Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 605

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн

улсын яллагч  Г.Ганхөлөг /томилолтоор/

шүүгдэгч Г.Г

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005014840855 тоот, 1 хавтас хэргийг 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ...-нд ............ төрсөн, ... настай, эрэгтэй, ...... боловсролтой, мэргэжилгүй, “.....” ХХК-д жолооч ажилтай, ам бүл , ........нарын хамт ............. дүүргийн ............ дугаар хороо, .............. тоотод оршин суух,

Ял шийтгэл: Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 202 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

............. дугаарын регистртэй, Б овогт Г-ийн Г

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Г.Г нь 2020 оны 1 дүгээр сарын 22-ны орой Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ........ зочид буудалд Б.Нгийн нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь “зүүн зовхины зөөлөн эдийн няцрал цус хуралт, зовхинд зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Г.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж хэлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Б-ын Н “…2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Өмнөговиос гарахдаа өмнө нь хамт ажилладаг байсан Б дүү рүүгээ залгаад би очиж байгаа намайг шөнө тосоод аваарай гэж хэлсэн. Улаанбаатарт Бтай уулзаж хорооллын эцэст байрлах Зэбра нэртэй зочид буудалд өрөө аваад Бтай хамт хоносон. 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өглөө Б бид хоёр босоод дэлгүүрээс идэж уух юм аваад 1 шил архи хувааж уусан ба Б найзуудаа дуудна гээд гурван залуу ирсэн байсан. Ингээд ууж идэцгээгээд орой болсон байхад би О гэх найз руугаа залгаад сонин юу байна найз нь амраад хөдөөнөөс ирсэн байна гэж хэлэхэд аан заза хэн хэнтэй байгаа юм бэ гэхээр нь Б, Г, Гн нартай байна гэж хэлээд ойр зуурын юм яриад утсаа салгасан. Миний санаж байгаагаар 23 цагийн үед миний утсанд танихгүй дугаараас дуудлага ирээд байхаар нь авахад Огийн дүү болох ГЧ нь залгаад та хөдөөнөөс ирсэн юм уу гэж асуухаар нь тийм ээ ах нь хорооллын эцэст найзуудтайгаа байна гэж хэлэхэд ГЧ нь утсаа салгасан. 20 минутын дараа ахиж өөр дугаараас дуудлага орж ирээд авахад ГЧ ахаа би хорооллын эцэст хар өнгийн такситай зогсож байна та таксины мөнгө аваад гараад ирээч гэж хэлэхээр би гарч таксины мөнгийг өгсөн. Тухайн үед ГЧ нь М гэх эмэгтэйн хамтаар явж байсан. ГЧ, М нар миний байрлаж байсан буудал руу дагаж орохоор нь танихгүй найз нөхдийнхөө дунд оруулаад яахав гэж бодоод ГЧ, М нарт тусад нь өрөө авж өгөөд оруулаад би найзуудтайгаа суухаар хажуу өрөө рүү орсон. 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өглөө сэрээд буудлаа дахиж нэг хоногоор сунгасан. Тухайн үед Г явсан ГЧ, М, Б гурав унтаж байгаад сэрцгээгээд дэлгүүр гараад дахиж 3 том пиво, нэг шил архи, ундаа, тамхи аваад Б, ГЧ, М бид дөрөв уусан. Би архи уусан дунд зэргийн согтолттой байсан. 19-20 цагийн үед Бгийн найзууд болох Гн хоёр эмэгтэйн хамтаар орж ирээд гарч хоол идье гээд байхаар нь би явахгүй гэж хэлээд ГЧ, М бид гурав үлдээд үлдэгдэл пиво ууж байгаад ГЧ нилээн согтсон байдалтай унтаад өгсөн харин М нь нөгөө орон дээр нь унтаад өгсөн би ширээний хажууд жижиг сандал дээр сууж байгаад Г гэх Өмнөговьд амьдардаг найзтайгаа машин зарсан мөнгөө авах талаар утсаар ярьсан ба би нилээн орилж ярьсан. 21 цагийн үед ГЧ, М нар нь сэрээд ГЧ нь ахаа яагаад орилоод байгаа юм бэ таныг орилоод байхаар бид хоёр айгаад байна гэж хэлэх үед Б найзуудынаа хамтаар 1 шил архи барьж орж ирээд задлахаар нь ГЧ шууд гүйгээд гараад явсан. Харин М нь араас нь гарч гүйсэн. Төд удалгүй миний утсанд Мжаас ГЧ эргээд ирлээ ээж нь бас ирж байна гэнээ чи наад буудлаасаа гараад ирээ бүгдээрээ эвээр яръя гэсэн утгатай мессеж ирсэн. Ингээд би Бгийн найзуудтай өрөөндөө байж байх үед цагдаа нар орж ирээд төд удалгүй ГЧийн ах нь гэх нь намхан махлагдуу залуу орж ирээд үг хэлэхийн зөрүүгүй миний зүүн нүд рүү гараараа нэг удаа, цээжин тус газар мөн л гараараа нэг удаа цохихоор цагдаа нар салгасан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй” /хх-н 5-06, 33/ гэж,

гэрч Ж-ийн Т “...2020 оны 01 дүгээр сарын 22-ны орой 22 цагийн орчим Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зебра зочид буудалд “бусдад хүчиндүүллээ" гэх дуудпагын дагуу очиж ажилласан... Зочид буудпын 2 давхарын өрөө байсан ба дугаарыг нь сайн мэдэхгүй байна уг өрөөнд Н гэх залуу хэвтэж байхаар нь шатны хажууд аваачаад зогсоосон. ГЧ гэх эмэгтэй уйлаад зогсож байсан. ..хэргийн газарт үзлэг бүрэлдэхүүнийг иртэл хамгаалалтанд аваад байж байсан...гаднаас 25-30 орчим насны залуу хүрч ирээд миний дүү хаана юу болсон юм бэ дүүтэйгээ уулзмаар байна гэж хэлээд үзлэг хийж байсан мөрдөгч төрсөн ах нь юм чинь уулзуул гэж хэлээд уулзуулсан. Дүүтэйгээ ярьж зогсож байснаа гэнэт гүйж ирээд шатны хажууд зогсож байсан Н гэх залууг нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиод...цээж тус газарт нь хөлөөрөө өшиглөсөн” /хх-н 32/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Түүнчлэн хохирогч Б.Нгийн гэмтэлтэй холбоотойгоор “Б.Нгийн биед зүүн зовхины зөөлөн эдийн няцрал цус хуралт, зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн 1894 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан /хх-н 12/ бөгөөд дээрх бичгийн баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Г.Гг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Гд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “торгох эсхүл нийтэд тустай ажил хийлгэх” ялын санкцаас торгох ялыг сонгож, улсын яллагчаас гаргасан ялын саналын хэмжээнд буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэлээ.

Шүүгдэгч Г.Г гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэхдээ торгох ялын хэмжээг багасгаж өгөх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авах шаардлагагүй гэж үзэв.

Учир нь шүүгдэгч Г.Г хувийн байдал, тухайлбал тэрээр урьд өмнө нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял шийтгүүлж байсныг харгалзав.

Түүнчлэн шүүгдэгч Г.Г нь тодорхой ажил хөдөлмөр эрхэлж байгаа гэх байдал нь оногдуулсан ял бодитой хэрэгжих үндэслэл болно.

 

Хохирлын хувьд:

Хохирогч П.Н нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул Б.Гал-Эрдэнээс гаргуулах хохирол төлбөргүй болно.

 

Шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч П.Н гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдах нь зүйтэй.

 

Шүүх энэ хэргийг Эрүүгийн

 хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хэмжээ хязгаарт хэлэлцсэн болно.

 

Шүүгдэгч Г.Г шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Б овогт Г-ийн Г-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Гг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Г.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Г.Г цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч П.Н гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Гд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ