Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 469

 

                              

 

 

 

 

 

2020        06          15                                    2020/ШЦТ/469

     

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,

улсын яллагч Г.Анармөнх,

шүүгдэгч Ч.У, түүний өмгөөлөгч Ш.Төгсгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Чойжамцын Ут холбогдох эрүүгийн 1911 00367 0843 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1962 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 57 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, их наран 1-39 тоотод оршин суух хаягтай боловч одоогоор Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо 4-39 тоотод оршин суух,

урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 698 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар 12 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан, хэрэг хариуцах чадвартай Боржигон овогт Чойжамцын У, /РД___________/,

/Холбогдсон хэргийн талаар/

Шүүгдэгч Ч.У нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

                                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ч.У нь 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “ногоон пасспорт гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж иргэн Г.Мөнхзулаас 3 удаагийн шилжүүлгээр нийт 7,917,000 төгрөгийг "Хаан” банкны 5084474513, 5014109869 дугаартай дансуудаар шилжүүлэн авч залилсан,

2018 оны 08 дугаар сарын 23, 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “ногоон пасспорт гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж иргэн Н.Туяагаас бэлнээр 1000 ам.доллар /2,469,360 төгрөг/, 1,500,000 төгрөгийг, Б.Золжаргалаас бэлнээр 1000 ам.доллар /2.469.360 төгрөг/, 1,500,000       төгрөгийг тус тус авч залилсан,

2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нэр төр” сонины байранд “ногоон пасспорт гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж иргэн Б.Цэрэн-Очирыг 1500 ам.доллар /3,709,095 төгрөгийг/ бэлнээр авч, залилан бусдад нийт 19,564,815 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь

 

шүүгдэгч Ч.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Ийм хэрэг хийсэндээ харамсаж байна. Бүх төлбөрийг би Цэрэн-Очирт төлсөн. Цэрэн-Очир Бүгд Найрамдах Солонгос Улсад хилийн хорионд орсон тул ирж чадахгүй байна. Би 2019 оны 10 дугаар сард бүх төлбөрийг төлж дуусгавар болгосон боловч холбогдох баримт байхгүй байна..” гэв.

Шүүгдэгч Ч.У мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Мөнхзулыг Цэрэн-Очирын эхнэрийн дүү гэдгээр нь мэднэ. Тэгээд 2018 оны 09 дүгээр сарын эхээр надад мөнгөний хэрэг гараад Мөнхзултай утсаар холбогдож эгчдээ зээлүүлэх мөнгө байна уу гэж асуухад надад нэг 6 сая гаруй төгрөг байна  гэхээр нь эгчдээ тэр мөнгөө зээлүүлчих гэж хэлээд өөрийн Хаан банкны дансаар нийт 6,600,000 төгрөг зээлж авч байсан. Тэгээд мөнгөө өгч чадахгүй явж байгаад 2019 оны эхэн үе болоход Мөнхзул надаас мөнгөө нэхэхээр нь би мөнгөгүй байсан болохоор өгч чадаагүй байж байтал Г.Мөнхзул нь Цэрэн-Очирын хамтаар намайг цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж өгсөн байсан...” /хх-ийн 20-21х/...“...Би Цэрэн-Очирыг дүү нараараа дамжуулан танина. Цэрэн-Очир нь 2018 оны 08 дугаар сард Цэрэн-Очир нь манай ажил дээр ирээд ногоон пасспорт гаргуулах хэрэгтэй байна, яаж гаргуулах уу таньд танидаг мэддэг хүн байна уу гэхээр нь уг нь таньдаг хүн байсан одоо бол таньж мэдэх хүн байхгүй болж дээ гэсэн чинь тэгээд хэсэг юм ярьж сууж байгаад Цэрэн-Очироос 3000 доллар байна уу эгч нь энэ сонины газрынхаа үйл ажиллагаанд хэрэглэх гэсэн юм гэтэл надад одоогоор тийм их мөнгө байхгүй. Одоо байгаа нь энэ гээд 1500 доллар зээлүүлсэн. Тэгээд би 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 1500 долларыг нь эргүүлээд төлсөн байгаа.../хх-ийн 81-82х/,

Хохирогч Г.Мөнхзул мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...дугаар руу нь залгаад би Цэрэн-Очир ахын дүү нь байна гэсэн чинь өө за за эгч нь найдвартай гаргаж өгнө, 1 хүний 3000 ам доллар болно гэхээр нь нөхөртэйгээ хамт гэж хэлтэл тэгвэл 2 хүний урьдчилгаа болох 2600 ам доллар болно, тэгээд иргэний үнэмлэх болон зургаа өгөөд явуулчих гэхээр нь би Хаан банкнаас зээл аваад Монгол мөнгөөр 6,617,000 төгрөгийг Уийн өгсөн Хаан банкны 5014109869 дугаартай данс руу шилжүүлчихээд хэлсэн чинь эхний пасспорт 10 сард гарна, чинийх арай хойгуур гарна шүү гэж хэлсэн.,.2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр У миний утасруу залгаад за чиний материалыг өөрийнхтэй чинь хамт цааш нь өгчихсөн байгаа, явцын мөнгө гэж 1,300,000 төгрөг авдаг юм, яг одоо хийгээдхээч гэхээр нь надад 600,000 төгрөг байна яах вэ гэсэн чинь за тэгвэл эгч нь эндээс 700,000 төгрөгийг нь чиний өмнөөс хийчихье, чи дараа нь надад өгөөрэй, харин байгаа 600,000 төгрөгөө 5084474513 гэсэн дансруу хийчих гэхээр нь 600,000 төгрөгийг шилжүүлсэн. Дараа нь 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 700,000 төгрөгийг Хаан банкны 5084474513 Хажидсүрэнгийн Оюундарь гэсэн дансруу шилжүүлчихээд ярьсан чинь за пасспортыг чинь 2018 оны 11 дүгээр сардаа багтаагаад 2 пасспортыг чинь гаргаж өгнө гэж хэлсэн. 11 дүгээр сард У рүү ярьсан чинь эхний 3 пасспорт гарсан байгаа, би өөрийнхөө нүдээр харсан байгаа. Дараа нь та хоёрын пасспортыг гаргаж өгнө, түр хүлээж бай гэж хэлсэн...Би 7,917,000 төгрөгийг 3 хувааж шилжүүлсэн,..” гэх /хх-ийн 10-11х/,

Гэрч Ч.Эрдэнэчимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Хаан банкны 5014109869 дугаартай Хаан банкны данс эзэмшдэг...У надад хүмүүс хэдэн төгрөг шилжүүлэх гэж байгаа юм, та картаа өгч байгаач гэж байсан, түүний дагуу картаа өгч явуулж байсан...” гэх /хх-ийн 13х/,

2018 оны 08 дугаар сарын 23, 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “ногоон пасспорт гаргаж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч иргэн Н.Туяагаас бэлнээр 1000 ам доллар /2,469,360 төгрөг/, 1,500,000 төгрөгийг, Б.Золжаргалаас бэлнээр 1000 ам доллар /2,469,360 төгрөг/, 1,500,000 төгрөгийг тус тус авч залилсан болох нь:

Хохирогч Б.Золжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр манай төрсөн ах Цэрэн-Очир гадаад улсад зорчих эрхтэй ногоон пасспорт гаргадаг хүн байна, чи пасспорт гаргуулах уу гэхээр нь тэгье гэж зөвшөөрөөд найз Туяа руу яриад ногоон пасспорт гаргуулах уу гэсэн чинь мөн л зөвшөөрч бид 2 ахад гаргуулъя , та цааш хэлээд өгөөч гэсэн чинь удалгүй 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр ах Цэрэн-Очиртой уулзаад Чингэлтэй дүүргийн Тэнгис кинотеатрын эсрэг талд байрлах Бишрэлт дэлгүүрийн хойд талд ахын машинтай ирээд Туяа бид хоёр өөрсдийн зураг, иргэний үнэмлэхний хуулбар нийтдээ 2000 долларыг ахад өгч нөгөө хүн рүү оруулсан... 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр У нь ах руу ярьсан байсан. Манай ах над руу залгаад “нөгөө У гэх хүн чинь өнөөдөр 3,000,000 төгрөг өгчихвөл 7 хоногийн дараа пасспорт гарлаа” гэж хэлж байна, чи Уийн 94101888 гэсэн дугаарын утас руу залгаад уулз гэж хэлсний дагуу энэ дугаар руу залгаад Чингэлтэй дүүргийн хажууд уулзсан чинь пасспорт чинь удахгүй 7 хоногийн дараа гарна, одоо 3,000,000 төгрөг өгчих гэхээр нь газар дээр нь гаргаж өгсөн. Дараа нь Утэй холбогдоход дарга нь хөдөө ажлаар явж байгаа гэж байна гэхээр нь гарын үсэг зуруулчихвал болно гэж хэлсэн. Тэгээд хүлээсээр байгаад 12 дугаар сар гарсны дараа Уийн утасруу залгаад юу болсон бэ гэж асуусан чинь шалгалт орсон байгаа, түр хүлээж бай пасспорт чинь гарсан, би өөрөө харсан гол нь дарга нь байхгүй байна, мөн тэр газарт шалгалт орсон байна гэж хэлж явсаар байгаад өдийг хүрсэн...” гэх /хх-ийн ЗЗх/,

Хохирогч Н.Туяаг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр манай найз Золжаргал миний утас руу ярьж манай ах ярьж байна, гадаад улсад зорчих эрхтэй ногоон пасспорт гаргадаг хүн байна гэж байна, чи пасспорт гаргуулах уу гэхээр нь тэгье гэж зөвшөөрөөд 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр найз Золжаргал болон түүний ах Цэрэн-Очиртой уулзаад...бид хоёр өөрсдийн зураг, иргэний үнэмлэхний хуулбар нийтдээ 2000 долларыг ахад өгч нөгөө хүн рүү оруулсан. Удалгүй ах нь гарч ирээд цаад хугацаа нь 21 хоногоос 1 сарын дотор гарна гэж байна гэж хэлсэн... 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр У нь Золжаргалын ах руу ярьсан байсан. Нөгөө У гэх хүн чинь “өнөөдөр 3,000,000 төгрөг өгчихвөл 7 хоногийн дараа пасспорт гарлаа” гэж хэлж байна гэж Золжаргал надад хэлсэн. Тэгээд бид хоёр уулзаад Уийн 94101888 гэсэн дугаарын утас руу залгаад уулз гэж хэлсний дагуу энэ дугаар руу залгаад Чингэлтэй дүүргийн хажууд уулзсан чинь пасспорт чинь удахгүй 7 хоногийн дараа гарна, одоо 3,000,000 төгрөг өгчих гэхээр нь Золжаргал бид хоёр гаргаж өгсөн...” гэх /хх-ийн 35х/,

Шүүгдэгч Ч.У мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Цэрэн-Очироос 2000 доллар, 3,000,000 төгрөг авч байсан. Тэр мөнгийг дээрх 2 хүнээс авч байсан юм байлгүй...”гэх /хх- ийн 52-53х/,

2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нэр төр” сонины байранд “ногоон пасспорт гаргаж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, иргэн Б.Цэрэн-Очирыг хуурч, 1500 ам доллар /3,709,095 төгрөгийг/ бэлнээр авч залилсан болох нь:

Хохирогч Б.Цэрэн-Очир мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Утэй уулзаж ярилцсан чинь эгчид нь гадаад харилцааны яаманд пасспорт гаргаж өгдөг найдвартай таньдаг хүн байгаа, би урьд нь нэлээд хэдэн хүнд гаргаж өгч байсан. Нийт хөлс нь 3000 ам доллар болох юм. Чи үүний урьдчилгаа 1000-1500 долларыг өгчих, би энэ “Нэр төр” сонины газар ажиллуулдаг юм би эрхлэгч нь байгаа юм гэж хэлээд гэрчилгээгээ үзүүлсэн болохоор би итгэл төрөөд эргэж холбогдохоор тохиролцож явсан...манай дүү найдвартай хүн юм бол гаргуулъя, бас манай нэг найз байгаа та асуугаад өгчих гэхээр нь Уээс асуусан чинь “болно, чи надад цээж зураг, иргэний үнэмлэхний хуулбар, урьдчилгаа 1000-1500 доллар аваад ирэх юм бол 20 хоногийн дотор гаргаад өгье гэхээр нь 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр өөрийн төрсөн дүү Золжаргал түүний найз Туяа бид 3 “Нэр төр” сонины байрны гадна очоод...2 хүний 2000 ам доллар аваад дотогш орж У гэх хүнтэй уулзаж 2000 ам доллар, зураг, иргэний үнэмлэх зэргийг нь өгтөл за одоо пасспорт нь 20 хоногийн дараа гарна гэж хэлээд миний гар утасны дугаарыг дахин тэмдэглэж аваад үлдсэн юм...У рүү яриад асуух болгонд ямар нэгэн шалтаг шалтгаан тоочиж, төрийн нарийн бичгийн дарга нь гарын үсэг зурдаг гэж байна, гадагш явсан сурагтай байна, 7 хоногийн дараа ирнэ гэж байна, миний ярьсан хүмүүс Төрийн нарийн бичгийн дарга руугаа оруулсан гэж хэлж байна...”  “...би 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүү Ц.Билгүүнд албан пасспорт гаргуулах зорилгоор Ут 1500 ам доллар ажил дээр нь өгсөн. Ингээд манай 2 дүү болон манай хүүгийн албан пасспортыг 14 хоногийн дараа гаргана гэж хэлсэн. Ингээд 14 хоногийн дараа У надаас манай төрсөн дүү Золжаргалын утасны дугаарыг авч яриад 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Берлин нэртэй хоолны газарт бэлнээр 2 хүний мөнгө болох 3 сая төгрөгийг авсан байсан. Ингэхдээ мөнгө авсан талаар бичиг хийж өгсөн байсан...” гэх  /хх-ийн 75-76х/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчилгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлагыг зөрчөөгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Иймд шүүгдэгч 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “ногоон пасспорт гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж иргэн Г.Мөнхзулаас 3 удаагийн шилжүүлгээр нийт 7,917,000 төгрөгийг "Хаан” банкны 5084474513, 5014109869 дугаартай дансуудаар шилжүүлэн авч залилсан,

2018 оны 08 дугаар сарын 23, 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “ногоон пасспорт гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж иргэн Н.Туяагаас бэлнээр 1000 ам.доллар /2,469,360 төгрөг/, 1,500,000 төгрөгийг, Б.Золжаргалаас бэлнээр 1000 ам.доллар /2.469.360 төгрөг/, 1,500,000       төгрөгийг тус тус авч залилсан,

2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нэр төр” сонины байранд “ногоон пасспорт гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж иргэн Б.Цэрэн-Очироос 1500 ам.доллар /3,709,095 төгрөгийг/ бэлнээр авч, залилан бусдад нийт 19,564,815 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ч.У нь гэм буруугийн талаар, түүний өмгөөлөгч хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдаж байна.

Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол төлбөр барагдуулахаа илэрхийлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн болон хувийн байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлав.   

Шүүгдэгч Ч.Уээс хохирогч Н.Туяа, Б.Золжаргал нарт тус бүр 1,469,360 төгрөг, хохирогч Г.Мөнхзулд 7,917,000 төгрөгийн төлбөртэй тул Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын дугаар дансанд байршуулсан 5,000,000 төгрөгөөс хохирогч Н.Туяа, Б.Золжаргал нарт тус бүр 1,469,360 төгрөг, хохирогч Г.Мөнхзулд 2,061,280 олгож үлдэгдэл 5,855,720 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Г.Мөнхзулд олгож,

эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.  

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                 

                                                                                                              ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Чойжамцын Уийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

2. Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Уийг 720 /долоон зуун хорин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Уээс хохирогч Н.Туяа, Б.Золжаргал нарт тус бүр 1,469,360 төгрөг, хохирогч Г.Мөнхзулд 7,917,000 төгрөгийн төлбөртэй ба шүүгдэгчийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын дугаар дансанд байршуулсан 5,000,000 төгрөгөөс хохирогч хохирогч Чингэлтэй дүүргийн 18-р хороо, Яргайт 36-555 тоотод оршин суух Н.Туяа /ХЗ81110205/, Чингэлтэй дүүргийн 17-р хороо, Сурагчийн 25-255 тоотод оршин суух Б.Золжаргал /ХЖ84120507/ нарт тус бүр 1,469,360 төгрөг, хохирогч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар баг 21-12 тоотод оршин суух Г.Мөнхзул /РН84060967/-д 2,061,280 олгож үлдэгдэл 5,855,720 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Г.Мөнхзулд олгосугай.

   5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг тус тус дурдсугай.

             6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.

   7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Ут авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

           ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                       П.АРИУНБОЛД