Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 106

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-очир,

Улсын яллагч С.Сугар,

Шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан шүүх  хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч  Ц.Б-д холбогдох 2030000000145 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 19... оны .... дүгээр сарын ....-ны өдөр Сүхбаатар аймгийн Уулбаян суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “МЛЦО” ХХК-д ган бөмбөлгийн тээрэмчин ажилтай,  ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр баг Төмөртэйн 13-09 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:.................../ Ц.Б .

 

Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Ц.Б нь  2020 оны 04 дүгээр сарын 04-ний орой Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр, Ч-н ..... тоотод хохирогч Д.Н-ийг зодож эрүүл мэндэд нь  “зүүн чамархайн хуйханд язарсан шарх, зүүн чихний дэлбэнгийн сэтрэлт ” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Шүүгдэгч Ц.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ:  Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

           

Эрүүгийн 2030000000145  дугаартай хэргээс:

 

Хохирогч Д.Н-ийн  мөрдөн байцаалтанд өгсөн “...2020 оны 04 дүгээр сарын 04-ний орой 21 цагийн орчимд эгч Д-д бичиг баримт өгөх гээд очсон. Эгчдээ бичиг баримтаа өгчихөөд гараад иртэл манай эгчийн хашаанд байдаг Ц.Б гэх согтуу залуу миний машин руу жижиг чулуу шидээд машины урд гупер өшиглөөд байхаар нь би очиж “та боль, согтуу байна” гэтэл маргалдаж муудсан. Гэтэл гэрээс нь эхнэр хүүхэд нь гарч ирээд татаж чангаагаад аваад явсан. Тэгээд би явж байгаа юм байлгүй гэж бодоод машиндаа суух гэтэл  БЭ хоёр гартаа том чулуу бариад нэгээр нь миний зүүн чих рүү цохиж гэмтэл учруулсан. Дахиад над руу чулуу шидэх гээд байхаар нь би зугтааж байгаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Миний зүүн чих сэтэрч, хуйх язарч оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9-р хуудас/,

Хохирогч Д.Н-ийн Цагдаагийн газарт гаргасан: Д.Н миний бие 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр болсон хэргийн хохирогч бөгөөд БЭ гэх хүнтэй харилцан тохиролцсон учир гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт /хх-ийн 37-р хуудас/

 

Гэрч Э.Н-н мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2020 оны 04 дүгээр сарын 04-ний орой 21 цагийн орчимд найз залуу Н-н хамт хүргэн ахынх руу нь хамт явсан. Би машинд сууж үлдээд Н ороод бичиг баримт өгөөд гараад ирэх хооронд хажуу айлынх нь хүн согтуу гарч ирээд та нар хүүхэд дайрлаа машинаа гэрийн үүдэнд тавьдаг болоо юу гээд жижиг чулуу урд салхины шил рүү шийдээд байсан. Тэр үед Н гарч ирээд та яаж байна гэхэд та нар хүүхэд дайрлаа гэхээр нь би машины хаалга нээж сүртэй юм хөдлөөгүй байна гэж хэлсэн чинь чи дуугүй бай гичий минь гээд намайг зодох гээд дайраад байсан. Тэгээд миний урдуур Н ороод гарыг нь бариад түлхсэн чинь газраас чулуу аваад Н-н чих толгойн хэсэгт чулуутай гараараа цохисон... гэх мэдүүлэг /хх-ийн 10-р хуудас/,

 

Шүүхийн  шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 178 дугаартай: Д.Н-ийн биед зүүн чамархайн хуйханд язарсан шарх, зүүн чихний дэлбэнгийн сэтрэлт бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хэрэг болсон тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байна. Мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хоёроос дээшгүй удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар  эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 20-21-р хуудас/

 

-Яаралттай тусламжийн хуудас /хх-ийн 18-19-р хуудас/,

 

- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багийн Засаг даргын Ц.Б-нам бүл, оршин суугаа газрын талаарх тодорхойлолт / хх-ийн 28-р хуудас /

-   Шүүгдэгч Ц.Б-н ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн 31-р хуудас/

-  Шүүгдэгч Ц.Б-н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 29-р хуудас/

 

-Шүүгдэгч Ц.Б-н хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 37-р хуудас/

 

- Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх прокурорын 5/52 дугаартай санал /хх-ийн 40-р хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ц.Б нь 2020 оны 04 дүгээр сарын 04-ний орой Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр, Чулуутын ....... тоотод хохирогч Д.Н-ийг зодож эрүүл мэндэд нь  “зүүн чамархайн хуйханд язарсан шарх, зүүн чихний дэлбэнгийн сэтрэлт ” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Ц.Б-н мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Д.Н-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 178 дугаартай дүгнэлт болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ц.Б-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Ц.Б-н гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.

 

Шүүгдэгч Ц.Б-н энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж буй гэмт үйлдэл болох юм.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Ц.Б-н хөнгөн гэмтэл бүхий хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

           

Шүүгдэгч Ц.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь  зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагчаас Ц.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Ц.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ц.Б-д ял шийтгэл оногдуулахад хохирогч Д.Н-д  эмчилгээний зардалд 150 000 төгрөг төлсөн нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл болно.

 

Шүүгдэгч Ц.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн  нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг  харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

 Шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.Н гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

            Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-г 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан Ц.Б-д оногдуулсан торгох ялыг 4 /дөрөв/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Ц.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Ц.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Ялтан Ц.Б нь  энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.Н-д 150 000 төгрөг төлсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Х.САНЖИДМАА