Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 545

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Ц.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Цэрэндулам хөтлөн

улсын яллагч С.Батгэрэл

шүүгдэгч С.Ц, түүний өмгөөлөгч Х.Ургаа

иргэдийн төлөөлөгч В.О

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005007610417 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19.. оны ... дүгээр сарын ...-нд ..... төрсөн, ... настай, эрэгтэй, ..... боловсролтой, ......... мэргэжилтэй, ам бүл ..; ..... хамт ...... дүүргийн .... дүгээр хороо, ....... дугаар гудамж, ... тоотод оршин суух, ялгүй, ....... дугаарын регистртэй, ......... овогт Ц. С.

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч С.Ц 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдөр ........ дүүргийн .... дугаар хороо, “...........” ХХК-ийн хашаанд хохирогч Б.А.ын нуруун тус газарт зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох хутгаар хутгалж нуруунд шарх, баруун бөөрний шарх бүхий хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч С.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Би хохирогчийг хутгалсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ би санаатай хутгалаагүй. Тэр өдөр ажил дээрээ хоол хийж идэх гээд байж байтал нэг хүн краны тэнд оччихсон тонголзоод байхаар нь би краны моторыг нь тайлж авах гэж байна гэж бодсон. Яваад очтол хашаа даваад явахаар нь би хашаанаас гараад нөгөө талаар нь тойроод очтол хашаатай зэрэгцүүлж байрлуулсан контейнер болон хураасан бетонон хавтангуудыг дамжаад буугаад ирсэн. Тэгээд надтай барьцалдаад, тэр үедээ хутгалагдсан байсан.

Хохиролд нэхэмжилсэн 2 сая төгрөгийг нь манай хүүхдүүд төлсөн гэнэ лээ. Надад аль болох хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөхийг хүсье гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С.Цыг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэж түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 2005007610417 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлын талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Б. А. “... 2020 оны 2 дугаар сарын 12-ны өглөө хоёр найз болох Э, Э.Мнарын хамт гадуур шил лааз түүгээд явж байгаад Материал импекс компаний хашаа руу ганцаараа давж орсон. Өмнө нь тэр хашааг давуулаад 1 хос, хар түрийтэй гутал шидсэн байснаа олох гэж орсон юм. Манаач нь гараад ирэхээр нь буцаад хашаагаа даваад гарсан. Тэр үед манаач ах хүрч ирээд бетон дээр буух үед нурууны баруун хэсэгт цохих шиг болсон. Халуун оргиод явчихаар нь куртикээ сөхөөд хартал цус гарч байсан. Тэр манаач ах гартаа барьсан хутгаа баруун талын өмдний халаасандаа хийгээд цаашаа яваад өгсөн. Шүүх эмнэлгийн дүгнэлтийг уншсан. Дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Манай дүү намайг гэрт байхад яриад 4 сая төгрөг хэрэггүй ээ, 25 сая төгрөг нэхэмжил гэсэн юм. Миний эмчилгээнд гарсан хагалгааны төлбөр, эм тарианы зардал нийт 467,000 төгрөгийг барагдуулсан. Одоо би сэтгэл санааны хохиролд 2 сая төгрөг нэхэмжилж байна. Энэ мөнгийг төлчихвөл надад гомдол санал байхгүй” /хх-н 43-44/ гэж,

гэрч Э.М“... би Цоомоо хочтой Б.Э, Анхаа хочтой А нарын хамт гадуур хог түүж явсан юм. Ингээд өдрийн 13 цагийн үед зүс таних хог түүдэг 2 ахтай таараад хоол идсэн. Ингээд урагш яваад Алёнко-тай байрны урд байрлах Материал Импекс компаний хашааны хойно залгаа байрлах хогийн цэг дээр очсон. Хог ухаж байхад А ах өмнө нь хог түүж байгаад хашаа давуулаад шидсэн гутал байх ёстой гээд хогийн цэг, төмөр хашаа хоёрын дунд байрлах давхарлаад тавьсан бетоноор дамжаад гарсан. Би хогийн функер рүү яваад орсон. Тэр үед манаач цаанаас юу хийгээд хашаа даваад байгаа юм бэ гэж хэлэх сонсогдсон. А ах гутал гээд л нэг юм яриад байсан. Би хогоо ухаад зогсож байтал манаач ах ирчихсэн, буу гээд байсан нь сонсогдсон. Хогийн функер контейнороор хийсэн болохоор юм харагдахгүй байсан. Ингээд манаач ах яваад өгсөн. А цементээр дамжаад бууж байхад хутгалчихлаа гэж хэлэхээр нь хогийн функерээс гараад цамцыг нь сөхөөд хартал цус гарч байсан” /хх-н 23-24/ гэж,

гэрч Б.Э “... 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдөр би М, Анхаа хочтой А нарын хамт гадуур хог түүж явсан юм. Өдөр 13 цаг өнгөрч байхад 10 дугаар хорооллын замын урд байрлах Алёнко гэсэн самбартай байрны урд байрлах Материал Импекс компаний хашааны хойно залгаа байрлах хогийн цэг дээр очсон. Ингээд хог ухаж байхад А өмнө нь хог түүж байгаад хашаа давуулаад шидсэн гутал байх ёстой гээд хогийн цэг төмөр хашаа хоёрын дунд байрлах давхарлаад тавьсан бетоноор дамжаад гарсан. Би хогийн функерийн хажуу талаар хог ухаад зогсож байсан. Нэг харахад А намайг дуудсан бөгөөд намайг хутгалчихлаа, сая цементэн хашаагаар дамжаад бууж байхад хутгалчихлаа гэсэн. Энэ үед манаач хажууд зогсож байсан бөгөөд намайг харахад баруун гартаа нарийн үзүүртэй хутга барьсан байснаа баруун талын халаасандаа хийгээд цаашаа хурдан яваад өгсөн” /хх-н 27-28/ гэж тус тус мэдүүлсэн байна.

 

Хохирогч Б.Аын гэмтэлтэй холбоотой “... Б.Аын биед нуруунд шарх, баруун бөөрний шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.13-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн 2657 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргаснаас гадна /хх-н 49-50/

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 3-5/, эд зүйл шинжилгээ хийсэн шинжээчийн 982, 1127 тоот дүгнэлтүүд /хх-н 54-59/, Цэргийн төв эмнэлгийн өвчний түүх /хх-н 70-87/ зэрэг бичгийн баримтууд хавтаст хэрэгт авагджээ.

 

Дээрх нэр бүхий хохирогч, гэрчүүдийн мэдүүлэгт хэргийн бодит байдлын талаар эрс зөрүүтэй мэдүүлсэн зүйл байхгүй, мэдүүлгүүд нь хоорондоо харилцан хамааралтай байгаа нь гэмт хэрэг үйлдсэгдсэн үйл баримтыг нотлохын зэрэгцээ хохирогч Б.Аын биед ир үзүүртэй зүйл нэвтэрсэний улмаас хүнд гэмтэл учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэсэн гэмт хэргийн шинжийг бүрдүүлнэ.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтыг хуульд тайлбарлахдаа “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно” гэж тайлбарласантай шүүгдэгч С.Цын үйлдсэн гэмт үйлдэл тохирч байна.

 

Иймд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь тухайн хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Ч овогт Ц-ын С-ыг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн” гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүх хуралдааны явцад шүүгдэгч С.Ц “... хохирогчийг хутгалсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, ... гэхдээ би санаатай хутгалаагүй, ... гарт хутга байж байгаад хутгалагдсан байсан ...” гэсэн агуулга бүхий тайлбар хэлж байгаа боловч хэргийн зүйлчлэл хөнгөрөн өөрчлөгдөх буюу “хүнийн эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэх үндэслэл болохгүй.

Учир нь, хэргийн үйл баримтаас үзвэл уг хэрэг өдрийн цагаар, 13-14 цагийн хооронд үйлдэгдсэн байдаг бөгөөд шүүгдэгч С.Цын хувьд аливаа зүй бус, хууль бус үйлдлийг таслан зогсоох шаардлагатай байсан бол цагдаагийн байгууллагад мэдэгдэх боломжит хугацаа байсан, түүнчлэн заавал ч үгүй хутга авч очих шаардлагагүй байсан гэсэн дүгнэлтэд шүүхийг хүргэж байхаас гадна,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтэд тусгагдсанаар хохирогч Б.Аын “... нуруунд шарх, баруун бөөрний шарх гэмтэл тогтоогдлоо” гэсэн нь зөвхөн шүүгдэгчийн болгоомжгүй үйлдлийн улмаас хохирогчид ийм тооны шарх, гэмтэл үүсчээ гэдгийг нь үгүйсгэнэ.

 

Шүүхээс шүүгдэгч С.Цт ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгч С.Цын хувийн байдалтай холбоотой;

            Эрүүгийн хариуцлага эсэхийг шалгах хуудас /хх-н 106/, Материал Импекс Констракшн ХХК-ын тодорхойлолт /хх-н 120/ гэсэн баримтууд авагдаж,

гэрч С-ын Б- “... манай аав 1957 онд Сэлэнгэ аймагт төрсөн. Дүү нар нь Сэлэнгэ аймгийн Хөтөл тосгонд амьдардаг бөгөөд 2 дүү нь Улаанбаатар хотод амьдардаг. .. 1977-1981 он хүртэл Цэргийн хэвлэх үйлдвэрт цайр зуурагчаар ажиллаж байгаад Шинжлэх ухааны академийн хэвлэх үйлдвэрт орж 1991 он хүртэл ажилласан. 1980 онд манай ээжтэй гэр бүл болж 3 хүүхэдтэй болсон . 1991 оноос хойш хувиараа хэвлэлийн цех ажиллуулж байгаад 2017 онд тэтгэвэртээ гарсан. Үүнээс хойш манай аав гэрээтээр харуул хамгаалалтын ажил хийх болсон. Манай аавд муу зан авир гэхээр зүйл байхгүй. Ааш зангийн хувьд тайван, дөлгөөн, ямар нэгэн зүйлд түрүүлж хөдлөөд байдаггүй хүн гэж боддог” /хх-н 27-28/ гэж мэдүүлсэн байна.

 

Хохирол төлбөрийн хувьд;

Хохирогч Б.А 2.000.000 төгрөг нэхэмжилсэнийг шүүгдэгч тал төлж барагдуулсан байна.

 

Шүүхээс шүүгдэгч С.Цт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар ял оногдуулахдаа түүний хувийн байдал үүнд: тэрээр одоо 63 настай, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирогчид учруулсан хохирлыг төлж барагдуулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлав.

 

Шүүгдэгч С.Ц цагдан хоригдсон хоногггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж,

эд мөрийн баримтаар хураагдаж шүүхэд ирүүлсэн 1 ширхэг хар хөх өнгийн өмд хажуу талаараа улаан өнгийн канттай, 1 ширхэг улаан өнгийн цамц дөрвөлжин хөх өнгийн шоон хээтэй, 1 ширхэг хар хөх өнгийн куртик зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. Ч овогт Ц-ын С-ыг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар С.Цыг 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сар хорих ялаар шийтгэсүгэй.

3. С.Цт оногдуулсан 3 жил 4 сар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. С.Ц цагдан хоригдсон хоноггүйг дурдаж,

түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс өөрчлөн, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

5. С.Ц бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.А гомдолгүй гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

 

6. Эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хар хөх өнгийн өмд хажуу талаараа улаан өнгийн канттай, 1 ширхэг улаан өнгийн цамц дөрвөлжин хөх өнгийн шоон хээтэй, 1 ширхэг хар хөх өнгийн куртик зэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл С.Цыг цагдан хорьсонг хэвээр байлгасугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ,

          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            О.ЖАНЧИВНЯМБУУ

                                         

                               ШҮҮГЧ                                   С.БОЛОРТУЯА    

 

                                ШҮҮГЧ                                  Ц.ЭРДЭНЭЧИМЭГ