Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 100

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,

Улсын яллагчаар С.Сугар,

Шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.О-д холбогдох 2030001250121  дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 19.. оны ... дугаар сарын ...-ний өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй,  ам бүл ...,  эхнэр хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Мөнххаан  сумын  1 дүгээр багийн ХХ гэх газарт оршин суух,  ял шийтгэлгүй, рд:............,  Б.О.  

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Б.О нь 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдөр  Сүхбаатар аймгийн  Мөнххаан сумын 4 дүгээр багийн нутаг АО гэх газар архи уусан үедээ Э.Э-ийг зодож эрүүл мэндэд нь баруун хөмсгөнд болон баруун нүдний доод зовхинд урагдсан шарх, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт зүүн талын хацарт няцралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Би сумын төвд гэрийнхээ зүүн талд А, У, Э.Э нартай таараад нэг архи авсан. Авсан архиа хувааж уугаад сууж байхад У надад томроод байсан. Би тантай муудаад яах вэ гээд гар барьж танилцсан. Гэтэл Г.Э “чи ах нартайгаа шөргөөлцдөг хэн бэ?” гээд нүүр рүү хоёр удаа цохисон...гэв.

 

-Шүүгдэгч Б.О-н: Мөнххаан сумын төвөөс ертөнцийн зүгээр урагш байх РН гэх газар очиж нэг шил архи А, У, Э бид дөрөв хувааж уусан. Тэгээд У бид хоёр маргалдаж байхад Э чи манай найзын өөдөөс хэрэлдэж маргалддаг хэн бэ, чи ах нарынхаа өөдөөс маргалдлаа бид нарын үгийг сонсох ёстой гээд миний зүүн талын шанаа хэсэгт гараараа нэг удаа цохисон. Тэгээд би машинаас буугаад Э-т өглөө гай болов гэж хэлэхэд Э миний зүүн талын шанаа хэсэгт дахин нэг удаа цохихоор нь би Э-ийг тэвэрч аваад газар унагаагаад нэг удаа хөлөөрөө нүүрэн хэсэгт нь цохисон ” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/

 

- Хохирогч Э.Э-ийн: Би 2020 оны 03 дугаар сарын 09-ний орой 21 цагийн үед Мөнххаан сумын 4 дүгээр баг сумын төвөөс ертөнцийн зүгээр зүүн зүгт 1 километрт байх АО гэх газарт найз А, У болон танил дүү О.Э бид 4 манай найз А-гийн машинд 1 шил 0.75 литрийн хар экс гэх архи хувааж ууж байхад Б.О У хоёр хоорондоо маргалдаад байхаар нь би Б.О-д хандаж чи ах нартайгаа битгий маргалдаад бай гэж хэлээд О.Э-н цээжний хэсэгт баруун гараараа нэг удаа алгадсан. Тэгтэл О.Э надад уурлаж надтай маргалдаад намайг машинаас гараад ир гээд машины хойд талын баруун хаалгыг онгойлгож намайг машинаас чирч буулгаад газар унагаж нүүрэн тус газар 2-3 удаа цохисон. Тэгтэл миний баруун нүдний хэсгээс цус гарахад манай найз А У хоёр Б.О-г надаас холдуулж салгасан. Манай найз А, У хоёр Мөнххаан сумын эрүүл мэндийн төвд хүргэж өгсөн. Би сумын эмнэлэгт очиход эмч миний баруун нүдний доод хэсэгт нэг оёдол, дээд талд хоёр оёдол нийт 3 оёдол тавьсан. Одоо миний баруун нүдний доод хэсэг нэг оёдол, дээд талд хоёр нийт 3 оёдол тавиулсан сорви үлдсэн. Өөр ямар нэг гэмтэл зовиур байхгүй. Миний хувьд ямар нэг гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг  /хх-ийн 05-06/,

 

- Сүхбаатар аймгийн Шүүхийн  шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 143 дугаартай: 1.Э.Э-ийн биед баруун хөмсгөнд болон баруун нүдний доод зовхинд урагдсан шарх, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт зүүн талын хацарт няцралт бүхий  гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь  Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  4.Цаашид эрүүл мэндийн хөдөлмөрт тогтмол нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх- 13-14/,

 

- Шүүгдэгч Б.О-н Иргэний үнэмлэхийн лавлагаа  /хх- 26/

 

-  Шүүгдэгч Б.О-н Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх- 25/,

 

- Шүүгдэгч Б.О-н Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-

27/

            -Хохирогч Э.Э-т хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх боломжийг тайлбарласан баримт /хх-ийн 30/

 

            -Шүүгдэгч Б.О-д хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх боломжийг тайлбарласан баримт /хх-ийн 31/

 

- Шүүгдэгч Б.О-н тус аймгийн Прокурорын газарт гаргасан ” Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай ” гэх хүсэлт/хх-ийн 35/

 

- Ялын төрөл хэмжээний талаарх Прокурорын 47 дугаартай санал /хх-37/ зэрэг баримтууд болно.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.О нь 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдөр  Сүхбаатар аймгийн  Мөнххаан сумын 4 дүгээр багийн нутаг АО гэх газар архи уусан үедээ Э.Э-ийг зодож эрүүл мэндэд нь биед “ баруун хөмсгөнд болон баруун нүдний доод зовхинд урагдсан шарх, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт зүүн талын хацарт няцралт “ бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь: 

түүний хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч  өгсөн “ Мөнххаан сумын төвөөс урагш очиж А, У, Э бид дөрөв нэг шил архи хувааж уусан. У бид хоёр маргалдаж байхад Э чи манай найзын өөдөөс хэрэлдэж маргалддаг хэн бэ, чи ах нарынхаа өөдөөс маргалдлаа бид нарын үгийг сонсох ёстой гээд миний зүүн талын шанаа хэсэгт гараараа нэг удаа цохисон. Би машинаас буухад Э миний зүүн талын шанаа хэсэгт дахин нэг удаа цохихоор нь би Эийг тэвэрч аваад газар унагаагаад нэг удаа хөлөөрөө нүүрэн хэсэгт нь цохисон ” гэх,

хохирогч Э.Э-ийн “ би Б.О-д хандаж чи ах нартайгаа битгий маргалдаад бай гэж хэлээд О.Э-н цээжний хэсэгт баруун гараараа нэг удаа алгадсан.Тэгтэл О.Э надад уурлаж маргалдаад намайг машинаас чирч буулгаад газар унагаж нүүрэн тус газар 2-3 удаа цохисон. Тэгтэл миний баруун нүдний хэсгээс цус гарахад манай найз А У хоёр Б.О-г надаас холдуулж салгасан. Би сумын эмнэлэгт очиход эмч миний баруун нүдний доод хэсэгт нэг оёдол, дээд талд хоёр оёдол нийт 3 оёдол тавьсан...” гэх,

Шинжээчийн 104 дугаартай“ 1.Э.Э-ийн биед баруун хөмсгөнд болон баруун нүдний доод зовхинд урагдсан шарх, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт зүүн талын хацарт няцралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь  Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна....” гэх дүгнэлт зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. 

 

Хэргийн дээрх баримтаар шүүгдэгч Б.О, хохирогч Э.Э нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ялимгүй зүйлээр шалтаглан  маргалдан, Б.О нь хохирогч Э.Э-ийг өөрийг нь нүүрэнд нь цохисон үйлдлийн улмаас түүнийг зодож эрүүл мэндэд нь гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдох бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.

Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүйг, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдыг өшиглөснөөр эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учруулж болохыг ухамсарлаж мэдсээр атлаа хоорондын маргааны улмаас хохирогчийг зодож эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ.

  

Шүүгдэгч Б.О-н, хохирогч Э.Э-ийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Б.О-ийн үйлдлийн улмаас хохирогч Э.Э-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч “ Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ” гэж хэрэгт мэдүүлжээ.  Иймд шүүгдэгч Б.О-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Б.О нь хохирогч Э.Э-ийн түүнийг эхэлж нүүрэн тус газарт 2 удаа цохисон зүй бус үйлдлийн улмаас түүнийг хариу цохисон  нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Тодруулбал, тухайн хэрэг гарахад хохирогч Э.Э-ийн согтуурсан үедээ Б.О-г ахархаж, дээрэлхэн, үг сөрлөө гэж эхэлж хүч хэрэглэн цохиж зодсон зүй бус үйлдэл нөлөөлсөн байгааг дурдъя.

 

Прокуророос Б.О-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтайгаар ирүүлсэн ба түүний холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан гэж шүүх үзлээ.

 

Тухайлбал, шүүгдэгч Б.О-н үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, тэрээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж,  түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч Э.Э “ гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг гаргасан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон байна. 

 

Иймд Б.О-д холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “ Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана ” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.О энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.О хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-г 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүхийн шатанд ялтан Б.О-д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч Б.О энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт ирээгүй, хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, хохирогч Э.Э гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

           

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     С.НАСАНБУЯН