Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 2020/ШЦТ/40

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж,

нарийн бичгийн дарга Д.Энхбат,

улсын яллагч Э.Нэргүй,

шүүгдэгч Л.Н түүний өмгөөлөгч Ж.Гантулга,

хохирогч Б.М түүний өмгөөлөгч П.Наранхүү нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Тт овогт Л-ийн Нд холбогдох эрүүгийн 2017000420045 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1999 оны 10 дугаар сарын 03-нд Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Ирээдүй сервис ХХК-д дуудлагын жолооч ажилтай, ам бүл 4, аав ээж, дүүгийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг, 42 дугаар хороо, Одонтын ........  тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, Т овогт Л-ийн Н /РД:........./

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Л.Н нь 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Төмөр замын гарамын ойролцоо автомашин эвдсэн гэх шалтгааны улмаас иргэн Б.Мгийн нүүрэн тус толгойгоороо мөргөх, гараараа цохих, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархай ясны цөмөрсөн хугарал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын таславчийн мурийлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Л.Н нь 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Төмөр замын гарамын ойролцоо автомашин эвдсэн гэх шалтгааны улмаас иргэн Б.Мгийн нүүрэн тус толгойгоороо мөргөх, гараараа цохих, өшиглөх зэргээр хүний эрүүл мэндэд зүүн нүдний ухархай ясны цөмөрсөн хугарал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын таславчийн мурийлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Шүүгдэгч Л.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “ Шүүгдэгч: Б.Мтай өмнө нь цуг ажиллаж байсан. Найз нөхдийн холбоо байхгүй. 2009 оны өвөл танилцсан, хамт нэг газар ажиллаж байсан.  2020 оны 02 дугаар сарын 02-нд Улаанбаатар хотын төв гандан дээр ирээд миний машиныг гуйгаад нисэх онгоцны буудлаас эгчийгээ тосно гэж авсан. Тэгээд утас нь холбогдохгүй 3 хоног холбоо тасарсан. Надаас машин авахдаа маргааш өглөө нь авчирч өгнө гэсэн. Тэгээд би Б.Мгийн ээжтэй нь уулзаж, хуучин хэрэглэж байсан утасны фэйсбүүк рүү нь орж найз охинтойгоо бичсэн чатыг нь харсан. Найз охин нь болгоомжтой ирээрэй гээд Говьсүмбэр аймаг явдаг газрын зураг явуулсан байсан. Тэгээд Чойрт байгаа юм байна гээд ирсэн. Чойр руу гарахдаа Б.Мтай холбогдоод Чойрт байна гэхээр нь наанаа байж бай гэж хэлсэн. Говьсүмбэрт ирэхдээ найз П, Э, Б.Мгийн ээжтэй хамт ирсэн. Төмөр замын гарамын наана МТ колонкын тэнд Мтай уулзсан. Замд явж байхдаа ээжтэйгээ утсаар ярихдаа толгой өвдөж байна гэсэн. Уулзалдахад хамар өвчтэй байна битгий ойртоод бай гэсэн. Машинаа хараад юу мөргөсөн юм бэ  гэж асуухад дуугарахгүй байсан. Сүүлд нь өөрөө адуу мөргөсөн гэж хэлсэн. Машинаа хараад маш их цочирдсон. Тийм болсон гэж төсөөлөөгүй. Утсаар ярихад юу ч хэлээгүй би одоо очиж байна гэж хэлсэн. Төмөр замын гарам даваад ороод ирэхэд машинаа таниагүй аймар болсон байсан. Тэгээд би машинаа харж цочирдсондоо болоод 2 удаа цохисон, нүүр рүү нь нэг, элэгдэж унагаасан. Хохирогчийн нэхэмжилсэн эмчилгээний төлбөрийг төлөөгүй байгаа. Ийм үйлдэл хийсэндээ харамсаж байна. Дахиж ийм үйлдэл гаргахгүй гэх мэдүүлэг.

 

Хохирогч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2020 оны 02 дугаар сарын 3-ны орой 20 цагийн орчим эгчийгээ нисэх онгоцны буудлаас тосож авахаар болоод машиныг нь гуйж авсан. Тэгээд эгчийг тосохооргүй болсон болохоор нэгэнт гуйгаад авсан юм чинь гээд Говьсүмбэр аймаг явахаар болсон. Машиныг нь эвдсэндээ харамсаж байгаа. Хохирлыг төлнө. Л.Нгийн нэг цохисон нэг элэгдсэн гэж худлаа мэдүүлж байна. Машинаас татаж буулгаж мөргөөд цохисон. Миний нүд юм харахгүй эргээд харахад чихэн дээрээс хазсан. Цагдаа дээр дараа мэдүүлэг өгөх гээд очиход чихэн дээрх сорви нь арилаагүй байсан. Машинаас татаж буулгаж, хамар руу мөргөсөн. Би хойшоо зай авсан. Ахиад дайраад чихэн дээрээс хазсан. Өөрөө цаашаа явж, хувцсаа тайлж шидээд нүд рүү цохисон. Нүд юм харахгүй байхаар нь доошоо хараад суусан чинь дээрээс ирээд өшиглөсөн. Нүдний ухархайны яс хугарсан, нүдний хоёр талд цус хурсан, нүдний хараа муудсан. Хамар хугарсан  Миний хамар өмнө нь гэмтэлтэй байсан. Гэхдээ хагалгаанд орж зүгээр болсон байсан. Одоо дахиад нүд болон хамрын хагалгаанд орно. Хагалгаанд ороход 3 300 000 төгрөг шаардлагатай болно. Хагалгаанд яаралтай орох шаардлагатай учраас эмчилгээний зардлыг гаргуулмаар байна гэх мэдүүлэг

 

Гэрч С.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр манай хүүгийн найз Н надаас танай хүү миний машиныг өчигдөр гуйж унаад явсан боловч одоо сураггүй алга болчоод байна гээд хаана байгаа талаар нь асуусан. Би хаана байгааг нь мэдэхгүй байна, сураг гарвал хэлье гэж хэлсэн. Манай хүү М урд орой нь хүний машин уначихсан 21 цагийн үед надтай ирж уулзсан бөгөөд надад таны дансруу 50 000 төгрөг орсон тэр мөнгөө авья гэж хэлсэн. Бид 2 эх нялхасын автобусны буудал дээр уулзсан. Мөнгөлөг саарал өнгийн жижиг тэрэг уначихсан явж байсан. Машины дугаарыг нь санахгүй байна. Хэний машин унаад явж байгаа талаар асуухад хүний машин хүргэж өгөх гэж байгаа юм гэж хэлсэн. Манай хүү тэр оройдоо ирээгүй. Маргааш нь би түүнийг шууд ажилдаа явчихаж дээ гэж бодоод байж байтал найз Н нь орой 20 цагийн үед залгаад машин аваад алга болчихлоо гэж хэлсэн. Тэгээд 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүү Мгийн утас холбогдсон бөгөөд түүнтэй ярихад Чойр дээр байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнд танай найзуудтай машинд нь бензин хийгээд гарч байна чамайг очиж авна гэж хэлсэн. Тэгээд би хүүгийн найз Н, Э, П нартай хамт 15 цаг өнгөрч байхад Чойрт ирсэн. Тэгээд 17 цаг өнгөрч байхад хүүтэйгээ ярихад Төмөр замын гармаар орж ирж байна гэж хэлсэн. Тэгээд бид хэд яваад гарамны тэнд очиход манай хүү Нгийн машинтай гараад ирсэн. Тэгээд хажууд нь очоод зогсож амжаагүй байхад Н машины явдал дунд үсэрч буугаад үг хэлэхийн завдалгүй гүйчихсэн. Тэгээд манай хүүхдийг машинаас нь татаж буулгаж ирээд нүүрлүү нь нэг удаа мөргөсөн, зүүн нүдрүү нь нэг удаа баруун гараараа цохисон. Тэгэхэд манай хүү манараад доошоо суусан тэгээд Э салгаад холдуулсан Тэгэхэд тэр цаашаа гүйгээд өөрийнхөө машины хойд талд куртикээ тайлж шидээд эргэж гүйж ирээд толгой, нүүр, цээжин хэсэгрүү 4-5 удаа өшиглөсөн. Манай хүү тонгойгоод газар суусан байдалтай байсан. Би тэгээд аллаа ш дээ салгаач ээ гэхэд Э салгасан...гэх мэдүүлэг /хх-ийн 24-27-р тал/

 

 Гэрч Э.У мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: Манай гэр Өндөршил сумаас урагш 70км газарт байдаг юм. Би 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хот орохоор замын унаанд суугаад Өндөршил суман дээр ирсэн бөгөөд хот явах байсан унаа хот явахаа болиод Өндөршил суман дээр хонохоор болсон. Би Өндөршил суман дээр таних айлгүй болохоор хөдөөнөөс хамт ирсэн машины эзнийд хонохоор болоод байж байтал манай найз залуу М залгасан. Тэгэхээр нь би хот явах унаагүй болчихлоо, би энд айлд хонолоо гэж хэлсэн. Тухайн үед миний бие өвдөөд байгаа талаар түүнд хэлсэн. Орой 19 цагийн үед М надруу залгаад би чамайг очиж авья нэг ах маань хамт явья гэж байна гэхээр нь яах юм бэ, тэртэй тэргүй маргааш очих юм чинь гэж хэлэхэд бие чинь өвдөөд байгаа болохоор санаа зовоод байна гэж хэлсэн. Тэгээд 17 цаг өнгөрч байхад Чойр дээр ирчихлээ, одоо Өндөршилрүү гарлаа гэж хэлсэн. Би түүнийг шөнө 03 цаг хүртэл хүлээгээд ирэхгүй болохоор нь унтсан. Өглөө 10 цаг өнгөрч байхад М Өндөршилд ирчихлээ гээд бид 2 уулзсан. Унаж явсан машины урд хэсэг нь эвдэрсэн, шил нь хагарсан байсан. Түүнээс юу болсон талаар асуухад шөнө гэрэлд адуу орж ирээд гэж хэлсэн. Тэгээд тэр өдөржин машин засвар дээр байсан. М гэрийнхэндээ болон найзуудтайгаа утсаар яриад Чойрт байна гэж хэлэхэд тэд нар хотоос гарлаа гэсэн. Тэгээд бид 2 Чойрт 17 цаг өнгөрч байхад орж ирсэн бөгөөд Төмөр замын гармаар орж явтал өөдөөс найзууд нь болон ээж нь машинтай ирсэн. Тэгэхэд Н гэх найз нь машинаасаа бууж ирээд Мг машинаас татаж буулгаад хамар хэсэгт нь 1 удаа мөргөсөн, зүүн нүдрүү нь нэг удаа цохисон. Тэгэхэд М миний нүд гээд зүүн нүдээ дараад доошоо тонгойгоод суугаад байсан. Суучихсан байхад нь толгой, нүүр, цээж хэсэгрүү нь 4-5 удаа хөлөөрөө өшиглөсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 28-31-р тал/

 

Гэрч Б.П мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: ... Бид нар Төмөр замын гарам гараад очтол М өөдөөс ирж байсан. Машин нь урд талын зүүн хэсгийн крыло, копут нь хонхойсон, урд гупер нь хагарсан, зүүн их гэрэл нь хагарсан, урд салхины шил хагарсан байсан. Тэгээд Мгийн хажууд очоод зогссон. Н машинаа хараад цочирдсон уу Мтай  ноцолдоод эхэлсэн Намайг харахад Н Мгийн элэг, гэдэс хавьруу цохиод байсан. Би машинаас бууж очоод тэр хоёрыг салгасан...гэх мэдүүлэг /хх-ийн 32-33-р тал/

 

Гэрч Э.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: ...Н машинаас буугаад жолооч талын хаалган дээр очиж байсан. Мгийн хажууд нэг охин сууж явсан тэрийг ээж нь үсдээд цохиод байхаар нь Мгийн ээжийг тэр охиноос салгасан. Тэгэд харсан чинь М Н нар газар унасан байгаа харагдсан. П тэр хоёрыг салгаад босгож байсан. Хажууд цагаан машинтай ах нар ирээд та нар больцгоо гэж хэлсэн. Тэгээд удаагүй байж байтал цагдаа  ирсэн. Н хэдэн удаа цохисон юм шиг байна лээ,  би хаана нь хэд цохисныг хараагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 36-37-р тал/

 

Гэрч Б.У мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: ...Би өдөр тутмын тэмдэглэлээсээ харахад 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр T.Aqua маркийн 48-35 УАЕ улсын дугаартай авто машины жолоочийг шалгасан байна. Урд өдөр нь энэ машин зүүн талын урд крыло нь чихэгдсэн, урд салхины шил хагарсан, зуурсан байдалтай зогсож байсан. Би тэр машиныг хөдлөхөөр нь шалгая гэж бодож байсан. Нэг харахад хөдлөөд яваад өгсөн байсан. 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотоос мэдээлэл шуурхай албаны ажилтай Сарангэрэл гэх эмэгтэй залгаад манай хамаатны нэг залуу алга болоод хэд хонолоо сураг сонсоход танай суман дээр явж байна гэнэ чи нэг сураг гаргаад өгөөч гэсэн. Би тэр хүнд таны хэлээд байгаатай ижил машин өчигдөр дугуй засвар дээр байсан би шалгаж амжаагүй тодруулаад эргээд хэлье гэсэн. Би дугуй засвараас лавлах гээд очтол нөгөө машины жолоочтой дугуй засвар дээр таарсан. Тэр залуу өөрийгөө Мягмар гэж танилцуулаад Улаанбаатар хотоос найз охинтойгоо уулзах гэж явж байгаа, Чойроос наашаа гарч явж байгаад машинтайгаа унасан гэж хэлсэн... Би ээжийг нь ярихад хүүхдийн чинь бие сулдуу байна эмнэлэгт үзүүлээрэй гээд зөвөлгөө өгөөд явууллаа гэж хэлсэн. Биед харагдах ил шарх гэмтэл харагдаагүй. Тэр залуугийн нүүр, толгойд ил харагдах шарх гэмтэл байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 39-р тал/

 

Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: 2020 оны 02 дугаар сарын эхээр би суман дээр ажлаар явж байтал дугуй засварын гадаа шил хагарсан, урд крыло цаашаа цөмөрсөн, юм мөргөсөн бололтой жижиг саарал суудлын авто машин байсан. Маргааш саахалт айл болох Э-ынд очиход нөгөө жижиг саарал машин очсон байсан. Энхбаатар хэлэхдээ манай охины найз залуу юм, энэ хүнтэй охиноо Улаанбаатар хамт буцаах гэж байгаа гэж хэлсэн. Чи машинтайгаа яваад дугуйг нь нөхүүлээд өгөөч гэж хэлсэн... Бие нь жоохон сулдуу гэхээр залуу байсан. Нүүр нүд нь зүгээр байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 40-р тал/

 

Гэрч Д.Г- мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: ...Тухайн автомашин осолд орсон байдалтай зүүн талын крыло нь чихэгдсэн, гэрэл хагарсан, мөн зүүн талын арын хаалганы хавьд мөн хонхойсон байсан. Урд талын салхины шил нь мөн хагарсан, зүүн урд талын дугуй хагарсан байсан. Надаас дугуй худалдаж авах гээд мөнгөгүй гээд авч чадаагүй, хүнээс мөнгө авах гээд байгаа бололтой мөнгө нь бүтэхгүй байсан. Тэр машины жолооч өөрийгөө цэргийн ангид ажилладаг гэж байсан. Мөн хамт нэг охин байсан. Орой тэр охиныхоо гэрт хонохоор явсан. Манай дугуй засвар дээр бүтэн өдөр болсон. Аваарын шар дугуйгаа сольж тавиад явсан. Маргааш нь хуучин дугуй авчраад угсруулж аваад явсан. Жолоочийн нүүр болон биед нь ил харагдах шарх гэмтэл харагдаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 43-р тал/

 

Шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 44 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтэнд:

  • Б.Мгийн биед зүүн нүдний ухархайн цөмөрсөн хугарал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.
  • Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчиллээр үүсгэгдэнэ.
  • Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  • Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Говьсүмбэр аймгийн шинжилгээний албаны шинжээч эмч  Б.Сэргэлэн гэжээ. /хх-ийн 53-54-р тал/

 

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-14-р тал/, Ашид билгүүн ХХК-ний автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 61-62-р тал/

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 86/

 

Дундговь аймгийн Өндөршил сум дахь хэсгийн цагдаа, ахлагч Б.У-ын “өдөр тутмын ажлын тэмдэглэл”-ийн хуулбар /хх-ийн 93-95/

 

Хохирогч Б.Мгийн Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудасны хуулбар, УБ Сонгдо эмнэлэгт үзүүлсэн баримтын хуулбар, Лазер Мед  эмнэлэгийн томографийн шинжилгээ хийлгэсэн баримтын хуулбар, амбулториор эмчлүүлэгсдийн картын хуулбар, /хх-ийн 97-109-р тал/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 113-144-р тал/

 

Хохирогч Б.Мгийн хохиролын тооцоо /хх-ийн 115-122-р тал/

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.М, гэрч С.Н, Э.У, Э.Э, Б.У, Б.А, Д.Г нарыг мэдүүлэг болон хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан талаарх шүүх эмнэлгийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн №44 дугаартай дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Л.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

 

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн 2017000420045 дугаартай хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, Шүүгдэгч нь цагдан хоригдоогүйг дурдах нь зүйтэй байна.

 

Хохирогч эмчилгээний зардалд 4.003.800 төгрөг нэхэмжилж байх боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас УБ Сонгдо эмнэлэгт үзүүлсэн баримт болон пост машинаас карт уншуулсан баримтууд давхардаж байгаа, Төмөр замын вагоны билетийн баримтууд өөр хүний нэртэй, энэ хэрэгт хамааралгүй, шатахууны баримтуудыг ханган шийдвэрлэх үндэслэлгүй байх тул баримтаар нотлогдож байгаа 374.000 төгрөгийг үнэлж, шүүгдэгчээс хохирол төлбөрт 374.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Мд олгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршиг, хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан үзэж түүнд торгох ял оногдуулах үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаардугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                    ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Таван нуруу овогт Л-ийн Нг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Нг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Нд оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт  шүүгдэгч Л.Нгаас 374.000 төгрөгийг гаргуулж Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг, 25 дугаар хороо Хайрханы 11-94 тоотод оршин суух  Боржигон овогт Батхуягийн Мд олгосугай.

6. Хохирогч Б.М нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дахь хэсэгт зааснаар цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Шүүгдэгч Л.Н нь цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Л.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Н.АРИУНЖАРГАЛ