Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 113/ШШ2018/0010

 

Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Ганзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны II танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: А овогт А-ын Д ,

Хариуцагч: Г ;

 “Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 80 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, мөн хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж бичилт хийлгэхтухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч Ц.Э, хариуцагчийн өмгөөлөгч Э.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхсан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь төрийн захиргааны байгууллагад буюу Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын Тамгын газарт мэргэжилтэн, нийгмийн ажилтан, Засаг даргын тамгын газрын даргаар тус тус ажиллаж, 2013 оны Төрийн албаны зөвлөлөөс зарласан удирдах ажилтны сонгон шалгаруулалтанд тэнцсэнээр томилогдож, тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаар 4 жил 8 сар, нийт төрийн албанд 16 жил 6 сар тасралтгүй ажиллаж төрийн албаны ёс зүйг дээдлэн, шударга үнэнчээр ажиллаж байсан.

            Гэтэл тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Э Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.11, 20.13, Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар  зүйлийн 15.1.2, 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсгийг үндэслэн ажлаас чөлөөлөхдөө “ ....иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга А.Д нь холбогдох хууль болон хуралдааны дэгийг ноцтойгоор зөрчин иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хууль бус хуралдааныг зохион байгуулахад оролцсон тул Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь заалтын дагуу Төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсугай” гэж 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 80 дугаар “ажлаас чөлөөлөх тухай” гэх тогтоолоор төрийн албаны үндсэн зарчмыг баримтлахгүйгээр төрийн алба хаах хууль ёсны эрхийг маань ноцтойгоор зөрчиж, намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн. Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Э “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хууль бус хуралдааныг зохион байгуулахад оролцсон” гэсэн боловч төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр ажлаас халах хүртэл хариуцлага тооцох хэмжээний ямар зөрчил гаргасан болох нь өнөөг хүртэл ойлгомжгүй байгаа төдийгүй Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.4, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.2, 27.6, Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйл, Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны албан хаагчдад сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам”-ын 4 дэх хэсгийг тус тус зөрчиж үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн гэж үзэж байна. Хэрвээ иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хууль бус хуралдааныг зохион байгуулахад оролцсон гэж үзсэн бол Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар захиргааны байгууллага тухайн зөрчил гаргасан этгээдийн зөрчлийг тогтоож, бодит нөхцөл байдлыг тогтоосон байх ёстой. Мөн Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа эрх ашиг нь зөрчигдөж болзошгүй этгээдийг татан оролцуулж, түүнд эрх үүргийг тайлбарлан өгч, ямар арга хэмжээ авах, ямар шийдвэр гаргах талаар танилцуулж, энэ талаар тэмдэглэл хөтлөх, эрх нь зөрчигдөж болзошгүй этгээдийн тайлбарыг авах, тайлбар гаргах бололцоо олгох зэрэг сонсох ажиллагаа зохион байгуулах, нөхцөл байдлыг тогтоох, санал авах зэрэг бусдын эрхийг хамгаалах үйлдлийг зайлшгүй хийх ёстой байсан боловч хийлгүйгээр намайг 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 12 дугаар хуралдаан хуралдсан тухайн өдөрт ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан.

            Иймээс миний бие зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хуулийн дагуу хамгаалуулахаар Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.8, 39 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Говьсүмбэр аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд хандаж гомдол гаргахад 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 03 дугаар тогтоолоор Захиргааны ерөнхий хууль, Төрийн албаны тухай хуулийг зөрчин үндэслэлгүйгээр шийдвэр гаргасан учир дээрх шийдвэрээ хүчингүй болгон А.Д холбогдох албан тушаалд нь эгүүлэн томилохыг Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Э зөвлөсөн байсан. Гэвч иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Э Говьсүмбэр аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 03 дугаар тогтоолыг биелүүлээгүй учир би шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан болно. Захиргааны ерөнхий хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг зөрчин хууль бусаар ажлаас чөлөөлсөн учир Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 80 дугаар тогтоолыг хүчингүй болгож, А.Д миний биеийг Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс хойших ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, мөн хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж бичилт хийлгэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: “Г нь 2017 оны 12 дугаар сарын 18-ны өглөө 10:00 цагт ээлжит 12 дугаар хуралдаанаа нээн хуралдсан. Тус хуралдаанаар сумын 2017 оны төсвийн тодотгол, 2018 оны төсөв батлах г.м олон чухал асуудлыг хэлэлцэх байсан боловч Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн 6 төлөөлөгч, мөн хурлын төлөөлөгч А.Б, Ц.Д, Ч.А, Г.А нар нь “Г ИТХ 2016-2020 онд дагаж мөрдөх хуралдааны дэг”-ийн 4 дүгээр зүйлийн 4.6 дахь заалтыг зөрчиж хурлын даргын ёс зүйн асуудлыг хэлэлцэн хуралдаанд оруулж, огцруулна хэмээн дайрч хурлын дэгийн 13 дугаар зүйлийн 13.3.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөн. Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга хуралдааны хэлэлцэх асуудлын дарааллын дагуу хэлэлцэх асуудлаа батлах санал хураалгахад хэлэлцэх асуудал батлахыг дэмжсэн 10 төлөөлөгч гар өргөж, үлдсэн 11 төлөөлөгч батлахыг дэмжээгүй. Нэгэнт хэлэлцэх асуудал батлагдаагүй, мөн хуралдааны дэг алдагдаж, эмх замбараагүй байдал үүссэн тул хуралдааны дэгийн 8 дугаар зүйлийн 8.1.2, 8.1.11 дэх заалтуудын дагуу  иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга нь 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ээлжит 12 дугаар хуралдааныг албан ёсоор хааж үг хэлээд хуралдааны танхимаас гарсан. Гэтэл хурал хаагдсаны дараа дараагийн хурлын тов, хэлэлцэх асуудлыг хурлын Тэргүүлэгчид хэлэлцэн батлаагүй байхад буюу Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, хуралдааны дэгийн 4 дүгээр зүйлийн 4.4, 4.6 дахь заалтуутыг тус тус ноцтой зөрчин, Хурал дахь Монгол Ардын намын бүлэг болоод нэр бүхий төлөөлөгчид хурлын даргагүйгээр хуралдсан байна. Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “2016-2020 онд дагаж мөрдөх хуралдааны дэг”-ийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх заалтыг зөрчин тус хуралдааныг төлөөлөгч Л.А даргалж, тухайн үед иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан А.Д зохион байгуулж, иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга болоод Тэргүүлэгчдийг хууль бусаар унагах оролдлогыг хийж, тус хуралдаанд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлсэн, төрийн жинхэнэ албан хаагч атал асуудалд улс төржсан өнцгөөр хандсан. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Ж.О намайг хуралдааныг үргэлжлүүл гээд байна” гэж хэлэх үед нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 5 Тэргүүлэгч байсан. А.Д нь удирдлагаас өгсөн чиглэл, үүрэг даалгаварыг үл тоомсорлон, хариуцлагагүй хандсан тул 2017 оны 12 дугаар сарын 18-нд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 28 дугаар хуралдааныг яаралтай зарлан хуралдуулж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн дагуу тухайн өдөр сонсох ажиллагаа явуулахаар удаа дараа дуудуулсан боловч ирээгүй, 91230003 дугаартай утас руу нь залгасан боловч утсаа аваагүй, тухайн үед хууль бус хуралдааныг зохион байгуулан явуулж байсан учраас Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.2 дахь заалтуудыг үндэслэн сонсох ажиллагаа явуулах шаардлагагүй гэж үзээд тус шийдвэрийг гаргасан.

Хэрвээ тухайн өдөр А.Д ажлаас чөлөөлөөгүй бол нутгийн өөрөө удирдах байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдаж, эмх замбараагүй байдал үүсч, сумын нийгэм эдийн засгийн байдалд нөлөөлөхүйц ноцтой асуудал үүсч болохоор байсан. Жишээлбэл: Сумын 2018 оны төсөв хугацаандаа батлагдаагүйн улмаас сумын олон зуун төрийн албан хаагчдыг цалингаар нь хохироох, цаашилбал тэдгээр хүмүүс болон тэдгээрийн ар гэр, үр хүүхэд, сумын иргэдийн эрх зүйн байдлыг эрс дордуулж, нийгэм эдийн засгийн байдалд ноцтой хүндрэл учрах зэрэг өч төчнөөн асуудлууд тулгарах байсан.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйл 26.1, 26.1.3, 26.3 дахь заалтуудыг тус тус барьсан бөгөөд энэ хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.2, 13.1.5, 13.1.8, 13.1.9, 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.1.2, 15.1.7 гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн А.Д тухайн сахилгын шийтгэлийг ноогдуулсан нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Мөн тус хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 хэсэгт зааснаар тухайн тогтоолыг хууль зөрчөөгүй гэх баталгаа болно. Өөрийн хийсэн хууль бус, буруутай үйлдэлдээ дүгнэлт хийлгүй сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга болоод Тэргүүлэгчдийн гаргасан шийдвэр, шаардлагыг үл тоож, хууль бус хуралдааныг мэргэжил арга зүйгээр хангаж, зохион байгуулж, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг илтэд зөрчин, тулгамдсан асуудалд улс төржсөн байдлаар хандсан, улмаар байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, ажлын албаны дуу хураагуур зэргийг бусдад дамжуулан өгсөн бөгөөд түүнээс болж Зууны мэдээ сонины 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн №1(5708) дугаарт иргэдийн төлөөлөгчдийн Хурлын даргын 9018387 тоот регистрын дугаартай тамгыг хүчингүй болгосон тухай үндэслэлгүй худал зар хүртэл хэвлэгдсэн. Мөн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар ажиллаж байх хугацаандаа ажлын хариуцлага алдан, аймгийн Прокурорын газраас ирсэн хариутай албан бичгийг бүртгэлдээ бүртгэж аваагүйн улмаас байгууллагыг 1,000,000 төгрөгөөр торгуулсан зэрэг ноцтой асуудал гаргасан. А.Д гаргасан өргөдлийг Төрийн албаны Говьсүмбэр аймаг дахь Салбар зөвлөлийн ажлын хэсэг хянаж үзээд зөвлөмж гаргасан нь хэт нэг талыг барьсан, улс төржсөн байдлаар хандсан гэж үзэж байна. А.Дэлгэрзаяагийн тухайн үед гаргасан үйлдлийн цаад зорилго нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг унагаж, төрийн тамгыг хүчээр булаах зохион байгуулалттай, урьдчилан төлөвлөсөн асуудал байсан нь өнөөг хүртэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаанд нөлөөлсөөр байгаа нь бэлхэнээ харуулж байна. Иймд төрийн албан хаагчийн тангаргаасаа няцаж, улс төржсөн асуудал гарган хууль бус үйлдэл гаргасан иргэн А.Дэлгэрзаяагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хэргийн оролцогчдын гаргасан тайлбартай харьцуулан дүгнэж, дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

“Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 80 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд;

1/ Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 12 дугаар хуралдаан 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 10.00 цагт, 21 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэйгээр хуралдаж эхэлсэн ба нэхэмжлэгчийн зүгээс “Ардчилсан намын 10 төлөөлөгч хуралдааныг орхиж гарсан, үлдсэн 11 төлөөлөгч үргэлжлүүлсэн нь хууль ёсны хуралдаан” гэж, хариуцагч “хэлэлцэх асуудлаа баталж чадаагүй тул хуралдааныг албан ёсоор хаагаад гарсан, үлдсэн 11 төлөөлөгч хууль бус хуралдаан зохион байгуулсан” гэж тус тус тайлбарлах боловч “сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 12 дугаар хуралдааныг хууль бусад тооцуулах, гарсан шийдвэрүүдийг нь хүчингүй болгуулах”-тай холбоотой нэхэмжлэлийн шаардлага энэ хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэлэлцэгдээгүй тул А.Д гаргасан нэхэмжлэлийн шаардлагад үл хамаарах, дээрх асуудлаар тухайлан дүгнэлт хийх үндэслэлгүй болно.

Маргааны үйл баримттай холбогдуулан авч үзвэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн гэрчүүдийн мэдүүлэг дангаараа эргэлзээгүй нотлох баримт болохгүй ба хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудтай[1] харьцуулан үзэхэд Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаас гаргасан “Ц.Э иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” 05, “Тэргүүлэгчдийг өөрчлөх тухай” 07 дугаар тогтоол зэргийг 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 05 дугаар тогтоолоор хүчингүй болгосон нь “... гаргасан тогтоол...-ыг өөрөө хүчингүй болгох тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрх хэмжээ”-г хэрэгжүүлсэн үйл ажиллагаа гэж үзэхээр байна.

2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Шивээговь сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 11 төлөөлөгч үргэлжлүүлэн хуралдаж 21:59 цагт өндөрлөсөн хуралдаан, түүнээс гаргасан шийдвэрүүдийг тухайн өдрийн 20:00-20:36 цагт хуралдсан Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор хүчингүй болгосон нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-д “Хурлаас гарсан тогтоол, бусад шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газар, тухайн асуудлыг харьяалах дээд шатны байгууллагаас гаргасан шийдвэрт нийцээгүй бол түүнийг тухайн Хурал өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэж заасантай нийцэхгүй, учир нь Тэргүүлэгчдэд тухайн Хурлын шийдвэрийг хүчингүй болгох эрх тус хуулиар олгогдоогүй.

Дээрх үйл баримтыг шүүх хуралдаанд гаргасан хариуцагчийн “... 12 сарын 18-ны өдрийн Хурлын шийдвэрийг хүчингүй болгох асуудлыг яг эцэслэн шийдвэрлэсэн нь бол 12 сарын 19-ний өдрийн иргэдийн Хурлын тогтоол”[2] гэх тайлбартай харьцуулан дүгнэвэл сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 11 төлөөлөгчийн хуралдсан 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуралдааныг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн тогтоолоор хууль бус хэмээн үзэж, гаргасан шийдвэрүүдийг нь хүчингүй болгосон байхад Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 80 дугаар тогтоолд “... хууль бус хуралдааныг зохион байгуулахад оролцсон” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь тухайн өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан хууль бус гэдгийг Тэргүүлэгчдийн уг шийдвэр гарахаас өмнө тогтоосон байх учиртай ч энэ нь дээрх байдлаар үгүйсгэгдэнэ.

Мөн тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор баталсан “2016-2020 онд дагаж мөрдөх хуралдааны дэг”-ийн 1.1-д зааснаар уг дэг нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан, Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан, Хурлын ажлын хороодын хуралдаанд үйлчлэх боловч хариуцагчийн “А.Д нь хуралдааны дэгийн 4.4, 4.5, 4.6 дахь заалтыг зөрчсөн”[3] гэх тайлбарт дурдсан “Хурлын хэлэлцэх асуудлыг Тэргүүлэгчдийн хурлаар тогтоож, 7 хоногийн өмнө товлох; хурлын дарга хэлэлцэх асуудлыг хурлын хороо, намын бүлгүүдэд шилжүүлж, санал дүгнэлт авах; Хуралд хэлэлцэх асуудал оруулах эрх бүхий этгээд нь асуудлаа Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэх” асуудлууд нь Хурлын дарга, төлөөлөгч, тэргүүлэгч хийгээд хуралд асуудал оруулах эрхтэй бусад этгээдийн эрх буюу үйл ажиллагаанд хамаарахаас бус Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээнд заасан гүйцэтгэх чиг үүрэгт шууд чиглээгүй байна.

Товчлон дүгнэвэл, иргэдийн төлөөлөгчдийн Хурлын хуралдаан, түүнээс гаргасан шийдвэрийг хүчингүй болгох эрх Хурлын Тэргүүлэгчдэд хуулиар олгогдоогүй, Хурлын Тэргүүлэгчдийн 80 дугаар тогтоолыг гаргах үед сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаан, түүнээс гаргасан шийдвэрийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хүчингүй болгоогүй байхад Хурлын Тэргүүлэгчдийн 80 дугаар тогтоолд “хууль бус хуралдаанд оролцсон” гэж үндэслэлгүй дүгнэлт хийжээ.

2/ Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 80 дугаар тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүнийн удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, 20.1.11, Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2, 26 дугаар зүйлийн 26.1.3, 26.3-д заасныг баримтлан “холбогдох хууль болон хуралдааны дэгийг ноцтойгоор зөрчин иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хууль бус хуралдааныг зохион байгуулахад оролцсон” гэх үндэслэлээр тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга А.Д “төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр ажлаас халах” сахилгын шийтгэл ногдуулсан.

Уг захиргааны акт, маргааны үйл баримттай холбогдуулан нэхэмжлэгчээс “тогтоолд дурдсан зөрчлийг баримтаар шалгаж тогтоогоогүй, шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан бусдын эрхийг хамгаалахад чиглэсэн зайлшгүй хийх ёстой журмыг баримтлаагүй, Тэргүүлэгчдийн хурал нь өөрөө хууль бус, Хурлын даргад нарийн бичгийн даргыг чөлөөлөх асуудлаар Тэргүүлэгчдийн хуралд санал оруулах эрх байхгүй” гэж, хариуцагч болон түүний өмгөөлөгчөөс “сануулсаар байхад хууль бус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд оролцон зохион байгуулж Төрийн албаны тухай хуулийг ноцтой зөрчсөн, сонсох ажиллагаа явуулахаар удаа дараа дуудсан боловч ирээгүй тул сонсох ажиллагаа явуулах шаардлагагүй гэж үзсэн” гэх зэргээр тус тусын шаардлага ба татгалзлын үндэслэлээ тодорхойлж, маргана.

Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний Тэргүүлэгчдийн үйл ажиллагааг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар журамлах ч Хурлын Тэргүүлэгчид нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д заасны дагуу захиргааны байгууллага болохын хувьд 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 80 дугаар тогтоолыг гаргахдаа тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “хуульд үндэслэх”, 4.2.5-д заасан “шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмыг баримтлахаас гадна тус хуулийн 3 дугаар бүлэгт тодорхойлсон шийдвэр гаргах ажиллагааны журмыг мөрдөх шаардлагатай.

Маргаан бүхий 80 дугаар тогтоолоор төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулж байгаа хэдий ч Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл хийгээд сахилгын шийтгэлийн төрлийг тодорхойлсноос бус, тэдгээр тохиолдолд шийдвэр гаргах ажиллагааны журмыг нарийвчлан зохицуулаагүй тул Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг болон 3.3-д “Захиргааны байгууллагын үйл ажиллагааг тухайлсан хуулиар зохицуулаагүйгээс бусад харилцааг энэ хуулиар зохицуулна” гэж заасны дагуу энэ харилцаанд Захиргааны ерөнхий хууль үйлчилнэ, тодруулбал төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах тухай захиргааны байгууллагын шийдвэр, түүнийг гаргах ажиллагаа нь бүхэлдээ энэ хуульд нийцсэн байхыг шаардана. Нэхэмжлэгчийн зүгээс “төрийн албан хаагчийнхаа хувьд эдлэх, хуулиар олгосон эрхийг эрхийг зөрчсөн” гэж зөрчигдсөн эрхээ тодорхойлсныг ч энд холбогдуулан дурдах нь зүйтэй.

Хурлын Тэргүүлэгчдээс сахилгын шийтгэл ногдуулсан уг шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход чиглэсэн ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 26 дугаар зүйлийн 26.1-д “ ... батлах гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 34 дүгээр зүйлийн 34.1-д “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны хугацаа дуусгавар болсноос хойш сонсох ажиллагаа хийхгүй”, 40 дүгээр зүйлийн 40.2-т “Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна:” гэж заасныг бүрэн хэрэгжүүлээгүй ба 80 дугаар тогтоолыг гаргахдаа тус хуулийн 29 дүгээр зүйлд заасан хувийн хэрэг, хяналтын дагалдах хуудсыг зохих журмын дагуу[4] хөтлөөгүй байна.

Дээр дурдсан Захиргааны ерөнхий хуулийн зохицуулалтуудын агуулгыг тоймловол “тухайн шийдвэрийг гаргахад шууд хамааралтай, зайлшгүй ач холбогдолтой бодит нөхцөл байдлыг судлан тогтоох; эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн буюу хөндөгдөж болзошгүй этгээдийг тодорхойлж, шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулах; сонсох ажиллагааны мэдэгдлийг хуульд заасан шаардлага, журмын дагуу хүргүүлэх; шийдвэр гаргах ажиллагааны хугацааг тодорхойлох; бичгээр гаргасан захиргааны актад тавигдах шаардлагыг нэгбүрчлэн хангасан байх” нь шийдвэр хууль ёсны байх шаардлагыг илэрхийлнэ.

Гэтэл Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 80 дугаар тогтоолын үндэслэлд тодорхойлсон “хууль бус хуралдаанд оролцсон” гэх зөрчилд холбогдуулан бодит нөхцөл байдлыг шалгаж, шийдвэр гаргах ажиллагааны талаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээд болох А.Дэлгэрзаяаг оролцуулаагүй, маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.5-д “захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах” гэж заасан шаардлагыг хангаагүй, захиргааны актын хувийн хэрэгт шийдвэр гаргах ажиллагааны үндэслэлд хамаарах хийгээд сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлсэнтэй холбоотой баримт байхгүй, уг актад хөтөлсөн хяналтын дагалдах хуудсанд шийдвэр гаргахад оролцсон албан тушаалтны оролцоо, гүйцэтгэлийг дэлгэрэнгүй тэмдэглээгүй зэрэг нь Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 80 дугаар тогтоол хууль бус байх үндэслэлд хамаарахыг дурдах нь зүйтэй.

Хариуцагч нь 80 дугаар тогтоолыг гаргахдаа сонсох ажиллагаа хийгээгүй шалтгаанаа “сонсох ажиллагаа хийхээр А.Дэлгэрзаяаг удаа дараа дуудсан боловч ирээгүй, утасны дуудлагаа аваагүй тул Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасны дагуу сонсох ажиллагаа хийх шаардлагагүй гэж үзсэн. Ажлаас нь яаралтай чөлөөлөхгүй бол иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаа доголдож, сумын иргэд хохирох байсан” гэж тайлбарлах боловч үүнийг хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбар зэрэгтэй харьцуулан дүгнэхэд, сонсох ажиллагаа явуулахгүй байх үндэслэл болохгүй ба тус хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 37 дугаар зүйлийн 37.5-д зааснаар эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь сөрөг нөлөөлөл үзүүлж буй захиргааны акт гаргахдаа зайлшгүй сонсох ажиллагаа явуулах шаардлагатай ба нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “эрхийг нь хөндөж байгаа бол оролцоог нь заавал хангана” гэсэн тайлбар үндэслэлтэй байна.

“Удаа дараа дуудуулсан боловч ирээгүй тул сонсох ажиллагаа явуулах шаардлагагүй гэж үзсэн” гэх хариуцагчийн тайлбар нь хуульд заасан сонсох ажиллагаа хийхгүй байх үндэслэл болохгүй ба сахилгын шийтгэл ногдуулах шийдвэр, түүний үндэслэлийн талаар урьдчилан мэдэгдэж, “Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга А.Дэлгэрзаяа нь ямар учир шалтгааны улмаас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 11 төлөөлөгчийн үргэлжлүүлэн хуралдсан хуралдаанд оролцсон болох, ямар чиг үүрэг хэрэгжүүлсэн, ингэхдээ бусдын дарамт шахалт, эсхүл дээд шатны байгууллагын үүрэг чиглэл байсан эсэх” нөхцөл байдлыг шалган тогтоож, тодорхойлсон зөрчилд хамаарах асуудлаар нэхэмжлэгчийн тайлбарыг сонсож, оролцоог хангасан тохиолдолд захиргааны байгууллагын шийдвэр хууль ёсны хийгээд үндэслэл бүхий болно. 

Учир нь Захиргааны байгууллагаас гаргаж буй аливаа шийдвэр, түүнийг гаргах үйл ажиллагаа нь хуулиар олгосон эрхийн хүрээнд, тогтоосон шаардлагын дагуу байх нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “захиргаанаас хууль зөрчсөн ямарваа үйлдэл хийхийг хориглох, хуульгүйгээр дур мэдэн аливаа үйлдэл хийхийг хориглох” агуулга бүхий  “хуульд үндэслэх зарчим”- д нийцнэ.

3/ Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуралдааны тэмдэглэл, тогтоол болон тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 01 дүгээр хуралдааны тэмдэглэл зэргээс[5] үзэхэд Хурлын Тэргүүлэгчдийн тухайн өдрийн хурлаар нарийн бичгийн дарга А.Дэлгэрзаяаг “ажлаас чөлөөлөх” асуудлыг хэлэлцэн, тухайн томъёоллоор санал хураалт явуулж, түүнийг “үүрэгт ажлаас нь чөлөөлж” шийдвэрлэсэн байх боловч 80 дугаар тогтоолд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-д заасны дагуу “ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах” гэж тусгаасан байна.  

Хэдийгээр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.6-д зааснаар Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргыг томилох, чөлөөлөх асуудлыг Тэргүүлэгчдийн хуралд оруулж шийдвэрлүүлэх, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д зааснаар түүнд сахилгын шийтгэл ногдуулах эрхтэй ч энэ тохиолдолд төрийн албан хаагчийг “ажлаас чөлөөлөх”, “ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах” зохицуулалтыг ялгамжгүй хэрэглэсэн, 80 дугаар тогтоолд дурдсан “хууль бус хуралдаанд оролцсон” гэх зөрчлийг шийдвэр гаргахаас өмнө, баримтаар шалгаж тогтоогоогүй,  нэхэмжлэгчийн оролцоог хангаагүй нь буруу болжээ.

4/ Хариуцагчийн тайлбарт дурдсан бусад үндэслэлийн тухайд, маргаан бүхий 80 дугаар тогтоолд тодорхойлсон зөрчлөөс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд ирүүлсэн тайлбартаа “төрийн албан хаагчийн шаардлагыг илтэд зөрчсөн, Тэргүүлэгчдийн гаргасан шаардлагыг үл тоосон, хууль бус хуралдааны мэргэжлийн арга зүйгээр хангасан, асуудалд улс төржсөн байдлаар хандсан, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээг бусдад дамжуулсан, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн, ажлын хариуцлага алдсаны улмаас нэг сая төгрөгийн торгууль хүлээсэн” зэргээр дурджээ.

Эдгээр зөрчлийг Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 80 дугаар тогтоолд үндэслэл болгоогүй ба энэ тухай хариуцагч “энэ зарим зөрчил нь А.Дэлгэрзаяаг ажлаас чөлөөлснөөс хойш илэрсэн зөрчил” гэж мэдүүлсэн[6]; “төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн асуудлаар холбогдох шатны байгууллагад хандаагүй”[7] гэж тайлбарласан тул шүүх нотлох зарчмыг хэрэгжүүлж, дүгнэлт өгөөгүй болно.

Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн гэж үзвэл холбогдох Ёс зүйн хороогоор дүгнэлт гаргуулах замаар хариуцлага хүлээлгэх эсэхийг шийдвэрлэх горимтой ч А.Дэлгэрзаяад хариуцлага хүлээлгэхдээ үүнийг хэрэгжүүлээгүй байна. Мөн хариуцагч нь “Төрийн албан тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх заалт нь Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолыг хууль зөрчөөгүй гэх баталгаа болно” гэж тайлбарлах боловч хуулийн энэ хэсэгт заасан хариуцлагыг хүлээлгэх этгээд нь гагцхүү шүүгч байхаар хуульчилсан байх тул дээрх тайлбар үндэслэлгүй юм. 

Дээрх байдлаар маргаан бүхий захиргааны акт нь А.Д эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-д зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх” гэсэн заалттай нийцээгүй, хууль бус шийдвэр байх тул энэ захиргааны актыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна.

 

“Ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, мөн хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж бичилт хийлгэх” нэхэмжлэлийн шаардлагын тухайд;

А.Д нь Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа ТЗ-7-5 шатлалын 733863 төгрөгөөр цалинжиж, түүн дээр нэг сарын үндсэн цалингийн 10 хувиар тогтоосон төрийн алба хаасан хугацааны, 20 хувиар тогтоосон зэрэг дэвийн, 20 хувиар тогтоосон хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг бүртгэх, хяналт тавих, тайлагнахын нэмэгдэл тус тус авч байсан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар[8] тогтоогдож байна. 

Эдгээр бичгийн нотлох баримтуудыг үндэслэн Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2-т “Ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд дор дурдсан мөнгөн орлогыг оруулна. Үүнд: а/ ажилтанд олгосон үндсэн цалин, бүх төрлийн нэмэгдэл ...” гэж, мөн журмын 7 дахь заалтын а/-д “... дундаж цалин хөлс тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр;” тодорхойлохоор заасны дагуу нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэж буй ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг тооцоолбол:

Ажилгүй байсан нийт хугацаа: 5 сар 18 хоног (2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл)[9]

Сүүлийн 3 сард бодогдсон цалинг авч үзвэл: 2017 оны 10 дугаар сард 1133795 төгрөг, 2017 оны 11 дүгээр 1133795 төгрөг, 2017 оны 12 дугаар сард 1378038 (ээлжийн амралтын хамт) төгрөг ба сүүлийн 3 сарын цалин хөлсний нийлбэрийн дундаж нь 3645628 төгрөг:3 сар=1215209 төгрөг, нэг өдрийн цалин хөлсний дундаж нь 1215209 төгрөг:21 хоног (сарын ажлын дундаж өдөр)=57867 төгрөг болно.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлсний нийт олговор нь 1215209*5 сар=6076045 төгрөг, 57867 *18 хоног=1041606 төгрөг буюу нийтдээ 7117651 төгрөг байна.

Иймд Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “... ажилтныг ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон бол түүний ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор ... олгоно”, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Ажил олгогч нь даатгуулагчийн төлбөр зохих нийгмийн даатгалын шимтгэлийг түүнд хөдөлмөрийн хөлс, түүнтэй  адилтгах орлого олгох бүртээ энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан 5 сар 18 хоногийн хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 7117651 (долоон сая нэг зуун арван долоон мянга зургаан зуун тавин нэгэн) төгрөг олгож, холбогдох шимтгэл, даатгалын тооцоо, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтрийн нөхөн бичилтийг зохих журмын дагуу хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 26 дугаар зүйлийн 26.1, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.2.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1, 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан А.Д гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 80 дугаар тогтоолыг хүчингүй болгож, А.Д Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 7117651 (долоон сая нэг зуун арван долоон мянга зургаан зуун тавин нэгэн) төгрөг олгохдоо түүний эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу бичилт хийхийг хариуцагч Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад даалгасугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж А.Д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1–д зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             З.ГАНЗОРИГ

 


[1] Хэргийн I хавтасны 53-59, 62 дахь талд

[2] Хэргийн II хавтасны 19 дэх талд

[3] Хэргийн I хавтасны 36, II хавтасны 19 дэх талд

[4] Захиргааны ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2-т зааснаар захиргааны актын хувийн хэргийн хэрэгт шийдвэр гаргах ажиллагааны хугацааг хэрхэн тогтоосон, сунгасан эсэх, шийдвэр гаргах үндэслэл, нөхцөл байдлыг хэрхэн тогтоосон, цуглуулсан нотлох баримт, сонсох ажиллагаа хийсэн бол хүргүүлсэн мэдэгдэл, баримтжуулсан тэмдэглэл зэргийг; хяналтын дагалдах хуудасны хувьд шийдвэр гаргах ажиллагаанд оролцсон албан тушаалтан тус бүрийг аль үе шатанд, ямар чиг үүрэг гүйцэтгэсэн тухай оролцоо, гүйцэтгэлийг дэлгэрэнгүй баримтжуулахыг шаардана. 

[5] Хэргийн I хавтасны 5, 53, 55-57, 133 дахь талд

[6] Хэргийн II хавтасны 182 дахь талд

[7] Хэргийн I хавтасны 19 дэх талд

[8] Үүнд: Хэргийн I хавтасны 8-10 дахь талд авагдсан А.Д нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 13 дахь талд авагдсан нэхэмжлэгчийн 2017 оны цалингийн карт, 71 дэх талд  Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн “А.Д томилох тухай” 07 дугаар тогтоол зэрэг хамаарна.

[9] Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.Д ажилгүй байсан хугацааг “2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн анхан шатны шүүх хуралдаан болох 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүртэл” гэж тодорхойлсон болно.