Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 253

 

Б.Наранбатын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 182/ШШ2016/01006 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Наранбатын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, илт хууль бус актаас учирсан хохирол өмгөөлөгчийн хөлс 2 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дэлгэрмаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Наранбат шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Төрийн өмчийн хорооны 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 220 дугаар тогтоолоор “Зам, тээврийн хөгжлийн төв” Төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлаар томилогдон ажилласан билээ.

Харин Төрийн өмчийн хорооны 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 614 дүгээр тогтоолоор үүрэгт ажлаас чөлөөлж, контрактыг цуцалсан. Тус тогтоолд Зам, тээврийн сайдын 2015 оны 01/4140, 01/4327 тоот албан бичгүүдийг үндэслэсэн байна. Зам, тээврийн сайдын 2015 оны 10 дугаар сарын 01/4327 тоот бичигт “...Б.Наранбат захирал томилогдсоноос хойш Төрийн өмчийн хороотой байгуулсан гэрээний үүрэг болон байгууллагын дүрмийн дагуу хариуцсан ажлын авто замын барилгын ажлын хяналтыг хариуцлагагүй зохион байгуулж, удирдах албандаа хангалтгүй ажиллаж ирсэн” гэж дурдсан.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 5 дугаар тогтоолоор Төрийн өмчийн хороог татан буулгаж, чиг үүргийг нь Сангийн яаманд шилжүүлсэн. Ийнхүү Төрийн өмчийн хороо нь дээрх нөхцөл байдал үүссэн эсэхийг үндэслэхгүйгээр зөвхөн Зам, тээврийн сайдаас ирүүлсэн албан бичгүүдийг үндэслэн тушаал гаргаж ажлаас халсан явдал нь хууль бус, үндэслэлгүй гэж үзэж байх тул “Зам, тээврийн төв” Төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулан, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх илт хууль бус актаас учирсан хохирол болох өмгөөлөгчийн хөлс 2 000 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дэлгэрмаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн өмчийн хорооны 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 220 дугаар тогтоолоор Б.Наранбатыг “Зам, тээврийн хөгжлийн төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлаар томилж, 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 614 дүгээр тогтоолоор үүрэгт ажлаас нь чөлөөлж, контрактын гэрээг цуцалсан байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын өдөр тутмын үйл ажиллагааг үйлдвэрийн газрын захирал удирдана. Захирлыг Төрийн өмчийн хороо, зохих салбар, хүрээний яамтай зөвшилцөн томилох буюу өөрчилнө.” /2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс өмнө/ гэж заасан байдаг.

Төрийн өмчийн хорооны 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 614 дүгээр тогтоолд Зам, тээврийн сайдын 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 01/4327 тоот албан бичгээр ирүүлсэн саналыг үндэслэсэн байна. Уг албан бичигт “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ нь авто замын салбарт улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй авто зам, гүүр, улсын болон олон улсын чанартай Авто замын сүлжээний байнгын бэлэн байдлыг хариуцан ажилладаг. Б.Наранбат нь захирлаар томилогдсоноос хойш ТӨХ-той байгуулсан гэрээний үүрэг болон байгууллагын дүрмийн дагуу хариуцсан ажлын хүрээнд доорх авто замын барилгын ажлын хяналтыг хариуцлагагүй зохион байгуулж, удирдах талаар хангалтгүй ажиллаж ирсэн. Үүнд:

-Хэнтий аймгийн Баянмөнх сумын 217,2 урт метр төмөр бетон гүүрийн барилга угсралтын ажлын явцад хийц, эдлэлийн чанар, бат бөх алдагдаж хийгдсэн бетоны ажил техникийн шаардлага ноцтой зөрчиж, дахин засварлах их хэмжээний үргүй зардал гарч байгаа нь шалгалтын явцад илэрсэн ба 2015 оны хөндлөнгийн хяналтын А-38 тоот дүгнэлтээр батлагдсан болно.

-Мөн аймгийн нутагт баригдсан Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын ажил 2014 онд чанарын шаардлага хангахгүй хийгдсэн. Гэвч 2015 онд дээрх замд улсын комиссоос өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй техникийн шаардлага хангуулахад дутагдалтай ажилласан.

-Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын ажилд итгэмжлэгдсэн лаборатори “ЛАБО” ХХК-ийн гаргасан шинжилгээний дүгнэлтийг 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүлээн аваад, 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр л гүйцэтгэгч “Чайна гео инженеринг групп” компанид хүлээлгэн өгснөөр засварын ажлыг 2 cap саатуулснаар “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын захиралтай байгуулсан гэрээний 3.1 дэх “бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний чанарыг өндөр түвшинд хүргэж ажиллах”, “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын дүрмийн 4.1, 4.1.1, 4.1.4 дэх заалтуудыг хангаж ажиллаагүй тул үүрэгт ажлаас нь чөлөөлнө үү.

Мөн түүнчлэн, Б.Наранбаттай байгуулсан гэрээний 8 дугаар зүйлийн 8.4-ийн “в”-д “Захирал хууль, тогтоомж болон үйлдвэрийн газрын удирдан зохион байгуулах үүргээ зөрчсөн, түүнд өгсөн удирдамж, зааврыг биелүүлээгүй” бол гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, ажлаас чөлөөлөх нь Төрийн өмчийн хорооны эрх байхаар зохицуулсан байна.

Иймд Төрийн өмчийн хороо нь хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан 2015 оны 614 дүгээр тогтоол нь хуулийн үндэслэлтэй тул ИХШХШТХ-ийн 115.2.3-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч Б.Наранбатыг өмнө эрхэлж байсан ажил буюу “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-т заасны дагуу 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 9 440 900 төгрөгийг хариуцагч Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас гаргуулж нэхэмжлэгч Б.Наранбатад олгон, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д заасны дагуу өмгөөллийн хөлс 2 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Наранбат давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй тул давж заалдах гомдол гаргаж байна. Тус шүүхийн шийдвэрээр намайг ажилд эгүүлэн томилсон боловч ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг контрактын гэрээ дууссан үндэслэлээр дутуу олгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр нь бүхэлдээ биелэх нөхцөл бололцоогүй болгож байна. Учир нь хариуцагч байгууллага нь ажилд эгүүлэн томилохгүй, контрактын гэрээний хугацаа дууссан гэх үндэслэлийг шүүх тавилаа. Нэгэн ажилд эгүүлэн тогтоосон тохиолдолд хөдөлмөрлөх эрх урьд ямар байсан тэр чигээрээ сэргэх ёстой. Контрактын гэрээг үндэслэлгүйгээр цуцлаагүй бол өнөөдөр миний бие ажил үүргээ хэвийн гүйцэтгээд явж байх байсан. Өөрөөр хэлбэл, ажил олгогчийн үндэслэлгүй тушаал гарсантай холбоотой тул энэхүү үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дэлгэрмаа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 182/ШШ2016/01006 дугаар шийдвэрт дараах үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

1. Шүүхээс хэрэг үүсгэхээс эхлээд хянан шийдвэрлэж дуусах хүртэлх хугацаанд процессын хяналтыг шүүх тавих үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, зохигчдын маргасан, маргаагүй хамаагүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулийн хүрээнд явагдаж байгаа эсэхэд хяналт тавих ёстой.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр орсон өөрчлөлтөөр Төрийн өмчийн хорооны бүрэн эрхийг Санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлэхээр зааж, энэ хуулийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөнө гэсэн байгаа. Өөрөөр хэлбэл, Төрийн өмчийн хороо 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөр татан буугдаж, Сангийн яам түүний эрх залгамжлагч гэдэг нь хуулийн заалтаас тодорхой байхад хариуцагч тодорхойгүй гэх үндэслэлгүй юм.

Мөн түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д зааснаар хэрэг үүсгэсэн өдрөөс хойш хариуцагчид нэхэмжлэлийг нийслэлд 7 хоногийн дотор шүүх гардуулах ёстой. Төрийн өмчийн хороо 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл үйл ажиллагаагаа хэвийн явуулсан. Энэ хугацаанд шүүхээс нэхэмжлэл гардаж авахыг нэг ч удаа Төрийн өмчийн хороонд мэдэгдээгүй. Нэхэмжлэлээ татан авч байгаа 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр гэхэд Төрийн өмчийн хорооны чиг үүрэг аль эрт Сангийн яаманд шилжээд, Төрийн өмчийн бодлого, зохицуулалттай холбоотой аливаа асуудал хэвийн явагдаж байсан. Ийм байхад Хөдөлмөрийн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан нэг сарын дотор шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлж, 35 хоногийн дараа дахин нэхэмжлэл гаргаж байгааг шүүгчийн захирамж 7 хоногийн дотор албажин гарах хугацаатай холбон тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм.

Анхан шатны шүүх нь Төрийн өмчийн хороонд 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд шүүхэд дуудан ирүүлэх мэдэгдэл өгч байсан эсэхийг судлаж, дүгнэх байсан. Мөн түүнчлэн 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 4 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл Сангийн яаманд шүүхэд дуудан ирүүлэх мэдэгдэл хүргүүлж байсан эсэхийг судлаж тогтоох байсан. Учир нь хэрвээ энэ хугацаанд Сангийн яаманд нэхэмжлэгч өргөдөл, гомдол гаргаж байсан, шүүхээс шүүхэд дуудан ирүүлэх мэдэгдэл хүргүүлж байсан бол хариуцагч тодорхойгүй гэх байдал үгүйсгэгдэх юм. Өөрөөр хэлбэл, Төрийн өмчийн хороо татан буугдаж, түүний чиг үүрэг хаашаа шилжиж байгаа вэ гэдгийг хэвлэл мэдээлэл, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ярьж байсан, хуулиар хуульчилсан, тухайн аж ахуйн нэгжийг хариуцсан мэргэжилтнээс асуух зэргээр мэдэх бүрэн боломжтой, мэдэж байсан гэж үзэх үндэстэй юм. Тийм учраас хариуцагч тодорхойгүй байсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийг 35 хоногийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхгүй юм. Түүнчлэн нэхэмжлэлээ татан авсныг баталсан шүүгчийн захирамжийг хэзээ гардаж авсан зэргийг тогтоох шаардлагатай. Захирамж гарсан өдөр ч захирамж албажсан, гардаж авсан байж болно.

2. Анхан шатны шүүхээс төрийн өмчит үйлдвэрийн газрыг компани гэж үзэж, компанийн засаглалтай хольж хутган тайлбарлаж байгаагаас үзэхэд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэдэгт эргэлзэж байна. Тухайлбал: Шийдвэрийн үндэслэх хэсэгт “Учир нь төрийн өмчийн бодлогыг хэрэгжүүлэх, төрийн өмчит хуулийн этгээдийн хувьд өмчлөгчийн нэрийн өмнөөс компанийн засаглалын тогтвортой байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллага нь Төрийн өмчийн хороо байх, холбогдох хүрээний яам нь тухайн салбар дахь төрийн бодлогын хэрэгжилтийг хангах байгууллага байх зарчмын шинжтэй чиг үүргийн хуваарилалттай. Иймд зохих салбар, хүрээний яам Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьд компанийн засаглалын түвшинд хутгалдан орох агуулгаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийг тайлбарлан хэрэглэх нь нийтийн өмчийн эрх зүй, төрийн өмчит байгууллагын компанийн сайн засаглалын зарчимд үл нийцэх юм гэжээ.

“Зам, тээврийн хөгжлийн төв” бол компани биш бөгөөд аж ахуйн тооцоот төрийн өмчит үйлдвэрийн газрын статустай юм. Хэрэв компани байсан бол захирлыг томилж, чөлөөлөх асуудлыг Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8-д зааснаар Төлөөлөн удирдах зөвлөл томилж чөлөөлөх учиртай.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын өдөр тутмын үйл ажиллагааг үйлдвэрийн газрын захирал удирдана. Захирлыг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, зохих салбар, хүрээний яамтай зөвшилцөн томилох буюу өөрчилнө.” гэж заасан байдаг.

Тийм учраас үйлдвэрийн газрын захирлыг томилж, чөлөөлөх асуудлын хувьд хуулийн дээрх заалт шууд хамааралтай зохицуулалт нь болдог.

Өөрөөр хэлбэл, захирлыг томилж, чөлөөлөх асуудалд харьяа яамны саналгүйгээр дангаараа Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар шийдвэрлэх эрхгүй гэсэн хуулийн зохицуулалт юм.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 10 дугаар зүйл /2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хүчингүй болсон/-д зааснаар төрийн өмчийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, хамгаалах ажлыг эрхлэн гүйцэтгэх үүрэг бүхий байгууллага юм. Зам, тээврийн яам бол авто зам, тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага юм.

Авто замын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т “Олон улсын болон улсын чанартай авто зам, замын байгууламжийн эзэмшигч нь /цаашид “авто замын эзэмшигч” гэх/ авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, ... байна.”, 14.2.3-т авто зам, замын байгууламжийг барьж байгуулах засвар, арчлалт хийх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсны үндсэн дээр ажил зохион байгуулах, техникийн хяналт хийх, гүйцэтгэлийг санхүүжүүлэх эрхтэй байхаар зохицуулжээ.

“Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ нь авто замын салбарт улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй авто зам, гүүр, улсын болон олон улсын чанартай авто замын сүлжээний байнгын бэлэн байдлыг хариуцан ажилладаг байгууллага юм.

Иймд Зам, тээврийн сайдын 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 01/4327 тоот албан бичгээр ирүүлсэн ноцтой зөрчлийн тухай мэдээлэл нь салбарын яамны хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээний асуудал байна. Өөрөөр хэлбэл, Төрийн өмчийн хороо салбарын яамны мэдээлэлд эргэлзэх үндэслэлгүй бөгөөд зөрчил илэрсэн эсэхийг Төрийн өмчийн хорооноос дахин шалгаж тогтоох хууль зүйн үндэслэлгүй төдийгүй, мэргэжлийн боловсон хүчний хувьд ч чадвар дутах юм.

Нэхэмжлэгч өөрийг нь ажлаас чөлөөлөхөд үндэслэл болгож байгаа Зам, тээврийн сайдын 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 01/4327 тоот албан бичгийн талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан үеэс буюу 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс мэдсэн байна. Гэтэл өнөөдрийг хүртэл зөрчлийн талаар салбарын яаманд хандаагүй, гомдол гаргаагүй байгааг шүүхээс үнэлж, дүгнэлгүйгээр хэт нэг талыг барьж байгаад гомдолтой байна.

Иймд ИХШХШТХ-ийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг баримтлан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 182/ШШ2016/01006 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан шаардлагын дагуу үнэлээгүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Наранбат нь хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт холбогдуулан “Зам, тээврийн хөгжлийн төв” Төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан 13 сарын цалинтай тэнцэх олговорт 20 215 000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох бичилтийг хийлгүүлэх, өмгөөллийн хөлс 2 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч, ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй гэж маргажээ.

 

Ажил олгогч, ажилтан нарын хооронд 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн контракт гэрээ байгуулагдсан ба Төрийн өмчийн хорооны 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 614 дүгээр “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” тогтоолоор Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 3.6, 18 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт, Авлигатай тэмцэх газрын 2015 оны 05/6073, Зам, тээврийн сайдын 2015 оны 01/4140, 01/4327 тоот тушаалыг тус тус үндэслэн “Зам, тээврийн хөгжлийн төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын дарга Б.Наранбатыг 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүнтэй байгуулсан гэрээг цуцалсан байна. /хэргийн 11, 14-20 дугаар тал/

 

Талуудын хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “өмчлөгч… өмчлөх эрхийнхээ тодорхой хэсгийг хэрэгжүүлэхдээ бусдын хөдөлмөрлөх үйл ажиллагааг, мөн ажил олгогч нь иргэний гоц буюу ховор авъяас, өндөр ур чадварыг хөлслөн авч ашиглах зорилгоор иргэнтэй контракт байгуулна” гэж зааснаар хөдөлмөрийн харилцаа үүсэн талаар зохигчид маргаагүй байна.

 

Контракт нь хөдөлмөрийн гэрээний нэг онцлог төрөл бөгөөд Хөдөлмөрийн тухай хууль болон уг гэрээнд тусгайлан зааснаас бусад асуудалд Хөдөлмөрийн тухай хуулийн зарчим, зохицуулалт үйлчлэх юм.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т “контрактыг дүгнэх үед ажилтан контрактад заасан хийвэл зохих ажлынхаа үр дүнг хүндэтгэх шалтгаангүйгээр хангаагүй буюу хангалттай ажиллаж чадаагүй гэж өмчлөгч үзсэн” гэж зааснаар ажил олгогч санаачлан цуцалж болохоор зохицуулсан боловч нэхэмжлэгч Б.Наранбат нь Төрийн өмчийн хороотой байгуулсан гэрээний үүрэг болон байгууллагын дүрмийн дагуу хариуцсан ажлын хүрээнд автозамын барилгын ажлын хяналтыг зохион байгуулах, удирдах ажлыг хангалтгүй гүйцэтгэсэн гэх байдал хэрэгт цугларсан баримтаар тогтоогдоохгүй. Иймд нэхэмжлэгчийн байгуулсан контрактыг хугацаанаас өмнө ажил олгогч буюу хариуцагч санаачлагаараа цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй болно. 

 

Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх үндэслэл болсон Зам тээврийн сайдын 2015 оны 01/4140, 01/4327 тоот албан бичигт, Хэнтий аймгийн Баянмөнх сумын 217.2 урт метр төмөр гүүр, Өндөрхан-Чойбалсан чиглэлийн 50 км автозамын ажлууд чанаргүй гүйцэтгэгдсэн нь 2015 оны хөндлөнгийн хяналтын А-308 тоот дүгнэлт, “Лабо” ХХК-ийн шинжилгээний дүгнэлтээр тогтоогдсон гэх боловч уг замын ажлыг гүйцэтгэх гэрээнд нэхэмжлэгчийн хүлээх үүрэг, хариуцлага, замын ажлыг гүйцэтгэгч чанаргүй гүйцэтгэсэн шалтгаан, түүнд нэхэмжлэгч хэрхэн буруутай болох нь тодорхой бус байх бөгөөд эргэлзээгүй баримтаар тогтоогдохгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, дээрх албан бичигт дурьдсан ажил чанаргүй гүйцэтгэсэн нь нэхэмжлэгчийн контрактаар хүлээсэн ямар үүрэгт хамааралтай гэх үйл баримт тогтоогдохгүй, нэхэмжлэгчийн буруугаас ажил чанаргүй болсон талаар Зам тээврийн сайдын 01/4140 тоот албан бичиг хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэгчийг шүүх ажилд нь эгүүлэн тогтоосон нь үндэслэлтэй.

 

Шүүх нэхэмжлэгчийг дээрх үндэслэлээр ажилд нь эгүүлэн тогтоосон нь зөв боловч нэхэмжлэгч Б.Наранбат болон Төрийн өмчийн хорооны хооронд контракт гэрээг 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 1 жилийн хугацаатай байгуулсан тул контрактын хугацаа сунгах эсэх асуудал эргэлзээтэй гэж уг гэрээний хугацаа дуусгавар болсноос хойшхи хугацааны ажилгүй байсан хугацааны олговрыг хариуцагчаас гаргуулаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт нийцэхгүй байна. Учир нь зохигчдын хоорондын гэрээ цаашид үргэлжлэх эсэх нөхцөл байдлын талаар буюу маргааны үйл баримтад хамааралгүй асуудлаар шүүх дүгнэлт хийсэн нь буруу юм. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт “цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ” гэж заасан байхад шүүх цалин хөлстэй тэнцэх олговрын хэмжээг тогтоохдоо нэхэмжлэгчийн бодитой авч байсан цалин хөлстэй холбоотой хэрэгт авагдсан баримт болох нийгмийн даатгалын дэвтрийг бус контрактад заасан 1 сарын үндсэн цалингийн хэмжээгээр тооцсон нь үндэслэл муутай болсон байх тул залруулах шаардлагатай.

 

Нэхэмжлэгч анх 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана.” гэж заасныг зөрчөөгүй боловч 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэлээ татан авч улмаар 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр дахин нэхэмжлэл гаргасан байх тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсанд тооцож, тасалдсан үеэс шинээр тоолох үндэслэлтэй тул дээрх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй, энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 101/ШЗ2016/14995 дугаар захирамжид нэхэмжлэгч анх шүүхэд гаргасан нэхэмжлэлээ ямар үндэслэлээр татан авсан болох нь тодорхой бус байх ба давж заалдах шатны шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “хариуцагч байгууллага санал гаргасан тул эвлэрэн хэлэлцэх шаардлагатай гэсэн үндэслэлээр нэхэмжлэлээ татан авсан” гэж тайлбарлаж байх боловч энэ нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэлээ татан авах нь нэхэмжлэгчийн өөрийнх нь хүсэл зоригтой холбоотой хариуцагчаас хамаарахгүй, түүний буруугаас болоогүй тул ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөнөөс хойш 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр буюу дахин шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны олговрыг хариуцагч төлөх үүрэггүй гэж үзнэ. Иймээс 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс түүнийг ажилд нь эгүүлэн тогтоохоор анхан шатны шүүх шийдвэр гарсан өдөр буюу 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүртэлх нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн цалин хөлсний дунджаар тооцон 10 370 134 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй юм.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь “Зам, тээврийн хөгжлийн төв” Төрийн өмчит үйлдвэрийн газар нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын мэдэлд шилжсэнтэй холбоотойгоор тус газрыг хариуцагчаар татан оролцуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт заасны дагуу 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 182/ШЗ2016/03024 дүгээр шүүгчийн захирамжаар хамтран хариуцагчаар оролцуулахаар шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Учир нь Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 5 дугаар тогтоолоор Төрийн өмчийн хороог татан буулгаж, уг байгууллагын эрх, үүрэг Сангийн яаманд шилжсэн ба улмаар Сангийн яамны Төрийн өмчийн удирдлага, бүртгэл, тооллого хяналтын газар нь Ерөнхий сайдын эрхлэх хүрээн дэх Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт тус тус шилжсэн талаар зохигчид маргаагүй ба энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан нийтэд илэрхий үйл баримт гэж үзэх үндэслэлтэй байхад шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Төрийн өмчийн хороо /Сангийн яамны Төрийн өмчийн удирдлага, бүртгэл, тооллого хяналтын газар/-ны эрх залгамжлагчаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах байжээ. Гэвч энэ нь хэргийн шийдэлд нөлөөлөхөөргүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох ноцтой зөрчилд тооцогдохгүй.

 

Хариуцагч гэрээний үүргээ зөрчсөнөөс нэхэмжлэгч бусдаас эрх зүйн туслалцаа авсны хөлсөнд төлсөн 2 000 000 төгрөгийг гаргуулах шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч энэ талаар гомдол гаргаагүй хэдий ч нөхөн төлүүлэх шүүхийн зардалд хамаарах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зохицуулалтыг баримталж, маргаантай харилцаанд хамаарах Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглээгүй байгааг давж заалдах шатны шүүх зөвтгөх боломжтой.

 

Дээр дурьдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

                                                     

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 182/ШШ2016/01006 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасны дагуу 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 10 370 134 төгрөгийг хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас гаргуулж, нэхэмжлэгч Б.Наранбатад олгож, дээрх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт зохих бичилт хийж, баталгаажуулахыг хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор  9 844 866 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

3 дахь заалтын “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д” гэснийг “Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт” гэж,

4 дэх заалтын “166 004” гэснийг “180 872” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Зохигчид давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ  

                       

                                                         ШҮҮГЧИД                             М.НАРАНЦЭЦЭГ     

                    

                                                                                          С.ЭНХТӨР