэгч А.Н-с хохирол болох 3 000 000 /гурван сая/ төгрөг нэхэмжилснээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 501 дугаар зүйлийн 501.1 дэх хэсэгт тус тус зааснаар хасаж  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 501 дугаар зүйлийн 501.1 дэх хэсэгт тус тус зааснаар 1 617 075 /нэг сая зургаан зуун арван долоон мянга далан тав/ төгрөгийг шүүгдэгч А.Н-с гаргуулж хохирогч Ц.Ц-д олгож, хохирол болох 1 382 925 /нэг сая гурван зуун наян хоёр мянга есөн зуун хорин тав/ төгрөгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэлэлцэхгүй орхисугай.

 8. Хохирогч Ц.Ц нь цаашид гарах эмчилгээний зардлаа шүүгдэгч А.Н-с Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

9. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.ЭНХМАНДАХ