Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 103

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,

Улсын яллагчаар С.Сугар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                               

Шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц.Б-т холбогдох 2030001260140 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 19.. оны ... дугаар сарын ...-ны өдөр төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй,  ам бүл ...,  Хэнтий аймгийн Хэрлэн сумын  ... дүгээр багт оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар .................., Ц.Б.  

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Ц.Б нь 2020 оны 03 дугаар сарын 09-ний шөнийн 01 цагийн үед  Сүхбаатар аймгийн  Мөнххаан сумын 4 дүгээр багийн Б-ын задгай тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ О.М-тай маргалдаж, түүний зуухны төмөр тагаар цохиж, эрүүл мэндэд нь “ духанд язарсан шарх”  бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би хийсэн хэргээ ухаарч, өөрийн гэм буруугаа хүлээж байна. Дахин ийм асуудал гаргахгүй.Тухайн үед өөрийнхөө хийсэн үйлдлийг мэдээгүй. Хохирогчоос уучлалт гуйсан. Би тухайн үед эм тариа, боолтны мөнгө өгсөн. Одоо нэхэмжилсэн хохирол байхгүй.Энэ зуухны таг хүний толгой цохисон зуухны таг мөн, М-гийн зуухны таг. Гэм буруугийн талаар маргаан байхгүй...гэв.

 

- Яллагдагч Ц.Б-ын: 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр би Т гэх айлд очиход М, Г, Т, Т, Б гэх хүмүүс архи уугаад сууж байсан. Тэд нарын ууж байсан архийг хамт ууж дуусгаад өөрийн авч ирсэн 1 шил архийг задлаад хамт ууж дуусгасан. Тэгээд найз М-ыг “ чи найздаа ямаа самнаад өгөөч “ гэхэд “ баячуудын ямааг үнэтэй самнана” гэхээр нь би “ үнэтэй нь яахав дээ, би чамаас авлага энэ тэрээ нэхээд байдаггүй биздээ “ гэж хэлэхэд М босож ирээд намайг заамдаж аваад миний цээжний хэсэгт хэд хэдэн удаа гараараа цохисон. М-ыг гэрийн зүүн талын орон дээр заамдаад дарж байгаад зуухны тагаар нэг удаа толгойн хэсэгт цохисон. Майдрын биед хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна..гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/,

 

- Хохирогч О.М-ын: Би 2020 оны 03 дугаар сарын 09-ний орой 23 цагийн  Мгийн гэрт Ц.Б, Г, Т бид дөрөв нэг шил 0.5 литрийн архи хувааж ууж дуусгаад Т яваад Г тасраад унтаад  өгсөн. Ц.Б бид 2 дахин нэг шил 0.75 литрийн архи хувааж ууж байхад би “ чи өдөр манай найз Г тай ирээд нэг шил архи ууж  байхдаа намайг нэг удаа цохичихъё гэхээр чинь би гэрээс гараад явсан. Харин намайг дэлгүүр ороод мотоциклын сэлбэг аваад ирэх хооронд чамтай хамт явж байсан Г чинь манай эхнэрийг хэл амаар доромжилсон байна “ гэж хэлэхэд Б сууж байсан газраасаа босож ирээд намайг заамдаж аваад миний толгой хэсэгт нэг удаа цохисон. Б намайг зуухны тагаар цохисны улмаас миний толгойн зүүн дээд хэсэгт хагарч 4-н оёдол тавиулсан. Надад гаргах гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 06/,

 

- Гэрч Т.М-гийн: Мөнххаан сумын 4 дүгээр баг Б-ын задгай тоотод байх манай гэрт шөнийн 01 цагийн үед М Б хоёр хоорондоо маргалдаад Б нь манай гэрийн зуухны тагийг аваад М-ыг орон дээр дарж унагаад зуухны тагаар 1 удаа толгойн хэсэгт нь цохисон. М-ын толгойноос цус гарсан, тэгэхээр нь би цагдаа дуудсан ...гэх  мэдүүлэг/хх-ийн 10-11/,

 

- Сүхбаатар аймгийн Шүүхийн  шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 146 дугаартай: 1. О.М-ын биед “ духанд язарсан шарх”  гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь  Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  4.Цаашид эрүүл мэндийн хөдөлмөрт тогтмол нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх- 16/,

 

- 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн “ Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай “ мөрдөгчийн тогтоол /хх- 03-04

- Шүүгдэгч Ц.Б-ын Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх- 30/

 

-  Шүүгдэгч Ц.Б-ын Оршин суугаа хаягийн тодорхойлолт/хх- 29/,

 

- Шүүгдэгч Ц.Б-ын Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх- 31/

 

-Хохирогч О.М-т хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхболомжийг тайлбарласан тэмдэглэл /хх-ийн 35/

 

- Яллагдагч Ц.Б-т хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхболомжийг тайлбарласан тэмдэглэл /хх-ийн 36/

 

- Шүүгдэгч Ц.Б-ын тус аймгийн Прокурорын газарт гаргасан ” Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай ” гэх хүсэлт/хх-ийн 40/

 

- Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2020  оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 5/31 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 41 /

 

- “ Ялын төрөл хэмжээний талаарх “ Прокурорын 50 дугаартай санал /хх-42/

 

- Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ.2020.02.19. /хх-37-38/ зэрэг баримтууд болно.

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ц.Б нь 2020 оны 03 дугаар сарын 09-ний шөнийн 01 цагийн үед  Сүхбаатар аймгийн  Мөнххаан сумын 4 дүгээр баг Б-ын задгай тоот дахь иргэн О.М-ын гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ О.М-тай маргалдаж, түүнийг зуухны төмөр тагаар цохиж эрүүл мэндэд нь “ духанд язарсан шарх”  бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь: 

түүний хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч  өгсөн “би найз М-ыг чи найздаа ямаа самнаад өгөөч гэхэд баячуудын ямааг үнэтэй самнана гэхээр нь би үнэтэй нь яахав дээ би чамаас авлага энэ тэрээ нэхээд байдаггүй биздээ гэж хэлэхэд М босож ирээд намайг заамдаж аваад миний цээжний хэсэгт хэд хэдэн удаа гараараа цохисон. М-ыг гэрийн зүүн талын орон дээр заамдаад дарж байгаад зуухны тагаар нэг удаа толгойн хэсэгт цохисон.” гэх,

хохирогч О.М-ын “ Б сууж байсан газраасаа босож ирээд намайг заамдаж аваад миний толгой хэсэгт нэг удаа цохисон. Б намайг зуухны тагаар цохисны улмаас миний толгойн зүүн дээд хэсэгт хагарч 4-н оёдол тавиулсан ” гэх,

гэрч Т.М-гийн  “Мөнххаан сумын 4 дүгээр баг Б-ын задгай тоотод байх манай гэрт шөнийн 01 цагийн үед М Б хоёр хоорондоо маргалдаад Б нь манай гэрийн зуухны тагийг аваад М-ыг орон дээр дарж унагаад зуухны тагаар 1 удаа толгойн хэсэгт нь цохисон. М-ын толгойноос цус гарсан тэгэхээр нь би цагдаа дуудсан...” гэх мэдүүлгүүд,

шинжээчийн 146 дугаартай “ О.М-ын биед “ духанд язарсан шарх”  гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь  Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна”   гэх дүгнэлт зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. 

 

Хэргийн дээрх баримтаар шүүгдэгч Ц.Б, хохирогч О.М нар хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хоорондын үл ойлголцлоос шалтаглан маргалдан, улмаар Ц.Б нь хохирогч О.М-ыг зуухны тагаар толгойн тус газарт цохиж гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдох бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.

Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүйг, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу хүнийг зуухны төмөр тагаар цохисноор эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учруулж болохыг ухамсарлаж мэдсээр атлаа хоорондын маргааны улмаас хохирогчийг зуухны төмөр тагаар цохиж эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ.

Шүүгдэгч Ц.Б-ын, хохирогч О.М-ыг зуухны тагаар цохиж эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Ц.Б-ын үйлдлийн улмаас хохирогч О.М-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч “ Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл алга байна ” гэж хэрэгт мэдүүлжээ. Иймд шүүгдэгч Ц.Б-ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Ц.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Прокуророос Ц.Б-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтайгаар ирүүлсэн ба түүний холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан гэж шүүх үзлээ.

 

Тухайлбал, шүүгдэгч Ц.Б-ын үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, тэрээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж,  түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч О.М “ Надад гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шалгаж өгнө үү ” гэх хүсэлт гаргасан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон байна. 

 

Иймд Ц.Б-т холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “ Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана ” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  35 диаметртэй хар өнгийн зуухны төмөр тагийг эзэмшигч Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын  4 дүгээр багийн иргэн О.М-т олгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Быг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүхийн шатанд шүүгдэгч Ц.Б-т таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч Ц.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч Ц.Б энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч О.М гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “35 диаметртэй хар өнгийн зуухны төмөр тагийг ” шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр багийн иргэн О.М-т буцаан олгохыг Сүхбаатар аймаг дахь шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт болон барьцааны мөнгө, үнэ бүхий зүйлийг шийдвэрлэх комисст даалгасугай. 

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      С.НАСАНБУЯН