| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 186/2020/0477/Э |
| Дугаар | 496 |
| Огноо | 2020-06-22 |
| Зүйл хэсэг | 23.2.1., |
| Улсын яллагч | С.Солонго |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 496
2020 06 22 2020/ШЦТ/496
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч П.Ариунболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,
улсын яллагч С.Солонго,
шүүгдэгч Ц.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харчин овогт Цэдэнпэлжээгийн Ход холбогдох эрүүгийн 2011 00699 0583 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1970 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Дундговь аймагт төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 22 дугаар гудамжны 535 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Харчин овогт Цэдэнпэлжээгийн Х /РД:______/,
Шүүгдэгч Ц.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Х нь 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нарантуул-2” худалдааны төвд худалдаа эрхэлдэг иргэн Д.Хорол, Б.Бямбажаргал нарт 150 ширхэг хэвийн боовыг зарах зорилгоор эрх олгосон баримт бичиг болох Мэргэжлийн хяналтын газрын лаборторын сорилтын дүнг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
Шүүгдэгч Ц.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв
Шүүгдэгч Ц.Х мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...150 ширхэг хэвийн боов хийж тэрийгээ “Нарантуул-2” захын 37, 40-р лангууны хүнд өгсөн. Тэгээд надаас лангууны худалдагч нар мэргэжлийн хяналтын газрын бичиг нэхээд байхаар нь би Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хүсэлт өгсөн чинь хувь хүнээс хүсэлт авахаа больсон зөвхөн албан байгууллагаас хүсэлт авч байгаа гэсэн. Тэгэхээр нь 2018 онд авч байсан сорилтын дүнгийн хуудсаа хувилаад гараараа тоог засна гэж бодоод 7 буудлын урд талд байх “Хүсэл” төвд явж байгаад нэг компьютерийн газар хувилуулсан юм. Тэр газрын нэг залуу ажиллуулж байсан ба тоог нь засаад гаргаж болох уу гэхэд болно, гэхдээ энэ таных мөн юм уу гэхээр нь би өөрийнхөө иргэний үнэмлэхийг үзүүлээд тэр залуу компьютер дээрээ шинжилгээ хийсэн оныг нь 2020 он гэж гаргаад би тэрийг нь “Нарантуул-2” захын лангууны хүнд өгсөн...” гэх /хх-ийн 31-32х/,
Нийслэлийн Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 02-18/37 дугаартай албан бичиг /хх-ийн 8х/,
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дотоод албан бичиг /хх-ийн 10х/,
Гэрч Х.Мөнхбат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай аав Ц.Х нь энэ жилийн цагаан сараар мөнгө олох санаатай хэвийн боов хийгээд тэрийгээ “Нарантуул-2” худалдааны төвд 2 лангуунд зарсан гэсэн. Тэр үед намайг хүргээд өг гэхээр нь би “Нарантуул-2” зах дээр очиж нэг лангуунд 100 ширхэг, нөгөө лангуунд 50 ширхэг, нийт 150 ширхэг хэвийн боов очиж өгсөн. Харин аав дараа нь тэр хүмүүстэй мөнгө төгрөгний асуудлаа өөрөө ярих байсан. Тэгтэл 2020 оны 03 дугаар сарын эхээр аавын зарсан хэвийн боов нь мэргэжлийн хяналтын газрын шалгалтаар шаардлага хангахгүй байна гээд намайг үлдсэн хэвийн боовыг нь авчих гэсэн...” гэх /хх-ийн17х/,
Гэрч Д.Хорол мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Хурболд гэх хүнийг танихгүй. Тэр хүн энэ жилийн цагаан сараар Дацан гэж хаягтай хэвийн боов 100 ширхэгийг 1 ширхэгийг 1800 төгрөгөөр зарсан. Би цааш нь 1 ширхэгийг нь 2000 төгрөгөөр зарсан ба 40 ширхэг үлдсэн байхад Мэргэжлийн хяналтаас шалгалт ирээд лаборторийн дүнгийн хуудас хуурамч, хаяг шошгоны зөрчилтэй гээд намайг 30,000 төгрөгөөр торгоод үлдсэн 40 ширхэгийг нь би буцааж өгсөн. Х хэвийн боов өгөхдөө надад нэг шинжилгээний бичиг өгсөн. Тэрийг нь мэргэжлийн хяналтын газар шалгалт хийхдээ аваад явсан. Мэргэжлийн хяналтын хүмүүс тэр шинжилгээний бичгийг өмнө жилээс хойш өгөхөө больсон гэж байсан. Тэгээд би Ход 60 ширхэг хэвийн боовны 108,000 төгрөгийг түүний 5042334608 дугаарын дансаар өгсөн. Гэхдээ торгуулсан 30,000 төгрөгийг суутгаад 80,000 төгрөг өгсөн...” гэх /хх-ийн 19-20х/,
Гэрч В.Батжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Х гэх хүнээс Дацан хэвийн боовноос 50 ширхэгийг тус бүрийг 1800 төгрөгөөр авсан. Тэгтэл угаасаа шинжилгээний бичиггүй болохоор зарж болдоггүй болохоор Х надад Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хар өнгөтэй канондсон шинжилгээний бичиг өгсөн. Тэгээд Чингэлтэй дүүргийн мэргэжлийн хяналтын газраас шалгалт яваад тэр шинжилгээний бичгийг хуурамч байна гэсэн. Тэгээд Ц.Хоос авсан талаараа хэлээд ямар ч байсан буцааж өг гэхээр нь би тоо ёсоор нь 50 ширхэг буцаагаад өгсөн...” гэх /хх-ийн 22-23х/,
Гэрч Б.Ариунаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...манай байгууллагын зүгээс цагаан сарын баярыг тохиолдуулан урьдчилан сэргийлэх шалгалтыг хийж гүйцэтгэсэн бөгөөд Нарантуул-2 зах дээр 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр шалгахад 37, 40 дүгээр лангуунд Дацангийн хэвийн боовны дагалдах шинжилгээний бичиг нь хуурамч байсан. Өөрөөр хэлбэл хэвийн боовыг худалдаалахдаа итгэмжлэгдсэн лаборторт шинжлүүлж шинжилгээний бичиг авсны үндсэн дээр зарж борлуулдаг. Гэтэл “Дацан” хэвийн боовны шинжилгээний бичиг илт хуурамч байсан ба одоогийн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өгч байгаа бичигтэй нь илт зөрүүтэй байсан. Тэгээд уг лангуунаас асуухад Х гэх хүнээс худалдаж авсан гэх ба би утсаар холбогдож дуудахад ирээгүй. Тухайн шинжилгээний бичиг нь эх хувиараа байгаагүй, хувилсан юм шиг хараараа байсан. Иргэн хүн үйлдвэрийн байртай бол тэрийгээ нотлоод бичиг баримтаа бүрдүүлээд авч болно. Харин Хын хувьд гэрээрээ буюу чанарын шаардлага хангахгүй тул татгалзсан байх. Уг шинжилгээний бичгийн баруун дээд буланд байгаа Нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллагын даргын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/02 дугаар тушаал гэж байхгүй. Мөн зүүн дээд хэсэгт байх стандартын нэр томъёо буруу байрлагдсан. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас уг албан бичигтэй холбогдуулан албан бичиг явуулахад шинжилгээ хийгээгүй болох нь тогтоогдсон. Шинжилгээний бичиггүй тохиолдолд зарахыг хориглодог, дагалдах шинжилгээний бичиг байх ёстой байдаг...” гэх /хх-ийн 25-26х/,
Шүүгдэгч Ц.Хын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 40х/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчилгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлагыг зөрчөөгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх бүрэлдэхүүн үнэллээ.
Иймд шүүгдэгч Ц.Хыг тусгай зөвшөөрөл, эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ц.Хыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгийн торгуулийн ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Харчин овогт Цэдэнпэлжээгийн Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөл, эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Хыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 / дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.АРИУНБОЛД