Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2020/ШЦТ/42

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,

нарийн бичгийн дарга Г.Энхжаргал,

улсын яллагч Б.Мөнхдөл,

шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Л овогт Бгийн Нт холбогдох эрүүгийн 1917000510048 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1980 оны 02 дугаар сарын 24-нд Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот Багануур дүүрэг, 5 дугаар хороо Залуусын задгай .......... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх, Л овогт Бгийн Н, /РД:.........../

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Б.Н нь тээврийн хэрэгсэл ашиглан 2019 оны 03 дугаар сарын 07-ны өглөө 10 цагийн үед тус аймгийн Баянтал сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Эрээн шонт гэх газар нутаглах иргэн Ж.Бгийн амбаар, вагончикт нэвтэрч 50.000 төгрөгийн эд зүйлс хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүгдэгч Б.Н нь 2019 оны 03 дугаар сарын 07-ны өглөө 10 цагийн үед тус аймгийн Баянтал сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Эрээн шонт гэх газар нутаглах иргэн Ж.Бгийн вагончикт нэвтэрч 50.000 төгрөгийн эд зүйлс хулгайлсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

  1.  Шүүгдэгч Б.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Би машин  механизм ашиглаагүй. Архи уусан байсан. Нэг сэрэхэд айлын хашааны гадаа зогссон байхад нь гарч бие засах гэж яваад эзэнгүй саравч байна гээд таслагч хулгайлсан. Миний буруу хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна гэв.

 

2. Хохирогч Ж.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2019 оны 03 дугаар сарын 07-ны өглөө Баянтал сумын 1 дүгээр багийн малчин Оюунбилэг миний 94296965 дугаарын утасруу залгаад өглөө зүгээр байсан танай хороон дээрх вагончикний цоожийг эвдлээд хулгай орсон байна, том машины дугуйны мөр байна. Намайг малаа услаад худаг дээр байж байхад нэг том цагаан машин явсан гэж хэлэхээр нь чи ойр байгаагаараа цагдаад мэдэгдчих гэж хэлтэл та нар өөрсдөө ирээрэй гэж хэлсэн. Тэгээд би гэрт байсан эхнэр А-г Баянтал суман дахь амбаар вагончикоо үз гээд явуулсан. Тэгээд эхнэр очиж үзчихээд надруу залгаад авдран дотор байсан мөнгөн хазаар, хуучны заг мод, цагаан амбаар дотор байсан жиижүү дөрөөтэй тэмээний хивсэн тогш, элдсэн 100-д хурганы арьс, элдээгүй 100 гаруй хурганы арьс, Приус-11 машины 2 шинэ, 1 хуучин дугуй, улаан өнгөтэй жижиг тасдагч багаж, гадаа байсан трубонууд алга болсон байна гэж хэлсэн. Тэгээд би 2019 оны 03 сарын 09, 10-ны үед Баянтал суман дээрх хороон дээр очиж үзэхэд манай эхнэрийн надад алга болсон байна гэж хэлсэн зүйлүүд бүгд байхгүй байсан. 2019 оны 02 дугаар сарын цагаан сарын өмнөхөн хаваржаан дээр ирээд лоом авахад бүгд бүрэн байсан... Манай хороон дээрх амбаар, вагончик дотроос алдсан гэж бүртгүүлсэн хурганы элдсэн болон элдээгүй арьс, мөнгөн хазаар, тэмээний тогш, машины дугуй зэрэг зүйлүүд маань Говьсүмбэр аймаг Сүмбэр сум 2-р баг Уулзварын 1-17 тоот хашаанд байх амбаарт бүгд бүрэн байсан байна. Эхнэр бид 2 Уулзварын 1-17 тоот гэртээ очоод байдаггүй болохоор тухайн үед тэнд шалгаж үзээгүй байсан байна. Манай амбаараас тасдагч багажнаас өөр зүйл алдагдаагүй байна. Би амбаар дотор байсан тасдагч багажийг бүрэн бүтэн хүлээн авсан учир надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэсэн мэдүүлэг. /хх-ийн 58-63/

 

  1. Гэрч Г.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2019 оны 03 дугаар сарын 07-ны өглөө гэртээ байж байхад тээвэрт хамт явдаг А залгаад машины дугуй янзлаад өгөөч гэж гуйхаар нь би 152-р байрны зүүн талд байдаг байсан Аийн машин дээр очоод А, Г нарын хамт дугуй янзлаад байж байтал зүүн урд зүгээс цагаан өнгийн Маяти машин бид нарын дугуй янзалж байсан газрын хойд талд ирж зогсоод дотроос нь 3 залуу бууж ирсэн ба нэг эмэгтэй суугаад үлдсэн. Тэр залуучууд бид нараас архи зардаг дэлгүүр хаана вэ гэж асуухаар нь баруун урд талын дэлгүүр зааж өгөхөд тэр 3 залуу дэлгүүрлүү алхаад явцгаасан ба нэг залуу нь хол юм байна гээд буцаад машиндаа суучихсан. Тэгээд дэлгүүр явсан 2 залуу арваад минутын дараа буцаж ирээд машиндаа суугаад хойд зүгрүү хөдлөөд 152-р байрны хойд талаар баруун тийшээ явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 64 дугаар хуудас/

 

 4. Гэрч Д.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 10 цаг өнгөрч байхад Цэргийн ангийн баруун урд талын улаан худаг дээр хонио услаад байж байгаад урагш хартал Бгийн хаваржааны чанх урд талаас цагаан өнгийн машин гараад ирсэн. Тэгээд би Бг ирсэн юм байх гэж бодчихоод цагаан өнгийн ачааны машиныг худгийн зүүн талаар шороон замаар хойшоо гарахад нь харахад төмөр өндөрлөгөөтэй өндөр Маяти маркын машин зогсолгүй шууд хойшоогоо явсан. Тэгэд би хонио усалчихаад машиныг хаанаас гараад ирэв гэдгийг мэдэхээр Бгийн бууцан дээр очиход амбаар болон вагончикнийх нь цоожийг хуга цохиод газар хаячихсан байхаар нь хулгай орж гэж бодоод сумын цагдаад мэдэгдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 67 дугаар хуудас/

 

5. Гэрч Б.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Би 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 14 цагийн үед Багануураас Х буюу манай нөхөр, манай төрсөн дүү Н, найз Г нарын хамт манай хадам эгч Тгийн эзэмшлийн 21-88 БРА улсын дугаартай цагаан өнгийн ачааны машинаар Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд байдаг Б гэдэг айлд очихоор явсан. Бид нар замдаа Төв аймгийн Баянжаргалан суманд Чимгээ гэдэг айлд хоночихоод маргааш нь Дархан сумруу явсан. Дархан сумын хогийн цэг дээрээс хаягдал төмөр машин дээрээ ачаад Бор-Өндөр суманд Батаа гэх айлд хоносон, тэр айлаас төмөр худалдаж авсан. Бид нар Бор-Өндөр суманд Б гэдэг айлд очиж ямаа самнах байсан боловч болиод ойр орчмын айлуудаас хөнгөн цагаан, хаягдал хар төмөр аваад Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд байх Ганзориг гэх айлд очсон. Тэгээд тэр айлд 2 хоноод 03 дугаар сарын 07-ны өглөө Говьсүмбэр аймгийн урд талын хогийн цэг дээр очиж хаягдал төмөр байгаа эсэхийг сахиул айлаас асуухад байхгүй гэхээр нь Говьсүмбэр аймгийн төмөр замын ойролцоо шороон замаа дагаж явж байгаад Баянтал сумын урд талд ирсэн. Тухайн газар айл байгаа байх гээд очиход хүнгүй байсан. Би машинаас бууж бие засчихаад эргээд очиход Н, Г 2 машинаас бууж байсан. Би машинаа хөдөлгөөд хорооны ард байсан вагончикний хажууд очоод зогссон. Тухайн үед манай нөхрийн бие өвдөөд машинаас буугаагүй сууж байсан. Намайг бие засчихаад ирэхэд Г Ныг машиндаа суу, айл эзэнгүй байна гэж хэлээд загнаад зогсож байсан. Манай дүү Н нилээн согтуу байсан. Тэр айлын хорооноос Баянталын төврүү орсон...  гэх мэдүүлэг /хх-ийн 72-73 дүгээр хуудас/

 

6. Гэрч Б.Х мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ... Би Баянтал сумын айлын хороонд ирснийг мэдсэн. Тэр айлын хороон дээр ирэхэд Н, Г 2 машинаас буусан. Манай эхнэр Н машин бариад хорооны ард байсан вагончикний хажууд очоод зогссон. Тухайн үед би машины гол хэсэгт хэвтээд явж байсан болохоор яг хаагуур явсаныг нь мэдэхгүй байна. Урд өдөр нь архи уугаад миний толгой өвдөөд байсан. Говьсүмбэр аймагт ирж байхдаа би эхнэртээ эзэнгүй хороогоор яваад яах юм, төв бараадаад явсан нь дээр хэл аманд орно гэж хэлж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 74-75 дүгээр хуудас/

 

7. Гэрч Б.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Би 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 14 цаг өнгөрч байхад Х, Н, Н нарын хамт ямаа самнахын хажуугаар хаягдал төмөр авах гэж Хийн төрсөн эгч Тгийн эзэмшлийн 21-88 БРА улсын дугаартай цагаан өнгийн Маяти-2 маркын машинтай гарцгаасан юм. Тэгээд бид нар Багануураас гараад Төв аймгийн Баянжаргалан сумын төвөөс зүүн хойш байдаг Чимгээ гэх айлд очиж хоночихоод 2019 оны 03 дугаар сарын 02-ны өглөө Хэнтий аймгийн Дархан сумруу явцгаасан. Дархан сумын урд талын хогийн цэг дээр очиж хаягдал зэс, төмөр, хөнгөн цагаан түүж машин дээрээ ачаад Бор-Өндөр сумруу хөдөлсөн. Замдаа Батаа гэх айлаас 500кг төмөр худалдаж авсан... Говьсүмбэр аймгийн Баянтал сум явах замд айлын амбаар, вагончиктой том өвөлжөө байсан ба өвөлжөөний ертөнцийн зүгээр баруун урд зүгт хогийн цэг байсан би хаягдал төмөр үзэхээр тэнд буусан, тэгээд хаягдал төмөр байгаа эсэхийг тойрч үзчихээд ирэхэд машин хөдлөөд вагончикний хажууд зогссон байсан. Тэгээд би машины хажууд очиход Н ертөнцийн зүгээр зүүн урд талд бие засчихаад ирлээ гээд ирж байсан. Тэгээд би өвөлжөөн дээр хүн байна уу гэж асуухад хүн байхгүй байна гэж хэлсэн. Н бид хоёр машинд суухад Хүрлээ ганцаараа сууж байсан. Тэгээд би Н хаана байна гэж асуухад Н цаагуур чинь яваа байх гэсэн. Би машины хойгуур тойрч үзэхэд вагончикний хаалга нээлттэй байсан, тэгээд харахад Н дотор нь байж байсан. Тэгээд би хүүе хулгайн хэрэгт оров, хурдан суу явъя гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 84-85 дүгээр хуудас/

 

8. Гэрч Ц.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Би 2019 оны 03 дугаар сарын 07-ны өглөө Баянтал суманд 152 дугаар байрны зүүн талын хашааны гадаа ахынхаа Хово маркын машины дугуйг засаад байж байтал манай машины хойд талд Маяти маркын машин зогссон. Уг машинд 1 эмэгтэй, 3 эрэгтэй хүн байсан. Огт танихгүй хүмүүс байсан. Намхан туранхай 30 гаруй насны залуу, 40 гаруй насны махлагдуу ахтай ирээд дэлгүүр хаана байдаг вэ гэхээр нь би дэлгүүр зааж өгсөн. Тэгээд тэр 2 залуу дэлгүүр явж ирчихээд надаас хямдхан түлш байна уу гэхээр нь би литрийг нь 2000 төгрөг гэж хэлэхэд үнэтэй байна гээд үнэ тохироогүй тэгээд тэр хүмүүс явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 92-93 дүгээр хуудас/

 

9. Гэрч Б.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Би Х гэх хүнийг танина манай төрсөн дүү байгаа юм. Миний нэр дээр 21-88 БРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл байдаг байсан. Тухайн тээврийн хэрэгслийг 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр би Ц.Азжаргал гэдэг хүнд 18.500.000 төгрөгөөр зарсан. Миний төрсөн дүү Х 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр эхнэртэйгээ ирээд хөдөөгүүр яваад арьс, шир, түүхий эд цуглуулчихаад ирье гээд гэрээс ирээд машин аваад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 119-120 дүгээр хуудас/

 

10. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 123-126/

 

11. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 153-154/

 

12. Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 26-29, 34-39, 155-156/

 

13. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 009/007 дугаартай дүгнэлтэнд:

Хэргийн газраас гэрэл зургийн аргаар ирүүлсэн гутлын мөр шинжилгээнд тэнцэнэ.

Гутлын улны мөр өлмийнөөс өсгий хүртэл үргэлжилсэн долгион хэлбэрийн хөндлөн зураастай, зураас хооронд 0,3мм хэмжээний зайтай, өлмийнөөс 4 долгиолсон зураасны зайд урд талд 1,6х0,5мм зайтай хоосон дүрслэлтэй байна.

39 размерийн гутал байна.

Б.Нын өмссөн гуталтай тохирч байна. Дүгнэлт гаргасан криминалистикийн шинжээч Г.Мөнхдөлгөөн гэжээ. /хх-ийн 32-33/

 

14. “Ашид билгүүн” даатгалын хохирлын үнэлгээ, /хх-ийн 48-50 дүгээр хуудас/

 

15. Говьсүмбэр аймгийн Баянтал сумын үнэлгээний комиссын 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн дүгнэлт. /хх-ийн 42-43/

 

16. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын үнэлгээний комиссын 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 81 дугаартай дүгнэлт. /хх-ийн 54-р хуудас/

 

        Шүүгдэгч Б.Нт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

       Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Нт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

       Учир нь: “Машин механизмыг хэрэглэсэн” гэдгийг бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, хамгаалалт, бэхэлгээг эвдэх, биеэр авч чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлтгэж ашигласныг ойлгоно.

Гэрч Б.Нын “Тухайн газар айл байгаа байх гээд очиход хүнгүй байсан. Би машинаас бууж бие засчихаад эргээд очиход Н, Г 2 машинаас бууж байсан. Би машинаа хөдөлгөөд хорооны ард байсан вагончикний хажууд очоод зогссон. Тухайн үед манай нөхрийн бие өвдөөд машинаас буугаагүй сууж байсан. Намайг бие засчихаад ирэхэд Г Ныг машиндаа суу, айл эзэнгүй байна гэж хэлээд загнаад зогсож байсан. Манай дүү Н нилээн согтуу байсан. Тэр айлын хорооноос Баянталын төврүү орсон...  гэх мэдүүлэг /хх-ийн 72-73 дүгээр хуудас/, Гэрч Б.Хийн “... Би Баянтал сумын айлын хороонд ирснийг мэдсэн. Тэр айлын хороон дээр ирэхэд Н, Г 2 машинаас буусан. Манай эхнэр Н машин бариад хорооны ард байсан вагончикний хажууд очоод зогссон. Тухайн үед би машины гол хэсэгт хэвтээд явж байсан болохоор яг хаагуур явсаныг нь мэдэхгүй байна. Урд өдөр нь архи уугаад миний толгой өвдөөд байсан. Говьсүмбэр аймагт ирж байхдаа би эхнэртээ эзэнгүй хороогоор яваад яах юм, төв бараадаад явсан нь дээр хэл аманд орно гэж хэлж байсан” гэх мэдүүлгүүдээр машин механизм ашигласан гэх үйлдэл нь тогтоогдохгүй байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Б.Ныг  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах, зориулалттай орон байранд нэвтэрч авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

       Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөр төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан хорих ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах боломжтойн гадна мөн дээрх нөхцөл байдлуудад үндэслэн шүүхээс оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч  Б.Н нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний баримт бичиг ирээгүй болохыг тус тус дурьдлаа.

 

Шүүгдэгч Б.Нын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Маяти-2 маркын 21-88 БРА улсын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгсэл нь иргэн Ц.Азжаргалын эзэмшлийнх болох нь гэрч Б.Тгийн мэдүүлэг, Б.Тгаас Ц.Азжаргалд зарсан тухай Багануур дүүргийн тойргийн нотариатчийн итгэмжлэлээр тогтоогдож байх тул тус тээврийн хэрэгслийг эзэмшигч Ц.Азжаргалд  буцаан олгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Нын хорих ял эдлэх хугацааг 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тоолохыг дурьдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дүгээр хэсэг, 36.2  дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Говьсүмбэр аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Ломбо овогт Бгийн Ныг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах, зориулалттай орон байранд нэвтэрч авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ломбо овогт Бгийн Ныг 01 жил 02 сарын хугацаагаар хорих ялаар  шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нт оногдуулсан 01 жил 02 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний баримт бичиг ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц  21-88 БРА улсын дугаартай цагаан өнгийн Маяти-2 маркын тээврийн хэрэгслийг эзэмшигч Ц.Азжаргалд буцаан олгосугай.

 

7. Шүүгдэгч Б.Нын хорих ял эдлэх хугацааг 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Нт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.АРИУНЖАРГАЛ