Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
Хэргийн индекс | 128/2021/0173/3 |
Дугаар | 221/МА2021/0629 |
Огноо | 2021-11-18 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 221/МА2021/0629
2021 оны 11 сарын 18 өдөр | Дугаар 221/МА2021/0629 | Улаанбаатар хот |
“А.Б” ХХК,
“Н.В.Т” ХХК, “С.У.О.Т” ХХК,
“Л.М” ХХК-уудын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Н.Долгорсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.М, Э.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц, Б.Н-Э нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 608 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын дагуу “А.Б” ХХК, “Н.В.Т” ХХК, “С.У.О.Т” ХХК, “Л.М” ХХК-уудын нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Долгорсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 608 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1.4, Амьтны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.8.1, 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг тус тус баримтлан “А.Б” ХХК, “Н.В.Т” ХХК, “С.У.О.Т” ХХК, “Л.М” ХХК нарын Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, 2021 онд Баянхонгор аймгийн Агнуурын бүс нутгуудад тусгай зориулалтаар агнуулах угалзын тоо толгойг тогтоохоос эрх зүйн үндэслэлгүйгээр татгалзаж буй Байгаль орчин, аялал жуулчлалын яамны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох “Баянхонгор аймгийн Өлзийт сумын Баян бийр, Баянхангайн хишиг агнуурын бүс нутагт тус бүр Угалз 2, Жинст хайрхан агнуурын бүс нутагт Угалз 2, Баацагаан сумын Улаан аргалант агнуурын бүс нутагт Угалз 2, Баянцагаан сумын Баянцагаан агнуурын бүс нутагт Угалз 2, Богд сумын Хөх хадны хүүш агнуурын бүс нутагт Угалз 2, Галуут сумын Булгийн нуруу агнуурын бүс нутагт Угалз 2 толгойг агнуулахыг даалгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож”,
2 дахь заалтаар: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч нараас тус бүр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тус бүр 35100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож” шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц, Б.Н-Э нар давж заалдах гомдолдоо: ““Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т “Хууль тогтоомжийн дагуу жил бүр ашиглаж болох ой, ургамал, амьтны тоо хэмжээг тодорхойлж, экологийн шаардлага, нөөцийн харгалзан тухайн бүс нутагт байгалийн зарим төрлийн баялгийн ашиглалтыг хязгаарлах буюу тодорхой хугацаагаар хориглох”, Амьтны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, 26 дугаар зүйлийн 26.1-д “Төрийн захиргааны төв байгууллага тухайн жилд үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар агнах, барих агнуурын тоо хэмжээний дээд хязгаарыг энэ хуулийн 5.3.2, 5.8.1-д заасан агнуурын амьтны нөөц, хэрэгцээг харгалзан аймаг, нийслэл тус бүрээр тогтооно” гэж заасны дагуу 2021 онд ахуй зориулалтаар амьтан агнах, барих хуваарийг баталсан.
Амьтны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8-д “агнуурын нөөц” гэж хэвийн өсөлт, үржилтийг нь алдагдуулахгүй агнах, барих боломжтой агнуурын амьтны тоо, хэмжээг, 4.1.10-д “агнуурын амьтны сүргийн бүтэц” гэж сүрэг дэх амьтдын нас, хүйсийн харьцааг, 4.1.12-т “амьтны нөөцийг хамгаалах” гэж амьтны сүргийн бүтцийн төлөв байдлыг доройтохоос урьдчилан сэргийлэх, тэдгээрийн жам ёсоороо нөхөн сэргэх боломжийг нь алдагдуулахгүйгээр амьтны нөөцийг зүй зохистой ашиглах, гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөллөөс хамгаалах, амьтны идэш тэжээлийн төлөө тэмцэл, хорогдлын шалтгааныг олж тодорхойлох, биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүлэх, сэргээн нутагшуулах, өсгөн үржүүлэх, тэдгээрт хяналт тавих цогц үйл ажиллагааг, 4.1.17-д “агнах, барихыг түр хориглосон ан амьтан” гэж хуулиар агнах, барихыг хориглоогүй ч тархац нөөц хэвийн өсөж үржих, амьдрах орчин нөхцөл нь хомстсон. муудсан. доройтсоны улмаас энэ хуулийн 5.2, 5.3-т заасан эрх бүхий байгууллагаас агнах, барихыг нь тодорхой хугацаагаар хориглосон амьтныг гэж тус тус заасан бөгөөд тухайн агнуурын бүс нутгийн нөөц, амьтны тархац, сүргийн бүтцийг харгалзан үзэж тусгай зөвшөөрлөөр агнах, барих амьтны тоо толгойг агнуурын бүс нутгаар хуваарилан баталдаг.
Тусгай болон ахуйн зориулалтаар амьтан агнах, барих хуваарь батлахаас өмнө /хуульд заасан хугацаанаас өмнө/ Баянхонгор аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, Галуут, Жинст, Богд сумдаас тус аймагт зун намартаа хур бороо ороогүй гантай, өвөлдөө цас их хэмжээгээр орж зудын байдалтай өвөлжилт, хаваржилтын байдал хүндэрч зэрлэг амьтны идээшил бүхий бус нутгуудад бэлчээрийн хомстол үүсэж ан амьтан хорогдох аюул нүүрлээд байгаа тул “Экологийн сургалт судалгааны төв” ТББ-ын саналыг дэмжиж, тухайн жилд агнуур зохион байгуулахгүй байх саналыг албан бичгээр илэрхийлсэн.
Мөн Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон “Экологийн сургалт судалгааны төв” ТББ-аас тус яаманд хандан 2021-2022 онд Баянхонгор аймгийн нутагт тусгай зориулалтаар ан амьтан агнах хуваарь батлахгүй байх санал, хүсэлтийг ирүүлсэн ба уг саналдаа Баянхонгор аймагт ган зудын давтамж ихсэж, хуурайшилт, бэлчээрийн хомстол бий болсон, мөн шинжлэх ухааны үндэслэлгүйгээр спорт агналт хийснээс аргаль хонь устах аюулд ороод байгаа зарим сумдад хууль бусаар угалз агнуулж байгаа тул шинжлэх ухааны үндэслэл бүхий судалгаа хийх, нутгийн иргэд нөхөрлөлийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор тодорхой төсөл хэрэгжүүлэх саналтай байгаа талаар дурдсан байдаг.
Иймээс хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны зүгээс дээрх орон нутгийн байгууллагын санал, Баянхонгор аймгийн 2020 оны уур амьсгалын тойм, зудын эрсдэлийн байдал, зэрлэг амьтдын хорогдлын талаарх мэдээлэл зэргийг харгалзан Баянхонгор аймагт тусгай зориулалтаар амьтан агнах хуваарь батлаагүй болно.
Тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Галуут, Жинст, Богд зэрэг сумдын Засаг дарга нараас Амьтны тухай хуульд заасны дагуу амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, зохистой ашиглах талаар тодорхой бүрэн эрхийг хэрэгжүүлэх хүрээнд бэлчээрийн хомстол үүсч, ан амьтан хорогдох аюул тулгарч байгаа талаар ан амьтныг хамгаалах шаардлагатай талаар албан ёсны байр сууриа илэрхийлсэн байхад анхан шатны шүүх “... хариуцагчаас тухайн бүс нутагт зудын давтамж ихтэй, бэлчээрийн хомстол бий болсон, аргаль хонь устах аюулд орсон гэж тайлбарлаж байгаа хэдий ч энэ нь мэргэжлийн байгууллагаар хийлгэсэн судалгаа, өөрсдийнх нь баталсан ан агнуурын менежментийн төлөвлөгөө, Баянхонгор аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын санал, агнуурын бүс нутгийн сумд болох Галуут, Жинст, Баянцагаан, Богд сумын албан бичиг зэрэг баримтуудаар үгүйсгэгдэж байна ...” гэсэн үндэслэлгүй тайлбарыг шүүхийн шийдвэрт тусгасан байна.
Түүнчлэн Амьтны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Амьтныг дор дурдсан хэлбэрээр хамгаална”, 6.1.1-д “амьтныг ашиглахад хорио, хязгаарлалт тогтоох”, 6.2-т “Энэ хуулийн 6.1.1-6.1.6, 6.1.10, 6.1.11-д заасан үйл ажиллагааг төрийн захиргааны төв байгууллага, 6.1.4, 6.1.6-6.1.9-д заасан үйл ажиллагааг байгаль орчны мэргэжлийн байгууллага, 6.1.7-6.1.9-д заасан үйл ажиллагааг иргэн, хуулийн этгээд тус тус хэрэгжүүлнэ” гэж тус тус зааснаас үзэхэд Байгаль орчин, аялал жуулчлалын яам агнуурын бүс нутагт хязгаарлалт тогтоох хуулиар тогтоосон бүрэн эрхтэй бөгөөд Баянхонгор аймгийн тусгай зориулалтаар ан агнах хуваарь батлахгүй байж амьтныг хамгаалах, тодорхой хугацаагаар ан агнуулахгүй байх нөхцөл, шаардлага бий болсон.
Засгийн газрын 2013 оны 93 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтаар батлагдсан Ховор амьтан агнах, барих тусгай зөвшөөрөл олгох журмын 4.5-д “Тусгай зориулалтаар агнах, барих амьтны тоо хэмжээг Засгийн газар баталснаас хойш ажлын 14 хоногт багтаан байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн дараа онд тусгай зөвшөөрлөөр агнах, барих амьтны тоо толгойг агнуурын бүс нутгаар хуваарилан батална” гэж заасан хугацаанд Байгаль орчин, аялал жуулчлалын яам хуваарийг баталсан төдийгүй Амьтны тухай хууль болон уг журмаар агнуурын бүс нутаг бүрт, жил бүр заавал тусгай зориулалтаар зэрлэг амьтан агнах хуваарь батлах хуулиар тогтоосон зүйл байхгүй.
Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын яам Амьтны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Төрийн захиргааны төв байгууллага тухайн жилд үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээний дээд хязгаарыг, энэ энэ хуулийн 5.3.2, 5.8.1-д заасан агнуурын амьтны нөөц хэрэгцээг харгалзан аймаг, нийслэл тус бүрээр тогтооно” гэж заасан бүрэн эрхийнхээ хүрээнд 2021 оны агнуурын хуваарийг баталсан байхад анхан шатны шүүх “... 2020 онд ... 16 тэх, 9 угалз, 2 буга агнуулахаар 2019 онд шийдвэрлэсэн атлаа 2021 онд амьтан агнуулах хуваарь батлаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх хэсэгт зааснаар хуульд үндэслэх, 4.2.5 дахь хэсэгт зааснаар зорилгодоо нийцсэн, бодит байдалд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар бодит нөхцөл байдлыг тогтоох зэрэг захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд тавигдах хуулийн зохицуулалтыг зөрчжээ” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Мөн Амьтны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7-д “Энэ хуулийн 7.5-д заасан үндэслэлээр агнах ховор амьтныг дор дурдсан хугацаанд олдворын ангийн зориулалтаар агнахыг хориглоно”, 9.7.1-д “Угалзыг жил 10 дугаар сарыг 01-ний өдрөөс дараа оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл”, 9.7.4-д “Халиун бугыг жил бүрийн 9 дүгээр сарын 30-ны өдрөөс дараа оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл”, 9.8-д “Энэ хуулийн 7.5-д заасан үндэслэлээр барих ховор амьтныг дор дурдсан хугацаанд судалгаа, шинжилгээнээс бусад тусгай зориулалтаар амьдаар барихыг хориглоно”, 9.8.1-д “Аргаль хонь, янгир ямааг жил бүрийн 10 дугаар сарын 20-ны өдрөөс дараа оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл”, 9.8.3-д “Халиун бугыг жил бүрийн 10 дугаар сарын 20-ны өдрөөс дараа оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл” гэж тус тус заасан буюу тусгай зориулалтаар агнах хуулийн хугацаа дуусгавар болсон тул Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Баянхонгор аймгийн 2021 оны ангийн хуваарийг батлах боломжгүйг дурдах нь зүйтэй байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 608 дугаар шийдвэрийн нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар гомдлын хүрээнд хянаад, дараах үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж, давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч “А.Б” ХХК, “Н.В.Т” ХХК, “С.У.О.Т” ХХК, “Л.М” ХХК-уудаас “2021 онд Баянхонгор аймгийн агнуурын бүс нутгуудад тусгай зориулалтаар агнуулах угалзын тоо толгойг тогтоохоос эрх зүйн үндэслэлгүйгээр татгалзаж буй Байгаль орчин, аялал жуулчлалын яамны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Баянхонгор аймгийн Өлзийт сумын Баян бийр, Баянхангайн хишиг агнуурын бүс нутагт тус бүр Угалз 2, Жинстхайрхан агнуурын бүс нутагт Угалз 2, Баацагаан сумын Улаан аргалант агнуурын бүс нутагт Угалз 2,Баянцагаан сумын Баянцагаан агнуурын бүс нутагт Угалз 2, Богд сумын Хөх хадны хүүш агнуурын бүснутагт Угалз 2, Галуут сумын Булгийн нуруу агнуурын бүс нутагт Угалз 2 толгойг агнуулахыг даалгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
1. “С.У.О.Т” ХХК-ийн тухайд.
Тус компани нь Баянхонгор аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, тус аймгийн Баянбулаг сумын Засаг даргын Тамгын газартай 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр “Баянхонгор аймгийн Баянбулаг сумын “Баянцагаан” агнуурын бүс нутгийн менежментийг хариуцаж хамтран ажиллах гэрээ”-г 10 жилийн хугацаатай, аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Бууцагаан сумын Засаг даргын Тамгын газартай 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр “Баянхонгор аймгийн Бууцагаан сумын “Аав богд” агнуурын бүс нутгийн менежментийг хариуцаж хамтран ажиллах гэрээ”-г 10 жилийн хугацаатай байгуулсан, аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Бөмбөгөр сумын Засаг даргын Тамгын газартай “Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын “Цагаан сайр” агнуурын бүс нутгийн менежментийг хариуцаж хамтран ажиллах гэрээ”-г 10 жилийн хугацаатай байгуулсан байна.
Хэрэгт авагдсан баримтууд, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... “С.У.О.Т” ХХК-ийн хувьд тэхийн агнуурын бүсийг хариуцдаг, угалзын агнуурын бүс нутгийг хариуцдаггүй” гэх тайлбараас үзвэл тус компани нь 2021 онд Баянхонгор аймгийн агнуурын бүс нутгуудад тусгай зориулалтаар агнуулах угалзын тоо толгойг тогтоохоос эрх зүйн үндэслэлгүйгээр татгалзаж буй Байгаль орчин, аялал жуулчлалын яамны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох болон Баянхонгор аймгийн Өлзийт сумын Баян бийр, Баянхангайн хишиг агнуурын бүс нутагт тус бүр Угалз 2, Жинстхайрхан агнуурын бүс нутагт Угалз 2, Баацагаан сумын Улаан аргалант агнуурын бүс нутагт Угалз 2, Баянцагаан сумын Баянцагаан агнуурын бүс нутагт Угалз 2, Богд сумын Хөх хадны хүүш агнуурын бүс нутагт Угалз 2, Галуут сумын Булгийн нуруу агнуурын бүс нутагт Угалз 2 толгойг агнуулахыг даалгуулахаар маргах эрхгүй гэж үзэхээр байна.
Тодруулбал, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Баянхонгор аймгийн агнуурын бүс нутгуудад тусгай зориулалтаар агнуулах угалзын тоо толгойг тогтоохтой холбоотой асуудлаар төрийн захиргааны байгууллага болон “С.У.О.Т” ХХК нарын хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй, уг асуудлын улмаас тус компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн, эсхүл хөндөгдөж болзошгүй нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д зааснаар нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэсэн үндэслэлээр “С.У.О.Т” ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. “А.Б” ХХК, “Н.В.Т” ХХК, “Л.М” ХХК-уудын тухайд.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Баянхонгор аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, тус аймгийн Баацагаан сумын Засаг даргын Тамгын газар, “Н.В.Т” ХХК нар 2016 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр “Баянхонгор аймгийн Баацагаан сумын “Улаан аргалант” агнуурын бүс нутгуудын менежментийг сайжруулахад хамтран ажиллах гэрээ”-г 10 жилийн хугацаатай байгуулсан,
Тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, тус аймгийн Жинст сумын Засаг даргын Тамгын газар, “Н.В.Т” ХХК нар 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр “Баянхонгор аймгийн Жинст сумын “Жинст хайрхан”, “Хавцгайт” агнуурын бүс нутгуудын менежментийг сайжруулахад хамтран ажиллах гэрээ”-г 10 жилийн хугацаатай байгуулсан,
Тус аймгийн Байгаль орчны газар, тус аймгийн Өлзийт сумын Засаг даргын Тамгын газар, “А.Б” ХХК нар 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “Баянхонгор аймгийн Өлзийт сумын “Баян бийр” агнуурын бүс нутгийн менежментийг сайжруулахад хамтран ажиллах гэрээ”-г 10 жилийн хугацаатай байгуулсан,
Тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, тус аймгийн Өлзийт сумын Засаг даргын Тамгын газар, “А.Б” ХХК нар 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр “Баянхонгор аймгийн Өлзийт сумын “Баян хангайн хишиг” агнуурын бүс нутгийн менежментийг сайжруулахад хамтран ажиллах гэрээ”-г байгуулсан,
Тус аймгийн Байгаль орчны газар, тус аймгийн Галуут сумын Засаг даргын Тамгын газар, “А.Б” ХХК нар 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “Баянхонгор аймгийн Галуут сумын “Булагийн нуруу” агнуурын бүс нутгийн менежментийг сайжруулахад хамтран ажиллах гэрээ”-г 10 жилийн хугацаатай байгуулсан,
Тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, тус аймгийн Баянцагаан сумын Засаг даргын Тамгын газар, “Л.М” ХХК нар 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр “Баянхонгор аймгийн Баянцагаан сумын “Баянцагаан” агнуурын бүс нутгийн хамгааллын менежментийг хариуцах гэрээ”-г 10 жилийн хугацаатай байгуулсан байна.
Амьтны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.2-т зааснаар хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь агнуурын нөөц бүхий аймаг болон ангийн аж ахуйн ан агнуурын менежментийн төлөвлөгөөг батлах, хэрэгжилтэд хяналт тавих, 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар тухайн жилд үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээний дээд хязгаарыг, энэ хуулийн 5.3.2, 5.8.1-д заасан агнуурын амьтны нөөц, хэрэгцээг харгалзан аймаг, нийслэл тус бүрээр тогтоохоор хуульчилжээ.
Мөн Засгийн газрын 2013 оны 93 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Ховор амьтан агнах, барих тусгай зөвшөөрөл олгох журам”-ын 4.5-д зааснаар тусгай зориулалтаар агнах, барих амьтны тоо хэмжээг Засгийн газар баталснаас хойш ажлын 14 хоногт багтаан байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн дараа онд тусгай зөвшөөрлөөр агнах, барих амьтны тоо толгойг агнуурын бүс нутгаар хуваарилан батлахаар заасан.
Уг маргааны хувьд Засгийн газраас 2021 онд улсын хэмжээнд нийт 100 тооны угалз агнуулахаар тогтоосон, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/701 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар тусгай зориулалтаар 2021 онд агнах угалзны тоо хэмжээг агнуурын бүс нутгийн хуваарийг баталсан бөгөөд уг жагсаалтад Баянхонгор аймаг багтаагүй, талууд уг үйл баримттай маргаагүй.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т зааснаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь хууль тогтоомжийн дагуу жил бүр ашиглаж болох ой, ургамал, амьтны тоо хэмжээг тодорхойлж, экологийн шаардлага, нөөцийг харгалзан тухайн бүс нутагт байгалийн зарим төрлийн баялгийн ашиглалтыг хязгаарлах буюу тодорхой хугацаагаар хориглох эрхтэй буюу тус яам нь Засгийн газраас баталсан тооны дагуу угалзын тоог заавал аймаг тус бүрт батлах үүрэггүй, харин ч амьтныг ашиглахад хорио, хязгаарлалт тогтоох байдлаар амьтныг хамгаалах үүрэгтэй бөгөөд хариуцагчаас холбогдох орон нутгийн байгууллагын санал, Баянхонгор аймгийн 2020 оны уур амьсгалын тойм, зудын эрсдэлийн байдал, тухайн агнуурын бүс нутгийн нөөц, амьтны тархац, сүргийн бүтэц, зэрлэг амьтдын хорогдлын талаарх нөхцөл байдал зэргийг харгалзан Баянхонгор аймагт тусгай зориулалтаар амьтан агнах хуваарийг батлаагүй үйл баримтыг шүүх буруутгах үндэслэлгүй.
Нэхэмжлэгч нараас 2021 онд Баянхонгор аймгийн агнуурын бүс нутгуудад тусгай зориулалтаар агнуулах угалзын тоо толгойг тогтоохоос эрх зүйн үндэслэлгүйгээр татгалзаж буй Байгаль орчин, аялал жуулчлалын яамны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, агнуурын бүс нутгуудад угалз агнуулахыг хариуцагчид даалгуулахаар маргаж байх бөгөөд дээрх байдлаар агнуурын бүс нутгуудад тусгай зориулалтаар агнуулах угалзын тоо толгойг тогтоохоос эрх зүйн үндэслэлгүйгээр татгалзсан хариуцагчийн буруутай үйл ажиллагаа хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй, түүнчлэн Засгийн газраас тухайн онд агнах амьтны тоон хэмжээг нэгэнт тогтоосон, тухайн тоог Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас нэгэнт хувиаралж баталсан, уг тоог дараа онд шилжүүлэх хуулийн зохицуулалт байхгүй тул шүүх хариуцагчид ийнхүү хууль зөрчин шийдвэр гаргахыг даалгах боломжгүй.
Мөн анхан шатны шүүх “... захиргааны байгууллагад хуулиар олгогдсон эрх хэмжээнд шууд халдах эрх шүүхэд олгогдоогүй тул агнуурын бүс нутагт агнуулах угалзын тоо толгойг шууд тогтоохгүй бөгөөд харин төрийн захиргааны төв байгууллага холбогдох хууль, журам болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас баталсан менежментийн төлөвлөгөөг үндэслэн тус агнуурын бүс нутагт агнуулах угалзын тоо толгойг тогтоох нь зүйтэй” хэмээн дүгнэснийг буруутгах боломжгүй бөгөөд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй тул шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 608 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4, Амьтны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д тус тус заасныг баримтлан “А.Б” ХХК, “Н.В.Т” ХХК, “Л.М” ХХК-уудын “2021 онд Баянхонгор аймгийн агнуурын бүс нутгуудад тусгай зориулалтаар агнуулах угалзын тоо толгойг тогтоохоос эрх зүйн үндэслэлгүйгээр татгалзаж буй Байгаль орчин, аялал жуулчлалын яамны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Баянхонгор аймгийн Өлзийт сумын Баян бийр, Баянхангайн хишиг агнуурын бүс нутагт тус бүр Угалз 2, Жинстхайрхан агнуурын бүс нутагт Угалз 2, Баацагаан сумын Улаан аргалант агнуурын бүс нутагт Угалз 2, Баянцагаан сумын Баянцагаан агнуурын бүс нутагт Угалз 2, Богд сумын Хөх хадны хүүш агнуурын бүс нутагт Угалз 2, Галуут сумын Булгийн нуруу агнуурын бүс нутагт Угалз 2 толгойг агнуулахыг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид тус бүр урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.” гэж тус тус өөрчилж, мөн Тогтоох хэсэгт “3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С.У.О.Т” ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн заалт нэмж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц, Б.Н-Э нарын гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид,тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН