| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2020/0005/э |
| Дугаар | 06 |
| Огноо | 2020-01-06 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 06
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Улсын өмгөөлөгч М.Мөнхөө,
Шүүгдэгч: Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Динагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монголмууд овогт Баатарын Бат-Очирт холбогдох 1935003930205 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1972 оны 01 дүгээр сарын 14-нд Увс аймгийн суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин мэргэжилтэй, малчин, ам бүл 8, эхнэр, 6 хүүхдийн хамт Увс аймгийн Малчин сумын 1 дүгээр багт тоотод оршин суух М овогт Б.Б /РД:/.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Б.Б нь Увс аймгийн Малчин сумын 2 дугаар багийн иргэн Л.Э-ийн эзэмшлийн “Мустанг-5” загварын мотоциклийг 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Б.Б-ыг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Увс аймгийн сумын 2 дугаар багийн иргэн Л.Э-ийн эзэмшлийн “Мустанг-5” загварын мотоцикль алдагдасан үйл баримт тогтоогдсон байна.
1. Хохирогч Л.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “2019 оны 9 дүгээр сарын 14-ний өглөө 08 цаг 30 минутын үед ажлаасаа буугаад сумын төвөөр явж байтал манай найз М, Э нар машинтай таараад намайг хамт Гэдэргийн гол ороод ирье гэхээр нь би унаж явсан өөрийн мотоциклио дэлгүүрийн гадна орхичхоод хоёр найзынхаа машинд суугаад Гэдэргийн гол гэх газар луу яваад 2 цагийн дараа буюу 10 цаг өнгөрч байх үед ирэхэд миний мотоцикль байхгүй байсан юм. Би тэр өдөр орой хүртэл сумын төвөөр хайгаад олоогүй юм. Тэгээд 3 хоног сураглаад олоогүй юм. Тэгээд 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өглөө хот явах ажил гараад Улаанбаатар хот явах ажил гараад хот явсан юм. Улаанбаатар хотод байж байтал 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр манай эхнэр О над руу залгаад манай сумын Б.Б гэх ах чиний мотоцикль алга болдог өдөр 11 цагийн үед сургуулийн дотуур байр байранд шинэ улаан мотоцикль уначихсан ирээд өөрөө гал зуух руу орж ирсэн гэж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би найз Ж.Б, Х.Г хоёр луу яриад миний мотоциклийг Б.Б ах хулгайлсан юм шиг байна. Явсан цаг хугацаа нь таарч байна. Та хоёр очоод Б.Боос асуугаад тодруулаад өг гэж хэлэхэд манай хоёр найз Б.Б гэх хүний баз Ц гэх хүнээс асуухад Ц гэх хүн манай баз Б.Б өөрийнхөн мотоцикль биш өөр шинэ улаан өнгөтэй мотоцикль унаад явж байна лээ гэж хэлсэн гэсэн. Тэгээд манай Ж.Б, Х.Г гэх хоёр найз над руу утсаар залгаад бид хоёр хөдөө явлаа Б.Бтой очиж уулзъя. Чиний мотоцикль мөн байж магагдгүй гэж хэлээд явсан. Тэр орой Х.Г над руу гар утсаар залгаад бид хоёр Б.Б-н гэрт ирчихсэн байна. Чиний мотоцикль мөн байна. Б.Б чиний мотоциклийг гэрийнхээ ойролцоо газраас гаргаж өглөө. Чиний мотоциклийн кондуктор, суудлын бүрээс, банкны таг зэргийг сольсон байна. Банк нь их бензинтэй байсан байна. Бид хоёр одоо аваад сумын төв явлаа гэж надад хэлсэн. Тэгээд би 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр суманд ирээд мотоциклио харахад банк, суудлын бүрээс, аккумулятор, кондуктор зэргийг сольсон байсан. би Б.Б гэх хүнтэй уулзаагүй юм. Энэ мотоциклийг 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр сумын хаан банкнаас бэлэн мөнгөөр худалдаж авсан юм. Надад ямар нэгэн мотоциклийн бичиг баримт байхгүй мөн мотоцикль улсын дугаар байхгүй. Надад ямар нэгэн эд хөрөнгө, эд зүйлээр хохирсон зүйл байхгүй байхгүй. Энэ хэрэг гарснаас хойш Б.Б надтай ирж уулзаагүй тэгэхдээ надад ямар нэгэн гомдол байхгүй надад ямар нэгэн учирсан хохирол байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 5-8, 9-р талд/,
2. Гэрч З.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 13 цаг өнгөрч байхад Б.Б дахиад дотуур байр орж ирээд хүүхэдтэйгээ уулзаад гарсан. Б.Б жоохон согтуу байсан болохоор би дагуулж гараад харь гэхэд байрны гадна байсан улаан өнгөтэй мотоцклийг гишгэж асаагаад унаад явсан. Тэгээд хэд хоногийн дараа манай ажлын Г.О надаас “2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Б.Б гэх хүн улаан өнгийн мотоцикль унаж дотуур байрнаас явсан уу? Тэр манай хулгайд алдсан мотоцикль байж магадгүй юм байна та анзаарсан уу?” гэж асуухад улаан өнгөтэй шинэвтэр мотоцикь байсан ямар нэгэн түлхүүр хийлгүй шууд гишгэж асааж аваад явсан гэж хэлсэн. Тэгээд нэг их удалгүй 2019 оны 9 дүгээр сарын 20-нд байх манай ажлын Г.О нөгөө мотоцикль манай мотоцикль байсан байна. Б.Б /өсгийгүй хар/ гэж хүн манай мотоциклийг авчихсан байж гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-23-р тал/,
3. Гэрч Г.О-н мөрдөн байцаалтад өгсөн: “...Тухайн үед манай мотоциклийг хулгай авсан талаар би мэдээгүй байсан. Б.Б нь улаан өнгийн мотоциклийг толгойныхон утсыг салгаж асааж байсан. Б.Б нь тус өдөр дахиж үдээс хойш мотоцикльтой согтуу ирсэн. Тэгээд хүүхэдтэйгээ уулзчихаад гадаа байсан мотоциклио орхиод явсан. Тэгээд би ажил тараад гэртээ харихад манай нөхрийн мотоцикль хулгайлагдсан байсан. 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өглөө ажил дээрээ байж байхад манай жижүүр багш З.Б надаас асуусан “Танайх мотоциклио олсон уу?” гэхээр нь “манай мотоциклио олоогүй” гэж хэлэхэд 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр манай байрны гадна Б.Б шинэ улаан өнгийн мотоцикль унаж ирсэн. Б.Б нь тус мотоциклийг түлхүүргүй маниулдаж асаасан би Б.Б-с “та яагаад шинэ мотоцикль маниулдаж асаагаад байгаа юм бэ? гэхэд манай баз Ц түлхүүрийг нь авчихаад өгөхгүй байна” гэж хэлээд асаагаад явсан гэж надад тэгж хэлэхээр нь тухайн үед манай нөхөр хотод байсан болохоор нөхөр лүүгээ утсаар ярьж болсон бүх зүйлийг хэлсэн. Манай нөхөр найз Ж.Б, Г нар луу ярьж Б.Б-н гэрээс нь мотоциклио 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр авахуулсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25-р тал/,
4. Гэрч Ж.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Х.Г бид хоёр Б.Б-ийн гэрт очиход Б.Б, эхнэр хүүхдийн хамт гэр бүлээрээ байсан юм. Тэгээд манай найз Х.Г Б.Б-г “та яагаад мотоцикль унаад явчихдаг хүн бэ? хэд хонож байхад авч ирээд өгч болдоггүй юм уу?” гэж асуухад Б.Б “Ах нь жаахан архи ууж яваад нэг мотоцикль унаад явчихсан байна” гэж хэлсэн. Х.Г “Тэр мотоцикль хаана байна?” гэж асуухад ах нь Наранбулаг сум оруулчихсан гэж хэлсэн тэгэхээр нь Х.Г тэгвэл одоо явъя гэхэд би хүүхдээ аваад ирье хүүхэд энэ хооронд яваа гэж хэлээд гэрээсээ гарч яваад арав орчим минут болоод Б.Б манай найз Л.Э хулгайд алдсан мотоциклийг уначихсан ирсэн. Тэгээд бид хоёр та энэ мотоциклийн эзэн Л.Э-тэй өөрөө очиж уулзаараа. Бид хоёр явлаа гэж хэлээд мотоциклио аваад сумын төв орж ирээд гэртээ хадгалж байгаад Л.Э-ийг ирэхээр нь өгсөн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 26-р тал/,
5. Гэрч Х.Г-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Л.Э утсаар яриад “Чи манай сумын Б.Б /Өсгийгүй хар/ гэдэг хүнийг таних уу? Гэр нь хаана байдаг юм бэ?” гэж надаас асуухад нь би “Б.Б ах Овоот харын худаг гэх газар байгаа” гэж хэлсэн. Л.Э “Миний мотоциклийг Б.Б ах хулгайлсан байна. Чи очоод авч ирж өгч тус болооч” гэж надад хэлсэн юм. Тэр үед Л.Э Улаанбаатар хотод байсан тул би найзынхаа хэлснээр Б.Б гэх хүнээс Л.Э-ийн мотоциклийг авахаар найз Ж.Б-гийн гэрт очоод “Хоёулаа Б.Б ахын гэрт очоод ирье. Л.Э-ийн хулгайд алдсан мотоцикль тэнд байна гэж Л.Э-д хэллээ” гэж хэлээд Ж.Б-г дагуулаад Б.Б ахын гэрт очоод би “Б.Б ах та яагаад хүний мотоцикль зөвшөөрөлгүй аваад явчихдаг юм бэ?” гэж асуухад “Ах нь согтуу явж байгаад аваад явчихсан байна.” гэхэд нь “ Тэр мотоцикль хаана байна?” гэж асуухад ах нь Наранбулаг сум руу хүнд өгчихсөн гэж хэлэхээр нь “Тэгвэл хоёулаа явъя. Одоо очиж Наранбулаг сумаас очиж авъя” гэж хэлэхэд “за сууж бай” гэж хэлээд гэрээсээ гараад өөрийнхөө мотоциклийг асааж яваад 10 гаруй минутын дараа Б.Б ах манай найз Л.Э-ийн хулгайд алдсан мотоциклийг уначихсан ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р тал/,
6. Шүүгдэгч Б.Б-н мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би 2019 оны 9 дүгээр сарын 14-ний үед байх яг сар өдрийн сайн мэдэхгүй байна. Би Малчин сумын төвд байдаг Д гэх найзынхаа гэрт очиход манай найз монгол архи гаргаж ирсэн. Тэдний гэрт 3 литр монгол архи, нэг 0.5 литртэй цагаан архи уусан юм. Тэгээд нэлээн согтуу мотоциклио унаад сумын төвөөр явж байтал миний унаж явсан мотоцикль гэнэт унтарчихсан тэгээд асаах гээд оролдоод асааж чадаагүй юм. Тэгээд эргээд хархад сумын төвд хорооллын адагт нэг дэлгүүрийн гадна улаан өнгийн мотоцикль байсныг очоод хархад түлхүүргүй байсан. Тэр мотоциклийн кондукторын утсыг салгаад холбоод гишгэхэд асчихаар нь би унаад сургуулийн дотуур байранд очоод өөрийн хүүхэд Н-ыг дагуулж ирээд өөрийнхөө мотоцикль дээр очоод хүүгээрээ өөрийнхөө мотоциклийг бариулаад би нөгөө улаан мотоциклиороо чирээд хүргэн ах Ц-ийн хашаанд хүргэж орхисон юм. Би гудамжнаас асааж авсан мотоциклийг унаад сумын төвөөр явж байгаад сургуулийн дотуур байр ороод жижүүр багштай нэг шил 0.5 литртэй архи уусан. Би согтоод түүнээс хойш болсон зүйлээ сайн санахгүй байна. Нэг сэргэхэд өдөр болчихсон сумын төвөөс гэр лүүгээ явах замд "Хир" гэх газарт байсан бөгөөд гудамжнаас асааж авсан мотоцикль миний хажууд байсан юм. Тэр мотоциклио унаж аваад гэртээ ирсэн. Би хулгай хийсэн талаараа мэдээд их айсан. Буруу зүйл хийснээ ойлгож байна. Би буруу зүйл хийснэ мэдэж байна хүний хөрөнгийг хулгайлж авсан хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлгүүдээр хохирогч Л.Э-ийн “мустанг-5” загварын мотоциклийг шүүгдэгч Б.Б нь хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар авсан болох нь нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч Б.Б-ын нууц далд аргаар авсан хохирогч Л.Э-ийн “мустанг-5” загварын мотоцикль нь 1.350.000 төгрөгийн үнэтэй болох нь 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 19/179 дугаартай дүгнэлт /хх-ийн 30-р тал/-ээр тогтоогдсон тул энэ гэмт хэргийн улмаас нийт 1.350.000 төгрөгийн хохирол учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч Б.Б нь Л.Э-ийн “мустанг-5” загварын мотоциклийг хууль бусаар, нууц далд аргаар авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжтэй бөгөөд, “мустанг-5” загварын мотоцикль нь 1.350.000 төгрөг буюу “бага хэмжээний хохирол”-оос илүү байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаагүй болно.
2. Шүүгдэгч Б.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б.Б-ыг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
шүүгдэгч Б.Б-ын хувийн байдал, зан төлөвийн талаар гэрч Б.Б-н “...Манай дүү Б.Б нь ах дүү хамаатан садан дундаа даруухан үг дуу цөөн тогтуун долгион багаасаа бид хоёр хамт өссөн ямар нэгэн юмант ууралхан удаан хүлээцтэй хүмүүжил сайтай залуу юм. Ах дүү нарын дунд нэр хүндтэй хүн болгонтой зөв харьцаатай явдаг дүү юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 40р тал/, гэрч Ч.Ц-ийн “...Б.Б нь даруу, төлөв, хүний урдаас ярьж чаддаггүй, бүрэг ичимхий хүн байгаа юм. Хүнд тусархуу зөөлөн сэтгэлтэй хааяа нэг архи уудаг, тамхи татдаггүй. Би Б.Быг хүүхэд байхаас хойш мэддэг учраас хүнийх нь хувьд сайн мэднэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-р тал/-үүд хэрэгт авагдсан байна.
Хохирогч Л.Э “мөрдөн байцаалтын шатанд “Надад ямар нэгэн эд хөрөнгө, эд зүйлээр хохирсон зүйл байхгүй байхгүй. Энэ хэрэг гарснаас хойш Б.Б надтай ирж уулзаагүй тэгэхдээ надад ямар нэгэн гомдол байхгүй надад ямар нэгэн учирсан хохирол байхгүй.” /хх-ийн 9-р талд/ гэж мэдүүлсэн байгааг үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Б.Б-т нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Б.Б-ын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох мотоциклийн үнэ 1.350.000 төгрөгийг хурааж улсын орлого болгох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Б-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Б-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Б.Б-ын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох мотоциклийн үнэ 1.350.000 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Б-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНСҮХ